Залуу Лидер: Цэвэгмидийн Ганзориг
Ц.Ганзориг: “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд Монгол Улсад 53 үйлдвэрийг шинээр ашиглалтад оруулж, импортыг орлох 1000 гаруй бүтээгдэхүүн гаргаад байна
Ц.Ганзориг: “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд Монгол Улсад 53 үйлдвэрийг шинээр ашиглалтад оруулж, импортыг орлох 1000 гаруй бүтээгдэхүүн гаргаад байна
Харьяалагдсан салбартаа шинийг түүчээлэн, хөдөлмөрлөсөн хүн өсөн дэвшиж болдгийг харуулж яваа залуучуудаас сониныхоо энэ дугаарт Социал демократ Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Цэвэгмидийн ГАНЗОРИГИЙГ онцолж, “Залуу лидер” буландаа зочноор урьж, ярилцлаа. Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбоог тэргүүлээд удаагүй түүний хэтийн зорилго хүнд ээлтэй нийгмийг бүтээх юм.
-Хүн бүрийн бүтээж яваа түүх өөр, өсөж төрсөн газар, гэр бүлийн орчноос шалтгаалан эхлэл болгон нь харилцан адилгүй байдаг. Тиймээс ярилцлагын эхэнд таны бага нас нийслэлийн аль дүүрэгт өнгөрснийг, мөн хэр хөдөлгөөнтэй хүүхэд байсныг асууя гэж бодлоо?
-Миний хүүхэд насны дурсамж нийслэлийн Баянзүрх, Баянгол дүүрэгтэй холбоотой. Бидний багад одоогийнх шиг гар утас, тоглоом элбэг байсангүй. “Чулуу нүүлгэж”, гарааш дамжин гүйж харайж л цагийг ихэнхдээ өнгөрүүлдэг байжээ. Үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад би даруухан талдаа ч бас л дүрсгүй нь. Бусдад шоглуулахгүй хэмжээний хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Амьдралынхаа тэр үеэс олж авсан үнэ цэнтэй зүйлүүдийн нэг бол нөхөрлөл. Тоглож, ноцолдож өссөн найзуудтайгаа одоо ч нөхөрлөдөг. Насанд хүрч, бүгд өөр өөрийн замаар явж байгаа ч найзууд хэвээрээ.
-“Уйгагүй хөдөлмөрлөсөн хүнийг амьдрал шагнадаг” гэдэг. Ажил хөдөлмөрийн тухай таны ойлголт гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой юу, эсвэл та багаасаа сийрэг ухаантай хүүхэд байв уу?
-Юмны учрыг ойлгодог насан дээрээ ирэхээр хүн аав ээжээсээ ахин дахин мөнгө авах хэцүү санагддаг даа. Тэр үед надад ямар нэг бизнес хийж өөрийгөө сорих хүсэл төрсөн. Манай гэрийн хажууханд хэвлэлийн газартай. Баасан гаргийн орой бүр сонин хэвлэгдэнэ. Тэндээс хүүхдүүд телевизийн мэдээг 100 төгрөгөөр авч мөнгө нэмээд зардаг байсан юм. Энэ нь ч надад боломжийн санагдаж ээжээсээ мөнгө зээлж телевизийн мэдээ зарж үзэхээр шийдсэн. Гэтэл бусад хүүхэд шиг гадуур бариад явъя гэхээр санаа зовоод болдоггүй. Бодож байгаад орон сууцны хорооллоор, айлын хаалга тогшоод борлуулж болох санаа төрсөн. Ингэж би хэрэглээнийхээ мөнгийг өөрөө олж эхэлсэн. Анх ээжээсээ 20 мянган төгрөг зээлж авснаа буцааж өгөөд овоо хэдэн төгрөг цуглуулж чадсан юм. Дараагийн долоо хоногт нь найзтайгаа хамтраад нөгөө мөнгөөрөө илүү олон сонин худалдан авч мөнгөө хэд дахин нугалж олсон. Гэхдээ энэ ажил маань удаан үргэлжлээгүй.
-Яагаад, ойр зуурын мөнгөө олоод байх боломж байсан юм биш үү?
-Тэр жилийн өвөл би олон улсын “Найрамдал” зусланд амрахдаа нэг охинтой танилцсан юм. Хожим нөгөө охинтойгоо мессежээр харилцдаг болоод багагүй хугацаа өнгөрсний дараа нэг зүйл тохиолдсон нь дурсамжтай үйл явдал болсон /инээв/. Тэр үед телевизийн мэдээгээ борлуулж яваад нэг айлын хаалга тогштол нөгөө охин гарч ирж таарсан. Нүүр халуу төөнөөд, барьж явсан телевизийн мэдээнүүдээ хаяад гүйсэн дээ. Ингэж би анхны бизнесээ орхисон. Гэхдээ тэр үеэс “Би хичээвэл өөрөө мөнгө олж чадах юм байна” гэсэн бодол төрсөн.
2004 онд би 16 настай, Сү.Батболд дарга Гадаад харилцааны дэд сайдаас УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь ажиллах боломж олдсон. Куба улсын Элчингийн урд байдаг улаан байшин дахь сонгуулийн штабыг одоогийн УИХ-ын гишүүн Г.Дамдинням ахалж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ерөнхий менежерээр ажилласан юм.
Миний хувьд нэр дэвшигчийн ухуулга сурталчилгаанд ажиллаж, хашаа хайс будах зэрэг ажил хийдэг байсан. Бас болоогүй энэ ажлынхаа хажуугаар судалгаанд явдаг. Хүмүүсээс 30 асуулттай судалгаа авах ажил өдрийн 15 мянган төгрөгийн цалинтай байсан. Ингэж багаасаа хүн хөдөлмөрлөвөл заавал үр дүнд хүрдгийг мэдэх болсон. Гэхдээ эрт ажиллахад давуу талтай хэдий ч хүүхэд насны гоё мэдрэмжүүдийг алгасчихсан юм шиг санагддаг. Одоо бодоход өсвөр насныхаа ихэнх цагийг ажиллах, сурахад зарцуулсан байна. Би ес, аравдугаар ангиа зэрэг сураад 2004 онд бүрэн дунд боловсролтой болсон. Тэр үед элсэлтийн ерөнхий шалгалт авч эхлээгүй. Хүсвэл хэдэн ч сургуульд бүртгүүлээд үзэх боломжтой байсан үе.
ЭМЭЭГИЙНХЭЭ ҮРГЭЛЖЛЭЛ БОЛЖ ЗЭЭ ХҮҮ НЬ ТӨРИЙН ХҮН БОЛОХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛТЭЙ БОЛСОН
-Бидний багадаа санамсаргүйгээр хийсэн зарим сонголт хожим амьдралд нөлөөлөх хэмжээний байр суурь эзлэх нь олонтаа. Ялангуяа мэргэжил сонголтод ийм тохиолдол цөөнгүй байдаг?
-Би бага байхын л гадаад харилцааны чиглэлээр ажиллана гэж боддог байсан. Миний гэр бүл, эргэн тойронд энэ чиглэлээр ажилладаг хүн байгаагүй. Гэхдээ л хүүхэд байхаас эхэлсэн энэ бодол надаас салаагүй. Хожим төрийн байгууллагад ажиллахад ч бодолд уяатай явжээ. Гэр бүлийнхнээс аав маань 1986-1991 онд, хэсэг хугацаанд төрд ажилласан. Эмээ маань 1980-аад онд Эрүүл мэндийн сайд П.Нямдаваагийн нарийн бичгээр ажилладаг байсан юм. Би эмээтэйгээ уулзаж байгаагүй. Намайг төрөхөөс өмнө бурхан болсон ч эмээ шигээ төрийн хүн болохыг хүссэн.
Эмээг маань хүмүүс дурсаж ярихдаа тухайн үеийн Эрүүл мэндийн яамны мундаг мэргэжилтнүүдийн нэг гэж ярихыг сонсоод “Би төрийн хүн болох ёстой” гэсэн бодол суусан байх. Одоо улс төрийн намын дэргэдэх байгууллагын гишүүн, нийгмийн ажилд идэвхтэй байгаагийн шалтгаан нь ч үүнтэй холбоотой. Эмээгийнхээ үргэлжлэл болж зээ хүү нь төрийн хүн болох хүсэл эрмэлзэлтэй болсон.
2012 онд бакалавраа хамгаалчихаад хэсэг хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газар Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн, даргын туслахаар ажилласан. Тухайн үед эмээ шигээ “Төрийн байгууллагаас ажлын гараагаа эхлүүлж байна” хэмээн ихэд бэлгэшээн цаашдаа энэ чиглэлээр явах ёстой гэсэн бодол төрсөн юм.
-Тэгэхээр та багаасаа зорьсон мэргэжлээрээ сурч чадсан байх нь ээ?
-Олон улсын харилцаа, гадаад харилцааны чиглэлээр сурах зорилгоор шалгалт өгсөн ч санаснаар болоогүй. Тэнцсэн сургуулиудаасаа Төмөр замын дээд сургуулийг сонгон суралцахаар шийдэж байв. Тэнд замын инженерийн ангид сурч байхдаа тэтгэлгээр Хятадад суралцах боломжтойг мэдсэн. Хятадын улсын тэтгэлгийн сонгон шалгаруулалтаас Бээжингийн улсын сургуулийг сонгон шалгалт өгсөн ч тэнцээгүй. Гэхдээ тэр нь надаас шалтгаалаагүй. Шалгалт өгч эхний шатандаа тэнцээд ярилцлага өгнө гэсэн боловч өмнөх өдөр хаанаас ч юм нэг хүн залгаад “Мөнгө өгвөл тэнцүүлнэ” гэсэн. Угаасаа шударга бус зүйлд дургүй болохоор юу болсныг мэдэгдэж эсэргүүцлээ илэрхийлэхээр шийдсэн. Оюутны зөвлөлийн дарга байсан учраас хэнтэй уулзаж, хаана хандахаа гадарлахтайгаа. Эхлээд Монголын оюутны холбооныхонтой уулзаад Хятадын Элчин сайдын яам руу үүсэн нөхцөл байдалтай холбоотой албан бичиг явуулсан. Элчингийн гадаа жагсана гэдгээ хэлсэн хэрэг л дээ. Тэгсэн хэсэг хугацааны дараа над руу утсаар залгаад Хөх хот руу 100 оюутан явуулдаг гээд ярьж байна. Ямар ч байсан урьд нь хэл ам хийгээд байсан нөхөр гээд мэдэж байгаа шүү дээ. Энэ нөхрийг явуулж амыг нь хаахгүй бол дараа нь олон юм ярина гэж бодсон уу намайг шалгалтад орохыг зөвлөсөн юм.
-Мэдээж шалгалтдаа тэнцсэн байх. Харин энэ удаа ямар мэргэжил сонгосон бэ?
-Тээврийн инженер, бизнесийн удирдлага гэсэн хоёр ангиас бизнесийг нь сонгосон. Яагаад гэвэл, багаасаа бага зэрэг наймаа хийгээд бизнес эрхлэх сонирхол ихээр төрдөг болсон байсан. Ингэж би 2006 оны намар Хөх хот руу бизнесийн удирдлагын чиглэлээр сурахаар явсан. Очоод Өвөрмонголын Багшийн их сургуульд хэлний бэлтгэлд сурч, дараа нь Өвөрмонголын Аж үйлдвэрийн сургуульд үргэлжлүүлэн бакалавраа хамгаалсан. Тэнд сурч байгаа Хөх хот дахь Монгол оюутнуудын холбоог удирдаж байлаа.
-Хятадад сурч байхдаа хувь хүнийхээ чадварыг харуулсан учраас Тянжиний олон улсын уул уурхайн биржид ажиллах урилга авсан байх. Их далайн захад байсан хүн гүн рүү орох тусам өөрийгөө чамлаж байв уу?
-23 настай залуу олон улсын биржид ажиллах урилга аваад өөрөөрөө бахархана биз дээ. Гэтэл яг ажлын байрандаа очиход анхны сэтгэгдэл өөрчлөгдсөн. Хятад ажилтнуудтай адил нэг зарчмаар төлөвлөгөө, хуваарийн дагуу явах хэцүү. Ажлын гүйцэтгэлээр цалин авдаг учраас “Мэдэхгүй” гээд хойш суух цаг хугацаа ч байгаагүй. Гэхдээ тэнд маш их зүйл сурсан. Тянжиний олон улсын уул уурхайн биржид ажиллаад үүрэг хариуцлага гэдэг зүйлийг ойлгосон. Тэнд Ганзориг гэхээсээ илүү Олон улсын хэлтэст ажиллаж байгаа монгол хүн гэдэг өнцгөөс хүмүүс намайг хардаг. Энэтхэг, Казахстан, Киргызстан зэрэг улс орноос ажиллаж байгаа хүмүүсээс хэн нь идэвхтэй, сайн ажиллаж байна вэ гэдгийг ажиглана. Хэн нь өглөө ажилдаа эрт ирж байна. Хэнийх нь ажлын бүтээмж илүү байна гэх зэргээр үнэлж дүгнэдэг байсан юм. Тийм орчинд хүн илүү хичээж эхэлдэг юм билээ. Монгол ажилтан нь илүү гэж харуулахын төлөө хичээсэн. Монголынхоо төслүүдийг биржид яавал оруулж болох талаар нөхцөлүүдийг судална. Түүнийгээ монголчууддаа танилцаад харилцан мэдээлэл солилцох байдлаар тэнд дөрвөн жил ажилласан. Хэд хэдэн ажлын ард гарсан. Гэхдээ л миний бодсон шиг том төслүүд явахгүй байсан учраас санаа зовоод ажлаасаа гарах тухай бодсон. Биржийн талаас намайг үргэлжлүүлэн ажиллуулах саналтай байгаагаа хэлсэн ч миний бодол өөр байсан юм. Өөрийн боломжоороо үргэлжлүүлэн тусалж явахаа хэлээд 2016 онд өргөдлөө өгч биржийн ажлаасаа гарсан.
-Цалингаа аваад, чадахаа хийгээд явахад л хангалттай байсан юм биш үү?
-Биржид монгол компани гарах ёстой ч тийм бодит үр дүн гараагүй юм. Энэ нь миний хувьд хүнд байсан. Гэхдээ нэг ололттой тал нь тэнд ажиллаж байхдаа магистрын зэргээ хамгаалсан. Улмаар 2016 онд Монголд ирж зорьсон ажлынхаа эхлэлийг тавьсан.

“МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” ГЭСЭН ШОШГОТОЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ ЗОРИЛГО МААНЬ ОДОО Ч ХЭВЭЭРЭЭ
-Тухайн үед ажил хэрэг болчихоор ямар бизнесийн санаатай Монголд ирж байв?
-Би уул уурхайн төсөл хэрэгжүүлж чадахгүй юм бол Монголын ямар нэгэн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргана гэсэн зорилготой. Гэхдээ ямар бүтээгдэхүүн байхыг судлах шаардлагатай байсан учраас ажлаа эхлүүлсэн. Хятадаас нэг юм авчирч угсраад монгол брэнд гэхээр учир дутагдалтай. Тэгвэл хайж байгаа зүйл маань зөвхөн Монголд байдаг байх ёстой. Ийм бодлоор эрлээ үргэлжлүүлсээр хуш модны самрыг зохист хэмжээгээр нь эцсийн бүтээгдэхүүн болгон импортлох боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ нь түүхий эдийн хараат бус экспорт болох юм байна гэж бодсон. Зорилго нь олон улсын дэлгүүрийн лангуун дээр “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүнийг гаргах, танилцуулах байсан юм. Энэ зорилго маань одоо ч хэвээрээ л байгаа.
-Бүтээгдэхүүнээ зорьсноороо импортолж, тодорхой зах зээлүүдэд таниулж чадсан уу?
-Байгалиас хамааралтай болохоор биднээс үл шалтгаалах асуудал тулгардаг. Таны хэлсэн үр дүнд гүйцэд хүрээгүй ч бизнесийн туулах ёстой замынхаа 60 хувийнх нь ард гарчихаад байна. Мөн өнгөрсөн хугацаанд салбарынхаа нэлээд хэдэн ажлыг амжилттайгаар голдиролд нь орууллаа. Хэдийгээр бидний бүтээгдэхүүн Хятадын олон улсын дэлгүүрүүдийн лангуун дээр хараахан гараагүй ч ажил урагштай яваа. Өнгөрсөн хугацаанд хийж байгаа зүйл маань бүх нийтийнх байх ёстой гэдгийг ойлголоо. Бизнесээ эхлүүлсэн хүмүүс цаг хугацаа алдахгүйгээр миний гаргасан замаар яваасай. Миний загвараар дараа дараагийн монгол бүтээгдэхүүн гаднын зах зээлд хурдан гарах боломжийг нээсэн. Тэр агуулгаараа Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооныхны бүтээгдэхүүнүүд Хятадын зах зээлд тун удахгүй байршаад явна гэдэгт итгэлтэй байна.

2027 ОНД БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНД 30 ГА ГАЗРАА ХЭРХЭН НӨХӨН СЭРГЭЭСНЭЭ ТАНИЛЦУУЛНА
-Тантай ах танилцахдаа мод тарьж байгааг сонссон ч итгээгүй. Яагаад гэвэл өнөөдрийн нөхцөлд, арчилгаа хийхгүй бол ургахгүй гэж бодсон хэрэг. Гэтэл таны эхлүүлсэн ажлын үр дүн эхнээсээ гараад эхэлжээ?
-Би багаасаа л мод тарьсан. Хүүхэд байхдаа хашаандаа тарьсан модод надаас ч өндөр болсон байна. Самрын бизнес рүү орохын өмнө тусгай зөвшөөрөл авдаг. Байгалийн баялаг ашиглах эрхтэй болохоос өмнө заавал мод үржүүлэх, ойжуулах зөвшөөрөл авсан байх ёстой гэдэг шаардлага тавьсан. Энэ хүрээнд зөвшөөрөл авч бизнесээ эхлүүлсэн. Гэхдээ би ой мод руу ороод эмзэглэдэг. Би моддыг нүдэж гэмтээгээгүй ч далд нөлөөгөөр би нүдүүлээд байгаа. Би самар худалдаж аваад байгаа учраас хүмүүс олноороо түүгээд байна шүү дээ.
Тиймээс 2024, 2025 онд хэдийгээр самар түүх эрхийг улсаас олгосон ч манай компани аваагүй. Яагаад гэвэл нөхцөл байдал ямар гэдгийг би мэдэж байгаа учраас тэр. 2024 оны наймдугаар сарын 1-нээс би худалдаанд байгаа бүтээгдэхүүнүүдээ татаж авсан. Угаасаа манай компани бараг нөөцгүй юм чинь байгааг нь захиалагчдадаа өгье гэж шийдсэн юм.
Гэхдээ бид мод тарих ажлаа үргэлжлүүлсээр байгаа. Богдхан уулын Чулуутын аманд 30 га газрыг нөхөн сэргээх зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулснаас хойш ажил үргэлжилж байна. Үргэлжилж байна гэдэг нь модыг суулгаад өнгөрөх бус арчилгаа, услах ажлыг хийгээд явж байна гэсэн үг юм. Бид дараа жил буюу 2027 онд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 30 га газраа хэрхэн нөхөн сэргээснээ танилцуулна.
Харин орон нутгийн хувьд сум дундын ойн ангиудтай хамтарч мод тарих төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж байна.
-Ярилцлагын сэдвийг таны залуучуудын байгууллагатай холбогдсон асуултаар үргэлжлүүлье. Яг хэдэн онд СДМЗХ-ны гишүүн болсон бэ?
-2006 онд одоогийн УИХ-ын дарга С.Бямбацогт МАСОХ-ны Ерөнхийлөгч болж байхад анх удаа Удирдах зөвлөлийн гишүүн болж намын дэргэдэх залуучуудын байгууллагад элсэж байсан. Гэхдээ удалгүй Хөх хотод сурахаар болж хэсэг хугацаанд холбооныхоо үйл ажиллагаанд биечлэн оролцож чадаагүй. Улмаар 2019 онд Ерөнхий сайд Н.Учрал НАМЗХ-г тэргүүлэн хуралдахад Бага хуралд оролцсоноос хойш холбооноос зохион байгуулсан ажилд идэвхтэй оролцож, зарим үед боломжоороо тусалж дэмжээд явж байна. Товчхондоо, холбооныхоо Удирдах зөвлөлийн гишүүнээр таван жил, 2019 оноос Бага хурлын гишүүнээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

-Танд энэ холбооны гишүүн болох ямар зорилго, шалтгаан байсан бэ?
-Би ардчилсан нийгмийн бүтээгдэхүүн. Гэхдээ яг өнөөдрийг харахад МАН нь АН-аасаа илүү ардчилсан байгаад байна. Би гурван охинтой. Нийгмийн нөхцөл байдалтай холбоотойгоор стрессдэх гээд байдаг үе надад бий. Бид яагаад хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлэхийн тулд хаа хол байдаг төлбөртэй сургуульд өгөх ёстой юм бэ. Яагаад гэртэйгээ ойр сургуульд, аюулгүй орчин сурах нөхцөлийг нь бүрдүүлэн өгч чадахгүй байгаа юм бэ. Ганц өөрийн гэлтгүй бусдын хүүхдийг ч аюул мэдрэхгүй орчинд өсгөж хүмүүжүүлмээр байна шүү дээ. Цаашлаад Улаанбаатар хотын хаана ч амьдарсан адилхан боловсрол эзэмших боломжийг бүрдүүлмээр байна. Дээр нь хүүхдүүдийн амьдралын ялгаа бага байх нийгмийг цогцлоохыг би хүсдэг. Ийм бодолтой учраас эргэн тойронд байгаа зүйлийг өөрчилж, хүүхдүүдийг баярлуулж туслах зэргээр хувь хүнийхээ хувьд тодорхой үйлдлүүд хийсэн. Гэхдээ би ганцаараа ингэж хийгээд нийгэм, нийтэд нөлөөлж чадахгүй юм байна. Ямар нэгэн хамтын байгууллагад орох ёстой юм байна. Тэр нь СДМЗХ юм байна гэдгийг ойлгосон. Энэ байгууллагын үйл ажиллагаатай танилцахад надтай адилхан үзэл бодолтой залуус байсан. Тэд яавал энэ нийгмийг иргэндээ ээлтэй, аюулгүй, тав тухтай, амар амгалан болгох вэ. Хэрвээ тийм зүйлийн төлөө ажиллаж, зорьж байгаа бол гар бие оролцъё гэдэг. Ганцаараа хийж байсан ажлаа арвуулаа хийвэл үр дүн өөрчлөгдөнө. Магадгүй олон нийтэд эерэг нөлөө үзүүлж болох юм байна гэж бодсон юм. Энэ нь ч маш зөв сонголт болсон. Эргээд харахад бодол, санаа нэгтэй найзуудтайгаа олон эерэг ажлыг хийж чадсан байна.

ЦӨӨН САНАЛААР ЯЛАГДАХААР УЛАМ ИХИЙГ ХИЙЖ БҮТЭЭХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ ТӨРДӨГ ЮМ БИЛЭЭ
-Бизнес хийдэг хүмүүс эрх ашгаа хамгаалах, өөрт таатай орчныг бүрдүүлэхийн төлөө эрх мэдэл рүү тэмүүлдэг гэж хүмүүс харддаг?
-Надад төртэй холбогдох ямар нэгэн бизнес байхгүй. Олон улсад экспортын чиглэлээр явж байгаагийн хувьд цаг зав маш чухал. Дан ганц бизнесээ хийгээд явахад амархан. Гэхдээ бид хүнд ээлтэй нийгмийн бий болгож үр хүүхдүүддээ үлдээхгүй бол тэдний үед юу болох бол гэсэн айдас надад төрдөг.
Тиймээс улс орон сайхан байх хэрэгтэй. Нийгэм маань эрүүл аюулгүй, хүн бүр аз жаргалтай байх ёстой. Надад нийгмийг өөрчлөхөд чадах зүйл байгаа гэдэгт би итгэдэг. Тиймээс би оролцоотой байх ёстой. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг дээ. Миний хувьд тодорхой боловсрол эзэмшиж, гэрээ бүлээ аваад явж чадаж байна. Одоо нийгмийн сайн сайхны төлөө чадах зүйлээ хиймээр байна. Гэхдээ зөвхөн би чадна гээд байх биш, миний хийх зүйлийг олонх маань зөв гэж бодож, зөвшөөрдөг байх ёстой болов уу.
Би 2024 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-д нэр дэвшээд есөн саналаар ялагдсан. Цөөн саналаар ялагдахаар улам ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл төрдөг юм билээ /инээв/.
-Гэхдээ их туршлага хуримтлуулсан байх?
-Тухайн үед надад санал тавьсан Н.Учрал даргад би маш их баярладаг. Намайг өрсөлдөж чадна гэж итгээд квот олгосон. Үнэхээр ч их туршлага хуримтлуулсан. Ялангуяа ялагдсан нь оносон гэж сүүлд нь бодох болсон. Одоо надад Сүхбаатар дүүргийн тодорхой хэсгийн асуудлуудыг шийдвэрлэх шийдэл нь байна. Гэхдээ заавал улсын төсвийн хөрөнгө мөнгөөр шийдвэрлэх бус иргэдтэйгээ хамтарвал шийдэл нь байдаг юм байна гэдгийг энэ сонгуульд оролцоод олж харсан. Би тухайн үед нэг оффис түрээслээд өрсөлдсөн тойрог дээрээ амьдарсан шүү дээ. Хүний хөл тасрахгүй. Өглөө бүр 06.30 цагт өөрийгөө танилцуулаад, нэрийн хуудсаа өгөөд зогсоно. Би чинь хорооныхоо бүх модыг хүртэл тоолсон хүн. Манай есдүгээр хороонд ердөө 73 ширхэг модтой, ногоон байгууламжгүй. Авто зогсоолын асуудлыг ч эвтэйхнээр шийдэх боломжтой гарч гаргалгаа байгааг олж харсан.
-Цаг хугацааны хувьд танд бодож, төлөвлөж байгаагаа хэрэгжүүлэх боломж байна. Шийдэл байгааг яриад орвол дэмжих Ерөнхий сайд, хотын дарга ч байгаа. Бас өнгөрсөн хугацаанд цаашид юунд анхаарахаа бодож төлөвлөсөн болов уу?
-Би тасралтгүй суралцаж байна. Залуучуудын байгууллага, найзууд дундаа орохоор өөрийгөө чамладаг. Найзуудынхаа сайн дадлаас аль болох суралцахыг хичээдэг юм. Хэн нэгнээр юм заалгахаас илүүтэй найзуудаараа заалгаж суралцсан зүйл ой тойнд гүн тогтдог юм байна. Яг одоо Монголын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний холбооныхоо ажилд анхаарч байна. Холбоог удирдахад эдийн засгийн мэдлэг зайлшгүй шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн суурь онолыг унших, холбогдох хуулийг илүү нарийвчлан судлахад цаг хугацаагаа зарцуулж байна.
-Та жижиг, дунд үйлдвэрлэлийн сайн мууг мэдэх хэмжээний энэ салбарт ажилласан туршлагатай. Гэхдээ өөрөө энэ том холбоог удирдаад эхлэхээр харах өнцөг өөрчлөгдөж байна уу?
-Манай холбоо “Чинээлэг дундаж давхаргатай Монголын төлөө” гэдэг уриатай. Энэ хүрээнд би холбооныхоо Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо экспорт, импорт, төрийн худалдан авалтын хүрэээнд хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэж танилцуулсан. Манай улсын хувьд экспорт маш чухал. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллагууд өнөөдөр томоохон аж ахуйн нэгжээ гүйцэх хэмжээний хөгжиж байна. Бүтээгдэхүүнийг нь экспортод гаргахад хаана ч гологдохгүй. Хамгийн гол нь тэдний замыг нь зөв тавьж өгөх эхний асуудал юм. Удаах нь бид импортоор олон төрлийн түүхий эд авч байгаа. Тиймээс импортын барааг хэн нэгнээр дамжихгүйгээр буюу Хятадын үйлдвэрүүдтэй холбож чанартайг нь харьцангуй хямд үнээр худалдан авах нөхцөлийг бүрдүүлж болно. Үр дүнд нь хэрэглэгчдийн гар дээр ирэх бүтээгдэхүүний үнийг бууруулах боломжтой.
Төрийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэлийг сонгоход чиглүүлж, анхааръя. Төр яг юу худалдан авах гээд байгаагаа тодорхой болговол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бид цаг хугацаа хожиж бүтээгдэхүүний хөгжүүлэлт, үйлдвэрлэх үйл явцдаа анхаарч, шинэчлэх боломж бүрдэнэ.
Дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, адил хэрэгцээт импортын бараанаас үнэтэй байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ дотоодын үйлдвэрлэлийн цаана олон хүнийг ажлын байртай болгож байна. Мөн бүтээгдэхүүнийг цаашид илүү хөгжүүлэх суурь тавигдаж байгааг анзааралгүй өнгөрч болохгүй. Энэ бол ашгаар хэмжигдэхгүй өгөөж юм. ЖДҮ салбарт 700 мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Гэтэл эдгээр хүмүүст хандсан алдаатай бодлого цөөнгүй байдаг. Тэдгээр бодлого тухайн цаг үедээ үүргээ гүйцэтгэсэн. Гэтэл түүнээс хойш бүх зүйл өөрчлөгдөөд байна. Манай салбарын хууль 2019 онд батлагдсанаас хойш багагүй зүйл өөрчлөгдсөн. Тухайлбал, 2019 онд
2.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой 200 хүртэлх ажилтантай бол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж тодорхойлсон. Гэтэл тухайн үеийн 2.5 тэрбум төгрөг өнөөдрийнхөөс ялгаатай. Нэлээд борлуулалттай найман нэрийн барааны дэлгүүрийн жилийн орлого 2.5 тэрбум төгрөгөөс давж байгаа. Тэгвэл үүнийг ямар аж ахуйн нэгж гэх вэ. Тэгэхээр энэ мэтчилэн асуудлууд байна.
Н.Учрал сайд өнгөрсөн хавар Татварын хуульд “салхи орууллаа”. Хөдлөхгүй байсан юмыг хөдөлгөж чадсан. Тооцоо судалгаа хийхэд татварын шаталсан хэлбэрээр яваад улсын төсөвт хоёр орчим их наяд төгрөгийн алдагдал үүснэ гэж харж байгаа юм билээ. Жижиг, дунд болон том аж ахуйн нэгж дээр шаталсан татварынхаа хуулиар хөнгөлөлтөөс 250 тэрбум төгрөг үлдэж байгаа юм. Энэ мөнгөний өгөөж улсад байхад нэг өөр, хувийн хэвшилд байхад ондоо зүйл яригдана.
Ер нь холбооныхоо хувьд хууль эрхзүй, санхүүгийн боломжууд, ялангуяа хөнгөлөлттэй зээлийн асуудлуудад цогцоор нь орно. Гишүүн байгууллагуудтай илүү бодлого руу анхаарна. Төрд гаргаж байгаа шийдвэр жижиг, дунд үйлдвэрийн хаалгаар орох хэмжээнд бодлого руу анхаарч ажиллахаар зорьж байна.
Манай үйлдвэрлэгчдэд ийм боломж олгох юм бол бид түүгээр ийм баялгийг бүтээе. Энэ нь цаашилбал улсад ийм давуу талыг бий болгоно гэж. Одооны манай ЖДҮ эрхлэгчид компаниа үүсгэн байгуулсан, нэгдүгээр үеийн амьдрал ойлгодог хүмүүс байдаг. Бараг сэтгэлзүйчид, ажилчдаа ойлгодог. Өөрсдөө тэдний зовлонг туулсан болохоор дандаа амьдрал ойлгодог хүмүүс байна. Хөдөлмөрлөөд өдийг хүрсэн болохоор эргээд ЖДҮ-ийн захирлууд нийгэмд олон эерэг өөрчлөлтийг авчрах боломжтой гэж би хардаг. Цалин өндөр, чанартай ажлын байрыг бий болгоно. Олон хүнийг ажлын байртай байлгана. Ажилтай байлгана гэдэг нь миний бодлоор тухайн хүнийг муу зүйл, муу бодлоос хол байлгана.

АРД ИРГЭД МААНЬ ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
-ЖДҮ эрхлэгчдийн хувьд таатай мэдээ байвал бидэнтэй хуваалцаач?
-Манай “Бурамхан” нэртэй брэнд Хятад руу чихрээ экспортлох гэж байна. “Тод”, “Янмал” брэнд дэлхийн 10-аад улсад бараа бүтээгдэхүүнээ экспортолдог. Европын орнуудаас эдгээр үйлдвэрүүдээр захиалгаар бүтээгдэхүүн хийлгэж байна. Тэгсэн хэрнээ захирлууд нь үнэхээр даруухан. “Ургана” брэнд дотоодын ахуйн хэрэглээгээ хангахад тодорхой байр суурь эзэлж байна. Монгол Улсад анхны оо-г хийлээ. Ингэж манай ЖДҮ эрхлэгчид импортыг орлох бүтээгдэхүүнүүд хийж байна. Манай анхны бүтээгдэхүүнүүд үзэмжийн хувьд өнгө зүс тааруу байсныг үгүйсгэхгүй. Харин одоо импортын бараа бүтээгдэхүүнээс дутахааргүй болсон. Тиймээс эх оронч худалдан авалтыг ард иргэд хийх хэрэгтэй байна. Бүтээгдэхүүн авч байгаа хүн нэг хүнийг ажлын байртай байхад нь дэмжиж байна гэж бодоод худалдан авалтаа хийх хэрэгтэй. "Хүнсний хувьсгал" хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн жилүүдэд Монгол Улсад 53 үйлдвэрийг шинээр ашиглалтад оруулж, импортыг орлох 1000 гаруй бүтээгдэхүүн гаргаад байна.
-Эцэст нь, таны амбиц, юуны төлөө зорьж явааг асууж ярилцлагаа өндөрлөе.
-Энд хувь хүний амбиц сонин биш. Нэг найз маань “Хамт олон, хүрээлэл, найз нөхөд дэмжсэн тохиолдолд ямар ч ажлыг би нугалаад, аваад гарч ирж чадна” хэлдэг юм. Тэгэхээр хэрвээ холбооны найз нөхөд, эргэн тойрны хүмүүс надад итгээд хийж чадна гэвэл би бүхий л шатанд ажиллахаар өөрийгөө бэлдэж чадсан гэж л хэлье дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
"Монголын үнэн" сонин