Т.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” бол иргэний мэдэх эрх, оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх цахим шинэчлэл
УИХ-ын даргын санаачилгаар “Нээлттэй парламент” бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд parliament.mn цахим платформыг шинэчилж буйтай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн газрын дарга Т.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
УИХ-ын даргын санаачилгаар “Нээлттэй парламент” бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд parliament.mn цахим платформыг шинэчилж буйтай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн газрын дарга Т.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгох зорилгоор парламентын цахим хуудсыг шинэчиллээ. Үүнийг зөвхөн цахим платформын шинэчлэл гэж харах нь өрөөсгөл болов уу. Шинэчлэлийн үндсэн зорилго, шаардлага юу байв?
-Юуны өмнө УИХ-ын гишүүн ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. УИХ-ын гишүүн үндсэндээ гурван чиг үүрэгтэй. Нэгдүгээрт, хууль санаачлах, хоёрдугаарт, ард түмнийг төлөөлөх, гуравдугаарт, хяналт шалгалт хэрэгжүүлэх үүрэгтэй. Эдгээр нь иргэдийн амьдрал, эрх ашиг, улс орны хөгжилтэй шууд холбоотой. Өмнөх жилүүдэд парламентын үйл ажиллагааны талаарх мэдээлэл иргэдэд нээлттэй, хүртээмжтэй байх тухайд учир дутагдалтай байлаа. Иргэд чуулганы хуралдааныг телевизээр үзэх боломжтой байсан ч тухайн хуралдаанаар ямар хуулийн төсөл хэлэлцэв, гишүүд ямар байр суурь илэрхийлэв, хэрхэн санал өгөв, эцэст нь ямар шийдвэр гарав гэдгийг нэг дороос авч, эргэн харах боломж хязгаарлагдмал байв. Тиймээс парламентын цахим шинэчлэлийн гол зорилго нь УИХ-ын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх, мэдээллийг түүхчилсэн болон харилцан үйлдэлтэй хэлбэрээр хүргэхэд чиглэж байна. Өөрөөр хэлбэл, иргэн хүссэн үедээ parliament.mn платформд нэвтэрч, өөрийн сонгосон УИХ-ын гишүүн ямар үйл ажиллагаа явуулж байгаа, хуралдаанд хэрхэн оролцдог, хэлэлцэж буй хуулийн төслүүдэд ямар байр суурь илэрхийлж байгааг харах боломж бүрдэж байгаа юм.
-Парламентын үйл ажиллагааг ил тод болгох нэг чухал үзүүлэлт нь гишүүдийн ирц, оролцоо. Ирцийн мэдээллийг нээлттэй болгосноор гишүүдийн хариуцлага, оролцоонд бодит өөрчлөлт гарч байна уу?
-Гишүүдийн ирцийг ил тод болгох асуудал өмнөх парламентуудын үед ч яригдаж ирсэн. Харин одоо иргэд тухайн мэдээллийг шууд харах боломжтой болсноороо онцлогтой. 2026 оны өдрийн ирцийн мэдээллийг өмнөх онтой харьцуулж үзэхэд тодорхой өөрчлөлт ажиглагдаж байна.
Тухайлбал, гишүүд хуралдаандаа цагтаа бүртгүүлэх, ирцийн төлөв байдлаа сайжруулах хандлага нэмэгдэж байгаа. Мэдээж гадаад, дотоод томилолт болон албан ёсны бусад шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй тохиолдол бий. Үүнийг бодит нөхцөл байдалтай нь хамт ойлгох шаардлагатай.
Гэхдээ ирцээс илүүтэйгээр УИХ-ын гишүүдийн төлөөлөх эрх мэдлээ хэрэгжүүлж, иргэдийнхээ өмнөөс шийдвэр гаргаж буй гол үзүүлэлт нь санал хураалт юм. Бид 2024 оноос хойших санал хураалтын мэдээллийг энгийн, ойлгомжтой хэлбэрээр цахим хуудсандаа байршуулж эхэлсэн. Цаашид УИХ-ын гишүүд сонгогчдынхоо саналыг цахимаар авах, шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
-Парламент иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг цахим хуудсаар хэрхэн хүлээн авч, шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн бэ?
-Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах асуудлыг хоёр үндсэн чиглэлээр авч үзэж болно. Нэгдүгээрт, хуульд заасан хугацаанд буюу өргөдөл, гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд нэг удаа сунгаж 60 хоног болгох зохицуулалттай. Харин төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой саналын шинжтэй өргөдлийг 90 хоногт шийдвэрлэх зохицуулалттай. Энэ хүрээнд 2026 оны зургадугаар сарын 30-наас “УИХ таныг сонсож байна” үйлчилгээг нэвтрүүлсэн. Ингэснээр иргэд санал, хүсэлт, өргөдөл, гомдлоо цахимаар гаргах боломж нэмэгдсэн. Мөн зөвхөн ухаалаг утас, цахим хэрэглээтэй иргэдээр хязгаарлахгүй байхыг зорьсон. Цахим ур чадвар багатай, ухаалаг утас ашигладаггүй иргэд ХУРДАН төвд очиж, операторын тусламжтайгаар хүсэлтээ гаргах боломжтой. ХУРДАН төвөөр дамжуулан ирүүлсэн мэдээллийг E-Mongolia системтэй интеграцчилж байна. Хоёрдугаарт, УИХ-ын тухай хуульд нийтийн өргөдөл буюу petition-тэй холбоотой зохицуулалт бий. Тухайлбал, 33 мянган иргэний дэмжлэг авсан асуудлаар Ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд Байнгын хорооны түвшинд хяналт шалгалт явуулах, 100 мянган иргэний дэмжлэг авсан бол хуулийн төсөл санаачлах үйл явцыг эхлүүлэх боломжтой. Энэ нь иргэдийн олонхын дэмжлэг авсан асуудлыг парламентын түвшинд хэлэлцүүлж, бодлогын шийдвэр гаргах үйл явцад хүргэх чухал механизм юм. Нийтийн өргөдлийн системийг parliament.mn платформын шинэчлэлтэй уялдуулан хөгжүүлэх ажил өрнөж байна.
-УИХ-ын гишүүдийн хууль санаачлахаас эхлээд батлуулах хүртэлх процессыг олон нийтэд нээлттэй болгох боломжтой юу?
-Энэ бол парламентын цахим шинэчлэлийн нэг чухал хэсэг. Хууль тогтоох үйл явц нь зөвхөн хуулийг батлаад дуусдаг ажил биш. Хуулийн төсөл санаачлах, боловсруулах, өргөн мэдүүлэх, Байнгын хороодоор хэлэлцэх, Ажлын хэсэг байгуулах, чуулганы хуралдаанаар хэлэлцэх, санал хураах, эцэслэн батлах хүртэл олон үе шаттай. Тухайн хуулийн төсөлд ямар өөрчлөлт оруулсан, ямар заалтыг шинэчилсэн, ямар санал гарсан, Ажлын хэсэг хэрхэн ажилласан зэргийг иргэд харах боломжтой байх ёстой. Бид эдгээр мэдээллийг архивын түвшинд ил тод болгосон. Цаашид УИХ-аас баталсан хууль, тогтоолыг парламентын өөрийн цахим хуулийн санд төвлөрүүлж, хууль тогтоох үйл явцын бүх үе шатыг хооронд нь холбосон, түүхчилсэн, ойлгомжтой хэлбэрээр хүргэхээр ажиллаж байна. 1992 онд Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш нийтдээ 4000 орчим хууль шинээр болон нэмэлт, өөрчлөлтөөр батлагдсан байдаг. Эдгээр хуулийн түүхчилсэн мэдээллийг системд оруулснаар иргэд зөвхөн өнөөдөр хүчин төгөлдөр байгаа хуулийг хараад зогсохгүй тухайн хууль хэрхэн өөрчлөгдсөн, ямар хэлэлцүүлэг, шийдвэрийн үр дүнд бий болсныг эргэн харах боломжтой болно.
-“Нээлттэй парламент”-ын шинэчлэлийн цаад агуулга нь иргэдэд мэдээлэл өгөхөөс гадна сонгосон гишүүндээ хяналт тавих боломж бүрдүүлэхэд чиглэж байна гэж ойлгож болох уу?
-Яг зөв. Үүнийг иргэний хяналтыг бодитой болгох технологийн шийдэл гэж хэлж болно. УИХ-ын гишүүд иргэдийн төлөөлөл болж төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож байгаа учраас иргэд өөрсдийн сонгосон төлөөлөгчийнхөө үйл ажиллагааг мэдэх, хянах эрхтэй. Тиймээс бид УИХ-ын гишүүний буланг шинээр бий болгосон. Тухайн гишүүн хуралдаандаа оролцсон эсэх, санал хураалтад хэрхэн оролцож, таны өмнөөс ямар шийдвэр гаргав, ямар асуудлаар байр сууриа илэрхийлэв, тухай гишүүний ажлын тайлан, хөрөнгө орлогын мэдүүлэг, ажлын хэсэгт орсон байдал, сонгогдсон тойрог, намтар гэх мэт мэдээллийг иргэд харах боломжтой болсон. Мөн иргэд өөрсдийн санал, хүсэлтийг тухайн гишүүнд шууд хүргүүлэх боломжийг бүрдүүлсэн. УИХ-ын Тамгын газраас нээлттэй болгосон цахим шуудангийн хаягаар дамжуулан гишүүнд санал, хүсэлтээ илгээж болно. Тухайн гишүүн өөрийн хаягаар ирсэн мэдээллийг хүлээн авч, танилцах боломжтой. Иргэд мэдээлэлтэй байснаар төрд хяналт тавьж чадна. Мэдээлэлгүй иргэн төрийн үйл ажиллагаанд бодит хяналт тавих боломжгүй. Тиймээс эхлээд мэдээллийг нээлттэй болгож, дараа нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байгаа юм.
-Таны хувьд Боловсролын яаманд ажиллаж байсан туршлагатай. Технологийн шинэчлэлээр дамжуулан төрийн үйлчилгээг иргэдийн хяналтад оруулсан ямар кейс дээр ажиллаж байв?
-Миний хувьд Боловсролын яаманд дөрвөн жил ажилласан. Тухайн үед иргэний хяналтыг технологийн шийдлээр дамжуулан хэрэгжүүлсэн нэг жишээ бий. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 310 цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалтай холбоотой. 2024 оны есдүгээр сарын 1-нээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийн хоолны зардалд өдөрт 1000 төгрөг төлдөг болсон. Ингэснээр эцэг эхчүүд цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт тавих, оролцох сонирхлоо илэрхийлж эхэлсэн. Бид энэ оролцоог дэмжиж, хүүхдийн ирцэд тулгуурласан цахим хяналтын систем нэвтрүүлсэн. Өмнө нь хүүхэд ирсэн, ирээгүйгээс үл хамааран хоолны зардлын санхүүжилтийг цэцэрлэгт тогтмол олгодог байсан бол бодит ирцэд үндэслэн тооцдог болсон. Тухайлбал, өглөө багш хүүхдийн ирцийг бүртгэсний дараа эцэг эхийн аппликейшнд мэдэгдэл очно. Эцэг эх бүртгэлийг зөвшөөрөх эсвэл татгалзах боломжтой. Хэрэв хүүхэд ирээгүй байхад ирсэн гэж бүртгэсэн бол татгалзах товчийг дарж, бүртгэлийг залруулах боломжтой. Тухайн үед нэг хүүхдийн хоолны зардалд өдөрт төрөөс 3000 төгрөг, эцэг эхээс 1000 төгрөг төсөвлөж байсан. Хүүхдийн бодит ирцэд үндэслэн санхүүжилтийг тооцдог болсноор 2024–2025 оны хичээлийн жилд 30 тэрбум төгрөг хэмнэсэн. Энэ бол зөвхөн ирц бүртгэсэн асуудал биш. Төсвийн зарцуулалтад иргэд өөрсдөө хяналт тавих боломж бүрдүүлсэн жишээ юм. Үүнтэй адил иргэд өөрсдийн сонгосон УИХ-ын гишүүнийхээ үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой байх ёстой. Технологийн ард тогтолцооны шинэчлэл, инновац үргэлж дагалдаж байдаг. Энэ нь төрийн үйлчилгээг сайжруулах, төсвийн зарцуулалтыг хянах, иргэдийн эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх боломжийг бий болгодог.
-Иргэд мэдээлэл авч, хяналт тавихаас гадна хууль тогтоох үйл явцад шууд оролцох боломжийг цаашид хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Мэдээлэлтэй болсон иргэн дараагийн шатанд шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжтой байх ёстой. Тухайлбал, иргэн өөрийн сонгосон гишүүн ямар байр суурь илэрхийлснийг мэдсэний дараа тухайн асуудлаар санал, хүсэлтээ хүргүүлж болно. “Миний төлөөлөл ийм байр суурь илэрхийлсэн байна. Энэ асуудлыг ингэж өөрчлөх хэрэгтэй” гэсэн саналаа хэлэх боломжтой байх ёстой. Үүнийг нийтийн өргөдөл, гишүүнд шууд хандах суваг болон хууль тогтоох үйл явцад санал өгөх механизмаар дамжуулан хэрэгжүүлэх боломжтой. Цаашид хуулийн төсөлд иргэд санал өгөх, тухайн санал нь хууль боловсруулах үйл явцад хэрхэн туссан эсэхийг эргэн харах боломжийг хөгжүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, иргэний өгсөн санал хуулийн төсөлд туссан эсэх талаар эргэх холбоо бий болгох нь дараагийн шатны систем хөгжүүлэлтийн ажил. Энэ бүхний эцсийн зорилго нь иргэдийг төрийн шийдвэр гаргах үйл явцын гадна үлдээхгүй байх явдал.
-УИХ-ын гишүүдийн хяналт шалгалтын чиг үүргийг мөн олон нийтэд нээлттэй болгох шаардлагатай. Энэ хүрээнд ямар мэдээллийг цахим платформоор дамжуулан хүргэж байна вэ?
-УИХ-ын гишүүд хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн байгууллага, албан тушаалтанд асуулт тавих, асуулга хүргүүлэх, Ерөнхий сайдад асуулт тавих, хяналтын сонсгол зохион байгуулах, түр хороо байгуулах, ажлын хэсэгт ажиллах, төрийн байгууллагын мэдээлэл, тайлан, илтгэл сонсож хэлэлцэх зэрэг олон хэлбэрийг ашигладаг. Тиймээс зөвхөн гишүүдийн ирц, санал хураалтыг харуулаад зогсохгүй хяналт шалгалтын чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгааг иргэдэд нээлттэй харуулах шаардлагатай. Иргэд тухайн гишүүн ямар асуудлаар асуулт тавьсан, ямар асуулга хүргүүлсэн, ямар сонсголд оролцсон, ямар ажлын хэсэгт ажилласан зэргийг харах боломжтой болсон. Мөн эдгээр мэдээллийг төрийн байгууллага, албан тушаалтны гарын үсэг, албан бичгээр баталгаажсан баримт, нотолгоотойгоор байршуулж байна.
-Хууль батлагдсаны дараах хэрэгжилт, үр дагаврыг үнэлэх асуудлыг мөн иргэдэд нээлттэй болгох боломжтой юу?
-Хууль батлагдсанаар тухайн асуудал бүрэн шийдэгдлээ гэсэн үг биш. Харин ч хууль амьдрал дээр хэрхэн хэрэгжиж, иргэдэд ямар үр дүн өгч байна, зорьсон үр дүндээ хүрч чадсан уу гэдгийг эргэн үнэлэх шаардлагатай. Эдгээр үнэлгээг бид бас ил тод байршуулсан. Тухайлбал, ямар хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний санг илүү хэрэглээнд оруулах ажлыг эрчимжүүлэх боломжтой болсон.
Ер нь “Нээлттэй парламент”-ын шинэчлэл нэг удаагийн ажил биш. Мэдээлэл, технологийн боломжоо ашиглан иргэдийн мэдэх эрх, оролцоо, хяналтыг үе шаттайгаар тасралтгүй сайжруулах үйл явц гэж ойлгож болно.
-Тэгэхээр “Нээлттэй парламент”-ын шинэчлэлийн үр дүнг эцсийн дүндээ юугаар хэмжих ёстой вэ?
-Миний бодлоор “Нээлттэй парламент”-ын шинэчлэлийн үр дүнг гурван үндсэн ойлголтоор дүгнэж болно. Нэгдүгээрт, иргэдийн мэдэх эрх. Иргэн өөрийн сонгосон төлөөлөгч юу хийж, ямар шийдвэр гаргаж, төрийн байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл авах эрхтэй. Хоёрдугаарт, иргэдийн оролцоо. Иргэд зөвхөн мэдээлэл хүлээн аваад зогсохгүй санал бодлоо илэрхийлж, хууль тогтоох болон шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжтой байх ёстой. Гуравдугаарт, төрийн хариуцлага. Иргэд мэдээлэлтэй болж, хяналт тавьж эхэлснээр төрийн байгууллага, албан тушаалтнуудын хариуцлага нэмэгдэнэ. Эдгээр гурван зүйл хоорондоо салшгүй холбоотой. Мэдээлэлгүйгээр хяналт тавих боломжгүй. Оролцоогүйгээр иргэдийн дуу хоолой шийдвэрт хүрэхгүй. Харин хяналт, оролцоогүй төрийн хариуцлага бодитой нэмэгдэхгүй. Тиймээс бидний зорьж байгаа зүйл бол зүгээр нэг шинэ цахим хуудас бий болгох биш. Харин иргэд нь мэдээлэлтэй, оролцоотой, төр нь ил тод, хариуцлагатай ажилладаг парламентын тогтолцоог бэхжүүлэх явдал юм.
М.Өнөржаргал
"Монголын үнэн" сонин