Эхлэл Мэдээ Д.Баяндүүрэн: Сонгогчдын боловсрол дээшилж, саналаа өгч буй хүний тоо нэмэгдэж байгаа

Д.Баяндүүрэн: Сонгогчдын боловсрол дээшилж, саналаа өгч буй хүний тоо нэмэгдэж байгаа

76
0

С.ЮМСҮРЭН

Засгийн газар өнгөрсөн сарын 19-ний 152 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг баталсан. Энэхүү тогтоолын дагуу СЕХ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл ажиллагааны үед цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг хэрэгжүүлэн ажиллах албан даалгаврыг хүргүүлжээ. Халдвар хамгааллын дэглэмээр далимдуулан иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн тохиолдол мэр сэр гарч байсан удаатай тул СЕХ тэр алдааг давтахгүй, хүн бүрт хүрч ажиллах, бэлтгэл ажлыг ханган ажиллаж буйг Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн хэллээ. Тэрбээр “Сонгогчдын хувьд хамгийн хариуцлагатай мөч бол сонгуулийн санал авах өдөр сонгуульд оролцож саналаа өгөх явдал юм. СЕХ Сонгогчийн боловсрол, сургалтын төвтэй. Сонгуулийн үед сонгогчид эрхээ хэрэгжүүлэх, түүнийг хангах, хамгаалахад чиглэсэн мэдээллээр хангах 1800-2800 лавлах утсыг ажиллуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд зориулан “Сонгогчийн ном”-ыг цахим болон цаасан хэлбэрээр гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын дүнг үндэслэн нэр дэвшигчдийн авсан нийт саналыг нэр дэвшигч тус бүрээр гаргана. Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг СЕХ гаргаж, нийтэд мэдээлнэ. Сонгогчдын боловсрол харьцангуй дээшилж, сонгуульд оролцож, саналаа өгч байгаа хүний тоо нэмэгдэж байгаа” гэв.

Сонгогчийн сонгуульд оролцох үндсэн эрх нь сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээр баталгааждаг. Сонгогчдын оролцоог идэвхжүүлэх, сонгууль бүх нийтийн байх зарчмыг хангахын тулд иргэд сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой зохицуулалт, үйл явцыг мэддэг байх хэрэгтэй. Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, тэдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг УБЕГ холбогдох хууль тогтоомж, журмын дагуу зохион байгуулдаг. Сонгогчид www.elec­tion.burtgel.gov.mn цахим хаягаар нэвтэрч, өөрийн бүртгэлийг шалгах боломжтой.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here