Эхлэл Баримт, тайлбар Улс төрийн ашиг хонжооны төлөө “цагаан” бус ирээдүйнхээ төлөө эзэнтэй сонголт хийцгээе

Улс төрийн ашиг хонжооны төлөө “цагаан” бус ирээдүйнхээ төлөө эзэнтэй сонголт хийцгээе

205
0

С.ЮМСҮРЭН

Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн санал хураалт хоёр хоногийн дараа буюу энэ сарын 9-нд болно. Эл өдөр иргэд, сонгогчид зургаан жилийн хугацаанд Монгол Улсыг, Монгол түмнийг удирдах Ерөнхийлөгч буюу Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг сонгоно. Бид маш хариуцлагатай сонгууль, сонголтын өмнө ирээд байна. Гэтэл харамсалтай нь сүүлийн өдрүүдэд “цагаан сонголт”-ын тухай ярьж, уриалж эхэллээ. Ялангуяа доторх асуудал, хэрүүл тэмцэл нь гал тогооноосоо хальж, “бантан” болсон АН-ынхан иргэд, сонгогчдыг ийм зүйлд уриалах болов. Өөрсдийн буюу намын асуудлаа дотроо шийдэж чадахгүй явсаар намын даргаа сонгох хоёр сунгааг нэгэн зэрэг зохион байгуулж, хоёр хүнийг даргаар “өргөмжилж” улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр хүн нэр дэвшүүлж, түүнийг нь хуульд заасны дагуу холбогдох байгууллага бүртгэхээс татгалзахад буруугаа бусдад нялзааж, өлсгөлөн хүртэл зарлаж явсан хүмүүс өнөөдөр иргэд, сонгогчдын сонгох эрхийг заах гэнэ. Тэдний хэлж ярьж буйгаар бол Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өөрийнх нь хүн нэр дэвшиж чадаагүй учраас ийм зүйлд олон нийтийг уриалж буй аж. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг хүлээн зөвшөөрөхгүй, өөрсдийн улс төрийн ашиг хонжооны төлөө иргэд, сонгогчдыг “цагаан сонголт” хийхийг уриалж буй хэрэг.

АН-ын нэр дээр төрийн өндөр албан тушаал хашиж байсан, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болж байсан хүмүүс сүүлийн үед биет бус байдлаар “цагаан сонголт” өгөхийг уриалж байгааг АН-ын гишүүд, дэмжигчид буруушааж байна. Тухайлбал, АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ “АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг “цагаан сонгууль”-д уриалж эхэллээ.

Ардчилсан намын хагарал ах нарын дунд тартагтаа тулсан. Нэг талдаа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Н.Алтанхуяг нар, нөгөө талдаа албан ёсны намын удирдлага бүхий хүмүүс гээд хоёр хуваагдсан байдалтай байгаа. Н.Алтанхуяг АН-ын нэр дээр Сангийн сайд, Хөдөө аж ахуйн сайд, Ерөнхий сайд хүртэл хийж явсан. Намын даргын сунгаанд 2017 онд одоогийн намын удирдлагатай өрсөлдсөн ч ялагдсан. Ялагдчихаад 2016 оноос хойш дөрвөн жил өөрийнхөө троллуудаар буюу цүнх баригчдаар нам руугаа нохой мэт хуцуулсан. Нөгөө талдаа Ерөнхийлөгч Х.Баттулга Л.Болд, Ж.Батзандан нараар шинэ намыг байгуулж, АН-ын саналыг хуваасан. Албан тушаалд дуртай хүмүүс намаа худалдах амархан. Энэ хоёр шалтгааны улмаас АН ялагдал хүлээсэн. Гэтэл ялагдлыг одоогийн манай нэр дэвшигч рүү чихсэн. Тиймээс “цагаан сонгууль” гэх утгагүй зүйлд автахгүйгээр сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Сонгох, эс сонгох эрх бол сонгогчийнх. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 68.12-т “Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудсанд тооцно” хэмээн заажээ. Мөн 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлд “…Сонгуулийн дүн гаргах, мэдээлэх”, 72.1-д “…Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаж, нийтэд мэдээлнэ” гэж заасан.

“ЦАГААН СОНГОЛТ” УЛС ТӨРИЙН БОДИТ ДЭМЖЛЭГИЙНХЭЭ ХУВЬД ЧУХАЛ БИШ

Тэгэхээр хэсэг бүлэг хүн ийн “цагаан” саналд уриалж буй нь өмнөх сонгуулиудын адил санал хуваах гэгч гол зорилгоо хангаж чадах эсэх нь эргэлзээтэй. Харин үүний цаана улс төрийн болон санхүүгийн ашиг хонжоо байдгийг санахад илүүдэхгүй. Товчхондоо, гаднын санхүүжилт байх нь цөөнгүй байдаг аж. Нөгөө талаараа цар тахлын улмаас нийгэм, эдийн засаг хүндэрч, дээр, дооргүй бүсээ чангалж буй энэ цаг үед төсвөөс дахин мөнгө зарцуулах шаардлага бий эсэхийг бодууштай. Тиймээс ихээхэн хэмжээний зардал мөнгө гарган хийж буй сонгууль тул хүчинтэй сонгууль болгохын төлөө СЕХ ажиллаж, харин сонгогчид ч хэсэн бүлэг хүнд, хэн нэгэнд улс төрийн ашиг хонжоо, далд санхүүгийн хожил өгөхгүй тулд идэвхтэй, ухаалаг сонголт хийх нь зүйтэй болов уу.

“Цагаан сонголт” гэж юу болох, ямар сул талтай тухайд МУБИС-ийн багш, улстөр судлаач Э.Гэрэлт-Од “2012 онд баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчийн ямар нэг тэмдэглэгээ хийгээгүй саналыг хүчинтэйд тоолж байгаа. Үүнийг л бид “цагаан сонголт” гэж нэрлэж байгаа юм. Гэхдээ цагаан сонголт хийх нь улс төрийн бодит дэмжлэгийнхээ хувьд бол чухал биш. Сонгуулийн үр дүнд нөлөөлөх эсэх ч эргэлзээтэй. 2017 оны сонгуулийг авч үзэхэд хоёр дахь шатны санал хураалтаар нэмээд арав орчим мянган хүн “цагаан сонголт” хийсэн бол сонгууль хүчингүй болох байсан. Энэ жилийн хувьд өмнөхөө бодвол харьцангүй сонголттой сонгууль болж байгаа гэж харж байгаа. Тиймээс аль болох цагаан сонголт битгий хийгээсэй гэж бодож байна” гэсэн бол МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш Д.Бумдарь “Цагаан сонголтыг нэгдүгээрт оролцоог хангах хөшүүрэг гэж харах хэрэгтэй. Учир нь цагаан сонголт хүчинтэй саналын хуудас болж тоологдоно. Тэгэхээр эерэг талыг нь шууд харвал сонгуулийн ирц буурахгүй байх, сонгох эрхээ эдлэх боломж олгож байна. Сул тал нь Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх гэсэн чиг үүргийг хангахын тулд хэмжиж болохуйц шалгуур нь сонгуулиар нэр дэвшигчдийг дугуйлсан саналын хувь юм. Энэхүү хувь багасах нь Ерөнхийлөгчийн хууль ёсны хэмээн бүх нийтээр хүлээн зөвшөөрөх байдалд сөрөг байж болно” хэмээн тайлбарлалаа.

СОНГООГҮЙ БАЙЖ ШҮҮМЖЛЭХ НЬ УТГАГҮЙ

“Нээлттэй нийгэм форум”, “Сонгогчдын боловсрол төв” хамтран хэрэгжүүлж буй “Сонгогчдын мэдлэг, мэдээлэлтэй оролцоогоор дамжуулан ардчиллын боловсролыг түгээх нь” төслөөс танилцуулж буй яриа сонгогч танд, ялангуяа залуучуудад нэгийг бодуулах биз ээ.

-Хөгшөөн чи ямар хоол идмээр байна?

-Чи сонгочих оо.

-Юу уух вэ?

-Чиний сонгосныг ууя аа.

-Хмм, халуун ногоо нь их юмаа, бас цай биш шүүс авахгүй дээ. Орой л нэг мөр сайхан хооллохоос.

-Өө хөөрхий, орой болтол өлсөнө дөө. Чи өөрөө л надаар сонгуулсан шүү дээ. Сонгох гэснээс удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Оролцоно биз дээ. Цаашдаа зургаан жил байх Ерөнхийлөгчөө сонгоно шүү дээ.

-Өө лай лай. Миний хэрэг юу байх вэ.

-Саяных шиг үү. Тэгээд дараа нь өөрөө сонгоогүй байж энэ ч болохгүй байна, тэр ч болохгүй байна гэж шүүмжлээд суухын оронд жаахан идэвхтэй, мэдээлэлтэй, ухамсартай иргэн байгаач. Залуу хүн гэхээрээ л урсгалаараа амьдраад бусдыг дагаж далдайдаг байна гэж юу байдаг юм.

-За тийм дээ. Сонгоогүй байж шүүмжлэх нь утгагүй. Бас аав, ээжийн хэлснэээр зурна ч гэж байхгүй шүү.

Үндсэн хуульд “Монгол Улсад Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг. Сонгуульд оролцож, саналаа өгнө гэдэг нь төрийн эрх барих эрх, эрх чөлөөгөө эдэлж буй хэрэг. Өөрсдийн санаа бодол, хүсэл зоригийг төрийн бодлого, шийдвэрт тусгуулах гол алхам бөгөөд өөрсдөдөө ээлтэй ирээдүйг бий болгож, хүсэж байгаа сайхан амьдралаа бүтээхийн тулд сонгогч идэвх, оролцоогоо нэмэгдүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцож, саналаа өгөхгүй бол таны хүсэл зориг төрийн бодлого, шийдвэрт тусгалаа олж чадахгүй. Тиймээс сонгуульд өрсөлдөж буй нам, нэр дэвшигчийн бодлого, мөрийн хөтөлбөрийг судалж, харьцуулж, саналаа өгөх нь хамгийн хариуцлагатай алхмын нэг. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт Монгол Улс, нийгэм, эдийн засаг, ард иргэдийн амьдрал хэрхэн шинэчлэгдэн сайжирч, хөгжиж дэвших заалтыг багтаасан гэдгийг онцлон харах нь зүйтэй. Шударга үнэний түүчээ, ард иргэдээ өмгөөлөн хамгаалагч, авилга хулгайг таслагч, шударга ёсны, ард түмнийхээ эв нэгдлийн зангиа, ардчилал, үндэс язгуураа дээдлэгч, амласнаа биелүүлэгч, хөгжил дэвшлийн, хамгийн чухал нь айл өрх бүр эх орныхоо өгөөж баялгаас тэгш, шударгаар хүртдэг болж, ажил хөдөлмөртэй, ашиг орлоготой, чинээлэг хангалуун, эрүүл энх, өнөр өтгөн, сэтгэл тэнүүн, аз жаргалтай амьдруулж чадах Ерөнхийлөгчтэй болох эсэхийг бид л шийднэ.

Энэхүү түүхэн сонгуулиар Үндсэн хуулийн шинэ заалтуудыг хэрэгжүүлэх төрийн тэргүүнийг сонгоно. Тиймээс улс төрийн нэг намын дотоод асуудлаас үүдсэн хэрүүл тэмцэл, ашиг хонжооных нь золиос болж, “цагаан сонголт” хийхгүй байхыг харин эх орон, ирээдүйнхээ төлөө эзэнтэй сонголт хийхийг үүгээр уриалж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here