Эхлэл Мэдээ ДАШТ-д өрсөлдөх Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо

ДАШТ-д өрсөлдөх Монголын багийн бүрэлдэхүүн тодорлоо

114
0

Б.МӨНХЗУЛ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 6-нд Унгарын нийслэл Будапешт хотноо эхэлнэ. Долоон өдөр үргэлжлэх тус тэмцээнд одоогийн байдлаар 87 орны 383 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ. Үүнээс 40 гаруй орон ДАШТ-д зодоглох бөхчүүдээ зарлаад байна. Олимпын өмнөх сүүлчийн том тэмцээн гэдэг утгаараа зарим орон шилдгүүдээ амрааж байгаа бол нэг хэсэг нь бүх шилдэг жүдочоо илгээжээ. Тэгвэл манай улсын хувьд эрэгтэй, эмэгтэй долоон жинд тус бүр ес, нийт 18 жүдочоо Будапешт руу илгээхээ өчигдөр олон нийтэд зарлав. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Л.Өнөболд, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д Ц.Цогтбаатар, 81 кг-д Сайед Моллеай, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Л.Отгонбаатар, Б.Гончигсүрэн, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар барилдахаар болов. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг, олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Хорлоодой, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа, 63 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 кг-д Я.Адъяасүрэн нар зодоглоно. Жүдо сонирхогчдын тааварт байсан Гавьяат тамирчин Д.Амартүвшин, олон улсын хэмжээний мастер О.Ууганбаатар, Д.Төмөрхүлэг, Н.Дагвасүрэн, О.Мөнхцэцэг зэрэг жүдоч энэ удаагийн бүрэлдэхүүнд багтсангүй. Олимпын өмнөх хамгийн том сорил тэмцээнд оролцох манай шигшээ багийнхан өдгөө Хандгайт дахь бэлтгэлийн баазад 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр нэгдсэн цугларалтад гараад байгаа юм. Монголын жүдо сонирхогчдын хамгийн их анхаарал татаж буй жин бол яах аргагүй эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг. Учир нь, дээр хоёр жинд тус бүр хоёр тамирчин ДАШТ-д зодоглох бөгөөд хэн сайн барилдсан нь ирэх долоодугаар сард Японы Токио хотод болох зуны спортын XXXII наадамд эх орноо төлөөлөх магадлал өндөртэй болно. Өөрөөр хэлбэл, ДАШТ нь Г.Хэрлэн, Ё.Басхүү, Б.Хорлоодой, Л.Сосорбарам нарын хувьд олимпод явах эсэхээ шийдэх хамгийн том сорилго гэсэн үг. Манай жүдочид хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард Тбилис, Ташкентын “Их дуулга”-аас гадна Кыргызстаны Бишкек хотод болсон ААШТ-д оролцсон бол Анталия, Казанийн тэмцээнийг өнжсөн юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here