Эхлэл Мэдээ Зургаан сувилагчид түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Зургаан сувилагчид түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

111
0

М.ӨНӨРЖАРГАЛ

Олон улсын сувилагчдын өдөр ойрын өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан нийслэлийн удирдлагууд тэдний төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа сувилагчдын төлөөллийг хүлээн авч уулзан, шагнал гардууллаа. Хотын дарга уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Орчин цагийн сувилахуйн ухаан, сувилахын эрдэм гэдэг нь бусдын өвчин эмгэгийг илааршуулах сэтгэлийн дэм, асран сувилахуйн өр зөөлөн үйл үйлдэл байгаад зогсохгүй нарийн судалж, тогтоосон шинжлэх ухааны ололт амжилт. Өдгөө дэлхий даяар “COVID-19” цар тахлын халдвар тархаж, олон сая хүн уг өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, эрүүл мэндээрээ хохирч, сая саяараа амьдрахын тулд бус, амьд үлдэхийн төлөө нэгэн учир шалтгаанаар тэмцэж зүтгэж байна. Ийм хүнд хэцүү үед дэлхийн өнцөг булан бүрд 20 сая гаруй сувилагч уг халдварт өвчний эсрэг сувилахын эрдэм мэдлэг, хүн чанар, асран нигүүлсэх сэтгэлээр хүчин зүтгэж байна” хэмээн ярилаа. Мөн энэ хүнд үед ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, тэр дундаа сувилагчдадаа талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд амжилт хүсэж, Засаг даргын хувьд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Энэ үеэр “Алтангадас” одонгоор Улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилагч А.Наранцэцэгийг шагнасан бол түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдах эрхийн батламжийг зургаан хүнд олгосон юм. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Д.Алтангэрэл, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Д.Даваасүрэн, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Г.Сайнцэцэг, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сувилахуйн албаны дарга Ц.Алтанчимэг, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ц.Уянга, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч А.Энхтуул нарт гардуулсан юм. Нийслэлд анх удаа хөрөнгөөр баталгаажсан бондыг гаргах замаар зах зээлд борлуулагдахгүй бэлэн байгаа орон сууцыг нийслэлийн Орон сууцны корпорац худалдан авч улмаар түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг нийслэлийн зүгээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн санаачлан хэрэгжүүлсэн. Энэ ажлын үр дүнд нийт 3000 орчим айл өрх орон сууцанд хамрагдсан дүн мэдээлэл бий. Дахин төлөвлөх ажлын хүрээнд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр иргэдийг эхний ээлжинд орон сууцанд оруулсны дараагаар газрыг нь чөлөөлөх байдлаар зохион байгуулж байгаа ажил билээ. Гэр хорооллын 220 мянга гаруй айл өрхийг богино хугацаанд орон сууцжуулах үүднээс дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэл хотын иргэн бүр тодорхой шалгуурын дагуу түрээслээд өмчлөх энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой. Ийнхүү нийслэлийн зүгээс санаачлан хэрэгжүүлж эхэлсэн шийдвэрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлын үр дүнг ажил, хөдөлмөрөөрөө манлайлсан зургаан сувилагч хүртлээ. Түүнчлэн эрхэлсэн ажилдаа үнэнч байж, хамт олноо тэргүүлэн ажилласан эмч, эмнэлгийн ажилтан, сувилагч, мэргэжилтнүүдийг Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан цол, тэмдэг, Нийслэлийн Засаг даргын Жуух бичгээр тус тус шагналаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here