Эхлэл НИЙГЭМ “COVID-19”-ийн үед иргэд сэтгэл зүйн зөвлөгөө авах нь нэмэгджээ

“COVID-19”-ийн үед иргэд сэтгэл зүйн зөвлөгөө авах нь нэмэгджээ

119
0

Д.МӨНХЖАРГАЛ

Манай улсад “COVID-19” вирусийн халдвар тархсанаас хойш хагас жил орчим хугацаа өнгөрч, халдварт өртсөн тохиолдол хоногтоо дээд тал нь 1300 хүрч байсан ч Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч, вакцинжуулалтыг өргөн хүрээнд хийсний үр дүнд сүүлийн өдрүүдэд гурван оронтой тоо руу орж эхлээд байна. Өчигдрийн байдлаар нийт халдварын тохиолдлын тоо 46 мянга орчим болж, “COVID-19” вирусийн улмаас 179 хүн амь насаа алдсан мэдээтэй байгаа юм. Энэ хугацаанд 4600 гаруй эмч, эмнэлгийн ажилтан, ажилчид халдварын голомт “халуун цэг”-т ээлжлэн ажиллаж өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байна. Нөхцөл байдал хүндрэх тусам “улаан бүс”-д үүрэг гүйцэтгэж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэл санаа хямарч, гүн шоконд орох эрсдэл нүүрлэж байгааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс явуулсан судалгааны дүн харуулжээ. Биеийн байдал нь хүндэрсэн янз бүрийн насны, өөр ааш авиртай хүмүүстэй тулж ажиллаж, эмчилж байсан өвчтөнөөс нь өдөртөө 5-10 хүн нас барахыг харж байгаа эмч, сувилагч, асрагч нарын бие эрүүл боловч сэтгэл зүйн дарамт, гутралд орох явдал нэмэгдэж байгаа аж. “Судалгаанд оролцсон эмч, эмнэлгийн ажилтнуудын 84-92 хувь нь ямар нэг байдлаар халдвар авахаас болгоомжлох айдастай байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн 23-51 хувь нь сэтгэлийн түгшүүр, дарамттай, 49-69 хувь нь сэтгэлийн бөглөө багтралтай байгаагаа хэлсэн бол 19-34 хувь нь сэтгэл зүйн хүчтэй стресст өртсөн гэж хариулсан” хэмээн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл судлалын багийн ахлагч, судлаач Э.Мөнх ярьж байлаа. Тиймээс ажил үүргээ гүйцэтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад сэтгэл заслын үйлчилгээ чухал байгааг мэргэжилтнүүд тодорхойлжээ. Тэдний олонхид ажлаасаа шантрах шинж тэмдэг ажиглагдсан байна. Энэ тухайд Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ “Голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтан, ажиллагсад үнэхээр хүнд нөхцөлд өдөр шөнөгүй үүргээ гүйцэтгэж байна. Энэ он гарснаас хойш Засгийн газраас нийт таван тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажиллагсдын илүү цагийн хөлс, урамшуулалд олгосон. Тухайн салбарын 500 гаруй эмч, ажилтан коронавирусийн халдвар авч эмчлүүлсэн” гэжээ.

ДЭМБ-аас өнгөрсөн оны гуравдугаар сард хийсэн судалгаагаар 70 орны 17 мянган эмч, эмнэлгийн ажилтан, ажилчин нас барсныг тогтоосон байна. Аз болоход манай улсад коронавирусийн халдвар аваад эмчлүүлж буй эрүүл мэндийн салбарынхнаас амь насаа алдсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байгаа нь голомтод ажиллах эрүүл мэнд, онцгой байдал, хяналтын байгууллагын ажиллагсдыг хамгийн түрүүнд вакцинжуулсантай холбоотой юм. Цаашдаа нөхцөл байдал улам хүндэрч, эмнэлгийн эмч, сувилагч болон ажиллах хүчний нөөц шавхагдаж болзошгүйтэй холбогдуулан тэдний эрүүл мэндийг бэхжүүлэх, дархлааг сайжруулах үүднээс УИХ-ын нэр бүхий гишүүд “Баярлалаа” аяныг эхлүүлсэн байна. Аяны хүрээнд цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдын дархлааг дэмжих 28 мянган ширхэг бүтээгдэхүүнийг хүргүүлэхээр болжээ. “Тэдний эрүүл мэнд, дархлааг сайжруулах зорилгоор олон улсын чанарын стандартыг хангаж, дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн “Эника органик импекс” компанийн 28 мянган ширхэг бүтээгдэхүүнийг сайн сэтгэлийн илэрхийлэл болгон хандивлаж байна” гэж УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хэлсэн юм. Энэ үүсгэл санаачилгыг “Өгөх өдөр” ТББ дэмжин оролцож, дээрх бүтээгдэхүүнийг зохих хүмүүст нь хүргэж өгөх ажлыг гүйцэтгэхээр болжээ.

Ийнхүү цар тахлын “галын шугам”-д ажиллаж, хамгийн хүнд нөхцөлд үүргээ гүйцэтгэж буй цагаан нөмрөгтнүүдийн арми байтугай жирийн ард иргэдийн дунд ч “COVID-19” вирусийн цар тахлын тархалттай холбоотой сэтгэл зүйн хямрал, гутрал, дарамт багагүй байгааг АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, СЭМҮТ, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэн багш, судлаачдын хамтарсан багийн судалгаагаар нотолсон байна. Өнгөрсөн оны аравдугаар сард ДЭМБ-ын санхүүжилтээр хийсэн уг судалгаанд нийслэлийн төвийн зургаан дүүрэг, Төв, Увс, Булган зэрэг таван аймгийн 1000 орчим хүнийг хамруулжээ. Тэдний дотор жирийн иргэн, тусгаарлалтад байсан хүн, хариу арга хэмжээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан, онцгой байдал, хил гааль, цагдаагийн ажилтан зэрэг салбар бүрийн төлөөллийг багтаасан байна. Судалгааны дүнгээс харвал цар тахал гарснаас хойш иргэдийн зүгээс сэтгэл зүйн зөвлөгөө авах нь нэмэгдсэний дотор хөдөө, орон нутгийн иргэдийн эзлэх хувь давамгайлжээ. Судалгаанд оролцогчдын дийлэнх нь өөрийн сэтгэл санааг хэрхэн дэмжих талаар мэднэ гэж байгаа ч эрчүүд, бага орлоготой иргэд энэ талаар мэдлэг, мэдээлэл хомс байдаг нь ажиглагдсан байна. Мөн 10 оролцогч тутмын долоо нь өөрийн болон бусдын сэтгэл зүйг дэмжих аргуудад суралцах шаардлагатай байгаагаа зөвшөөрчээ.

Цаашлаад иргэд эрсдлийн үед зохион байгуулалтад орж, шийдвэр гаргагчдын заавар, дүрэм журмыг сайтар мөрдөж чадах нь харагдаж байгаа боловч эрсдэл үүсгэхүйц үйлдэл хийж буй иргэн, шийдвэр гаргагчдыг шүүмжилж буруутгах, үзэн ядах байдал хүчтэй илэрч байжээ. “COVID-19” вирусийн цар тахлын үеийн түгшүүр /23.7 хувь/, сэтгэл гутрал /15 хувь/-ын түвшин судалгаанд оролцогчдын дунд бага байгаа ч уг халдвараар нас баралт ихтэй орны иргэдтэй харьцуулахад өндөр гэж судлаачид дүгнэсэн байна. Үүний дотор эрчүүд, орлого багатай, ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийн стресс, сэтгэл гутралын түвшин эмэгтэйчүүдийнхээс илүү нэмэгдсэн байжээ. Мөн өөрчлөлтөд дасан зохицох, уур бухимдал, гуниг зэрэг таагүй мэдрэмж, сөрөг үйл явдлыг даван туулах чадвараар эмэгтэйчүүд илүү байгаа нь мэдэгдсэн болохоор эрчүүдийн энэ чадварыг дэмжих хэрэгцээ их байгааг судлаачид тогтоожээ. Гэсэн ч муу ёрлохгүй байх, найдах, бэлгэшээх сэтгэл зүй иргэдийн дунд давамгайлж байсныг сайшаасан байна. Улмаар иргэдийн дунд стресс, түгшүүр нэмэгдсэн ч “COVID-19” вирусийн цар тахлын үед бусадтай харилцах харилцаа, шинэ боломжуудыг олж харах, хувь хүний чадвар, итгэл үнэмшил, амьдралын үнэ цэнийг өөрөөр харах зэрэгт эерэг өөрчлөлт гарсан гэж судалгааны баг дүгнэжээ.

Дээрх дүгнэлттэй уялдуулан халдварыг таслан зогсооход үр дүнгээ үзүүлдэг хөл хорио, хөдөлгөөн хязгаарлах, тусгаарлах зэрэг арга хэмжээний сэтгэл зүйн сөрөг нөлөөг багасгахын тулд аль болох цөөн хоногоор хориог тогтоох, нөхцөл байдал дордоогүй тохиолдолд хугацааг баримтлахыг зөвлөсөн байна. Мөн “Монголчууд онцгой хүмүүс болохоор халдвар тусахгүй. Туссан ч хөнгөн өвчилнө” гэж итгэх, бэлгэшээх байдлаар хандах нь сөрөг сэтгэл хөдлөлөөс зайлсхийхэд хэрэгтэй боловч халдварт өртөх эрсдлийг дутуу үнэлэх, эрүүл мэндийн заавар, сануулгыг тоохгүй байдалд хүргэх тул иймэрхүү өөдрөг үзлийн өрөөсгөл хандлагыг залруулж байхыг сануулсан байна. Бас ганцаардах, дарамт мэдрэх, уйтгарлаж гуниглах, сэтгэл гутрах зэрэг сэтгэл хөдлөлөөс сэргийлэх, түүнийг даван туулах аргуудыг онцолж, сурталчилсан мэдээ мэдээлэл, контентыг бэлтгэж, олон нийтэд түгээх нь чухал болохыг эрдэмтэн судлаачид анхааруулжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here