Эхлэл НИЙГЭМ Ажил амьдрал буцалсан малчны хотны нэг өдөр

Ажил амьдрал буцалсан малчны хотны нэг өдөр

82
0

ДУГААРЫН СУРВАЛЖИЛГА

Г.НЯМСҮРЭН

Бид малчны хотноос сурвалжилга бэлтгэхээр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумыг зорилоо. Аймгийн төвөөс 100 гаруй км-т орших Бөмбөгөр сумын нэгдүгээр бригадын малчин Л.Ганбаатарын зусланд биднийг нар жаргахтай зэрэгцэн очиход малчны хотонд ажил амьдрал буцалсан хэвээр. Гэрийн эзэн том хүү Г.Наранбаатарынхаа хамт мал маллан амьдрал ахуйгаа авч явдаг аж. Малын эмч мэргэжилтэй тэрбээр бага залуу наснаасаа нэгдлийн мал хариулж явжээ. Түүний бусад хүүхэд хот суурин газарт амьдардаг бөгөөд хөл хорионы дараа хүүхдүүдээ эмээ өвөөдөө авчирч, зуны амралтыг нь өнгөрүүлэхээр ирээд байгаа аж. Өвөл хаврын хахир хүйтэнд хэдэн малаа авч үлдэхийн тулд бүхий л хүч чадлаа зориулсан малчид урин дулаан цагийг үзээд сэтгэл тайвшран сууна. Гэхдээ бүх зүйл хараахан дуусаагүй аж. Хаврын тарчиг үед турж эцсэн малаа тарга тээвэргэ оруулах их ажил тэдний өмнө байна. Тэдний нэг үхэр өеөдөж босож чадахгүй болсон тул өдөр бүр очиж, өвс тэжээл өгч, хүнд хэрэглэдэг витамин дусал ч хийж байгаа аж. Гэрийн эзэгтэй ач охиныхоо хамтаар нялх ногоо зулгааж, босох чадалгүй болсон үхэртээ дөхүүлж өгдөг гэв. Малчин Л.Ганбаатарын гэргий З.Энхсайхан “Өвөлжилт хүндэрсэн жилд малаа онд оруулахад малчид бид цаг наргүй зүтгэдэг. Авч үлдсэн малаа тарга тэвээргэ оруулахын тулд бүх хүч чадлаа зарцуулна. Заримдаа өөрсдөө ч хэрэглэхгүй эм тариаг малдаа зориулна шүү дээ. Гэхдээ бид малынхаа буянд хүүхдүүдээ сургууль соёлтой болгож, манай хоёр ч хүүхэд төрийн албанд ажиллаж байгаа. Мал дагавал ам тосодно гэдэг дээ” хэмээн баяртайгаар өгүүлж байв. Тэд хотоос ирсэн хүүхдүүддээ захиж авчруулсан дуслаа өнөөх үхэртээ хийж байлаа. Биднийг явсны дараахан өнөөх өеөдсөн үхэр өөрөө босож өвсөө иддэг болсон гэсэн сайхан мэдээ дуулдав.

Урин дулаан зун айлчлан ирсэн хэдий ч хөдөөд бол сэрүүхэн, нимгэн өмдтэй явахад нар ээсэн ч дааруулна. Гэрийн эзэд хонио хотлуулан, борцтой хоолоо зооглож, унтаж амрахдаа бэлтгэв. Малчид зуны цагт хотоос ирсэн ойр тойрныхноо дайлж цайлахад л хонь гарган шинэ шөл ууна. Үүний адилаар хотоос яваа бидэнд зориулж хонь гаргаж, шинэ шөл бэлдчихсэн байв. Бүх зүйлд сэтгэл зүрхээ бүрэн зориулдаг малчин ардын сэтгэлд талархан оройн хоолоо идчихээд, гадна гарвал малчны хот тогтуун сайхан харагдана. Малчид зуны цагт сүү, цагаан идээ, борц зэргийг хоол ундандаа түлхүү хэрэглэдэг. Гэрийн тооноор шөнийн одод гялалзана. Малчдын хувьд хонь үргэж, шуугихыг андахгүй сайн сонсоно. Өглөө “Урьд шөнө мал үргэхгүй сайхан тогтлоо” хэмээсээр айлын эзэн өглөө эртлэн босчээ.

ЗАСГААС ИРҮҮЛСЭН ТУСЛАМЖИЙН ӨВС ҮНЭХЭЭР ЦАГАА ОЛСОН ГЭВ

Үүрийн гэгээ орохтой зэрэгцэн малчны хотонд шинэ өглөө айлчлан иржээ. Гэрийн эзэгтэй ургах нартай уралдан цайгаа чанаж, тэнгэр хангайдаа өргөнө. Цай болох зуур гэр бүл хоорондоо өнөөдрийнхөө ажлыг хуваарилах юм. Хэн нь хониндоо явах, гэрт үлдсэн нь юу хийж бүтээх вэ гэх зэргээр ажлаа хуваан авна. Гэрийн эзэн Л.Ганбаатарыг хониндоо явахаар бэлтгэж унаагаа дөхүүлэхээр гарлаа. Тэрбээр нас 60 гарсан хэдий ч морин дээр түвэггүйхэн мордон бэлчиж буй хониныхоо араас шогшив. Хөдөө нутагт байгалийн сайханд ажиллаж амьдарч буй хүмүүсийн сэтгэл санаа тогтуун, бие тэнхлүүн байдгийг Л.Ганбаатарын төрх тодхон харуулна. Өнгөрсөн өвлийг хэрхэн давсныг гэрийн эзэгтэй З.Энхсайханаас сонирхвол “Өвс тэжээлийн хүчээр л давлаа. Хэдэн малаа авч үлдэхийн тулд урд хормойгоороо хойд хормойгоо нөхлөө. Харин засгаас олгосон тусламжийн өвс хавар яг цагаа олж ирсэн шүү. Их сайхан чанартай өвс ирүүлсэнд малчид бид чинь талархаж байгаа. Мөн яг хэрэгтэй эздэдээ хүрсэн” гэж онцлов.

НООЛУУРЫН ҮНЭ ӨМНӨХ ЖИЛЭЭС ӨСЧЭЭ

Төл хүлээж авах их ажлынхаа ард гарсан малчид ямаагаа самнаж эхэлжээ. Л.Ганбаатарынх энэ жил 80 гаруй төл хүлээн авчээ. Өвөл хахир хүйтэн байсан болохоор өмнөх жилүүдээс цөөн төл хүлээн авснаа малчин хэлж байв. Баянхонгорын малчид голдуу ямааг олноор нь өсгөн үржүүлдэг. Энэ нь ямааны ноолуурын өндөр үнэтэй холбоотой. Тэдний нэгэн адил Л.Ганбаатарынх ямаа голчлон өсгөдөг. Гэхдээ ноолуурын үнэ жил бүр өндөр байна гэж үгүй. Энэ жилийн хувьд 120 гаруй мянга хүрч эргээд буурсан ч өмнөх жилийнхээс өссөн дүн гэдгийг малчид онцлов. Хүн хүч сайтай малчдын хувьд ноолуурын үнэ өндөр байх үед нь самнаад зарчихвал ашиг олж чадна. Харин хүн хүч багатай малчин өрх ямаа самнах их ажлыг барах нь тийм ч амаргүй. Л.Ганбаатар “Цар тахалгүй жил хүүхдүүд хотоос ээлжлэн ирж боломжоороо хаврын ажилд минь тусалдаг байлаа. Энэ жил ч хөл хориотой гээд ирж чадаагүй. Хийх ажил их ч ямаагаа самнаад дуусаж байна. Одоо зуны дунд үед хонь хяргах ажил бий” гэв.

Ноолуурын үнэ өндөр байвал малчдын амьдралд их л тус нэмэр болно. Малаас өөр хөрөнгөгүй малчдын хувьд ноос, ноолуурын мөнгө хүүхдүүдийнх нь сургалтын төлбөр гэх зэрэгт хэрэглэгддэг. Зун сайхан байвал цагаан идээгээ сумын төв оруулан борлуулж ашиг олох боломжтой. Гэвч ойрын жилүүдэд гантай байгаа учраас өөрсдийн хүүхдүүддээ зориулж багахан хэмжээний цагаан идээг зундаа бэлтгэх болжээ. Өвс ногоо сайтай зун цагаан идээ элбэг дэлбэг, орсон гарсныг дайлж цайлан суудаг сан хэмээн гэрийн эзэгтэй ярьж байлаа. Хэдий тийм ч малынхаа буянаар зуны халуунд сүү тараг буцалган уух хувь малчдад бий. Хэчнээн гандуу байлаа ч бор цайтай суухгүй. Ажил хийвэл ам тосодно гэж жилийн дөрвөн улиралд өдөр шөнийг анзаарахгүй шахам хөдөлмөрлөдөг малчдын буян заяа их аж. “Зун сайхан болчихвол” гэх үг малчдын амнаас сүүлийн жилүүдэд их сонсох болсон. Арга ч үгүй биз, уур амьсгалын өөрчлөлтөөс болж манай оронд цөлжилт гэх аюул хаяанд ирээд байна. Энэхүү өөрчлөлтийг хамгийн ихээр мэдэрдэг нь нүүдэлчин удмын үргэлжлэл малчид юм. Гол ус ширгэж, ган гачиг болсоор бороо хур ч багатай зусдаг болж. Эрдэнэт сүргээ өсгөх гэж өглөөнөөс үдэш хүртэл амсхийх ч завгүй ажилладаг эгэл малчны нэг өдөр ийнхүү өндөрлөвч маргаашийнхаа хийх ажлыг төлөвлөн суух аж. Буян заяа ихтэй малчдын хүссэнээр сайхан зун болоосой хэмээн бодсоор бид хотын зүг жолоо заллаа.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here