Эхлэл Танин мэдэхүй Г.Амгаланбаяр: Говийг Дэлхий дээрх Ангараг болгоно

Г.Амгаланбаяр: Говийг Дэлхий дээрх Ангараг болгоно

156
0

– “Марс” нийгэмлэгийн Ерөнхийлөгч Робэрт Зубрин, Ангараг гарагт хүрэх анхны багийн гишүүн Алиса Карсон нар төсөлд маань зөвлөхөөр ажиллаж байна –

Х.ЭРДЭНЭЗАЯА

Холхи газраас гялалзан харагдах өнгөт од

Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо

Нарт ертөнцийн дотор суугаа Марс од оо

Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв… хэмээн XX зууны монголчууд хүсэж байлаа. Холын Ангараг өдгөө мөрөөдөл байхаа больж Монголын говьд биелэх гэж байна. Аж үйлдвэрийн тавдугаар хувьсгалд тооцогдож буй сансрын технологийг эх орондоо хөгжүүлж, Ангарагийг зорин аялах хүн төрөлхтний хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр ажиллаж буй “Maрс-V” төслийн талаар дуулаагүй хүн цөөн. Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төвөөс хэрэгжүүлж байгаа “Maрс-V” төслийн гүйцэтгэх захирал Г.АМГАЛАНБАЯРТАЙ ярилцлаа.

-Элон Маск, Жефф Безос нарын тэрбумтнууд сансрын аялал жуулчлалын хөтөлбөрөө компаниасаа ч чухалчлах болсон. Сансрын өрсөлдөөний эрин үед дэлхийн хэмжээнд хэчнээн төслийг хэрэгжүүлж байна вэ?

-Сансрын технологи, бизнесийн өрсөлдөөн жилээс жилд нэмэгдэж, старт-апп компаниуд олширсон. Тэд өрсөлдөөн, хөрөнгө оруулалт татах зорилгоор хүмүүст олон төрлийн үйлчилгээ санал болгож байна. Дэлхий дээр сансар судлал, сансрын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “Virgin Galactic”, “Orion Span”, “Blue Origin”, “Space Adventures”, “Axiom Space”, “Space-X”, ОХУ-ын Роскосмос гэсэн долоон хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Найм дахь нь Монголын “SPACE-M” болно. Манай залуус Ангараг судлалын академи байгуулж, сансрын судалгааны чөлөөт бүсийг бий болгож, аялал жуулчлалын дагуул хотоос бүрдсэн шинжлэх ухаан технологи, инновацын олон улсын төв байгуулах төслийг хэдийнэ эхлүүлжээ. Энэ төвд та Ангарагийг зорих болон адил төстэй орчинд сургуулилалт хийх боломжтой юм. Шинжлэх ухаан эрчимтэй хөгжсөн орнууд  сансрын аялал жуулчлалыг сонирхоод эхэлсэн. Аялал жуулчлалын төрөлжсөн сансрын станцууд байгуулж, жуулчин хөөргөх бүртгэлээ зарласан. Манай улс ч үүнд бэлэн болж эхэллээ. Элон Маск дэлхийн хамгийн баян хүн болсныхоо дараа хөрөнгөө Марс судлалд зарцуулахаар болсон. Энэ бол сансар судлалын зах зээлд хэдэн их наяд ам.доллараар хэмжигдэх хөрөнгө эргэлдэж буй баримт юм.

-Залуучуудад чиглэсэн шинжлэх ухааны төсөл хөтөлбөр үгүйлэгдэж байсан цагт “Дэлхий дээрх Ангараг” санаачилга “нүдээ олжээ”. Төслөө хэдэн оноос хэрэгжүүлж эхэлсэн бэ?

-Монгол залуус нэгдэн “Maрс-V”  төслийг 2018 онд санаачилсан. “Марс V” цөөхөн хэдэн хүний ажил биш. Олон монгол залуусын хүсэл мөрөөдлийн гүүр юм. Төслийн стратеги, архитектор, гадаад харилцаа зэрэг багуудад гэхэд 220 орчим хүн итгэл гарган ажиллаж байна. Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа уг төслийн зөвлөхөөр ажилладаг. Бид уул уурхайн ногдол ашиг хүртэж, хэзээ нэгэн цагт хөрөнгөжнө гэж хүлээвэл бүтэхгүй. Аялагчдад дэлхийн долоон гайхамшгийг үзэх хангалтгүй болж байна. Тэдэнд шинэ мэдрэмж хэрэгтэй. Шинэ соргог зүйлсийг хүсдэг гадаадынхныг 20 мянган ам.доллараар сансрын аялал жуулчлал санал болговол уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа солонгоруулна. Сансар судлал бол энэ зууны шинжлэх ухааны тэргүүлэх салбар бөгөөд улс орнуудын хөгжлийг тодорхойлж байна. Тэр дундаа Ангараг бол хүн төрөлхтөн бий болгосон технологио зориулах хамгийн боломжит бай. Жингүйдэж үзэх, Дэлхийг сансраас харах, Олон улсын сансрын станцад зочлох, Ангарагт очихыг хүсэх хүн улам  бүр олширсон. Гэхдээ ийм төрлийн аяллын хөтөлбөр маш үнэтэй, амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй. Ирээдүйд сансрын аялал хийх гэж компаниуд өндөр өртөгтэй аялал жуулчлалын хөтөлбөрийг санал болгоно. Хэрэв сансарт ниссэнтэй адил мэдрэмжийг өгөх, эрсдэл багатай нөхцөлийг бүрдүүлж чадвал аялал жуулчлалын гайхалтай ололт болно. Монголын говийг дэд бүтэц байхгүй, ургамалгүй, хүн амьтан ховор, хуурай хатуу ширүүн, эдийн засгийн хувьд ач холбогдолгүй гэж хэлж болохгүй. Говийг дэлхий дээрх Ангараг болгож болно.

-Бид говийн баялгаа худалдаж бус байгалийн тогтцыг нь гайхуулж, эх орноо сурталчлах цаашлаад орлого олох цаг иржээ?

-Бид Ангарагийг тойрсон бизнесийн нэгхэн хувийг эзэмшихэд л улсынхаа эдийн засгийг дөрөв нугалах хэмжээний орлого олох боломжтой. Манай гаргийн 24 цөлөөс долоо нь хасах градустай. Үүнээс хамгийн хүйтэн, бас Ангараг гарагтай ойролцоо нөхцөлтэй нь Монголын говь. Бидний хамтарч ажиллаж буй NASA, JAXA, Роскосмос, ISRO зэрэг  байгууллагууд ч үүнтэй санал нэг байгаа. Монголын говь  өндөрлөг газарт оршдог. Нэмэх, хасах 40 хэм хүртэл халж, хөрдөг. Ангарагийн жилийн дундаж хэм цельсийн хасах 63 градус хүйтэн. Байгаль цаг уурын эрс тэс нөхцөл бидний давуу тал. Мөн хүн ам сийрэг, төвийг сахисан, гадаад дотоодын зөрчилгүй Монгол Улс нь дээрх төслийг хэрэгжүүлэх хамгийн таатай нөхцөл юм. Түүнчлэн агаарын нягтаршил багатай, хуурай цөлд тооцогддогийн зэрэгцээ үзэгдэх орчин нь Улаан нүдэн гаргийн гадаргуутай тун төстэй. Ангарагт газардах сургуулилалтын бааз байгуулж, сансрын судалгааны бүсийг байгуулах нь шинжлэх ухааны хувьд боломжтой. Тиймдээ ч бусад улсын сансар судлалын төвүүд манай төслийг олзуурхан хүлээн авсан. Үүний илрэл болж  “Марс” нийгэмлэгийн Ерөнхийлөгч Робэрт Зубрин, Ангараг гарагт хүрэх анхны багийн гишүүн Алиса Карсон нар төсөлд маань зөвлөхөөр ажиллаж байгаа.

-Говьд хэрэгжүүлэх технологийн төслүүд Ангарагт очсон мэт сэтгэгдэл төрүүлэх үү?

-Хүн төрөлхтөн Ангарагт хөл тавих далайцтай зорилт тавьсан. Тиймээс маш сайн бэлтгэгдсэн цөөн хүн  амиа золин байж 2035 эсвэл 2050 онд Ангарагийг зорих боломжтой. Түүнээс биш хүссэн хүн бүхэн мөнгөө төлөөд  Ангараг гараг руу явж чадахгүй. Гэтэл үлдсэн хүмүүс төгс биш ч гэлээ сансарт нисэх, шинэ гараг дээр очих мэдрэмжийг авахыг хүсэж байгаа шүү дээ. “Mars one” гэх олон улсын төслөөр Ангараг руу аялах сонирхолтой хүмүүсийг судлахад 220 гаруй мянган хүн бүртгүүлж байжээ. “Марсыг хүн бүрд” гэсэн уриатай манай төсөл дэлхий дээр атлаа Ангарагт очсон мэт хамгийн ойрхон мэдрэмжийг өгөхийг хүссэн. Үүнийг “Ангараг руу жуулчин илгээх төсөл” гэж ташаа ойлгож болохгүй. “Марс-V” бол үндсэн гурван хэсэгтэй шинжлэх ухаан, технологийн олон улсын төв байгуулах төсөл. Эхнийх нь Maрсын сургуулилалтын академи. Технологио бэлтгэж буй компаниудад Ангараг гаргийг зорих жуулчдыг бэлтгэх, судалгааны орчин хэрэгтэй. Сансрын жуулчид, сонирхогчдод Ангарагийн  туршлага, мэдрэмж авахад нь зориулсан сэтгэл зүй, бие бялдар, оюун санаа, гоо зүйн цоо шинэ мэдрэмж, сургуулилалтаар олгох нь энэхүү төслийн давуу тал байх болно. Ангараг дээрх амьдралын хэв маягийг нутагшуулах хамгийн тохиромжтой газарт тооцогдож буй учраас говьд жуулчдыг  дадлагажуулах, бэлтгэх академи байгуулах гэж байна. Түүнчлэн технологио хөгжүүлэх чөлөөт бүс болон дагуул хот байгуулбал цогц төсөл болно.

-Хятад улс говийн онцлогийг харгалзан ижил төсөл хэрэгжүүлж байгаа. Ер нь гадаадын хөтөлбөрүүдээс “Марс V” хэрхэн ялгарч өрсөлдөх вэ?

-Бидний ялгарал бол Торгоны замын стратегитай төстэй. Монголчууд худалдаа хийхгүй хэрнээ, тэр замыг тайван байлгах төвийг сахисан бүсийг түүхэнд бий болгосон. Яг үүнтэй адилхан манай төсөл нь шинжлэх ухаанчаар хамтдаа хөгжих буюу бие биенээсээ технологио нуухгүй, гэхдээ хулгай хийхгүйгээр хамтдаа хөгжих тэр бүсийг бий болгох эрхэм зорилготой. Бид байгалийн баялаг гэдэгт газар доорх баялгийг яриагүй, газар дээрх буюу хасах температур, хуурай цаг уурын хүчин зүйл, түүн дээр нэмэх нь агаарын хил сийрэг байдлыг баялаг гэж үзэж байгаа. Улс төр, геополитикийн хувьд энх тайван, бусад бүх орны хувьд нээлттэй гадаад бодлоготой. Тиймдээ ч бидний хувьд өрсөлдөөнд уралдах биш Ангарагийг эзэмших хүсэл тэмүүллийн холбоос байхыг эрхэмлэдэг.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here