Эхлэл Мэдээ Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан У.Хүрэлсүх арав хоногийн дотор тангараг өргөнө

Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан У.Хүрэлсүх арав хоногийн дотор тангараг өргөнө

79
0

М.ӨНӨРЖАРГАЛ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулж, зургаан жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх анхны Ерөнхийлөгчөөр тодорлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалтын дүнг СЕХ-ноос өчигдөр албан ёсоор мэдээлэв. Хэдийгээр коронавирусийн халдварын амаргүй нөхцөлд сонгуулийг зохион байгуулсан ч иргэдийн идэвх, оролцоо өндөр байсныг СЕХ-ноос онцолсон. Энэ удаад сонгуулийн ирц 59.35 хувьтай байсан бөгөөд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 823.326 иргэний санал буюу сонгогчдын 67.76 хувийн дэмжлэг авч ялалт байгуулсныг албан ёсоор зарлалаа. Харин АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ 72.832 санал авч нийт сонгогчдын 5.99, ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбат 246.968 санал буюу сонгогчдоос 20.03 хувийн дэмжлэг авчээ. Мөн 71.937 /5.92 хувь/ иргэн “цагаан сонголт” хийсэн байна. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар сонгуулийн дүнг автомат машинаар тоолохоос гадна хяналтын тооллогыг 100 хувь гараар хийхээр тусгасан. Зургаадугаар сарын 9-ний 22.00 цаг өнгөрөөгөөд автоматжуулсан системээр дүнгээ дамжуулаад араас нь бүх хэсгийн хороод саналын хуудсыг гараар тоолж дууслаа. Улсын хэмжээнд санал авах 2087 хэсгийн хороо ажилласан. Нэмээд гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн саналыг мөн тооллоо. Гар тооллого хийхэд зөрсөн хэсгийн хороо байхгүй. Санал хураах байранд 1.216.246 иргэн саналаа өгсөн байна.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль 59.35 хувийн ирцтэй байлаа. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад ирцийн хувьд яльгүй бага байна. 2087 хэсгийн хороонд 18146 төрийн албан хаагч ажилласан. Нийт 21395 төрийн албан хаагч ажиллаж, албан үүргээ сайн биелүүллээ” хэмээн онцолсон. Мэдээллийг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Мэдээлэл технологийн төвийн дарга Х.Баясгалан, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ нар өгсөн юм. Түүний хэлснээр сонгогчдын нэрийн жагсаалтад 2.049.379 иргэн бүртгэгдсэн бөгөөд “Түр хасав” тэмдэглэгээтэй 110 мянга гаруй иргэнээс 1.430 нь хэсгийн хороондоо саналаа өгсөн аж. Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт элдэв будилаангүй болж, У.Хүрэлсүх нэр дэвшигч үнэмлэхүй ялалт байгуулсан учраас АН, ХҮН-ын зүгээс сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдлээ. Тодруулбал, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат сонгуулийн сурталчилгаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө коронавирусийн халдвар авч, эмнэлэгт хэвтэж байгаа учраас түүнийг төлөөлөн ХҮН-ын дарга Т.Доржханд мэдээлэл хийв. Ингэхдээ тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилээр сонгох сонгууль түүхэндээ анх удаа болж, төрийн тэргүүнээ амжилттай сонголоо гэж бодож байна. Энэ удаагийн сонгууль өмнөх 30 жилд болж байсан сонгуулиудаас маш ялгаатай, зардал багатай сонгууль боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр хүндтэй эрхэм өрсөлдсөн. ХҮН-аас Д.Энхбат өрсөлдлөө. Бидэнд саналаа өгсөн 250 мянган сонгогчдоо талархлаа илэрхийлье. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар ХҮН-д 209 мянган хүн саналаа өгч байсан бол энэ оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 250 мянган хүн саналаа өгсөн. Энэ бол биднийг дэмжигчдийн тоо өссөөр байна. Цаашид Монголын улс төрд шинэ салхийг салхилуулах, эрүүл зөв хүмүүсийг энэ эвслээс цаашид нэр дэвшүүлэх хэрэгтэй, бодлого, улс төрийн үнэт зүйлээр өрсөлдөж чадна гэдэг итгэл үнэмшлийг авч чадлаа. Ялангуяа гадаад дахь иргэд сонгуульд идэвхтэй оролцлоо. Тэдний 75.4 хувь нь ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатад саналаа өгсөн байна. Энэ удаагийн сонгуулийн маш том онцлог нь манай эвслийн хувьд 1.5 тэрбумын зардал гарсан. Энэ бүх мөнгө хандиваар боссон” гэсэн бол АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн С.Эрдэнэ ч мөн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн мэдээллийг твиттер хуудсаараа дамжуулан өгсөн юм. Тодруулбал, тэрбээр “Ардчиллын туг сүлд нь болж тусгаар Монгол Улсынхаа баталгаа болсон АН-ын үнэнч шударга гишүүддээ баярласан талархсанаа илэрхийлье” гэсэн юм. Түүний хувьд энэ удаагийн сонгуульд дөнгөж 5.9 хувийн санал авснаар АН-ын уналт ёроолдоо туллаа гэх дүгнэлтийг экспертүүд хийж эхлээд байна.

ХЭНТИЙ АЙМАГТ НӨХӨН СОНГУУЛЬ БОЛНО

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсантай холбоотойгоор СЕХ-ноос нийт сонгогчдын олонхын саналыг авсан МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тогтоолыг гаргаж, УИХ-д өргөн мэдүүлэх юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу СЕХ сонгуулийн дүн гарснаас хойш арав хоногт багтаан уг тогтоолыг УИХ-д өргөн мэдүүлснээр шинэ Ерөнхийлөгч албан ёсоор тангаргаа өргөх юм. Түүнчлэн Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөнө. Тиймээс Хэнтий аймагт нөхөн сонгууль болох нөхцөл үүсэж байгаа юм. УИХ Хэнтийн нөхөн сонгуулийн санал хураалтын өдрийг товлон зарлана. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9 дүгээр заалтад “УИХ нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө, нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана” гэж заасан. Нөхөн сонгуулийг хэзээ явуулах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал бөгөөд нөхөн сонгуулийг товлон зарласны дараа нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулна.

2020 оны долоодугаар сарын 2-ны өдрийн УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийг дахин улираан Монгол Улсын Ерөнхий сайдад 98.5 хувийн саналаар томилж байсан юм. Түүнчлэн тэрбээр Монгол Улсын түүхэнд анх удаа буюу 2021 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдаас огцрох өргөдлөө өгч байсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд ийнхүү үнэмлэхүй ялалт байгуулснаар Төрийн тэргүүн болох боломжтой болж байна.

    Аймаг, дүүрэг    Ирц /хувиар/  Хэсгийн хорооНэр дэвшигчдийн авсан санал
  МАН У.Хүрэлсүх  АН С.Эрдэнэ

ЗХЭЭ Д.Энхбат
1Архангай55.8105 23 870 (72.1%) 6 186 (9.2%) 3 046 (18.7%) 
2Баян-Өлгий58.797 29 474 (87.4%)  2 636 (7.8%)1 616  (4.8%)
3Баянхонгор55.7 10223 522  (84.2%)1 898  (6.8%)2507  (9%)
4Булган56.170 17 825  (82.8%)1 401 (6.5%)  2 290 (10.6%)
5Говь-Алтай57.888 18 336 (87%) 1 099  (5.2%)1 640 (7.8%) 
6Говьсүмбэр61.0 95 032  (80%)414 (6.6%) 846 (13.4%) 
7Дархан-Уул56.04024 714 (72.5%)1 628 (4.8%)7 764 (22.8%)
8Дорноговь61.057 20 434 (77.8%) 1 476 (5.6%) 4 336 (16.6%) 
9Дорнод55.572 21 291 (78.8%) 1 433 (5.3%) 4 292 (15.9)
10Дундговь53.3 52 12 786 (83.2%)856  (5.6%)1 726 (11.2%)
11Завхан61.1109 22 058 (81.1%) 1 915 (7%) 3 220 (11.8%)
12Өвөрхангай55.8110 32 879 (84.1%) 1 915  (4.9%)4 284 (11%) 
13Өмнөговь52.761 17 870 (78.8%) 1 625 (7.2%) 3 170 (14%) 
14Орхон58.93827 408 (74.3%)1 530 (4.1%)7 962 (21.6%)
15Сүхбаатар64.665 23 215 (91.2%) 880 (3.5%) 1 356 (5.3%) 
16Сэлэнгэ51.256 25 149 (75.2%) 2 401 (7.2%) 5 901 (17.6%) 
17Төв54.598 26 481 (82.5%) 1 560 (4.9%) 4 073 (12.7%) 
18Увс58.692 23 642 (86.4%) 1 063 (3.8%) 2 689 (9.9%) 
19Ховд60.391 24 366 (76.3%) 3 349 (10.4%) 4 176 (13.3%) 
20Хөвсгөл55.9 12932 931 (72%) 4 901 (10.7%) 7 937 (17.3%) 
21Хэнтий63.789 26 356 (84.7%) 2 361 (7.6%) 2 393 (7.7%) 
 
    Дүүрэг    Ирц /хувиар/    Хэсгийн хорооНэр дэвшигчийн авсан санал
  МАН У.Хүрэлсүх  АН С.Эрдэнэ  ЗХЭЭ Д.Энхбат
1Сүхбаатар64.34232 710 (60.6%)3 193 (5.9%)18 090 (33.5%)
2Чингэлтэй59.7 35 830 (66%) 2 757 (5.1%)  15 680 (28.9%)
3Сонгинохайрхан58.7 10279 244  (71.6%)4 742 (4.3%) 26 692  (24.1%)
4Баянгол66.57748 954 (55.9%)8 361 (9.5%)30 249 (34.5%)
5Хан-Уул63.4 6243 237 (57.5%)  4 063 (5.4%)27 890 (37.1%) 
6Баянзүрх60.6103 82 796  (63.3%)5 627 (4.3%) 42 414 (32.4%)
7Багануур59.1117 940 (75.4%)670 (6.4%)1 920 (18.2%)
8Налайх58.71310 309 (76.1%)667 (4.9%)2 570 (19%)
9Багахангай64.821 492 (87.1%)65 (3.8%)155 (9.1%)
 Улаанбаатар хот61.6457 342 51230145  165 660
 
        Гадаадад байгаа иргэдНэрсийн жагсаалтад бүртгүүлсэн /тоогоор/  Санал өгсөн /  тоогоор/

Нэр дэвшигчийн авсан санал
  МАН У.Хүрэлсүх  АН С.Эрдэнэ

ЗХЭЭ Д.Энхбат
1739456181 1751604 084

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here