Эхлэл Нийтлэл Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд анхаарсан шийдвэрүүд гаргалаа

Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, нийгмийн хамгаалалд анхаарсан шийдвэрүүд гаргалаа

49
0

ИРГЭДИЙГ ЖИЛД НЭГ УДАА ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГТ ХАМРУУЛДАГ БОЛНО

Монгол Улсын Засгийн газар 18-аас дээш насны иргэдийг жил бүр эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ талаар Үндэсний хөтөлбөр боловсруулах, эрүүл мэндийн үзлэгийн мэдээллийн цахим сан бий болгох, тухайн мэдээллийг олон улсад хүлээн зөвшөөрдөг байх зэрэг чиглэлээр ажиллахыг Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд үүрэг болгов.

Ийнхүү эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлж, хамрагдалтыг сайжруулснаар эхний жилүүдэд өвчлөлийн тохиолдол нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагын ачаалал ихэснэ. Гэхдээ иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл, идэвхтэй амьдралын дадал, хэвшилтэй болгосноор эрүүл хүнд амд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж тооцоолжээ.

Судалгаанаас харахад хоол боловсруулах, амьсгалын, зүрх-судасны тогтолцооны өвчин манай улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болдог бол зүрх-судас, хавдар, гэмтэл, хордлого болон гадны шалтгаантай бусад эмгэгээр түлхүү нас барж байна. Хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин, нас барсан гурван тохиолдол бүрийн нэг нь зүрх-судасны өвчинтэй холбоотой байгаа юм.

2010 оны байдлаар хорт хавдрын 4466 шинэ тохиолдол, 3264 нас баралт бүртгэгдэж байсан бол 2020 онд шинэ тохиолдол 6702, нас баралт 4260 болж нэмэгдсэн нь анхаарал татаж буй. Шинэ тохиолдлын 73 хувь нь хожуу үедээ буюу II, III шатандаа онош тодорсон, хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 65 хувь нь онош батлагдсанаас хойш жил хүрэхгүй хугацааны дотор нас бардаг гэсэн статистик мэдээ гарчээ.

Эрт илрүүлэг үзлэгийг эрчимжүүлж, үндэсний хөтөлбөр болгон хэрэгжүүлснээр дээр дурдсан статистикийг эрс бууруулах юм. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хүн амын дунд эрт илрүүлэг үзлэгийг дэмжих тодорхой алхмууд хэрэгжүүлж ирсэн юм. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор “Урьдчилан сэргийлэх үзлэгийн багц”-ыг баталсан юм. Уг багцад 18-34 насны иргэд дөрвөн төрлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийлгэхэд ЭМДС-гаас 43 мянган төгрөг, 35-45 насны иргэд долоон төрлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийлгэхэд 58-73 мянган төгрөг, 46-64 насныхан долоон төрлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийлгэхэд 70-75 мянган төгрөг, 65-аас дээш насны иргэд дөрвөн төрлийн үзлэг оношилгоо, шинжилгээ хийлгэхэд 48-50 мянган төгрөгийг ЭМДС-аас тус тус төлөхөөр зохицуулсан байдаг.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ ХОЛБООТОЙ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ АВНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм. Тэрбээр уг уулзалтын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгож эхэлжээ. Тухайлбал, Засгийн газрын энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар тулгамдаж байгаа асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхээр холбогдох сайд нарт үүрэг, чиглэл өгсөн байна.

Тухайлбал, 2022 оноос шинэ хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж батлуулах, дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийг үе шаттай бэлтгэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй ажлын байрны төлбөрийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах, төрийн бус байгууллагатай хамтран ажилд зуучлах, мэргэжлийн сургалтад хамруулах, мэргэшүүлэх, суралцах орчин бүрдүүлэх, суралцагчдын тоог нэмэх, хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлтийг сайжруулах, боловсролын цогц үйлчилгээ нэвтрүүлэх, орон сууцжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлэх, нийтийн тээвэр, барилга байгууламж, гудамж, талбай зэргийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй хэлбэрээр тоноглох, тохижуулах, жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас дэмжлэг үзүүлэх зэрэг тодорхой ажлууд зохион байгуулахыг үүрэг болгожээ.

Холбогдох хууль, журамд зааснаар 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах ёстой. Ажиллуулаагүй бол тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Төрийн байгууллагууд төлбөр төлөх бус, ажилд авч байхад түлхүү анхаарахыг Ерөнхий сайд чиглэл болгож, аж ахуйн нэгжүүдийг уриалсан байна. Ерөнхий сайд нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр “Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв”-ийн тэргүүн Ч.Ундрахбаярыг ажиллуулж, сарын дотор орон тооны зөвлөхийн албан тушаалд томилохоор болжээ.

Монгол Улсад 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд энэ нь хүн амын 3.2 хувь гэсэн үг юм. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 13,629 иргэн хөдөлмөр эрхэлдэг байна. Ирэх оноос Улаанбаатар хот, Архангай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүд ажиллаж эхлэх юм.

Г.ХАНГАРДИ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here