Эхлэл Мэдээ “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг ирэх сарын 4-нд нээнэ

“Чингис хаан” нисэх онгоцны буудлыг ирэх сарын 4-нд нээнэ

56
0

С.ЮМСҮРЭН

Ерөнхийсайд Л.Оюун-Эрдэнэ болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Хөшигийн хөндийн “Чингис хаан” нисэх онгоцны шинэ буудал болон Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, үүрэг даалгавар өглөө. Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ашиглалтад оруулах хугацаа цар тахлаас хамааралтайгаар хэд хэдэн удаа хойшилсон бол ажлын явц одоогийн байдлаар 85.1 хувьтай байгаа тул нээлтийг долоодугаар сарын 4-нд хийж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр эхний нислэгийг долоодугаар сарын 4-ний 11:40 цагт Улаанбаатар-Токио чиглэлд хийхээр төлөвлөсөн байна. Тиймээс 34 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан Шуурхай удирдлагын төвийнхөн Буянт-Ухаагийн үйл ажиллагааг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу шилжүүлэх ажлаа энэ сарын 15-наас эхлүүлэхээр болжээ. Буянт-Ухаад байрлаж буй онгоцнуудыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд байрлуулах аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төлөвлөсөн хугацаандаа нээлтээ хийхийг сануулж, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой санхүүгийн асуудлыг Засгийн газарт оруулж, шийдүүлэхийг даалгав. Тэрбээр “Үндэсний их баяр наадмаар Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ. Жуулчдыг ирэх боломжийг нь хангаж өгнө. Вакцинд бүрэн хамрагдсан жуулчдыг хүлээж авна. Мөн долоодугаар сарын 4-нд нисэх онгоцны буудлын нээлтийг хийнэ гэдгийг олон улсад зарлах хэрэгтэй. Шинэ нисэх онгоцны буудал барьж, ашиглалтад оруулах талаар 2006 оноос хойш ярьсан. Ийнхүү 15 жил дуншсан нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулж, эдийн засгийн эргэлтэд оруулахад бэлэн боллоо” гээд холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.

Тухайлбал, Хөшигийн хөндийн төлөвлөлттэй холбоотой асуудлыг Барилга, хот байгуулалтын сайд хотын даргатай хамт Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулах, шаардлагатай тохиолдолд Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэйг хэллээ. Мөн Улаанбаатар хоттой дүйцэхүйц хэмжээний эдийн засгийн чөлөөт бүс бий болох шаардлагатай тул ажлын байр бий болгож, тээврийн томоохон төвүүд байршуулах, төлөвлөлтийг нягт хийхийг сануулав. Түүнчлэн Барилга, хот байгуулалтын сайд, хотын дарга, Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй зөвлөлдөж, эрх зүйн орчныг бий болгохыг үүрэг болголоо. Харин нисэх онгоцны буудлын удирдлагууд бусад орны туршлагад үндэслэн Засгийн газарт саналаа боловсруулж өгөхийг даалгав.

ХӨШИГИЙН ХӨНДИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮС БОЛГОНО

Богдхан төмөр замын ажлыг долоодугаар сарын 4-нөөс өмнө эхлүүлж, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж, 2024 оноос өмнө дуусгах хэрэгтэйг холбогдох албаныханд санууллаа. Ингэхдээ маршрутыг хувийн хэвшилд тулгуурлаж хийх, тээвэр, логистикийн төв, Улаанбаатар хотод байгаа худалдааны төвүүдийг гаргах эдийн засгийн суурь хөшүүргийг хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд анхааруулав. Тэрбээр “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөлдөх уулзалтыг хийгээрэй. Сангийн сайд, хотын дарга онцгой анхаарч ажилла. Эхэлж хөрөнгө оруулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд газар олголтын давуу байдал олгох хэрэгтэй. Улаанбаатар хотод байгаа газрыг солих ажлыг хотын дарга яаралтай төр, хувийн хэвшлийн түншлэлтэй зөвлөлдөх уулзалт хийж, шаардлагатай бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар оруул. Улаанбаатар хотыг тойрсон Их тойруу хурдны замын зургийг Хөшигийн хөндийгөөр дайруулах хэрэгтэй. Улаанбаатар хот руу орохгүйгээр, Хөшигийн хөндий рүү баруун, зүүн талаас нь орж ирэх урсгалыг шийдэх шаардлагатай. Нэг жилийн дотор Хөшигийн хөндий зөвхөн нисэх онгоцны буудал биш, Монгол Улсын эдийн засгийн чөлөөт бүс болж хөгжих зураг төсөл болон ТЭЗҮ-ийг гаргаж, хөрөнгө оруулалт татах ажлуудыг хийх хугацаатай үүрэг, даалгавар өгч байна” хэмээв.

Үүний дараа Богдхан төмөр зам, Их тойруу хурдны замын Хөшигийн хөндийд тавигдах хэсгийн бэлтгэл ажилтай танилцсан бөгөөд энэ үеэр Ерөнхий сайд орон нутгийн иргэд бараа, хүнсээ татах гэж хот руу ордог биш, эндээс бараагаа татдаг болбол хотын түгжрэл тэр хэрээр буурах тул үүнтэй уялдуулж төлөвлөлтөө хийхийг анхаарууллаа. Тус газарт гурван газар цэвэрлэх байгууламж байгуулж, усан сан барих талаар албаныхан танилцуулахын зэрэгцээ газар чөлөөлөлт, геологийн судалгаа хийх хэрэгтэйг онцолж байлаа. Бохир, дулаан, дэд бүтцийг эхний ээлжид төлөвлөж, хэсэгчилсэн төлөвлөгөө гаргах хэрэгтэй байгаа аж.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here