Амьдралд хайртай байх шалтаг
Урлаг соёлын тоглолт, хурал цуглааны уур амьсгалд дассан энэ танхимд “Яруу арт продакшн”-ны анхны дэлгэцийн бүтээл “Амьдралд хайртай” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болсон нь онцлог байлаа. Бор саарал амьдралын дүр зураг, хашаа, байшин түүний гаднах хэцэнд өлгөөтэй цав цагаан даавуунууд...Энэ бүхний цаана хүний амьдралын хатуу, гашуун үнэн нуугдана. Харин кино төгсөх мөчид гол дүрийн бүсгүй, түүний нөхөр, хүүгийн хамт инээмсэглэн зогсох нь адарч, доройтож, алдаж бүдэрсэн ч амьдрал эцэстээ тэгширч, аливааг уучилж, урагш алхуулах хүчтэйг өгүүлэх шиг. Танхимд хаа нэгтээ санаа алдах чимээ сонсогдож, алга ташилт нүргэлэв. Киноны дууг Монгол улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа дуулсан нь бүтээлийн уур амьсгалыг улам гүнзгийрүүлжээ.
2026 оны дөрөвдүгээр сарын 10. Төрийн ордны зүүн талд байрлах Соёлын төв өргөөнд ээлжит нэгэн киноны нээлт болов. Урлаг соёлын тоглолт, хурал цуглааны уур амьсгалд дассан энэ танхимд “Яруу арт продакшн”-ны анхны дэлгэцийн бүтээл “Амьдралд хайртай” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болсон нь онцлог байлаа. Бор саарал амьдралын дүр зураг, хашаа, байшин түүний гаднах хэцэнд өлгөөтэй цав цагаан даавуунууд...Энэ бүхний цаана хүний амьдралын хатуу, гашуун үнэн нуугдана. Харин кино төгсөх мөчид гол дүрийн бүсгүй, түүний нөхөр, хүүгийн хамт инээмсэглэн зогсох нь адарч, доройтож, алдаж бүдэрсэн ч амьдрал эцэстээ тэгширч, аливааг уучилж, урагш алхуулах хүчтэйг өгүүлэх шиг. Танхимд хаа нэгтээ санаа алдах чимээ сонсогдож, алга ташилт нүргэлэв. Киноны дууг Монгол улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа дуулсан нь бүтээлийн уур амьсгалыг улам гүнзгийрүүлжээ.
Үүрээр ирсэн сүүмгэр тэр гунигаас
Үнэний гэрлийг эрээд би олсонгүй
Үүлс хүртэл даагаад ирсэн бороог
Өмөлзөн норлоо ч нулимсаа даасангүй. Түүний хувьд дууны сонголт гэдэг бол зүгээр нэг ажил биш будаан дундаас бүтнийг шигших мэт нарийн мэдрэмж шаардсан шийдвэр. Тиймээс энэ уран бүтээлд нэгдсэн нь өөрөө үзэх үнэ цэнтэйг илтгэх нэгэн баталгаа гэлтэй. Учир нь үзэгчдэд “Яруу арт продакшн” чухам ямар уран бүтээл хийдэг тухай ойлголт байх биш дээ. Яах аргагүй ялдам тансаг, хөнгөн гуниг, ирмүүн тэмүүлэл, гашуун үнэнийг мэдрүүлсэн гайхамшигтай аяз аж. Кино эхлэхээс өмнө эл аязыг тоглосон хийлч Ч.Дэлгэрцэцэг сүүлд гадаа таараад “Тайзанд тоглож зогсоход бие зарсхийгээд байсан” гэх нь бүтээлийн нөлөөг илтгэнэ. Жүжигчин Ж.Золзаяа төрмөл авьяас чадвараа гол дүр Сараагаар дахин баталлаа. Сайхан бүсгүйг дорой, сарампай төрхөөр харуулах тусам үзэгчдийн сэтгэл эмтэрнэ. Кинонд өнөөгийн нийгмийн нэгэн эмзэг сэдэв болох архидалт, гудамжны амьдралыг хөнгөн өрөвдөл, гуниг хосолсон өнгө аясаар дүрсэлсэн нь онцлог.

Сараа, Баатар хоёр багаасаа үерхсэн хос. Гэвч анхны үрээ алдах тэр эмгэнэлт мөчид Баатар эхнэрийнхээ хажууд байгаагүй нь бүсгүйн сэтгэлд нөхөж баршгүй шарх үлдээнэ. Тэр шарх Сарааг архинд татагдах, амьдралаас хөндийрөх шалтгаан болж хувирна. Харин Баатар гэмшлээ дотроо нууж, амьдралаа засахыг хичээнэ. Тэр архинаас татгалзаж, ажил хөдөлмөр эрхлэн, гэр бүлээ авч явахыг зорьдог. Энэ хоёрын эсрэг тэсрэг замнал нь амьдралын үнэн, хүний сул дорой ба хүчтэй талыг харуулна. Ээж Рэгзэдмаа, найз Номин, Мэндээ зэрэг дүрүүдийн шугамаар хүмүүний харилцаа, хайр, атаархал, ганцаардал, уналт босолтыг улам тодруулна. Харин киноны оргил хэсэгт Сараа амьдралын ёроолд хүрч, ээжтэйгээ дахин уулзах боломжгүй болсноо ухаарах мөч үзэгчдийн сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөнө. Гэвч...
Амьдрал тэнд дуусахгүй
Хожуу ч гэсэн ухаарал ирдэг
Харанхуйн цаана гэрэл байдаг
Сараа, Баатар хоёрт хувь тавилан өнчин хүү Тэлмэнг “бэлэглэж”, амьдралд дахин итгэх шалтгаан өгнө. Эцэст нь энэ кино нэг зүйлийг хэлнэ. Амьдрал сайхан, амьдрах бүр ч утгатай. Амьдралд хайртай байх түмэн шалтгаан бий. Заримд нь магадгүй нэг шалтгаан байх хангалттай сайхан амьдралын эх үүсвэр болно. Амьдрал, хүмүүний хувь тавилан өөр өөр байдгийн утга учир үүнд оршдог болов уу.
“Яруу арт продакшн” ХХК-ийн захирал, продюсер Б.Санчир тайзнаа хэлэхдээ уг бүтээлийг “Маск продакш”-ны зарим бүтээлээс санаа авч, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ажилласан тухайгаа онцолсон юм.
Б.Одончимэг ээ, Биднийг дагуулаад яваарай

“Таван үдэш” жүжиг Английн Broadway театрт тоглогдож байжээ
1950-аад оны дунд үе. 17 жилийн дараа Ильин буюу Саша төрөлх Ленинград хотноо буцаж ирнэ. Ленинградын оршин суугч, цайлган, хөнгөндүү Зояатай учир ургуулсандаа гэмшингүй. Тэрбээр залуу цагийн хайр Тамараг дурсан санана. Ильин энэ орчлонгийн хаахна хэдэн жил бэдрэн явсныг бүү мэд. Тамара харин зээ дүү Славиктайгаа Ильинтэй дурлалцан байсан тэр л нийтийн байрандаа аж төрөн суугаа.
Тамара нөхөргүй ч, цехийн мастер хийж яваа яг таг ажил хэрэгч бүсгүй. Тамара, Ильин хоёрын олон жилийн дараах уулзалт яагаад ч юм бэ “Амьдрал нулимсанд дургүй” киног санагдуулж байв. Үйлдвэрлэл хөгжин, хүчирхэгжиж буй Орос орны эмэгтэйчүүдийн нийтлэг дүр төрх магадгүй тийм сэтгэгдэл төрүүлдэг болов уу. Дайнаас өмнө Технологийн дээд сургуульд суралцаж байсан биерхүү эр Ильин томоохон химийн үйлдвэрийн ерөнхий инжежер хэмээн өөрийгөө танилцуулж орхив. Энэ нь худал бөгөөд жолооч хийж яваагаа хэлж зүрхлэхгүй байгаа явдал жүжгийн зөрчил, тэмцэл болно.
Өнгөрсөн ням гарагаас тавигдаж эхэлсэн “Donna s film”-ийн “Намайг дагуулаад яваач” драмын жүжиг үзэгчдийг байлдан дагуулж байна. Ерөнхий найруулагчаар Екатерина Шихова ажиллажээ. Екатерина Шихова нь Санкт-Петербург хотын Театрын академийг 2023 онд төгссөн, шинэ үеийн авьяаслаг залуу найруулагч юм. Тэрбээр 30 гаруй тайзны бүтээлийг найруулан туурвисан туршлагатай , үзэсгэлэнтэй, залуу уран бүтээлч билээ.
“Намайг дагуулаад яваач” драмын жүжиг нь Александр Володины “Таван үдэш” жүжгээс сэдэвлэн бүтээгджээ. 2025 онд Broadway театрт тоглогдсон, Александр Володины хамгийн алдартай зохиол юм. “Таван үдэш” зохиол нь өнөөг хүртэл дэлхийн маш олон тайзнаа тоглогдсоор, мөн уран сайхны кино болсон түүхтэй. Зарим судлаачид зохиолчийг “Таван үдэш” жүжгийн Ильиний дүрээр дамжуулан өөрийн амьдралын үзэл бодол, сэтгэл гутрал, ганцаардал, хүрч чадаагүй хүсэл харуусал болон хайрын талаарх мэдрэмжээ хуваалцсан гэж үздэг. Александр Володин “Таван үдэш”, “Намрын симфони”, “Санамсаргүй учрал”, “Хайрын тухай” зэрэг олон жүжиг, киноны зохиолыг бичжээ. Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дэлхийн үзэгчдэд хүрсээр буй эдгээр уран бүтээлүүдээс “Таван үдэш” алдаршиж, дэлхийд хамгийн олон удаа тоглогджээ.

Энэхүү алдарт зохиолыг Монголын тайзнаа дэглэх зоригтон “Donna s film”-ийг үүсгэн байгуулагч, жүжигчин Б.Одончимэг байж. “Намайг дагуулаад яваач” жүжигт жүжигчин бүсгүй өөрөө Тамарагийн дүрийг бүтээв. Т.Бархүү /Ильин/, Ж.Амарзаяа /Чиглүүлэгч/, Э.Алдаржавхлан /Тимофеев/, Т.Энэрэл /Катя/, С.Баянмөнх /Слава/, Т.Дашсурмаа /Зоя/ нар тайзнаа нэгэн агаараар амьсгалж, үзэгчдийг уярааж, ухааруулж, инээлгэв. “Gangbay” хамтлагийн дуучин, реппер, жүжигчин С.Баянмөнхийн авьяас чадвараар лав бахархацгаасан байх. Төгсгөлд нь нийт уран бүтээлчдийг тайзнаа танилцуулахад Т.Энэрэлийн дүр илүү томруун байсан явдал заалнаас илгээх нэгэн хэмийн уухай, нижигнэсэн алга ташилтаар тодорхойлогдох болов уу. Ер нь жигд, хийгүй тоглолт, жүжгийн эхлэл, үргэлжлэл, төгсгөлийг анзаарах сөхөө олгосонгүй.
Нийгэмд эзлэх байр сууринд хайр сэтгэл захирагддаггүй гэдгийг нэрэлхүү Ильин, Тамара нарын дурлал, биесдээ хүрч ядан буй залуу хос Слава, Катя, ганцаардсан Зоя, Ильиний тодорхойлолтоор “Шал, шалхийсэн” Тимофеев, эл хотын амьдралын эгэл өдрүүдийн гэрч болсон Чиглүүлэгч эмэгтэйн дүрүүд бэлхнээ харуулжээ. Томоос том цасан ширхгүүд хаялсан Ленинградын гудманд амьдралын галт тэрэг зогсолтгүй урагшлан буйг өгүүлэх гуниглангуй, бадрангуй, нигүүлсэнгүй дуун хорвоогийн үнэнээс хаана бултах вэ гэсэн мэт эгшиглэнэ. Жүжгийн продюссер, Монголын театрын түүхэн дэхь авьяаслаг, чадварлаг, менежменттэй залуу уран бүтээлч Б.Одончимэгт алга ташъя. Түүний уран бүтээлийн аялал, эрэл хайгуул хэрхэн үргэлжлэх бол. Тэр бүх аялалдаа биднийг дагуулаад яваарай, Б.Одончимэг ээ.
Н.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №015/24690/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу.