МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Д.Батхуяг: “Завхан гол” цай амин дэмийн...

Д.Батхуяг: “Завхан гол” цай амин дэмийн алдагдлыг нөхөж, дархлааг дэмжинэ

Монголчууд орон нутагт мал маллаж, тариалан, өрхийн үйлдвэрлэл эрхэлж, нутагтаа сайхан амьдрахаар дор бүрнээ хөдөлмөрлөж байна.  Өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийн хувьд борлуулалтаа тэлэхээр Улаанбаатар хотыг зорьдог. Улаанбаатарчууд ч  тухайн орон нутгийн, байгалийн ургамлыг хүнсэндээ хэрэглэхийг зорьдог билээ

Үнэн
Админ

Монголчууд орон нутагт мал маллаж, тариалан, өрхийн үйлдвэрлэл эрхэлж, нутагтаа сайхан амьдрахаар дор бүрнээ хөдөлмөрлөж байна.  Өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийн хувьд борлуулалтаа тэлэхээр Улаанбаатар хотыг зорьдог. Улаанбаатарчууд ч  тухайн орон нутгийн, байгалийн ургамлыг хүнсэндээ хэрэглэхийг зорьдог билээ. Тэгвэл Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, өрхийн үйлдвэрлэгч Хүрэлбаатарын БАТХУЯГ  “Завхан гол” цайгаа таниулж, сурталчлахаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Ингээд “Завхан гол” цайг үүсгэн байгуулагч, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Х.Батхуягтай ярилцлаа.

-“Завхан гол” цайг хэзээнээс хэрэглэж хэвшсэн бэ?

-Манай  өвөө, эмээ хоёр Завхан аймгийн Алдархаан сумын Богдын голоор нутаглаж, амьдардаг байсан хүмүүс. Биднийг хүүхэд байхад цайны ургамлыг түүлгэж, өөрсдөө хэрэглэдэг байлаа. Ааруул хатаадаг тавиур дээр ургамлаа хатаана. Хатаасан ургамлаа өөрсдөө жил тойруулан хэрэглэнэ. Эмээ минь өнөөдөр 95 нас зооглож байгаа, ануухан хүн бий. Зүрх судас, бөөр, даралт  гээд ямар нэг өвчин хэлдэггүй, эмнэлэгт хэвтэж үзээгүй хүн. Үүнийгээ энэ цайны ургамлын ач тус гэдэг юм. Түүх сөхвөл, 1945 онд Оросоос орж ирдэг цай тасарсан юм билээ. Тэр үед манай өвөө, эмээг хүүхэд байхад энэ ургамлыг түүлгэж, цайгаа хийдэг байсан. Энэ нь өнөөдрийн бидэнд өвлөгдөж иржээ.  Энэ бол нэгдүгээрт, эрүүл мэндэд тустай цай. Хоёрдугаарт, өрхийн орлогоо дэмжиж байна.

“Завхан гол” цайны маань найрлагад нохойн хошуу, чацаргана, жимсний үр, хальс, боролзгоно орсон. Энэ цай амин дэм, алдагдлыг нөхөж, дархлааг дэмжин, ядаргааг тайлж, тайвшруулах үйлчилгээтэй.

-Эмийн ашигт ургамлын үйлдвэрлэлийг хэдэн жил эрхэлж байна вэ. Цайны онцлог, ач тусын талаар дурдахгүй юу?

-Манайх өрхийн үйлдвэрлэл эрхлээд 16 жил болж байна. “Завхан гол” цайг байгалийн ургамлаараа бэлтгэдэг. 

-Завхан нутгийн эмийн ургамлын онцлогийг дурдахгүй юу?

Монголчууд эмчилгээндээ өргөн хэрэглэдэг 20-30 төрлийн эмийн ашигт ургамлыг хатааж, бэлтгэн нийлүүлдэг.

Эмийн ашигт ургамлуудаа  Отгонтэнгэр хайрхан, Завхан гол, Идэрийн голын ай сав, өндөр уулын ой мод, Тарвагатайн нурууны орчмоос бэлтгэдэг. Тиймээс цэвэр байгалийн ургамал. Арц, ганга, агь гээд үнэрт ургамлууд хүний оюун санааг ариутгаж байдаг.  Хангайн бүсийн ургамлын чанар өөр байдаг болохоор хэрэглэгчид маань ч таньж мэдэж, захиалгаа болсон. Тодорхой хэмжээний байнгын хэрэглэгчтэй болсон.

Уламжлалт анагаах ухаанаа сэргээж, ургамлуудаа таньж хэрэглэвэл хэрэглээ нь байна, нийлүүлэлт байна.

-Орон нутгаас Улаанбаатарыг зорьж ирж борлуулалт  хийж байна. Улаанбаатарт борлуулалт хэр байна. Байнгын захиалагчтай болж байна уу?

-Манай орон нутгийнхан өвөлжөө, хаваржаанаасаа өөрсдөө эмийн ургамлаа түүж бэлтгэдэг. Улаанбаатар хотод үзэсгэлэн худалдаа, “Намрын ногоон өдрүүд”-ээр  ирж оролцдог.  Аймагтаа “Завханд үйлдвэрлэв” гээд ЖДҮ-ийг дэмжих нэрийн дэлгүүрт борлуулдаг.

Харин Улаанбаатарынхан цэвэр орон нутгаас, Завханаас бэлтгэсэн, чанартай, ашиг шимтэй гээд захиална. Бүтээгдэхүүний борлуулт сайн байна. Эндээсээ байнгын захиалагчтай болоод буцдаг. Захиалгыг бид орон нутгийн тээвэрт дайж явуулдаг.

-Орон нутагт ЖДҮ эрхлэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ. Хөнгөлөлттэй зээлийн хүртээмж хэр вэ?

-Орон нутаг хөнгөлөлттэй зээлд хамрагдахад хүндрэлтэй. Зээл банкаар дамжина. Банк өөрийн үндсэн шаардлагаа тавина. Сум хөгжүүлэх сангаас 10-аад жилийн өмнө хоёр сая төгрөгийн зээл аваад бүтээгдэхүүний сав, баглаа боодлоо шийдэж байлаа.

-Ойд ургамал түүж, бэлтгэдэг хүний хувьд энэ чиглэлээр суралцаж байна уу?

-Би олон жил ойд  ургамал түүж, судлах явцдаа мэргэжлийг нь эзэмшье гэж зорьсон. Ингээд ХААИС-ийн Агро экологийн сургуулийн  Ойн инженерийн эчнээ ангид суралцаж байна.

-Үйлдвэрлэл эрхэлж, мэргэжлээр нь сурч байгаа хүний хувьд судалгаа хэр хийж байна вэ?

-Эрдэмтдийн ургамлын судалгаа, хууль эрх зүйн орчин сул байна. Манай улс ашигт ургамлынхаа зүйлийг гурван мянга гаруй гэж тогтоосон байдаг. Харин ашигт эмийн ургамлынхаа нөөцийг бүрэн тогтоож чадаагүй. Мянга гаруй зүйлийн эмийн ашигт ургамал байдаг юм билээ. Манайхан 30 гаруй төрлийн эмийн ургамлыг хэрэглээд хэвшсэн байна. Ургамлыг нэн ховор, ховор, элбэг  ургамал гээд гурав ангилсан байна. Нэн ховор ургамлыг зөвхөн  судалгаанд ашиглаж байгаа бол ховор ургамлыг үйлдвэрлэл явуулах эрхтэй компаниуд ашигладаг. Энгийн аж ахуйн нэгж үйлдвэрлэл явуулах боломжгүй. Элбэг ургамлыг бол ашиглаж болно. Энэ ургамлууд ойн дагалдах баялаг гэж явдаг. Тухайн бүс нутагт амьдарч байгаа малчдын хоёр дахь орлогын эх үүсвэр болох боломжтой.  

-Ашигт ургалмууд ховордож байгаа. Өргөн хэрэглээнээс ховордсон ургамал байна уу?

-Манай аймагт арцны асуудал үүсээд байна. Арцыг нэн ховор, ховор ангилал руу оруулаад, түүж, бэлтгэхийг хориглосон.

-Яагаад арц түүхийг хориглосон бэ. Та энэ чиглэлээр судалгаа хийж байна уу?

-Говьд мод ургадаггүй. Тиймээс арцны модыг түлшинд хэрэглэж байгаагаас үүдэлтэй. Ер нь иргэд ахуй хэрэглээнд хяналтгүй хэрэглэж байна гэж МУИС-аас санал гаргасны үндсэн дээр хориглосон. Тиймээс би арцны судалгаа хийж байна. Арц бол ойн санд ордог ургамал. Өнгөрсөн жил Завхан аймагтаа арцыг хүлэмжинд мөчрөөр үржүүлэх ажлыг хийгээд эхэлсэн. Энэ миний дипломын ажил.

“Завхан гол” цай

Хаяг: Завхан аймаг Улиастай сум Богдын гол баг Шагж аваргын 1-113 тоот

Утас: 88320927

 

Н.Энхбат 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №015/24690/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

 

#Ний
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.