Эхлэл Мэдээ Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахыг дэмжиж, төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төсөөллийн...

Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахыг дэмжиж, төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төсөөллийн тухай хуулийг баталлаа

78
0

М.ӨНӨРЖАРГАЛ

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нар санаачилж, энэ сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Төсөл санаачлагчдыг төлөөлж гишүүн Т.Энхтүвшин энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг нэгдсэн хуралдаанд танилцуулав.

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт Монгол Улс 2017 оноос хамрагдаж, энэ тохиролцооны хүрээнд зарим төрлийн татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх үүрэг хүлээж, 2018 онд хоёр, 2019 онд нэг, өнгөрсөн онд хоёр хувиар өсгөж хуульчилсан нь нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх, Нийгмийн даатгалын санд ачаалал үзүүлэхгүй байх ач холбогдолтой шийдвэр байсан ч цар тахлын үед аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн ашиг орлого буурч, татварын ачаалал үүсгэж байгаа тул тодорхой хувиар бууруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн 9.5 хувийг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус бүр 8.5 хувь болгож бууруулахаар тусгасан бөгөөд хуульд ийм өөрчлөлт оруулснаар иргэд, аж ахуйн нэгжид үүсэх дарамт багасаж, ажлын байраа хадгалах, цаашид нэмэгдүүлэх боломж бий болно гэж төсөл санаачлагчид үзсэн байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн төсөлд заасан хувь хэмжээгээр бууруулснаар Нийгмийн даатгалын санд улсын төсвөөс үзүүлэх дэмжлэг энэ онд 94.5 тэрбум, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр урьдчилсан тооцооллыг хийсэн ч цар тахлын онцгой нөхцөл байдалд иргэдийн эрх ашгийн төлөө дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Эдийн засагт учирсан бэрхшээлийг даван туулсны дараа Нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг бэхжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бололцоотойг төслийн үзэл баримтлалд дурдлаа. Энэ хуулийг ирэх долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төслийн хоёрдугаар зүйлд тусгажээ. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Х.Ганхуяг нар Нийгмийн даатгалын сангийн менежментийг сайжруулах, сангийн өр төлбөрийг барагдуулах чиглэлээр юу хийж байгаа, гишүүн Ц.Сэргэлэн, Н.Алтанхуяг нар хуулийн хэрэгжих хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр зохицуулж болох эсэх, гишүүн Ж.Сүхбаатар шимтгэлийг бууруулснаар төсөвт үүсэх эх үүсвэрийг хаанаас, хэрхэн бүрдүүлэхээр тооцож байгаа зэргийг тодруулж, хариулт авсан юм. Мөн гишүүн С.Чинзориг, Х.Булгантуяа нар шимтгэл бууруулах асуудлыг Төсвийн тухай хуультай зөрчилдөхгүйгээр шийдэх нь чухал. Ер нь улстөржсөн шийдвэр гаргахгүйгээр тооцоо судалгаатай, мэргэжлийн үнэлэлт, дүгнэлттэйгээр асуудалд хандах ёстой. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх асуудлыг хөрөнгийн зах зээлтэй уялдуулж шийдэхэд анхаарах нь чухал гэж үзэж буйгаа хэллээ. Түүнчлэн гишүүн Ж.Бат-Эрдэнэ нийгмийн даатгалын эрүүл тогтолцоог бий болгоход хэн ч татгалзахгүй, эдийн засаг хүндрэлтэй байгаа үед ийм арга хэмжээ авах нь чухал. Гэхдээ Нийгмийн даатгалын сан нь буяны сан биш гэдгийг анхаарахыг сануулсан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гишүүдийн асуултад хариулахдаа, дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч болон даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх болон хөнгөлөх арга хэмжээг Засгийн газраас 2020 онд хоёр үе шаттай авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрэн чөлөөлсөн. Мөн оны аравдугаар сараас хойш 2020 он дуустал зөвхөн тэтгэврийн шимтгэлийг таван хувиар төлсөн. 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс зөвхөн төрийн албан хаагчид болон орон нутгийн төрийн өмчит байгууллагууд нэмэгдсэн дүнгээр буюу ажил олгогч болон даатгуулагч тус бүр 9.5 хувиар шимтгэлээ төлөөд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, ажилгүйдлийн тэтгэмжүүдийн даатгалаас бүрэн чөлөөлөгдсөн. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагуудад ажлын байраа хадгалахад маш том дэмжлэг болсон бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдийн хувьд тоо буураагүй, харин ч өсөлттэй дүн гарсан. УИХ-аас эрх зүйн орчныг бүрдүүлж, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн шимтгэлээс хөнгөлөх, чөлөөлөх чиглэлийн арга хэмжээнд одоогийн байдлаар 38 мянган ажил олгогч, 572 мянган даатгуулагч хамрагдаж, нийтдээ 720 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн гэдгийг хэллээ. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүн М.Оюунчимэг, Н.Учрал, Ж.Батжаргал, Б.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Т.Доржханд, Д.Сарангэрэл нар үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.4 хувь нь Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Засгийн газраас өнгөрсөн сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы энэ сарын 6-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм. Үүний дагуу Төсвийн байнгын хороо энэ сарын 11-ний өдөр хуралдан төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргаж дэмжжээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулсан юм. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжив. Иймээс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэлийг хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэж гишүүдэд тараасан бөгөөд УИХ-ын нийт гишүүний 46 нь дэмжсэнээр хуулийг эцэслэн баталлаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here