Эхлэл Мэдээ Л.Оюун-эрдэнэ: Улаанбаатар хотын газар доорх дэд бүтцийг шинэчилнэ

Л.Оюун-эрдэнэ: Улаанбаатар хотын газар доорх дэд бүтцийг шинэчилнэ

69
0

М.ӨНӨРЖАРГАЛ

Төмөр замын ар талын төв зам дагуух ногоон байгууламжтай талбайг “Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” болгон тохижуулж, дулааны шугам сүлжээг шинэчлэхээр боллоо. Улаанбаатар хотын баруун бүс буюу Таван шараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замын хойд хэсгийн хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангадаг дулаан гол шугамыг /8-р магистраль/ Дани улсын төслөөр 1997 онд суваггүйтехнологиор хийсэн байна. Уг шугамын насжилтын хугацаа дууссан бөгөөд 2012 оноос хойш 76 удаагийн гэмтэл саатал гарчээ. Иймд Европын сэргээн босголт банкны 33 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2021-2023 онд дулаан хангамжийг сайжруулах төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд нийт 10.3 км хос шугам шинэчлэх төслийг эхлүүлсэн байна. Энэ ажлын хүрээнд 10 дугаар хорооллын 1.3 км урт дулааны шугам сүлжээг шинэчилж, Баянгол дүүргийн 2, 5, 6 дугаар хорооны орон сууцны хорооллын дулааны доголдол арилж, найдвартай дулааны эрчим хүчээр хангагдах аж. Дулааны шугам сүлжээний шинэчлэлт, хөрөнгө оруулалтын явцтай танилцсаны дараа Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Улаанбаатар хотод хүн амын маань талаас илүү хувь нь амьдардаг хэт төвлөрсөн учраас тулгамдсан асуудал их байх нь ч аргагүй байна. Нийслэлд Засгийн газрын зайлшгүй оролцоотойгоор шийдвэрлэх шаардлагатай хоёр үндсэн том багц асуудал байна. Энэ бол түгжрэлийг сааруулах автозамын сүлжээ барих, хоёр дахь нь газар доорх хот буюу дэд бүтцийг шинэчилж өргөтгөх явдал. Хүн амын төвлөрөл, үйлдвэржилтээс үүдэн одоо байгаа бүтэц ачааллаа дийлэхгүйд хүрээд байна. Энэ бодит үнэнээ бид ярих ёстой. Газар доорх дэд бүтцэд ихээхэн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Өнгөрсөн жилүүдэд ил харагдах бүтээн байгуулалтыг багагүй хийсэн бол газар доорх хотод хөрөнгө оруулалт хийгээгүй өнөөг хүрсэн. 1990-ээд оноос хойш Улаанбаатарт эдийн засаг өссөн ч хотын зах хэсэгт амьдарч байгаа иргэдийн амьдралын чанарт өөрчлөлт ороогүй хэвээр байсаар байна. Тодруулбал, дэд бүтцийн нэгдсэн шийдлийг том зургаар хийгээгүй учраас нүхэн жорлонтойгоо, агаар орчны бохирдол дээд цэгтээ хүрсэн. Тиймээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, зах хэсгүүд рүүгээ байгуулж байгаа дэд төвүүдээ түшиглэн барилгажилтыг хийж, төрийн захиргааны байгууллагуудыг тараан байршуулж, олон тулгуурт хөгжлийн төвтэй хот болгож, ирэх дөрвөн жилд багтаан газар доорх дэд бүтцээ тэлж, шинэчлэн реформ хийхээс өөр аргагүй. Энэ чигээр нь явуулбал ачааллаа дийлэхгүй. Одоо хугацаа алдахгүй байх ёстой. Иймээс Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулж, хотын доорх дэд бүтцийг өргөтгөн шинэчлэх реформд шаардлагатай санхүүжилтийг 2022 оны улсын төсөвт тусгуулж, УИХ дээр шийдүүлэхийн төлөө Засгийн газар нийслэлийн ЗДТГ-тай нягт хамтран ажиллах болно” гэлээ. Түүнчлэн хуучны нийтийн орон сууцнуудын дулаан алдагдлыг бууруулах дулаалгын ажил, шинээр барих автозамын зураг, гэр хорооллын дахин төлөвлөлт, Гандан орчмын гэр хорооллын дэд бүтцийн шийдэл, “Баянхошуу” дэд төвийн шинээр барьсан усан сангийн үйл ажиллагаа зэрэг төслийн хэрэгжилтийн явцтай албаныхан танилцав. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүд болон бусад албаны хүмүүс Баянгол дүүрэгт ажиллалаа. Төмөр замын буудлын хойд талын зам дагуу байрлах цэцэрлэгт хүрээлэн баруун зүүн хоёр хэсгээс бүрддэг. Баруун хэсгийг 2019 онд УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс өөрийн хөрөнгөөр тохижуулсан байна. Харин зүүн хэсгийг дүүргийн болон мөн л УБТЗ ХНН-ийн хамтын нийт 425 сая төгрөгийн хөрөнгөөр энэ онд багтаан иж бүрэн тохижуулахаар төлөвлөсөн бол цэцэрлэгт хүрээлэнгийн арын туслах автозамын шинэчлэлийн ажлыг 2021 оны улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх аж. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 2014-2019 онд ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүйнь тогтоогдсон нийтийн орон сууцны нийт 57 барилгын ашиглалтыг хориглосон. Эдгээрээс Баянгол дүүрэгт 2015-2021 онд 37 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухайшийдвэрийг гаргаснаар 17 багцын 15 барилгад төсөл хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд 24 айлын гурван орон сууцыг буулган 246 айлын гурван орон сууцыг ашиглалтад оруулж, энэ жил нэмж гурван байршилд сонгон шалгаруулалт зарлаад байгаа аж. Тэгвэл дүүргийн хоёрдугаар хороон дахь Баруун дөрвөн замын баруун талд байрлах VI байр, 20 дугаар хороо Номин агуулах худалдааны төвийн урд нийт VII байрны төсөл хэрэгжүүлэгч шалгаруулах тендер сонгон шалгаруулалтыг нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас 12 удаа зарласан боловч нэг ч төсөл хэрэгжүүлэгч санал ирүүлээгүй аж. Иймд гүйцэтгэгч байгууллагуудын тус төсөлд оролцох сонирхлыг нэмэгдүүлэх эдийн засаг болон бусад хэлбэрийн дэмжлэг, хөшүүрэг шаардлагатайбайгаа ажээ. Харин IV хороон дахь Давхрын-1-12 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр “Нутгийн буян групп” ХХК, “Тэргүүн чансаа” ХХК–ууд шалгарч нийт 150 айлын орон сууцыг буулган, нийт 390 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулах болон барилга гүйцэтгэлийн ажил тус тус 80 хувьтай үргэлжилж байгаа юм байна.

“ХЕРМЕС” ТӨВИЙН НҮХЭН ГАРЦ НЬ НАРНЫ ГҮҮРНИЙАЧААЛЛЫГ 15 ХУВИАР БУУРУУЛНА

Баянгол дүүрэгт Геологийн төв лаборатори, “Хермес” төв орчмын хоёр байршилд нүхэн гарц, “Барс” зах орчмын төмөр зам, үерийн далан болон “Говь” ХК-ийн хойд талаар Дунд гол дээгүүр хоёр байршилд гүүрэн гарц шинээр барьж, 27.5 км автозамын өргөтгөл шинэчлэлтийг хийн, 10 дугаар хорооллын баруун хойд уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байна. Автозамын шинэчлэлтийн ажлын хүрээнд дүүргийн замын хөдөлгөөнийэрчим 27 хувиар буурах боломж бүрдэж, шинээр гүүрэн гарцыг барьснаар бүтээн байгуулалтуудын гол холбоос байгууламж болох ач холбогдолтой аж. “Хермес” төвийн урд Нарны замыг “Алтай хотхон” болон Дунд голын дагуу байрлах Тээвэрчдийн гудамжтай холбосон холбоос замтай нүхэн гарц барих бөгөөд нүхэн гарц доогуур автомашин, явган хүн зорчих боломжтой байх аж. Нүхэн гарцыг барьснаар Нарны гүүр, Сонсголонгийн гүүр хоорондын зай 3 км, Дунд гол дагуу байрлах орон сууцны томоохон хорооллууд тэр дундаа “Алтай хотхон”, мөн иргэдийн хөдөлгөөний эрчим ихтэй 3,4 дүгээр хороолол, 25 дугаар эмийн сан, “Хермес” худалдааны төв, “УБ палас” чиглэсэн зорчих заагийг нэг шугамаар нэмэгдүүлж, Гурвалжингийн гүүр болон Нарны гүүрийн ачааллыг тус бүр 15 хувиар буруулах ач холбогдол бүхийгудамж замуудын зохицуулалт холбоос зам бий болох юм байна. Мөн Энхтайваны өргөн чөлөөний ачааллаас таван хувь, Чингисийн өргөн чөлөөний гудамжны замаас 12 хувийн ачааллыг тус тус бууруулна хэмээн тооцоолжээ. Хуучны орон сууцны байруудын дулаан алдагдалыг бууруулах төслийн тухайд Улаанбаатар хотын зургаан дүүрэгт 177.424 айл, өрх орон сууцны хороололд амьдарч байгаагаас 1965-2000 онд барьсан угсармал орон сууцны 1077 блокод 47.916 айл буюу 27 хувь нь амьдарч байна. 2019-2020 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт 18.4 тэрбум төгрөгөөр нийт 98 барилгын 178 блокын дулаан техникийн шинэчлэлт хийсэн байна. 2021 оны улсын төсөвт 37 барилга буюу 53 блокод 12.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дулаан техникийн шинэчлэлийг хэрэгжүүлж байна. Баянгол дүүргийн өрхийн 80 орчим хувь нь орон сууцанд амьдардаг бөгөөд, нийтийн зориулалттай 756 орон сууц байгаагаас 1965-2000 оны хооронд ашиглалтад оруулсон угсармал 197 барилга буюу 330 блок орон сууц байдаг. 2019-2020 онд дүүргийн 49 барилгын 72 блокын дулаан техникийн шинэчлэлтийг хийгээд байгаа аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here