Эхлэл Мэдээ Товчхон

Товчхон

91
0

МЭРГЭЖЛИЙН БОКС

-Мэргэжлийн боксчин, гавьяат тамирчин Н.Төгсцогт өөрийн сошиал хуудсаар дамжуулан ээлжит тулаанаа хийх болсон тухай мэдээлсэн билээ. Тэрбээр энэ сарын 29-нд АНУ-ын Калифорниа мужийн Карсон хотноо Мексикийн боксчин “ El Venado” хочит Луис Альберто Лопес Варгастай тулалдах тов гараад байсан. Тэгвэл энэхүү тулааныг цуцалж байгааг WBC холбооноос зарласан байна. Хоёр боксчин 57.2 кг-ын жинд тулалдах байв. Гэвч тулааны тов гарсан өдрөөс л мексик боксчин жингээ өөрөөр тохирох саналыг хэд хэдэн удаа гаргаж, энэ санал нь биелэх боломжгүй болохоор тулаанаас татгалзсан байна. Дээрх холбооноос Н.Төгсцогт гавьяатыг ойрын 2-3 сард багтаан том тулаан хийлгэх тухай удахгүй албан ёсоор зарлах ажээ.

ҮНДЭСНИЙ БӨХ

-Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөл хуралдлаа. Ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр заал танхимын барилдаанд болон улсын баяр наадмаар бөхчүүд барьц сонгодог асуудлыг бүрмөсөн халжээ. Сүүлийн жилүүдэд бөхчүүд жин их нэмж, уран барилдаан, мэхээр бус жин бяраар барьц сонгодог байдлаас учраа бөхөө давж байна хэмээн бөх сонирхогчид шүүмжилж байсан билээ.

ЖҮДО

-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ ирэх сарын 6-13-нд Унгарын Будапешт хотод болно. Одоогоор тус тэмцээнд өрсөлдөхөөр таван тивийн 105 орны 513 жүдоч нэрээ өгчээ. Монголын жүдочдоос Л.Өнөболд, Б.Гончигсүрэн, Б.Эрдэнэт-Од нар ДАШТ-д анх удаа өрсөлдөнө. Манайхнаас хамгийн ахмад нь гавьяат тамирчин М.Уранцэцэг бол түүний араас хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн болон Сайед Моллай нар эрэмбэлэгдэнэ. Харин хамгийн залуу нь Л.Сосорбарам бөгөөд тэрбээр өдгөө 20 настай.

NBA

-Нейсмитийн нэрэмжит сагсан бөмбөгийн “Алдрын танхим”-аас Кобе Брайантад зориулсан тусгай үзэсгэлэн гаргажээ. Энэхүү үзэсгэлэн Коби Брайантыг “Алдрын танхим”-д залах ёслолын өмнө болсноороо онцлогтой. Алдрын танхимд Кобигоос гадна Руди Томьянович, Кевин Гарнетт, Тим Данкан, Тамика Кэтчингс, Эдди Саттон, Барбара Стивенс, Ким Малки, Патрик Бауманн нар залагдсан байна. Нэрт тамирчны нэрийг мөнхлөх ёслолын ажиллагаа Коннектикут мужийн Анкасвилл тойрогт болсон байна.

ХӨЛБӨМБӨГ

-Нидерландын ди жэй Мартин Гаррикс өөрийн YouTube суваг дээр хөлбөмбөгийн Европын аваргын тэмцээний сүлд дууг танилцуулав. “We Are The People” хэмээх тус дууг Ирландын “U2” рок хамтлагийн Боно, Эж нар олны хүртээл болгосон байна. “Евро-2020” тэмцээн ирэх сарын 11-нд эхлэх бөгөөд нэг сарын турш Лондон, Мюнхен, Баку, Ром, Санкт-Петербург, Бухарест, Копенгаген, Глазго, Будапешт, Севилья, Амстердам хотод болно.

БАЙТ ХАРВАА

-Байт харвааны Үндэсний шигшээ багийнхан Швейцарын Лозанн хотод дэлхийн цомд оролцох гэж байна. Манай харваачдын эхний тэмцээн өнөөдөр эхлэх бол ирэх сарын 18-нд Францын Парис хотод олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд оролцоно. Баг тамирчид Лозанн эхэлж буй дэлхийн цомын цувралд оролцсоны дараа Казахстанд 21 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд олимпын эрхийн тэмцээнд өрсөлдөх аж. Багийн бүрэлдэхүүнд олон улсын хэмжээний мастер Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, Б.Урантунгалаг нар багтлаа.

САГСАН БӨМБӨГ

-Монголын 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний олимпын шигшээ баг “FIBA 3×3 Women’s Series Mies 2021” тэмцээнд амжилттай оролцов. Тэд хэсэгтээ Польш, ОХУ, Швейцарийн багтай өрсөлджээ. Монголын багийг одоо Францын гранпри хүлээж байгаа бөгөөд энэ сарын 21, 22-нд болно. Тэгвэл эрэгтэй баг олимпын эрхийн тэмцээнд оролцохоор буурал тивийг зорив. Тэд эхлээд энэ сарын 21, 22-нд Хорватын Липикт өрсөлдөх юм. Тэндээс эрхээ авч чадахгүй бол Австрийн Гразыг зорино.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here