Эхлэл Баримт, тайлбар Амьдралын чанарыг дээшлүүлэх 100 гаруй төслийг хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлнэ

Амьдралын чанарыг дээшлүүлэх 100 гаруй төслийг хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлнэ

143
0

С.ЮМСҮРЭН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Үндэсний хөгжлийн газрын удирдлагууд болон холбогдох албаныхан бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, эдийн засгийн чиглэлд ямар бодлого баримтлахаа танилцуулав.

Засгийн газар бизнес эрхлэгч-дийг үйл ажиллагаагаа үргэлжлүү-лэхэд нэмэр болох зорилгоор вакцинжуулалтыг улсын хэм-жээнд идэвхжүүлж, хүн амаа дархлаажуулж буй үзүүлэлтээрээ Азид тэргүүлж, дэлхийн жагсаалтын аравт бичигджээ. Засгийн газраас цар тахлын дараах эдийн засгаа сэргээж, нээлттэй болгох, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор 100 гаруй төслийг хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр мэдэгдлээ. Тэрбээр “Төрөөс бүх зүйлд баталгаа өгөх боломжгүй ч хэрхэн оновчтойгоор ажиллах вэ гэдгийг нарийн төлөвлөх хэрэгтэй байна. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг Засгийн газар, Ханги-Мандал чиглэлийн төмөр замыг хувийн хэвшил хариуцах боломжтой. Төр бизнест оролцдог, улс төр, бизнес холилдсон, төрийн албан хаагчид хүнд суртал, чирэгдэл учруулдаг, авлига нэхдэг, хэн нэгэнд нь давуу байдал олгодог зэргийг одооноос цэгцэлж, бизнесийг жам ёсоор нь явуулах ёстой. Зүүнбаянгийн төмөр замыг эхлүүлэх нь зөв ч Ерөнхийлөгч энэ төсөлд хэт оролцсон нь буруу. Цаашид энэ төслийг Засгийн газар үргэлжлүүлнэ.

Хөшигийн хөндийн төслийг хэрэгжүүлэхэд төрөөс газрыг нь үнэгүй олгож, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтой. БНХАУ, АНУ, Франц зэрэг олон улс нүүрсний хэрэглээгээ багасгах чиглэл барьж байгаа тул бидэнд 10-15 жилийн цонх үе байна. Энэ хугацаанд бусад буюу тээвэр логистик, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарыг тэргүүлэх чиглэлд хөгжүүлэх шаардлага бий. Дотоодынхоо өндөгний хэрэгцээг бүрэн хангаж чаддахгүй байна. Тиймээс хүнсээ дотооддоо хангахад Засгийн газар дэмжлэг үзүүлэх боломжтой” хэмээв.

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ БУЙД ТАЛАРХАВ

Эдийн засгаа сэргээх талаар төр, хувийн хэвшлийн хамтарсан уулзалтад оролцсон бизнес эрхлэгчид цахилгаан, дулаан, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг тэглэж, дархлаажуулалтыг эрчимтэй зохион байгуулж буйд сайшаалтай хандаж байв. Мөн Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд ам сайтай байж, жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжиж буйд талархаж, цаашид хэрэгжүүлэхэд нь илүү анхаарч ажиллахыг хүсээд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Экспортлогч аж ахуйн нэгжүүд банкуудын хэмжээ хязгаарт баригдан, хамгийн ихдээ 20-30 сая ам.долларын зээл авах боломжтой байдаг. Дотоодоос санхүүжилт босгох хэцүү тул гадаадаас л авч байна. Манай компани 400 орчим сая ам.долларын бонд босгосон. Хүүгийн төлбөрт жилдээ 40-50 сая ам.долларыг гадагш төлж байна. Энэ зээлийг төгрөгөөр аваад дотооддоо төлбөл 40-50 сая ам.доллар Монголд үлдэх боломжтой байна. Тиймээс экспортын голлох хэсгийг бүрдүүлж буй аж ахуйн нэгжүүдийг бодлогын хүрээнд дэмжих боломж бий юу” хэмээн тодруулсан бол Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин “Экспортыг эрс нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татахын тулд эдийн засаг, худалдааг хариуцсан яамыг яаралтай байгуулж, асуудлаа төвлөрүүлэх шаардлагатай байна” гэдэг санал хэлэв. Харин “МАК” ХКК-ийн дэд ерөнхийлөгч Г.Цогт “Аймаг болгонд МСҮТ байдаг. МСҮТ төгсөөд үйлдвэрт доод тал нь гурван жил ажилласан залуусыг их, дээд сургуульд эчнээгээр суралцахыг дэмжих хэрэгтэй байна. Дор хаяж сургалтын төлбөрөө ажиллаж байхдаа олох боломжтой” гэлээ.

Б.Жавхлан: ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХИЙН ТУЛД БҮХ ЗҮЙЛИЙГ ТЭНЦҮҮЛЖ АЖИЛЛАХ НЬ ЗӨВ

Дээрх болон бусад асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулт өгөхдөө татвар тэглэдэг гашуун зүйлийг давтахгүй, орлогоо олдог, татвараа төлдөг шударга тогтолцоо руу явахаа тодотгож, төр, татвар болон мөнгөний бодлогын орчин тогтвортой байж, зээлжих зэрэглэлийг сайжруулах ёстойг онцлов. Тэрбээр “Өмнөх үе үеийн Засгийн газрын бүх сайн зүйлийг бид үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Хүнд үеийг давах гэж төсөвт маш их ачаалал авч байгаа. Вакцинтай залгатал хөл хорио зэрэг тодорхой арга хэмжээ аваагүй бол хүнд хохирол амсах байсан. Эдийн засгаа сэргээхийн тулд зөвхөн мөнгөний бодлого биш бүх зүйлийг тэнцүүлж ажиллах нь зөв. Зөвхөн эдийн засаг гэж яриад хүн амынхаа эрүүл мэндийн улаан шугаман дээгүүр алхаж болохгүй. Энэ хүрээнд 10 их наядын цогц төлөвлөгөөг гаргаж, 56 арга хэмжээг хэрэгжүүлнэ. МСҮТ захиалгаар мэргэжилтэн бэлдэх ёстой байтал халамжийн чиглэл рүү явсан. Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд МСҮТ нийгмийн захиалгаар мэргэжилтэн бэлтгэдэг хандлага руу явна. Хуулийг БШУЯ боловсруулж байгаа” гээд уул уурхайн биржийн тухайд Засгийн газар ямар бодлого баримталж буй талаар танилцууллаа. Түүнчлэн “Уул уурхайн бирж манай Засгийн газрын томоохон зорилтын нэг. Уул уурхайн экспорт эдийн засгийн 80, 90 хувь руу дөхөж очдог ч харамсалтай нь бид уул уухайн эдийн засгаа бүхэлд нь хянаж чаддаггүй. Ам, хил хоёрын хооронд буюу тээвэрлэлтэд маш том далд эдийн засаг бий болсон. Үүнийг цэгцлэх ил тод болох ганцхан суваг нь биржийн асуудал. Татварын болон бусад бодлогоор бид энэ асуудал руу орно. Гашуунсухайт дээр энэ сарын 31-нд нэг сая тонн эрчим хүчний болон коксжих нүүрсийг биржээр дамжуулж зарна. Гашуунсухайтын хүчин чадал ирэх онд гурав дахин нэмэгдэнэ” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here