Эхлэл Нийтлэл Гаднын зочид, сэтгүүлчдийн тоог хоёр дахин бууруулж магадгүй

Гаднын зочид, сэтгүүлчдийн тоог хоёр дахин бууруулж магадгүй

65
0

Б.МӨНХЗУЛ

Зуны спортын XXXII наадам хөшгөө нээхэд 67 хоног үлдэв. Коронавирусийн цар тахал эрчимтэй нэмэгдэж, мутацид орсон шинэ төрлийн вирус илэрч байгаа нь зохион байгуулагчид болон албаныхны санааг хамгийн ихээр зовоох болсныг Японы Засгийн газар онцолж байна. Тус улсын эмч, мэргэжилтнүүд олимпыг цуцлахыг сануулсаар байгаагаас гадна иргэд ч үүнийг дэмжиж буй. Харин зохион байгуулах хорооныхон “Одоо олимпыг цуцлах боломжгүй” гэсэн байр сууринаасаа буцахгүй гэдгээ илэрхийлсээр. Тэд “Амаргүй давааг хамтын хүчээр давахын төлөө хичээж байна” гэв. Түүнчлэн олимпод гаднын улс орнуудаас ирэх зочид, сэтгүүлчдийн тоог 180 мянга байхаар тооцоолж байсан. Харин одоо энэ тоог хоёр дахин буюу 90 мянга болгож бууруулахаар хэлэлцэж байгаа аж. Олимпын эргэн тойронд болж буй зарим мэдээллийг багцлан хүргэе.

Тамирчдыг байршил тогтоогчоор хянана

“Токио-2020” наадмын тамирчин, дасгалжуулагч, шүүгч, эмч, албаныхан гээд ангилал харгалзахгүй хүн бүр “Токио-2020 олимпын наадамд оролцох журам”-ыг чанд баримтална. Зохион байгуулах хорооны зүгээс энэхүү журмыг дагаж мөрдөх “Батламж бичиг”-ийг Үндэсний олимпын хороодоор нь дамжуулан оролцогчдод илгээж, батламжлах аж. Ингэснээр олимпын оролцогчдыг “Батламж бичиг”-ийг нь үндэслэн хилээр нэвтрүүлэх гэнэ. Түүнчлэн хилээр нэвтрэхээс өмнө ойрын хавьтал тодорхойлох “COCOA” аппликейшн, өдөр тутам биеийн байдлаа хянах эрүүл мэндийн аппликейшныг тус тус гар утсандаа суулгаж, Google map-аа ажиллуулан, Bluetooth-ээ заавал асаана. Ингэснээр Японы хилээр нэвтэрснээс хойших байршлын бүх мэдээллийг, байршил тогтоох болон хадгалах аппликейшны тусламжтайгаар бүртгэж, хяналт тавих юм.

Үйл ажиллагааны төлөвлөгөөгүй бол тамирчдыг Токиод хүлээж авахгүй

Олимп, паралимп нь цар тахлын үед зохион байгуулагдах дэлхий нийтийг хамрах хамгийн том үйл явдал. Тиймээс онцгой нөхцөлд, өмнөх олимпын наадмуудаас өөр зохион байгуулалттай болно. Олимпод оролцогч хүн бүр ДЭМБ-аас зөвлөж буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг баримтлахаас гадна Японд зорчих үйл ажиллагааны төлөвлөгөөгөө зохион байгуулах хороонд мэдүүлж, зөвшөөрөл авна. Ингэхдээ спортын төрөл тус бүр дээр “Ковид-19” хариуцсан ажилтан томилох, тухайн ажилтан багийн гишүүн тус бүрийн Японд зорчихоос өмнөх 14 хоног болон тус улсад байх хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран гаргаж зохион байгуулах хороонд урьдчилан мэдүүлэхээр болжээ. Онцгой анхаарах зүйл нь хүн тус бүрийн төлөвлөгөөг олимп эхлэхээс 28 хоногийн өмнө мэдүүлж, зөвшөөрөл авах ёстой. Хэрэв төлөвлөгөөгөө мэдүүлээгүй тохиолдолд хилээр нэвтрүүлэхгүй байхыг хатуу анхааруулсан байна. Үйл ажиллагааны төлөвлөгөөнд байрлах газрын нэр, зорчих газруудын жагсаалт, нийтийн тээвэр ашиглах бол зорчих өдөр, цаг, шалтгаан зэрэг шаардлагатай бүх мэдээллийг оруулах гэнэ. Төлөвлөгөөг Япон руу нэвтрэхээс өмнө заасан хугацаанд ICON системээр илгээх ёстой. Нэгэнт зөвшөөрсөн төлөвлөгөөг дахин засварлах боломжгүй юм байна.

Японы эмч нар олимпыг цуцлахыг уриалжээ

Коронавирусийн улмаас олимп, паралимпийн наадмыг цуцлахыг Японы эрүүл мэндийн ажилтнууд хүсчээ. Олимпын үеэр сайн дураараа ажиллахыг эмч нарт уриалснаараа наадмыг зохион байгуулах хороо асуудалд маш хөнгөн хуумгай хандаж байгаа гэж эрүүл мэндийн ажилтнууд үзэж байна. “Ийм уриалга эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хэт ачаалалтай ажиллахаас өөр аргагүй байдалд хүргэх юм. Наадмыг гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулахаар болсон ч тамирчид болон тэднийг дагалдах олон мянган хүн нөхцөл байдлыг дордуулж болзошгүй” хэмээн эмч нар цохон тэмдэглэв. Тэд “Хэт ачаалалтай байгаагийн улмаас вакцинжуулалт зэрэг чухал ажилд эмч, сувилагч нар чадан ядан оролцож байхад олимпод нэмж сайн дураараа гар бие оролцож суух боломж байхгүй” хэмээжээ. Эмч нар Засгийн газарт хандсан захидалдаа “Наадмыг цуцлах санаа тамирчдад хүндээр тусах ч хэн нэгэн энэ талаар хэлэх хэрэгтэй. Эмч нар дуу хоолойгоо өргөөсэй гэж бид хүсэж байна. Төр засаг ард түмний амьдрал, сайн сайхан байдлыг хангах үүрэгтэй бөгөөд үүнийгээ тодорхой харуулах ёстой үе нь ирээд байна” гэж дурджээ.

Томас Бах: Аюулгүй олимп зохион байгуулна

Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах зохион байгуулагч орон болон бусад улсад хандан мэдэгдэл хийжээ. Тэрбээр “М.Райаны хэлсэн үг надад урам зориг өгсөн. ОУОХ олимпыг аюулгүй зохион байгуулахын төлөө дэлхий дахины эрдэмтэн судлаачдын заавар зөвлөгөөг үргэлжлүүлэн сонсох болно” гэжээ. Тэгвэл “Их дуулга” тэмцээний түрүүтэй, Японы алдарт теннисчин Наоми Осака олимпод оролцохоор бэлтгэж буй нийт тамирчдад хандан урьдчилан сэргийлэх вакциндаа хамрагдахыг уриалжээ. Түүний хувьд “Вакциндаа хамрагдах нь өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахаас сэргийлэх хамгийн сайн арга юм. Токиод ирэх нийт тамирчдаасаа вакцинд хамрагдахыг хүсье” гэсэн байна. Одоогийн байдлаар олимпод оролцох тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүс, зочид төлөөлөгчдийн 70 гаруй хувь нь вакцинд хамрагдахаа илэрхийлсэн гэнэ. Тамирчдын дийлэнх олонх нь вакцинд хамрагдахыг ОУОХ-ны төлөөлөгч Марк Адамс мэдэгдсэн ч чухам хэдэн тамирчин хийлгэхийг дурдаагүй байна. Тэрбээр “Наадмыг аюулгүй зохион байгуулах болно. Ингэхийн тулд вакцин хамгийн чухал. Вакцинжуулалтын хөтөлбөр япончуудад маш тодорхой мессеж өгнө” хэмээн онцлов. Олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн Сэйко Хашимото “Наадмыг зохион байгуулахыг эсэргүүцэх уриалга гаргаж, түүнд нэгдэхийг хүсэх нь хүлээн зөвшөөрч боломгүй явдал юм. Тамирчдын тайван бэлтгэл хийх бололцоог эрх баригчид олгох ёстой” гэжээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here