Эхлэл Баримт, тайлбар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх урьдчилсан байдлаар үнэмлэхүй ялалт байгууллаа

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх урьдчилсан байдлаар үнэмлэхүй ялалт байгууллаа

84
0

С.ЮМСҮРЭН

Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүнийг сонгох найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг өчигдөр улс орон даяар зохион байгуулж, урьдчилсан байдлаар МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх санал өгсөн сонгогчдын дийлэнх олонхын саналыг авч, үнэмлэхүй ялалт байгууллаа. Сонгуульд нийт 1129483 сонгогч оролцож, саналаа өгсөн байна. Санал хураасан 2087 хэсгийн хорооноос өчигдрийн 23:30 цагийн байдлаар 1926 нь дүн мэдээллээ ирүүлээд байв. Үүнээс МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 788094, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 69218, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 237081 сонгогчийн санал авсан байна. Ингэснээр МАН-аас нэр дэвшсэн, тус намын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын төрийн тэргүүн болж, зургаан жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхтэй боллоо. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Монголын ард түмэндээ чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлж, итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулахаа мэдэгдлээ. Тэрбээр “Улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ эв нэгдэл, ирээдүй хойч үедээ сайн сайхан нийгэм үлдээхийн төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэнэ” хэмээгээд шударга, ил тод, нээлттэй өрсөлдсөн хоёр нэр дэвшигчид талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Цар тахалтай хэдий ч иргэд, сонгогчид үндэсний дээл, хувцсаараа гоёж, амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа баримтлах зэргээр халдвараас урьдчилан сэргийлэх журмаа баримталж, Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаа сонгох сонгуульдаа идэвхтэй оролцон иргэний эрхээ эдэлж, үүргээ биелүүлэв.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтыг өчигдөр улс орон даяар 07:00 цагт эхлүүлж, 22:00 цагт дуусгаж, урьдчилсан дүн мэдээллийг СЕХ-ноос танилцуулсан бол үргэлжлүүлэн 2087 хэсгийн хороонд 100 хувь хяналтын гар тооллого хийснээр эцсийн дүн тодорхой болно. Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг Засгийн газраас баталсан халдвараас урьдчилан сэргийлэх түр журмын хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг сахиулан зохион байгуулснаараа онцлогтой болов.

УИХ-д суудалтай улс төрийн нам, эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, сонгогчдын 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигч Монгол Улсын төрийн тэргүүн буюу Ерөнхийлөгч болох хуулийн зохицуулалттай. Энэ мэтээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сон-гууль өмнөх сонгуулиудаасаа онц-логтой. Тодруулбал, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны доод хязгаар 45 байсныг 50 болгож, дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох боломжтой байсныг зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалт хийсэн. Мөн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийг алдагдуулдаг байдлыг хумих зорилгоор Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан хүрээнд Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрх олгохоор тусгасан билээ.

У.ХҮРЭЛСҮХ: ХАМГИЙН ГОЛ БАЯЛАГ БОЛ МОНГОЛЫН ОЮУН САНААНЫ БАЯЛАГ

Монгол Улсын төрийн гурван өндөрлөг болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өөрсдийн харьяа саналын байрандаа очин саналаа өгч, тэдний зарим нь байр сууриа илэрхийлэв. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх хоёр охиныхоо хамт саналаа өгсөн бөгөөд тэрбээр “Энэ жил улс хувьсгалын түүхт 100, Монгол Улсад төрт улс бий болсны 2230, Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиож байна. Тэгш ой давхацсан түүхэн онцлогтой жил Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа нь бэлгэ дэмбэрэлтэй, сайхан үйл явдал. Монгол хүн бол Монголын баялаг. Монголд их олон баялаг бий. Хамгийн гол баялаг бол Монголын оюун санааны баялаг, түүх, соёлынхоо эзэн болсон ард түмэн билээ” хэмээсэн бол 18 нас хүрч, анх удаа саналаа өгсөн түүний бага охин буруу бөглөх вий гэж сандарснаа хэллээ.

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ гэргийн хамт саналаа өгсөн бол “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат “COVID-19”-ийн халдвар авсан тул гэргийн хамт энэ сарын 8-нд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт зөөврийн хайрцгаар саналаа өгсөн юм.

ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ САНАЛАА ӨГЛӨӨ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгөх үеэрээ хэвлэлд мэдээлэл өгсөнгүй. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар саналаа өгөх үеэрээ “Түүхэн ач холбогдолтой, онцгой нөхцөлд зохион байгуулж буй сонгуулийн ирц өмнөх жилүүдээс өндөр байна. Түүхэн гэж хэлэхийн учир нь удахгүй бид Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тэртээ 1921 онд монголчууд эв саналаа нэгтгэж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж байсан түүхийн тэгш ойн жил болж буйгаараа түүхэн сонгууль юм. Нөгөө талаараа цар тахлын нөхцөлд иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ бариад саналаа өгч байгаа нь бахархууштай” гэсэн бол Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрх чөлөөт Монгол Улсын иргэний хувьд эрхээ эдэлж, үүргээ биелүүллээ. Энэ удаагийн сонгууль хоёр онцлогтой болж байна. Нэгдүгээрт, цар тахлын амаргүй нөхцөлд, зардал багатай, харьцангуй тайван сонгууль болж байна. Өмнөх сонгуультай харьцуулбал бүх хэсгийн хороонд ирц өндөр хувьтай байна. Энэ бол иргэд төрийн тэргүүнээ сонгох сонгуульд хариуцлагатай хандаж буйн тод илрэл, талархал илэрхийлье. Хоёрдугаарт, Монгол Улс 1992 оноос ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр анх удаа төрийн тэргүүнээ зургаан жилээр нэг удаа сонгох гэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн цаашдаа Монгол Улсын төр засагт томоохон шинэчлэлт авчрах байх гэсэн итгэл найдвар, хүлээлттэй байна” хэмээн онцлов. Үргэлжлүүлэн сэтгүүлчийн асуултад хариуллаа. Тэрбээр “Засгийн газар 1.5 жил л ажилладаг байлаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусгасан Ерөнхий сайд гурав байдаг. П.Жасрай, Н.Энхбаяр, У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн эрхийн хугацаагаа дөрвөн жил хэрэгжүүлсэн. Урт хугацааны томоохон хөтөлбөр болон эхлүүлсэн олон ажлаа дуусгахын тулд Засгийн газар бүрэн эрхийн хугацаанд бүтэн ажилладаг байх соёл руу орох ёстой гэж боддог” хэмээн хариулав.

САНАЛ ХУРААХ БАЙРАНД ОЧИХ БОЛОМЖГҮЙ СОНГОГЧДЫН САНАЛЫГ ЗӨӨВРИЙН ХАЙРЦГААР АВАВ

СЕХ-ноос өгсөн мэдээллээр Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхтэй сонгогчдын нэрсийн жагсаалтад 2151329 сонгогч бүртгэлтэй. Үүнээс эрх зүйн чадамжгүйг нь шүхээр тогтоосон эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон “түр хасав” тэмдэглэгээтэй 110773 сонгогч байгаа аж. Санал авах байранд очих боломжгүй, халдвар авч эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан иргэдийн саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авах ажлыг энэ сарын 8-ны 9:00-20:00 цагийн хооронд зохион байгуулав. Тодруулбал, цар тахлын улаан бүсэд ажиллаж байгаа төрийн албан хаагч, тусгаарлагдсан 7051, халдвар аваагүй ч санал хураах байранд ирэх боломжгүй 18 мянга орчим иргэн саналаа өгсөн байна. Түүнчлэн өнгөрсөн сарын 30-31-нд Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа 44 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулсан Салбар комисс гадаадад амьдарч буй иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулсан. Сонгогчдын нэрсийн жагсаалтад орсон 7394 сонгогчийн 76 хувь буюу 5618 нь санал өгчээ. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өгсөн иргэдийн саналын хуудсыг хэсгийн хороод санал хураалт эхлэх үед төхөөрөмжид уншуулсан бол гадаадад байгаа иргэдийн өгсөн саналыг Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах Төв комисс 20:30 цагт СЕХ-нд хүлээлгэн өгөв.

ТЭМДЭГЛЭСЭН САНАЛЫГ БАРИМТЖУУЛАН БУСДАД ХАРУУЛБАЛ 10 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын явцын талаарх мэдээллийг СЕХ-ноос цаг тухай бүрт нь шуурхай танилцуулсаныг тоймлон хүргэе.

12:00 цаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ирц 11:00 цагийн байдлаар 13.4 хувьтай байв. Санал тоолох төхөөрөмжтэй холбоотой 15 дуудлага ирсэн бөгөөд төхөөрөмжийг цаг тухайд нь засаж янзлан хэвийн горимд шилжүүлжээ. Зарим сонгогч хэн нэгнийг дэмжсэн эсвэл дэмжээгүй гэдгээ илэрхийлэн саналын хуудсан дээрх зургийг авч нийтлэх тохиолдол гаргасан нь хуулиар хориглосон үйлдэл бөгөөд саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан бол 10 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай гэдгийг СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ анхааруулав. Мөн сонгуулийн сурталчилгааны хүрээнд сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нэр дэвшигчийн зураг, логотой таних тэмдэг бүхий хувцас өмсөх боломжтой ч сурталчилгааг албан ёсоор хаасан учраас ямар нэгэн байдлаар хувцас хэрэглэл өмсөхийг хуулиар хориглодог гэдгийг хэллээ.

16:00 цаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирц 15:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 32.7 хувьтай буюу 667610 хүн саналаа өгчээ. Тодруулбал, Сонгогчдын ирц Улаанбаатар хотод 32.71 хувьтай бол орон нутгийн хувьд, Хэнтий аймагт хамгийн өндөр буюу 39.23 хувьтай байв. Харин Баян-Өлгий аймаг хамгийн бага буюу 27.11 хувьтай байлаа. Насны ангиллаар нь харвал, 70-аас дээш насныхан хамгийн идэвхтэй, 61.89 хувьтай байгаа бол 20-24 насныхны идэвх сул буюу 20.19 хувьтай байсан юм.

Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хорооны нэгдүгээр хэсгийн хороонд саналын хуудсыг дугаарласан гэх гомдлын дагуу шалгахад тухайн хэсгийн хорооны ажилтан саналын хуудаст харандаагаар архивын нэгжтэй ижил дугаар тавьсан байжээ. Тиймээс тэмдэглэгээг бүгдийг арилгах арга хэмжээ авсан байна. Энэхүү үйлдэл зөрчил мөн, эсэхийг эрх бүхий байгууллага тогтоох бөгөөд хэрэв зөрчил гэж тогтоовол санал хураалтын дүн гарсны дараа нэр дэвшигчдийн авсан саналын зөрүү нь энэ зөрчлийн саналын хуудастай их, эсвэл тэнцүү байвал ноцтой зөрчил гэж тооцно гэдгийг СЕХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ тодотгож, ноцтой зөрчил гэж тооцвол тухайн саналын хайрцагт байгаа бүх саналын хуудсыг хүчингүйд тооцож дахин санал авах ажиллагаа зохион байгуулдаг гэдгийг хэллээ.

20:00 цаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтын ирц 19.00 цагийн байдлаар 49.68 хувьтай, ирц бүртгэлд бүртгэгдсэн сонгогчдын тоо 1012340 байгааг мэдээлэв. Нийслэлийн болон аймгуудын төвийн сумдын бүх хэсэг, Орхон, Дархан-Уул аймгийн бүх хэсэгт цаг тутам дүн мэдээгээ ирүүлжээ. Бусад хэсгийн хороодын тухайд дэд бүтэцтэй холбоотойгоор дөрвөн цаг тутамд дүнгээ ирүүлсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улс бүтнээрээ нэг тойрог болдог учраас улсын хэмжээнд сонгогчдын ирц 50 хувьд хүрэх юм бол аль нэг хэсэг, аймагт 50 хувь хүрсэн эсэхээс үл хамаарч сонгууль ирцийн хувьд хүчин төгөлдөр болно.

00:00 цаг. Урьдчилсан байдлаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 805.430 буюу 67.8 хувь, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 240.222 буюу 20.2 хувь, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 71066 буюу 6 хувийн санал авчээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here