Эхлэл Мэдээ Монголын уран бүтээлчид олон улсад манлайлж байна

Монголын уран бүтээлчид олон улсад манлайлж байна

129
0

Б.СИЙЛЭН

Коронавируст халдвар дотоодод тархсан учраас урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахгүй байгаа билээ. Урлаг соёл “унтаа” байгаа энэ үед дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч буй Монголын уран бүтээлчид эх орныхоо нэрийг дуурсгасаар байна. Хэн, хаана ямар амжилт гаргаж байгааг уншигчдадаа товчхон сонирхуулъя.

Б.ДӨЛГӨӨНЗАЯА П.ЧАЙКОВСКИЙН НЭРЭМЖИТ КОНСЕРВАТОРИЙН ТАЙЗАН ДЭЭР ГАРЛАА

Монголын хийлч Б.Дөлгөөнзаяа ОХУ-ын Москва хотын П.Чайковскийн нэрэмжит хөгжмийн консерваторид суралцаж байгаа билээ. Тэрбээр П.Чайковскийн нэрэмжит консерваторийн танхимд Ж.Чулууны ардын дууны сэдэвт бүтээлээс толилуулсан байна. Түүнтэй төгөлдөрч хуурч Вадим Агеев хамтран тайзан дээр гарчээ. Б.Дөлгөөнзаяа тоглосон зохиолуудаасаа Youtube дээр байршуулахаар болсон байна. Энэ талаар тэрбээр “Хийлд зориулсан монгол хөгжмийн зохиолуудаас миний хувьд хамгийн хайртай зохиолоо Москвагийн Чайковскийн нэрэмжит консерваторийн түүхэн зааланд тоглосондоо маш их баяртай байна. Монголын хөгжмийг оросууд болон бусад орны хүмүүс таалан сонсож, урмын үг олонтаа хэлж байхыг сонсоод монгол хөгжим, заншлаараа маш их бахархаж байлаа” хэмээн хэлсэн юм. Б.Дөлгөөнзаяа Хөгжим бүжийн сургуульд Д.Алимаа багшийн удирдлага дор 14 жил суралцсан байна. Тэрбээр Ж.Чулууны нэрэмжит өсврийн хөгжимчдийн уралдааны шагналт байр, 2012 онд Америкт болсон хийлчдийн уралдаанд тэргүүн байр, 2013 онд С.Гончигсумлаагийн нэрэмжит мэргэжлийн хөгжимчдийн уралдаанд амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгарч байжээ.

МОНГОЛ ХҮҮХДҮҮД АВЬЯАС ЧАДВАРАА ГАЙХУУЛЖЭЭ

Америкийн Нью-Йорк хотод олон улсын төгөлдөр хуурын онлайн уралдаан болжээ. Энэхүү уралдаанд манай улсын өсвөрийн хөгжимчид оролцсон байна. Монголын төгөлдөр хуур сонирхогчдын холбооноос санал болгосон төгөлдөр хуурын уралдаанд 3-14 насны ангилалд “Эрдэнэт авьяастан” төвийн сурагч Э.Тулга авьяас чадвараа сорьж тэргүүн байрт шалгарчээ. Мөн “Адажио” төвийн сурагч Д.Мөнхжин дэд байр эзэлсэн бол Э.Энгүүнтамир, Э.Булгантамир нар амжилттай оролцсон байна. Түүнчлэн Говь-Алтай аймгаас оролцсон Т.Төгөлдөр нэгдүгээр байр эзэлсэн сайхан мэдээ ирүүлжээ. Мөн Москва хотод болсон П.Чайковскийн нэрэмжит олон улсын онлайн уралдаанд “Эрдэнэт авьяастан” төвийн сурагч Э.Удвал, “Адажио” төвийн сурагч Э.Булгантамир, Д.Мөнхжин, Э.Энгүүнтамир, “Хос-Оюу” төвийн сурагч А.Эгшиглэн нар амжилттай оролцож мастер класс хичээлүүдэд суух урилга авсан байна. Түүнчлэн тэд Америкт очиж тоглох эрхтэй болжээ.

М.ТЭЛМЭН “ХУНТ НУУР”-ЫН ШУТ-ИЙН ДҮРД ГОЦЛОН ТОГЛОЛОО

Монголын балетчин М.Тэлмэн “Ajkun Ballet Theatre”-ийн тайзан дээр гарч, “Хунт нуур” бүжгэн жүжгийн Шут-ийн дүрд гоцлон тогложээ. Энэ нь цар тахал тархсанаас хойш Нью-Йорк хотод хамгийн анхны “Хунт нуур” балетын тоглолт болж байгаагаараа онцлогтой юм. Эргэн сануулахад тэрбээр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, ЮНЕСКО-д бүртгэлтэй, чансаа өндөр “World Ballet Grand Prix” тэмцээнд анх удаа түрүүлж, алтан медаль хүртсэн билээ. Тэрбээр сургуулиа төгсөөд дэлхийн балетын од У.Бат-Эрдэнэ багштайгаа холбогдож, АНУ-ын “Kirov Academy of Ballet” их сургуульд 100 хувь тэтгэлэгтэйгээр суралцсан юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here