Эхлэл Баримт, тайлбар Гараа сайн бол бариа сайн

Гараа сайн бол бариа сайн

160
0

С.ЮМСҮРЭН

Хүн төрөлхтний эв нэгдлийг сорьж буй коронавируст халдвар дэлхийн улс орнуудад харилцан адилгүй тархаж байна. “COVID-19” дэлхийн зарим оронд улам эрчээ авч, өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа бол халдварын голомт, тархалтыг хумьж эхлээд буй орон ч байгаа юм. Манай улсын хувьд нэг хэсэг эрчээ аваад байсан коронавируст халдварын тархалт саарч, сүүлийн өдрүүдэд батлагдсан тохиолдол буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, ЭМЯ-наас өчигдрийн мэдээллээр сүүлийн 24 цагийн хугацаанд 5383 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 533-аас нь коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 49175 болов. Мөн хугацаанд 1065 хүн эдгэрсэн бол долоон хүн уг өвчний хүндрэлээр амь насаа алджээ. Улсын хэмжээнд 41844 хүн коронавирусийн халдвар авч эдгэрсэн бол 214 хүн коронавируст халдварын шалтгаанаар нас бараад байгаа юм. Энэ нь дэлхийн бусад улс оронтой харьцуулахад бага мэт боловч хүн ам цөөтэй манай улсын хувьд өндөр үзүүлэлт юм. Тиймээс халдварын тоо буурч байна гэж санаа амарч болохгүйг холбогдох албаныхан анхааруулсаар байна.

ЦАР ТАХЛЫГ ДОТООДДОО АЛДАХГҮЙ АРВАН САР БАРЬЖ ЧАДСАН НЬ ТОМ АМЖИЛТ

Дэлхий нийтэд коронавируст цар тахал анх бүртгэгдсэн өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш халдварыг дотооддоо алдаагүй олон сар барьж чадсан хэдхэн улс орны нэг нь Монгол байв. Тодруулбал, арван сарын хугацаанд халдварыг дотооддоо алдаагүй гэдгээрээ дэлхий нийтэд сайнаар тэмдэглэгдсэн билээ. Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-нд халдварын анхны тохиолдол дотоодод бүртгэгдэж, түүнээс хойш бага багаар нэмэгдэж, улмаар эргэн буурч, өчигдрийн байдлаар 500 гаруй хүнээс халдвар илрээд байна. Өмнөх саруудад халдварын батлагдсан тохиолдол мянга хол даваад байсан юм. Коронавирусийг дотооддоо алдаад хагас жил болох хугацаанд гал алдахгүй ажиллаж, халдварыг аажим бууруулж буй нь цар тахалтай тэмцэх бэлтгэл ажлаа бүрэн дүүрэн хангаж чадсан, мөн цаг тухай бүрд нь шаардлагатай арга хэмжээг авч, зөв зохион байгуулалттай ажиллаж чадаж буйн илэрхийлэл юм.

Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн газар цар тахалтай тэмцэх бэлтгэл ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хангаж, улмаар зөв шийдлээр цар тахалтай нүүр тулан ажиллаж эхэлсэн бол энэхүү үйл хэргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар амжилттай үргэлжлүүлж байна. Энэ тухайд Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх TV9 телевизийн “80 дугаар микрофон” нэвтрүүлэгт оролцож, цаг үеийн асуултад хариулах үеэрээ “Манай улсын хувьд коронавируст цар тахлыг дотооддоо алдаагүй арван сарын хугацаанд барьж чадсан. Монгол Улс 2020 оны нэгдүгээр сарын 23-нд хилээ хаасан. Тэр үеэс бид цар тахалтай тэмцэх ажлыг эрчимтэй өрнүүлсэн. Ингэснээр бид арван сарын хугацаанд цар тахлыг дотооддоо алдахгүй, амжилттай сайн барьж чадсан. Энэ бол монголчууд бидний хувьд маш том амжилт. Цар тахал дэлхий нийтэд эрчээ авч, хэдэн зуун мянгаараа амь насаа алдаж байх үед Монгол Улс хамгийн амар амгалан, тайван байж чадсан. Цар тахлыг дотооддоо алдаагүй барьж чадсан арван сарын хугацаа бидэнд маш том боломж олгосон. Цар тахалтай нүүр тулахад бэлэн байдлаа хангах цаг хугацааны боломжийг олгосон. Хэрэв бид цар тахал гарлаа гэж мэдэгдсэн даруйд хилээ хааж, хөл хорио тогтоох зэргээр шаардлагатай арга хэмжээг аваагүй байсан бол халдварыг дотооддоо алдаж, өдийд сая очим хүн халдвар авах байсан гэдгийг эрдэмтэн судлаачид тооцож гаргасан байдаг” хэмээн онцолсон билээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газар цар тахлыг дотооддоо алдаагүй барьж чадсан арван сарын хугацаа, том боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, цар тахалтай тэмцэх бэлтгэлээ маш сайн хангасан. Тухайн Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн томоохон олон ажлаас онцолбол, юуны түрүүнд хилээ хааж, улмаар эхний ээлжид эрүүл мэндийн салбарын буюу эмнэлгийн хүчин чадал, эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлсэн. Дараа нь цар тахлын үед буюу галын шугаман дээр ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудаа сургаж, бэлтгэсэн. Түүнчлэн дэлхий нийтэд вакцин үйлдвэрлэж эхэлсэн мэдээ гарсан даруйгаас эхний ээлжид татан авч, хүн амаа дархлаажуулахын тулд шаардлагатай холбогдох арга хэмжээг түргэн шуурай зохион байгуулсан гээд урт жагсаалт хөвөрнө.

ДӨРВӨН ЭМНЭЛГИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЖ, ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛСЭН

У.Хүрэлсүхийн Засгийн газар томоохон дөрвөн эмнэлгийг ашиглалтад оруулж, цар тахалтай тэмцэх нөхцөлийг бүрдүүлсэн. Нэг дэх нь жилдээ 10-12 мянга гаруй эх амаржих, 5000-6000 хүүхэд хэвтэн эмчлүүлэх, 120 мянга гаруй хүүхэд, эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай, 300 ортой нийслэлийн Эх, хүүхдийн эмнэлэг юм. Яах аргагүй онцлох ажил. Яагаад гэвэл, тус эмнэлгийг барих ажил арав гаруй жил зогсонги байдалтай байсан юм. Энэ мэтээр эрүүл мэндийн салбарт царцсан, гацсан бүх барилга, төсөл хөтөлбөрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар хөдөлгөж, шийдвэрлэж чадсан билээ. Түүний нэг нь дээрх эмнэлэг бөгөөд барилгын ажлыг 2018 оны тавдугаар сараас дахин эхлүүлж, эрчимжүүлсээр өнгөрсөн оны долоодугаар сард ашиглалтад орууулсанд олон нийт талархалтай хандаж буй. Тус эмнэлгийн нээлтийн үеэр тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх “Бид 30 гаруй жилийн дараа эх, нялхсын хоёр дахь том эмнэлгээ хүлээж авлаа. Нийт 39 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн барилгыг тоног төхөөрөмжийн хамт шийдлээ. 34200 ам дөрвөлжин метр талбайтай, дэлгэмэл байдлаар ашиглавал 1000-1500 өрөө гаргаж ашиглах боломжтой барилгыг хүлээн авч байгаадаа баяртай байна” хэмээж байв.

Хоёр дахь нь хорт хавдрыг эрт шатанд оношлох, гадаадад эмчилгээ хийлгэхээр явж буй урсгалыг багасгах, өдөрт 1100-1200 иргэнд үйлчлэх боломжтой Үндэсний оношилгоо, эмчилгээний төв. Улсын хоёрдугаар төв эмнэлгийг түшиглэн тус төвийг барьж, 25 сая ам.долларын өртөг бүхий 215 нэр төрлийн 1870 ширхэг, хавдрыг хамгийн жижиг байхад нь тодорхойлох тоног төхөөрөмж суурилуулан ашиглалтад оруулсан нь эрүүл мэндийн салбарт онцгой, түүхэн үйл явдал болсон.

Дараагийнх нь Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг. Тус жишиг эмнэлэг харьяа дүүргийн 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд олон улсын стандартад нийцсэн 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоногложээ. Дөрөв дэх томоохон эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий MRI, КТ зэрэг дүрс оношилгооны тоног төхөөрөмж, судсан дотуурх оношилгооны иж бүрдэл, лабораторийн бүрэн автомат анализатор болон бусад тоног төхөөрөмжтэй орчин үеийн шинэ техник технологи бүхий дэлхийн жишигт нийцсэн Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлэг. Тус эмнэлэг мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг нийт 17 чиглэлийн төрөлжсөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд гадаад улсыг зорьж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах урсгалыг мөн бууруулах онцлогтой.

Дээрх эмнэлгүүд үндсэн чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан ор дэлгэн халдвар авсан иргэдийг эмчлэх боломжийг бүрдүүлж, эрүүл мэндийн хүчин чадлыг бодитойгоор нэмэгдүүлсэн юм.

ГАЛЫН ШУГАМАНД АЖИЛЛАХ МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ БЭЛТГЭЖ, ВАКЦИН ТАТАН АВАХ АЖЛЫН ЭХЛЭЛИЙГ ТАВЬСАН

Онцлох дараагийн ажил бол цар тахлын үед галын шугаманд ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудаа сургаж, бэлтгэсэн явдал юм. Мөн Засгийн газраас 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулж, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлсэн. Үүнээс гадна У.Хүрэлсүхийн Засгийн газар вакцины сураг гарснаас хойш дэлхийн вакцин үйлдвэрлэдэг томоохон улс орнуудтай, мөн үйлдвэрүүдтэй нь харилцаа холбоо тогтоож ажлын хэсэг байгуулж эхэлсний үр шимийг бид одоо хүртэж байна. Тухайн үед Энэтхэг улсын Ерөнхий сайдтай холбоо тогтоож, захиа илгээхэд долоохон хоногийн дараа хариу илгээж, туслахаа илэрхийлсэн байна. Ингэснээр манай улс хамгийн түрүүнд “Астразенека” вакцин татан авч, ард иргэдээ дархлаажуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд улмаар ОХУ, БНХАУ зэрэг хөрш орнууд тусламжийн гараа сунгаж, вакцин нийлүүлснээр өчигдрийн байдлаар зорилтот бүлгийн иргэдийн 94.9 хувь нь нэг дэх, 52.2 хувь нь хоёр дахь тундаа хамрагдаад байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед эхлүүлсэн аль ч салбараа орхихгүйгээр гол салбартаа анхаарал хандуулан ажиллаж чаддаг зарчим, зорилгыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар амжилттай үргэлжлүүлж чадаж буйн үр дүнг бид өнөөдөр хүртэж, ажил хөдөлмөрөө хийж, хотын гудамжаар алхаж явна. Энэ бол өмнөх болон шинэ Засгийн газрын зорилго, зоригтой ажиллаж чадсаны, мөн энэ Засгийн газрын үйл хэргийг зөвөөр үргэлжлүүлж буйн үр дүн. Шинээр байгуулагдсан Засгийн газар энэ хүнд хэцүү цагт бүхий л боломж бололцоогоо дайчлан ажиллаж буйг Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх дээр дурдсан нэвтрүүлэгт оролцох үеэрээ тодотгосон билээ. Тэрбээр “Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд миний Засгийн газрын үед ажиллаж байсан туршлагатай сайд нар бий. Нэн ялангуяа Ерөнхий сайд тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан хүний хувьд энэ цаг үед юу хийх үү, шуурхай ямар арга хэмжээ авах уу гэдгээ мэдэж, нэлээд туршлагатай ажиллаж байна. Тиймээс хүн амаа вакцинжуулах ажлыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулж байна. Ерөнхий сайд надтай уулзаж, ярилцан санал бодлыг минь сонсдог. Ерөнхий сайдын ярьж буйг сонсоход Монгол Улс зургаадугаар сарын дунд үе гэхэд хүн амаа вакцинжуулж дуусгаад, улсынхаа баяр наадам, 100 жилийн ойг айх аюул багатай ёслол төгөлдөр тэмдэглэх юм байна гэсэн өөдрөг сэтгэл төрсөн” хэмээсэн. Энэхүү зорилго биеллээ олоход ойрхон байгаа ч бүрэн дүүрэн биелэх эсэх нь иргэд бид бүхнээс шалтгаалах тул ковидгүй зуны төлөө өмнөхөөсөө илүү хариуцлагатай байх л үлдэж байна. Учир нь, вакцин хийлгэсэн гээд цар тахал устаж, үгүй болно гэсэн үг биш юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here