Эхлэл ЗАХИДАЛ “Өндөр гэгээн” хотыг сүндэрлүүлье

“Өндөр гэгээн” хотыг сүндэрлүүлье

101
0

Монголчууд эвийг эс олбол ирт зэвсгийн хүчээр аливааг шийдэх гэж эрэгчин эмэгчнээ үзэлцдэг байсан тэр буурангуй цагийг эв найр, эрдэм номын хэлээр халах зайлшгүй шаардлага тулгамдсан. XVII зуунд түүхийн захиалгаар мэндэлсэн хүн нь Өндөр гэгээн Г.Занабазар байжээ. Түүний эцгийн ойрын төрөл язгуурт Сэцэн хан Шолой дүү Түшээт хан Гомбодоржийндоо эгэлгүй нэгэн хүү төрөхийг зөгнөсөн совин ихтэй хүн байжээ. Тэгээд ч шинээр төрсөн хүүд өөрийнхөө гэгээн цолыг шилжүүлэн өвлүүлсэн нь учиртай. Гэгээн хүүд анхнаас нь Төвөдөөр Ишдорж, Самгарьдаар Занабазар, Монголоор билиг билгийн очир буюу Билгүүн-Очир (оюуны очир) нэр хайрласан нь бас л учиртай аж. Төөрөг тавилангаар Занабазар хүүд эрдэм номын гаргуйд ой ухаан, олон талын гоц авьяас, ухааны ур, мутрын ур тэгш заяасан нь нийт Монголын хувь зохиол билээ.

Гэгээний амьдарч байсан тэртээ зуун бол Монгол оронд дотоодын зөрчил, тэмцэл хурцдаж, гадаадын ил, далд явуулга, санаархал нарийсаж түүхийн бэрх нугачаанд бууран доройтсон улс үндсээ яавал авран хамгаалж авч гарах арга замыг эрж хайсан нэн ээдрээтэй цаг үе байсан. Ийм хүнд нөхцөлд ойр зуурын хямралыг намдааж энэрэл нигүүлсэнгүйг эрхэмлэн эв нэгдлийг хичээх явдал хамгаас чухал байсан. Энэ хэрэгт бурхны шашны сургаал номлол эерэг сайнаар нөлөөлөн ихээхэн үүргийг гүйцэтгэжээ. Өндөр гэгээн бол шашин төдий хос ёсыг сайтар номлон хэрэгжүүлсэн халхын хамгийн том нөлөө бүхий зүтгэлтэн 300 зууны тэртээ Монголын ард түмний аз жаргалтай сайн амьдралыг бий болгосон төр нийгмийн том зүтгэлтэн юм. Ухааны далай дэлхийд бүтээлээрээ гайхуулсан сод их авьяастай гэгээнтэн байжээ. Тэр нэгэн талаар тухайн цагийн нөхцөл байдал, хүсэл бодолд сайтар нийцүүлэн номлол сургаалаа айлдаж, алс хэтийг харсан тууштай бодлого баримталж мэргэн шийдлийг гаргаж байснаараа хожмын их гавьяатай билээ. Их Монгол Улсыг дэлхийд авч үлдсэн суу билигтэй гэгээнтэн билээ.

Өндөр гэгээний бичиг зохиолын ба урлагийн бүтээл гайхамшигтай бичиг зохиолынх нь гүн агуулга далд увдисыг эрдэмтэн судлаачид эдүгээ хүртэл гүйцэт тайлж чадаагүй байна. Зурмал хөөмлийн бүтээгдэхүүнүүд нь монгол үндэсний урлагийн өвөрмөц байдлыг товойлгон сонгодог урлагийн хэмжээнд хүртээж чадсанаараа хосгүй. Ийм суут хүнээрээ бахархаж, түүхт ойг нь тэмдэглэхдээ наадам хийж, наргиж зугаа цэнгэл хийж өнгөрөх нь утга учиргүй болно. Иймд Хархорин, Орхон голын хөндийд Өндөр гэгээн Занабазар хэмээх цэвэрхэн үзэсгэлэнтэй, түүх соёлын томоохон 300 мянган хүнтэй аялал жуулчлалын анхны хот байгуулсан нь чухал байна гэж өвгөн би өөрийн санаа бодлыг дэвшүүлж байна. Өндөр гэгээн 90-100 үсэгтэй соёмбо үсэг бичиг номыг эхлэх титэм буюу бярга болсон соёмбо тэмдгийг зохион бүтээхээр 36 жил бодож бясалгасан гэдэг. Тэгэхдээ соёмбо үсгүүд тэнгэрт тодорч харагдсан юм гэж гэгээнтэн айлджээ. Энэхүү соёмбо монголчуудын туг сүлд төрийн тамганд заяагдсанаар хэдэн зууны нүүрийг үзэж эдүгээ шинэ мянганд ч өвлөгдсөн мөнхийн бүтээл билээ. Соёмбо нь Монгол Улсын тусгаар тогтнол бат, шашин ариун байх төдийгүй дэлхий дахинаа энх амгалан аж төрөхийн бэлгэдэл юм. Соёмбо нь монгол түмний сайн сайхан бүхнийг хураангуйлж дүрсэлж дэлхийд мөнхөлжээ. Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой нар халхыг нэгтгэх арга замыг сүвэгчлэн байжээ. Сэцэн хан Шолой бол Түшээт ханы улс төрийн талаар зонхилох гэсэн бодлого төлөвлөгөөг дэмжиж байснаар үл барам харин ч түүнийг санаачлан зохион байгуулж байсан шиг байна. 1640 онд Түшээт хан Гомбодорж 5 настай хөвүүнээ халхын шашны толгойлогчоор өргөмжилсөн явдал бол халхыг шашны тугийн дор нэгтгэж Монгол Улс мандан бадрах зам нээгдсэн. Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их монгол уулын өвөрт Улаанбаатар хотын суурь тавигдаж, дэргэд нь ширээ цагаан нуур рашаантай Түшээт Хан Гомбодорж, Сэцэн хан Шолой нар Ойрадын феодалуудтай холбоо байгуулж, Их Монгол улс байгуулах суурь тавигдсан үнэн түүх ийм байна.

“Эв найраас илүү хүч чадал гэж үгүй” Г.Занабазар

Өндөр гэгээн Их Монгол Улсыг авч үлдэж, өнөөдрийн Монгол улс хөгжиж мандаж, капиталист биш хөгжлийн замаар хөгжиж, социализмыг амжилтгай байгуулж дэлхий дахинд хүчирхэг Монгол Улс хөгжиж байгаа нь агуу гэгээний минь ач ухаанаар алтан соёмбот далбаат тугийг НҮБ-ын тэнгэрт мандуулсан азтай монголчууд бид билээ. Иймд Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор зэрэг аймгийн удирдлага болон төрийн түшээд бүгд хэлэлцэн Орхон голын хөндийд 300 мянган хүн амтай аялал жуулчлалын цэвэрхэн “Өндөр гэгээн хот” 2021-2023 онд сүндэрлүүлэхийг хүсэж байна. Олон улсын нисэх онгоцны буудалтай, Өндөр гэгээн, Чингис хаан, нууц товчооны академитай шинэ хотыг сүндэрлүүлж, одоогийн залуу үеийнхэнд хүлээлгэн өгөхийг хүсэн ерөөе.

Бидний Монгол Улс улам хөгжин мандаж байх болтугай. Өндөр Гэгээн Г.Занабазар минь “Эв найрыг хичээж дотоод сэтгэлийг ариусгаж, эрдэм мэдлэгээр зэвсэглэж, буяны цагаан мөрөөр явуулахын утга ажгуу” гэж айлджээ.

С.Даваадагва

/Өвөрхангай аймаг Арвайхээр хот 8-р баг өндөр настан, Өндөр гэгээн судлаач/

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here