Эхлэл НИЙГЭМ Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль олон нийтийн анхааралд байна

Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль олон нийтийн анхааралд байна

136
0

Д.МӨНХЖАРГАЛ

Монгол Улсын эдийн засаг маш хүнд нөхцөл байдалтай тулгарсан 2017 онд дэлхийн донор байгууллагын нэг Олон улсын валютын сангаас монголчуудад гараа сунгаж, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамруулахаар болсон. Энэ хөтөлбөрийн хүрээнд манай улс зарим төрлийн татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Тодруулбал, 2017 онд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулж, 2018 онд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр, дараа жил нь нэг хувиар өсгөсөн. Мөн өнгөрсөн онд хоёр хувиар нэмэгдүүлэхээр зохицуулсан байсан ч коронавирусийн цар тахал хавтгайрч, халдвар дотоодод тархсантай холбогдон ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн билээ. Улмаар аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг удаа дараа зогсоож, хорио цээрийн дэглэм тогтоосноор ажил олгогчид хүнд байдалд ороод байна. Тиймээс ажил хөдөлмөр эрхлэгч иргэн, тэднийг ажлын байраар хангадаг аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт ирэх бодит байдлыг харгалзан үзэж, нийгмийн даатгалын шимтгэлийн сүүлийн хоёр хувийг нэмэгдүүлэхгүй байхаар зохицуулахаар УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн бариад байгаа юм.

Ийнхүү нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэхгүй байснаар даатгуулагчийн орлого ойролцоогоор 10 хувиар нэмэгдэж, ажил олгогчид ажлын байраа хадгалж үлдэх боломжтой болно гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байна. Эдийн засгийн өсөлт хөгжлийг “COVID-19”-ийн өмнөх болон дараах гэж тодорхойлж байгаа энэ үед нийгмийн даатгалын шимтгэл аль болох бага байж гэмээнэ аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчид ажлын байраа тогтвортой хадгалж, нэлээд олон хүнийг ажил, орлоготой байлгана гэж эдийн засагчид үзэл бодлоо илэрхийлж байгаа юм.

Нийгмийн даатгалын тухай хуульд ийнхүү өөрчлөлт оруулснаар сангийн орлого 189 тэрбум төгрөгөөр буурах бол улсын төсвөөс Нийгмийн даатгалын санд хуваарилах хөрөнгө тэр хэмжээгээр нэмэгдэх болно. Тиймээс улсын төсөвт тодотгол хийх асуудал яригдаж таарна. Хуулийн төсөл санаачлагчдын тооцсоноор энэ онд 94 тэрбум, ирэх жил 198.9 тэрбум төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс авахаар байгаа аж. “Өмнө нь ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёр жилд нийгмийн даатгалын шимтгэлийг гурван хувиар нэмэгдүүлсэн нь ажилтан болон ажил олгогчдод тэртээ тэргүй хангалттай хүндрэл болчихсон. Тиймээс одоо дахин хоёр хувиар нэмэгдүүлэх нь зохисгүй байна” гэж УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байсан юм. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлэхдээ “Нийгмийн даатгалын хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг арвижуулах гурван боломж байдаг. Тодруулбал, арилжааны банк, үнэт цаас, бонд гэхчлэн. Өнөөдрийн зах зээл, арилжааны хэлбэрүүдээс хамгийн найдвартай нь арилжааны банканд байршуулах явдал байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээллээр арилжааны банканд хадгалуулснаар нийгмийн даатгалын шимтгэлийн хүүгийн орлого 630 тэрбум орчим төгрөг болсон байдаг” гэж мэдээлсэн.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн орлого буурсан энэ үед нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөхгүй, харин ч бууруулах нь үзэл баримтлалын хувьд зөв боловч одоо үйлчилж буй нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх нь зөв гэдэгтэй олон хүн санал нэгтэй байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Иргэдийн хуримтлуулсан хөрөнгө мөнгийг хэн нэг зальтай этгээд зувчуулаад үрэн таран хийдэг байж болохгүй. Үүний зохион байгуулалт, менежментийг зөв хийх нь чухал. Жишээ нь, Капитал банктай холбоотой 300-гаад тэрбум төгрөгийн асуудал байна” гэж нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийлсэн байдаг. Уг нь зээлийн хүү өндөр байна гэдэг үүднээс нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг тэнд хадгалуулах биш, арилжааны банкуудын хүү хэмжээг аль болох багасгаж байвал бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд олгох зээлийн хүү бага байх гээд нийгэмд ирэх нөлөөлөл нь эерэг болох талтай юм. Гэхдээ энэ асуудлыг хэрхэн яаж шийдэх нь хууль тогтоогчдын мэдэлд байна. Уг хуулийн төслийг хэлэлцэж баталбал, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцох уу, энэ оны долоодугаар сарын 1-нээс дагаж мөрдөх үү гэдгийг хэлэлцүүлгийн явцад шийдэж таарах нь. Хуулийн төсөл санаачлагчдын зүгээс ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх хувилбарыг санал болгосон байна.

Цар тахлын улмаас эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө болон иргэдийг санхүүгийн эрсдлээс хамгаалах зорилгоор Засгийн газраас өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь нийгмийн давхарга бүрд хамааралтай байсан юм. Тухайлбал, өнгөрсөн оныг дуустал хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянга болгож (өмнө нь 20 мянга байсан), Нийгмийн халамжийн сангаас сар тутам 188 мянган төгрөгийн тэтгэмж авдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хагас болон бүтэн өнчин хүүхдийн тэтгэмжийг 100 мянгаар нэмэгдүүлэн олгож байсан шийдвэрийг энэ оны зургаадугаар сарыг дуустал үргэлжлүүлэхээр болсон билээ. Мөн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдон орлого нь буурсан 7200 гаруй аж ахуйн нэгжийн 80 мянга шахам ажилтанд Ажилгүйдлийн тэтгэмжийн сангаас сар тутам 200 мянган (гурван сарын хугацаанд) төгрөгийн дэмжлэг үзүүлж, нийгмийн даатгалын шимтгэлээс тодорхой хугацаанд чөлөөлсөн. Үүнд 38 мянга орчим аж ахуйн нэгжийн 570 мянга шахам ажилтан, ажилчид хамрагдсан байдаг. Улмаар өнгөрсөн оны сүүлийн гурван сард ажил хөдөлмөр эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн таван хувиар нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байсан бол энэ оны эхнээс 8.5 хувийн шимтгэл төлж байгаа юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here