МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Бодлого эхлүүлж, систем хөдөлгөдөг улстө...

Бодлого эхлүүлж, систем хөдөлгөдөг улстөрч

Монголын улс төрийн сүүлийн 20 жилийн өрнөл дунд амьдарч, хэд хэдэн салбар хоорондын бодлого, уялдааг зэрэг тэнцвэржүүлж, аюулгүй байдал, эдийн засаг, хөгжлийг нэг цогц системд багтаан, төрийн бодлогыг том зургаар харж ирсэн цөөн улстөрчдийн нэг нь Ж.Энхбаяр.

Үнэн
Админ

Монголын улс төрийн сүүлийн 20 жилийн өрнөл дунд амьдарч, хэд хэдэн салбар хоорондын бодлого, уялдааг зэрэг тэнцвэржүүлж, аюулгүй байдал, эдийн засаг, хөгжлийг нэг цогц системд багтаан, төрийн бодлогыг том зургаар харж ирсэн цөөн улстөрчдийн нэг нь Ж.Энхбаяр.

Сонгогчдын итгэл хүлээж, УИХ-д дөрвөн удаа сонгогдож, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог даргалж, дараа нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хариуцлагатай албыг хашиж байсан тэрбээр өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүнд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын албыг хашиж, улсын хөгжлийн бодлогыг эдийн засгийн бүтцийн шинэчлэлтэй уялдуулах, өсөлтийн загварыг шинэ шатанд гаргах чиглэлд илүү төвлөрөн ажиллаж байна.

Нийгэм, эдийн засаг, улс төрийн уур амьсгал, төрийн хүнд механизм, үндэсний аюулгүй байдлын эмзэг тэнцвэр дунд өөрийн карьер, байр сууриа босгосон улстөрчдийн нэг Ж.Энхбаяр олны анхаарлын төвд байнга байхыг эрмэлздэг хүн биш. Шаардлагатай үед хурц, шаардлагатай үед нам гүм байж, нөхцөл байдлыг нарийн тооцоолдог хэв маягтай. Өөрийн гэсэн чиг зорилготой. Шийдвэр гарч, бодлого тодорхойлдог орчинд цаг зардаг. Асуудалд нухацтай ханддаг. Төрийн бодлогын өргөн хүрээний мэдлэг, туршлагатай, хатуу өрөгтэй улс төрд стратегийн байрлал барьж тоглодог төрлийн улстөрч гэж гэж хэлж болно.

Ж.Энхбаярыг Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байхад дэлхий нийтийг ковид, цар тахлын хар сүүдэр нөмөрч, хүн төрөлхтний эмзэг төрх тодорч, тэсвэр тэвчээрийн том сорилт болж байв. Аюулгүй байдлын ойлголт эрүүл мэндээс давж, улс орнууд хилээ хааж, эдийн засгийн бүх “судас” доголдсон. Энэ мөч бол улс орнуудын удирдагчид, шийдвэр гаргагчдын хувьд “цаг хугацаатай уралдсан өрсөлдөөний тайз” болж байсныг дэлхий нийтээрээ харж, үнэлж байлаа. Хэн хамгийн хурдан, хамгийн оновчтой, уян хатан шийдвэр гаргаж байна. Тэр эрсдэлийг зоригтой туулж, иргэдийнхээ амь насыг хамгаалж, эдийн засгийн алдагдлыг хааж байсан юм. 

Хүн төрөлхтөнд хэвийн амьдралын үнэ цэнийг шинээр ойлгуулсан цар тахлын жилүүдэд Ж.Энхбаяр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар ажилласан. Энэ үед ҮАБЗ онцгой нөхцөлд ажиллаж, “Төрийн шийдвэр хурдан байвал олон хүний амь нас аварч болдог. Эдийн засгийн зөв нүүдэл улс орны аюулгүй байдлын үндэс болно.

Итгэлцэл, хамтын ажиллагаа хямралыг даван туулах гол түлхүүр болно” гэсэн гурван үнэнийг нийгэмд харуулж чадсан билээ. ҮАБЗ-өөс гарсан оновчтой бодлого, уян хатан, ухаалаг шийдвэр, шуурхай хэрэгжилтийн үр дүнд Монгол Улс цар тахлын гамшгаас иргэдээ амжилттай хамгаалж буйг ДЭМБ удаа дараа дэлхийн жишиг болгон зарлаж байсан юм.

Үүнээс гадна 2021–2023 онд дэлхий дахинд геополитикийн тэнцвэр ганхаж, их гүрнүүдийн өрсөлдөөн ил тод хурцдаж эхэлсэн. Орос–Украины зөрчил дэлхийн дэг журмыг доргиож, эрчим хүч, аюулгүй байдлын шинэ сорилтыг бий болгосон бол Ойрхи Дорнодод ирээдүйн томоохон сөргөлдөөний дохио сонсогдож, саяхан л дэлхий нийтийг гайхшируулж байсан даяаршлын нээлттэй урсгал хумигдаж, оронд нь улс орнууд аюулгүй байдал, стратегийн нөөц, нийлүүлэлтийн сүлжээний баталгаанд төвлөрсөн, илүү хаалттай бөгөөд болгоомжлол давамгайлсан шинэ геополитикийн бодит байдал бүрэлдэн бий болсон билээ.

Ийм цаг үед ҮАБЗ геополитикийн хүнд нөхцөлд гадаад бодлогын тэнцвэрийг хадгалах, ОХУ–Украины зөрчлөөс үүдэлтэй эрсдэлийг удирдах, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг олон тулгуурт болгон тэлэх, хүнсний болон дотоод үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг бэхжүүлж, хилийн хамгаалалт ба батлан хамгаалах чадавхыг сайжруулах, мэдээлэл ба кибер аюулгүй байдлын шинэ сорилтыг бодлогын түвшинд анхаарч, үндэсний аюулгүй байдлын ойлголтыг улам өргөжүүлж байлаа.

Нийгэм, эдийн засагт хэрэгжсэн Ж.Энхбаярын оновчтой шийдвэрийн түүх үүгээр зогсохгүй. Жишээ татахад, 2010 онд тэр анх УИХ-д Авлигын эсрэг лобби бүлэг байгуулж, төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг ил тод болгох, нийтийн сонсгол хийх тогтолцоог бий болгох шинэчлэлийн салхийг амжилттай хагалж байв. Эндээс төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн албан хаагчид АТГ-т жил бүр хөрөнгө орлогоо мэдүүлдэг. Буруу зөрүүг нь нийтээрээ хэлэлцдэг өнөөдрийн жишиг тогтсон.

Мөн тэр Монголын цахим хөгжлийн бодлогыг стратегийн түвшинд анхааран авч үзэж ирсэн улстөрчдийн нэг. 2017 оноос парламентын хүрээнд “Аж үйлдвэрийн IV хувьсгал”, цахим шилжилтийн асуудлыг идэвхтэй хөндөж, Монгол Улс уул уурхайн хамаарлаас давж “Оюун ухааны эдийн засаг”-т шилжих ёстойг сануулан ярьж эхэлсэн байдаг. Энэ хүрээнд Ж.Энхбаяр цахим засаглал, төрийн үйлчилгээний шинэчлэлийг бодлогыг  олны анхаарлын төвд оруулж, дижитал шилжилтийн суурийг тавилцсан юм. Үр дүнд нь Монгол Улсад цахим хөгжлийг хариуцсан бүтэц бэхжиж, улмаар Цахим хөгжил, харилцаа холбооны чиглэлийн яам байгуулагдсан нь төрийн бодлогын түвшинд цахим шилжилтийг тусгайлан авч үзэх нэгэн шинэ шат байв.  Үргэлжлээд “E-Mongolia”, “И-баримт” зэрэг цахим үйлчилгээ бодитоор нэвтэрч, иргэдийн төрийн үйлчилгээ авах ойлголт үндсээрээ өөрчлөгдсөн. Нэгэн цагт нэг бичиг баримтын араас бүтэн өдрөө зарцуулж, олон шат дамжлага дамнан, албан өрөөний үүд сахидаг байсан иргэд өнөөдөр төрийн үйлчилгээг гар утсаараа авч, технологийн дэвшил, цаг хугацааны үнэ цэн хоёрыг зэрэг мэдэрч, төр ба иргэний харилцааны шинэ хэв маяг тогтжээ.

Өнгөрсөн 20 орчим жилийн улс төрийн түүхтэй хамт Ж.Энхбаярын “автор” Эрүүл мэндийн салбарт ч үлдсэн. Тэр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг санаачлан бодлогын түвшинд хэлэлцүүлж, хэрэгжилтийн суурийг бэлдсэнээр элэгний В, С вирусийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг өргөжүүлэх ажлыг шинэ шатанд гаргасан юм. Өндөр өртөгтэй, олон хүнд хүрэх боломж хязгаартай байсан эмчилгээний багц үйлчилгээ өнөөдөр иргэнд илүү ойртож, хямд бөгөөд хүртээмжтэй болсон. Бүр салбарлаад урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн тогтолцоо хөгжиж, олон мянган хүний амьдралд бодит өөрчлөлт гарч байна. 

Ж.Энхбаяр зөвхөн нэг салбарын биш, төрийн бодлогын өргөн хүрээний асуудлыг шийдвэрлэлцдэг улстөрч гэдгээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа дахин нотолсон нэгэн. Салбарын сайдаар ажиллахдаа хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг бодлогын түвшинд тууштай дэмжсэн. Тиймдээ ч цар тахлын үеийн сургамжид тулгуурлан дотоодын хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах асуудлыг төрийн бодлогын анхаарлын төвд авчирч, стратегийн шийдэл хайсан байдаг. Тэр газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн нөөц, боломж ихтэй төвийн бүсийн Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг руу онцгойлон анхаарч, хөгжлийн бодлогын төв цэг болгон чиглүүлсэн билээ.

Үүнээс гадна Ж.Энхбаяр Батлан хамгаалах сайдын албыг хаших хугацаандаа салбарын эрх зүйн шинэчлэлийн үйл явцыг түргэтгэсэн. Олон жил хөдөлгөөгүй, цаг үеийн өөрчлөлтөөс хол хоцорсон салбарын суурь эрх зүйн багц хуулийг Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайд байхдаа шинэчилж, Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай зэрэг хуулиудыг шинэчлэн боловсруулж, УИХ-аар батлуулж амжсан байдаг.

Мөн Гамшгаас хамгаалах тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Олон улсын гэрээний тухай зэрэг стратегийн ач холбогдол бүхий хуулиудын шинэчилсэн найруулгад оролцож, улс орны аюулгүй байдлын эрх зүйн орчныг орчин цагийн сорилт, нөхцөл байдалд нийцүүлэх суурийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан нэгэн. Энэ утгаар нь багцалж, ерөнхийд нь дүгнэвэл, Ж.Энхбаярыг “Бодлого эхлүүлж, систем хөдөлгөдөг” төрлийн улстөрч гэж дүгнэж болно.

Монголын улс төрд үе залгамжилсан улстөрчдийн жишээ цөөнгүй байдаг. Ж. Энхбаяр ч тэдний нэг. Гэхдээ бусдаас ялгаатай нь тэр өөрийн орон зай, бодлого шийдвэр, зангаргаар улс төрийн карьер, замналаа босгосон нэгэн. Түүний эцэг Шагалын Жадамба (1940–1996) Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэ бишрэлт хошууны хүн байв. 20 насандаа цэргийн албанд татагдаж, цэргийн хатуу чанд дэг журам, эмх цэгцтэй зохион байгуулалт дунд төлөвшиж, байлдагчаас генерал болтол зүтгэж, улс орны цэргийн бодлогыг тодорхойлолцож, 1990–1996 онд Батлан хамгаалахын сайдын өндөр хариуцлагатай албыг хашсан тод замналын эзэн.

Харин Ж.Энхбаяр 2012 онд аавынхаа ажиллаж, амьдарч байсан тэр институцийн босгоор алхаж, Батлан хамгаалахын сайдаар томилогдсон нь эцэг, хүү хоёр улс орны Батлан хамгаалах салбарын бодлогыг тодорхойлж, толгойлсон ховорхон тохиолдлын нэг болон түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Ажил мэргэжил үе дамжин өвлөгддөг ч нэг улсын батлан хамгаалах бодлогыг хоёр үе ээлжлэн тодорхойлсон ийм хувь заяа тэр бүр давтагдахгүй биз ээ.

Д.Отгонжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №015/24690/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

 

#УИХ
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.