Эхлэл Мэдээ Л.Энх-Амгалан: Мэдлэг, инновац шингэсэн бүтээгдэхүүн экспортолдог орон болохыг зорьж байна

Л.Энх-Амгалан: Мэдлэг, инновац шингэсэн бүтээгдэхүүн экспортолдог орон болохыг зорьж байна

110
0

М.ӨНӨРЖАРГАЛ
Монгол Улс 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Инновацын 7 хоног” өчигдрөөс эхэлсэн. Тус арга хэмжээ нь үндэсний инновацын тогтолцоог бэхжүүлэх, инновацын тэргүүлэх таван чиглэлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт, үндэсний чадавхыг төвлөрүүлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг чиглүүлэх зорилготой юм. Долоо дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн салбарын 1000 орчим төлөөлөгч оролцож, “Үндэсний инновацын хөгжил” форумыг зохион байгуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан залуусын бүтээл, судалгаа, шинэ санаа бүр инновац гэдгийг онцоллоо. Тэрбээр “Монгол Улсын тэргүүлэх чиглэлүүдийг хөгжүүлэхэд шинжлэх ухааны чиглэлээр ажиллаж буй эрдэмтэн, судлаачид чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Инновацыг бид холоос хайх хэрэггүй. Инновац малчны хотноос эхэлнэ. Малчин хүн өөрийн малын үүлдэр угсааг сайжруулах, ноос ноолуураа дэлхийд өрсөлдөх ноолуур болгохоор зорьсон шинэ санаа бүрийг инновац хэмээн ойлгож болно. Ийм учраас инновацыг зөвхөн шинжлэх ухааны судлаачид хийдэг гэж ойлгох нь буруу. Харин залуусын өдөр тутмын ажил, бүтээл, судалгаандаа гаргаж буй шинэ санаа бүр инновац юм. Монгол Улсыг цахим үндэстэн болгох ажлыг инновац, мэдээлэл технологийн салбарынхан нуруундаа үүрч байна. Ойрын жилүүдэд цахим үндэстэн болоход чиглэсэн томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлнэ. Мөн мэдлэг, инновац шингэсэн бүтээгдэхүүнүүд экспортолдог орон болохын төлөө зорьж байна” гэлээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here