Эхлэл Мэдээ Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд ирэх долоо хоногт үнэмлэхийг нь гардуулна

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд ирэх долоо хоногт үнэмлэхийг нь гардуулна

57
0

М.ӨНӨРЖАРГАЛ

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажил ид үргэлжилж байна. СЕХ-ноос ирэх долоо хоногт нэр дэвшигчдэд батламж гардуулснаар сурталчилгааг албан ёсоор эхлүүлнэ. Түүнээс өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулалтын ажлуудыг товлосон бөгөөд хугацаандаа өрнөж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 63.13 дахь хэсэгт заасны дагуу тавдугаар сарын 10-ны өдрөөс өмнө төрийн бус байгууллагуудаас сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх тухай хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт ирүүлэх учиртай юм. Үүний дагуу “Монголын мэдээллийн холбоо “МИДАС”, “Бодлогод залуусын хяналт” ТББ, “Монголын багш эцэг, эхийн холбоо” НҮТББ, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгууллагуудын шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл” НҮТББ-аас ажиглалт хийх хүсэлт ирүүлсэн байна. СЕХ-ны ээлжит хуралдаанаар сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх төрийн бус байгууллагуудыг бүртгэж, шийдвэрээ гаргалаа. Эдгээр төрийн бус байгууллага нь өмнөх сонгуулиудын үеэр сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт хийж, ажиглаж байсан туршлагатай ажээ. “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллага нь сонгуулийн санхүүжилтэд болон санал авах ажиллагааг сайн дурын ажилтан залуучуудаар ажиглуулахаар, “МИДАС” төрийн бус байгууллага нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хяналт шинжилгээ, ажиглалт хийхээр хүсэлт ирүүлсэн байна. Түүнчлэн сонгогчдын нэрийн жагсаалт, программ хангамж, шинэчилсэн журмуудын судалгаа, сонгогчоос санал авах болон сонгуулийн дүн мэдээ нэгтгэх явцыг ажиглах юм байна. Харин “Монголын багш эцэг, эхийн холбоо”-нд сонсголын бэрхшээлтэй иргэд, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл нэгдсэн, энэ удаагийн сонгуулиар төрөл бүрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, тэдгээр иргэний оролцоотой сонгуулийн санал авах өдрийн ажиглалт хийхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн ирэх зургаадугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд 18647 төрийн албан хаагч ажиллахаар болоод байгаа юм. Тодруулбал, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгуульд парламентад суудалтай МАН, АН, ХҮН гэсэн гурван нам оролцохоор болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т заасны дагуу санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороодыг байгуулах ёстой. Тиймээс СЕХ тавдугаар сарын 10-наас өмнө сонгуулийн хэсгийн хороодыг бүрэн байгуулж дууссан. Ингэснээр иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар сонгуулийн бүх шатны хороод байгуулагдаж сонгуулийн бэлтгэл ажилдаа ороод байгаа юм. Аймаг, нийслэлийн 22, 330 сум, есөн дүүргийн 2087 хэсгийн хороонд нийт 18647 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллахаар болсон. Түүнчлэн сонгуулийн автоматжуулсан системийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах мэдээллийн технологийн 31 багт 148 гишүүн, санал авах байруудад нийт 2481 даамал ажиллах юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасан. Үүний дагуу СЕХ энэ сарын 7-ны өдөр хуралдаж нэр дэвшигчийг бүртгэн, үнэмлэх олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Нэр дэвшигчид үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” гэж заасан. Үүний дагуу товлосон ажлуудыг бэлтгэж дууссанаар СЕХ ирэх долоо хоногийн даваа гараг буюу 24-нд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулна. Ингэснээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нар сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлнэ. Хуульд заасны дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Мөн хуульд заасны дагуу санал авах өдрөөс 24 цагийн өмнө сурталчилгааг зогсоох учиртай. Ингэснээр ирэх сарын 9-нд Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч тодрох бөгөөд энэ нь манай улсын төрийн тэргүүнийг сонгох найм дахь удаагийн сонгууль болох юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг “амилуулна” гэдгээрээ онцлогтой. Түүнчлэн “эцэг” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн шалгуур болон бүрэн эрхийн хугацааг өөрчилсөн. Тодруулбал, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг улираан сонгох боломжтой байсныг зөвхөн нэг удаа болгон өөрчилж, бүрэн эрхийн хугацааг зургаа болгон нэмэгдүүлсэн юм. Мөн Монгол Улсын 45 нас хүрсэн иргэн нэр дэвших боломжтой байсан бол энэ тоог 50 болгосон билээ. Үндсэн хуульд оруулсан уг заалтын шаардлагыг бүрэн хангасан гэж үзээд УИХ-д суудалтай гурван намаас нэр дэвшигчийг СЕХ хуулийн хугацаанд бүртгэсэн юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here