МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › Хятадын хөгжлийн замнал ба түүхэн дурсам...

Хятадын хөгжлийн замнал ба түүхэн дурсамж

ХКН байгуулагдсаны 105 жилийн ойгоор “Урт аян”-ы мөрөөр аялсан нь

Үнэн
Админ

Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны яамны урилгаар Монголын төлөөлөгчид бид 20 орны төлөөлөгчөөс бүрдсэн багт багтаж тус улсын өмнөд хэсгээс хойд зүгийг чиглэн аялж, энэ онд 90 жилийн ой нь тохиож буй “Урт аян”-ы түүхэн замналын хамгийн чухал цэгүүдтэй танилцав. 
Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Жянши мужийн Юйду голын эрэгт 1934 оны аравдугаар сард цугларсан Улаан армийн 86 мянга орчим цэрэг юу бодож байсныг өнөөдөр төсөөлөхөд бэрх. Тэдний зорилго бол Гоминданы урвагч хүчний бүслэлтээс гарч, улс орныхоо төлөө тэмцэх явдал байв. Гоминданы тал Улаан армиас арав дахин их цэрэгтэй байсан бөгөөд түүнийг бүслэн устгахын тулд асар их хүч дайчилжээ.


Тухайн үед бүслэлтээс гарах оролдлогод оролцсон цэргүүдийн цөөнгүй нь энэхүү эрсдэлтэй ажиллагаа Хятадын нутаг дэвсгэрийг дамнан үргэлжлэх 12,500 километр орчим урт аян болж хувирна гэж төсөөлөөгүй биз ээ. Түүнчлэн тухайн үеийн тактикийн ухралт нь хожмын Улаан армийн ялалт, Хятадын хувьсгалын стратегийн суурь болж, 90 жилийн дараа ч үндэсний эв нэгдэл, урам зориг, хөгжил дэвшлийн төлөөх хамтын тэмцлийн бэлгэдэл болон үлдэнэ гэдгийг хэн ч урьдчилан таамаглаагүй байх. Улаан армийн гол хүч “Урт аян”-аа эхлүүлсэн Юйду голын эрэгт очиход уг ажиллагаа ямар өргөн цар хүрээтэй байсныг ойлгоно. Хэдэн зуун метр өргөнтэй голыг цэргүүд шөнийн харанхуйд загас агнуурын завинуудыг холбон хийсэн хөвөгч гүүрээр гаталжээ. Тэд хувьсгалт армид шаардлагатай зэвсэг, хүнс төдийгүй хүнд хэвлэх төхөөрөмж хүртэл авч явсан байна. Өнөөдөр гол гаталсан тэр газарт хөшөө дурсгал, дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, музей байгуулжээ. Голын эсрэг эрэгт “Урт аяны сүнс мөнхөд оршино” гэсэн бичээс томоор харагдана. Хөшөөний өмнөх талбайд хэдэн зуун хүн цугларчээ. Тэд Хятадын Коммунист намд үнэнч байх тангаргаа дахин өргөж байна. Учир нь, өнөөдөр долдугаар сарын 1 буюу Хятадын Коммунист нам байгуулагдсаны 105 жилийн ойн өдөр. 


Жянши мужийг Хятадын хувьсгалын өлгий нутаг хэмээн үздэг. Юйду хотоос 75 орчим километрийн зайд орших Жүйжин хотод 1931 онд Бүх Хятадын Зөвлөлүүдийн анхдугаар их хурал болжээ. Тус хурлаар 600 гаруй төлөөлөгч Хятадын Зөвлөлт Бүгд Найрамдах Улсыг байгуулсан аж. 
Үүнд зориулсан хөшөө дурсгал ч олон байна. Жишээлбэл, Епин дүүрэгт их хурлын хуралдааны танхимаас гадна тухайн үеийн “Улаан Хятад” мэдээллийн агентлагийн хуучин байрыг үзэж болно. Энэ байгууллага нь өнөөгийн Хятадын мэдээллийн томоохон байгууллага болох “Синьхуа” агентлагийн өмнөх бүтэц байжээ. Мөн асар том сум хэлбэртэй хөшөө нь Улаан армийн амь үрэгдсэн цэргүүдийг дурсан хүндэтгэхэд зориулжээ. 


Бас, Епинээс хэдхэн километрийн зайд орших Шачжоуба дүүргийг зорих хэрэгтэй. Тэнд жирийн нэгэн жижиг худгийг үзэж болно. Мао Зэдун Улаан армийн дайчид болон нутгийн иргэдийг хамруулсан хамтын ажиллагаагаар уг худгийг гаргуулж, тариачдын усан хангамжийг сайжруулах арга хэмжээ авчээ. Энэхүү худаг нь “улаан аялал жуулчлал”-ын гол цэгүүдийн нэг болжээ. Бид ч мөн тэнд түр саатан, худгийн уснаас амсаж үзэв.
Ойролцоох барилгад хувьсгалын үеийн боловсролын хөдөлгөөнийг дурсах Лениний нэрэмжит сургууль байрлаж байсан бөгөөд өнөөдөр музей болон үйл ажиллагаагаа явуулж байна.
Асар уудам нутаг дэвсгэртэй, олон зуун сая хүн амтай улсын түүхэнд ийм жижигхэн худаг ямар их ач холбогдолтой байж болох вэ гэж гайхаж магадгүй. Гэвч энд усны эх үүсвэрээс илүү өргөн утга агуулга бий. Энэ бол хөдөөгийн иргэд, хувьсгалчдын хооронд тогтсон харилцааны бэлгэдэл юм. Ийнхүү жижигхэн худаг нь өнөөгийн Хятадын эрчимтэй өсөлт, ард иргэдийн амьдралын түвшин дээшилсэн байдал, мөн түүхэн өвөрмөц өөрчлөлтөөс үүдсэн зөрчил, сорилттой холбогдох бэлгэдэл болон хувирчээ.
Бид “Хувьсгалын өлгий”-өөс цааш хөдөлж, Гуйжөү мужийг зорилоо. Харин “Урт аян”-ы үеэр Улаан армийн цэргүүдийн туулсан 2,000–2,500 километр урт замыг явганаар туулахын оронд онгоцоор нисэв.

 


Хэдхэн арван жилийн өмнө Гуйжөү нь Хятадын хамгийн ядуу мужуудын нэг, уулсаар хүрээлэгдсэн газар зүйн онцлогоос шалтгаалан бусад бүс нутгаас харьцангуй тусгаарлагдсан, хүрч очиход ихээхэн хүндрэлтэй нутаг байжээ. Өнөөдөр Гуйжөү мужид 9.2 сая гаруй хүн ядуурлаас гарч, амьдрахад тохиромжгүй бүс нутгаас ойролцоогоор хоёр сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Одоо мужийн томоохон хотууд бүгд өндөр хурдны төмөр замын сүлжээнд холбогдож, авто зам болон нисэх онгоцны буудлаар дамжин бусад бүс нутагтай харилцах боломжтой бөгөөд тус муж нь асар том хэмжээний өгөгдөл боловсруулах төвүүд буюу дата төвүүд хамгийн олноор төвлөрсөн бүс нутгуудын нэг болжээ. 
Автономит жолоодлогын системийг ашиглах чиглэлээр ч нэлээд ахиц гарсныг бид мужийн төв Гүйян хотод жолоочгүй явдаг жижиг оврын “Төмсөн автобус”-аар зорчихдоо өөрсдийн нүдээр үзэв. Уг автобус хотын хөдөлгөөн дунд жолоочийн шууд оролцоогүйгээр явж байлаа.


Мужийн Гадаад харилцааны газарт бид Хятадын таван жилийн төлөвлөгөөнд туссан зорилтуудыг Гуйжөү мужийн түвшинд хэрхэн хэрэгжүүлдэг талаар мэдээлэл авлаа. Хөгжил, шинэчлэлийн комиссын төлөөлөгч хөрөнгө оруулалтын олон чиглэлт стратегийн талаар танилцуулав. Эдийн засгийн бодлогод экологийн асуудлыг авч үзэж буй байдал ч онцгой анхаарал татав. Байгаль орчны бүрэн бүтэн байдлыг хамгаалах нь шаардлагатай үнэт зүйл төдийгүй үйлдвэрлэлийн чухал хүчин зүйл гэж үздэг байна. Ой мод, байгалийн ландшафтыг хамгаалах нь сэргээгдэх эрчим хүч рүү шилжихтэй адил хөгжлийн төлөвлөгөөний биелэлтийн нэг хэсэг ажээ.


Бид аяллынхаа турш ийм хандлагатай олон удаа таарсан. Хөдөөгийн тариаланчидтай ярилцахад ч, мужийн намын удирдах ажилтнуудтай уулзахад ч Хятадын дарга Ши Жиньпиний олон удаагийн илтгэл, бичвэртээ дэвшүүлсэн хүн төрөлхтний “Хувь заяаны хамтын нийгэмлэг” гэсэн үзэл санаа, “Экологийн соёл иргэншил” байгуулах зорилгыг онцолж байлаа. Энэ үзэл санаа нь зөвхөн зайлшгүй шаардлага бус, бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх ёстой зорилт хэмээн төрийн болон намын байгууллагын олон түвшинд ойлгогдож байгаа нь ажиглагдав. Тиймээс ч бидний очсон газруудад байгаль орчныг хамгаалах, экологийн ахиц дэвшлийг танилцуулахад ихээхэн анхаарч байлаа.
Гуйжөү мужид “Урт аяны” үеийн хамгийн чухал хурлуудын нэг болсон Зуньи хот бий. 1935 оны нэгдүгээр сард Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны өргөтгөсөн хурал энд болжээ. Хурлын гол зорилго нь цэргийн ажиллагаа, байгууллагын удирдлагад тулгарсан нэн яаралтай асуудлуудыг шийдвэрлэх явдал байв.
Улаан арми бүслэлтээс гарахдаа асар их хохирол амссан байлаа. Сянь голын орчимд Гоминданы хүчний байгуулсан хориглолттой тулгарч, хэдэн өдрийн турш ширүүн тулалдаж, эцэст нь бүслэлтийг сэтэлж чадсан ч Улаан арми цэргүүдийнхээ ойролцоогоор гуравны хоёрыг алдсан байна. Зуньи хотод болсон хурлаар өмнөх цэргийн ажиллагааны алдаа, дутагдлыг хэлэлцсэн байна. Хурлын төгсгөлд Жоу Эньлайг Ерөнхий командлагчаар баталгаажуулж, Мао Зэдун Улс төрийн товчооны Байнгын хорооны бүрэлдэхүүнд орсон байна. Харин өмнөх удирдагчид болох Бо Гу, Ван Мин болон Москвагаас цэргийн зөвлөхөөр илгээгдсэн Германы коммунист Отто Браун нарыг буруу шийдвэр гаргасных нь төлөө хариуцлага хүлээх ёстой гэж үзжээ.


Нам цэргийн стратегийн алдаагаа хүлээн зөвшөөрч, цаашдын ажиллагааг өөрчлөх нөхцөлийг ийнхүү бүрдүүлсэн байна. Гэвч амсхийх зав байсангүй. Хурлын дараа Улаан арми Зуньи хотоос дахин хөдөлж, ойролцоогоор 30 мянган цэрэгтэй үлдсэн байв. Тэдний эсрэг Гоминданы 400 мянга орчим цэрэг тулалдаж байсан бөгөөд коммунист хүчнийг бүслэн устгах бодлогоо үргэлжлүүлжээ.
Ийм нөхцөлд Маогийн удирдсан хувьсгалчид цэргийн онцгой чадвараа харуулсан аж. 1935 оны нэгээс гуравдугаар сарын хооронд тэд Чишүй голыг дөрвөн удаа гаталж, дайсныг төөрөгдүүлсэн маневр хийжээ. Бүслэлтээс гарах гэж байгаа мэт харагдуулан, Гоминданы цэргийн хөдөлгөөнд тохируулан чиглэлээ өөрчилж байв. Голыг дахин дахин гаталсан нь гэнэтийн довтолгоо хийх, дайсанд таамаглах боломжгүй чиглэлээр ухрах нөхцөлийг бүрдүүлж, эцэст нь бүслэлтээс дахин гарахад тусалжээ хэмээн бидэнд танилцуулав.
1935 оны хоёрдугаар сард болсон Лоушань давааны тулалдаан мөн “Урт аян”-ы түүхэнд онцгой байр суурь эзэлдэг байна. Өнөөдөр бид уг даваагаар сайн зассан зам, жимээр алхлаа. Гэсэн ч уул өөд өгсөхөд амаргүй байв. 

 

Ийм огцом эгц ууланд бүхэл бүтэн арми байлдааны нөхцөлд хэрхэн мацан гарч, дайсны галын дор довтолж чадсаныг төсөөлөхөд бэрх.
Улаан арми нутгийн иргэдтэй тогтоосон харилцааныхаа ачаар Гоминданы мэддэггүй уулын жимийн талаар мэдээлэл авчээ. Үндсэн хүч нь давааны урдаас довтлох үед жижиг бүлэг цэрэг өөр замаар ар талаас нь нэвтэрч, бэхлэлтэд байрласан үндсэрхэг хүчнийг гэнэдүүлсэн байна. Ингэснээр Улаан арми чухал ялалт байгуулжээ.
Зуньи хотын хурал, Чишүй голын дөрвөн удаагийн гатлалт, Лоушань давааны тулалдаан зэрэг нь “Урт аян”-ы шийдвэрлэх эргэлтийн цэгүүдийн тоонд ордог.
Гадаадынхны хувьд харьцангуй бага танигдсан өөр нэгэн үйл явдал бол 1935 оны гуравдугаар сард болсон Гоубагийн хурал хэмээн бидэнд танилцуулав. Энэ хурлын үеэр Мао Зэдун Гоминданы хүчний төлөвлөж буй урхийг урьдчилан таамагласнаар цэргийн удирдагчийн байр сууриа бэхжүүлжээ.
Улс төрийн товчооны санал хураалтаар ялагдсаныхаа дараа Мао шөнөөр дэнлүү барин Жоу Эньлайн байрлаж байсан газарт очиж, сул хамгаалалттай мэт харагдсан хотод дайсан довтлохоор төлөвлөж байгааг анхааруулсан гэдэг. Хожим тагнуулын мэдээллээр түүний таамаг батлагджээ. Өнөөдөр тэрхүү дэнлүү “Урт аян”-ы түүхийг илэрхийлэх чухал бэлгэдлүүдийн нэг болсон байна.
“Үе бүр өөрийн гэсэн Урт аянтай бөгөөд түүнийг өөрийн арга замаар туулах ёстой” хэмээн БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2016 онд “Урт аян”-ы 80 жилийн ойг тохиолдуулан хэлж байжээ.
Ши Жиньпин энэхүү санаагаа Хятадын хоёр зуун жилийн зорилттой холбон тайлбарласан юм. Үүнд 2021 он гэхэд нийгмийг “дунд зэргийн чинээлэг” түвшинд хүргэх зорилт багтаж байсан бол 2049 онд БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой гэхэд орчин үеийн социалист улс байгуулах зорилт багтаж байна. Хоёр дахь зорилтод хүрэхийн тулд Хятадын Коммунист нам үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ улс орны хөгжлийн шинэ шатанд хүргэх мэдлэг, ур чадвар, чадавхыг бий болгоход анхаарч байна. 


Гуйян хот дахь Үндэсний их өгөгдлийн төвийн угтах дүрс бичлэгт “Гуйжөү нь Хятадыг бүх талаар орчин үеийн социалист улс болгон хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж байна” хэмээн онцоллоо. Тус төвийн үйл ажиллагаа нь төрийн удирдлага, өдөр тутмын амьдрал, үйлдвэрлэлийн салбарын дижитал шилжилтийг дэмжихэд чиглэдэг ажээ. Төвтэй танилцах үеэр бид асар их хэмжээний өгөгдлийг хэрхэн цуглуулж, боловсруулж байгааг харлаа. Тээвэр, бараа хүргэлтийн салбарт л гэхэд сая сая захиалга, тоо томшгүй олон ачааны машины хөдөлгөөний мэдээллийг бүртгэн нэгтгэдэг байна.
Үйлдвэрүүдийн бараа материалын нөөц, 400 уурхайн үйлдвэрлэлийн үйл явц, мал нядалгааны газруудын малын тоо толгойг ч хянах боломжтой. Энэ нь зөвхөн ерөнхий статистик мэдээллээр хязгаарлагдахгүй. Төвийн ажилтан нэг товчлуур дарахад л ганц үхрийн байршил, бүр хашаан дахь дүрс бичлэгийг хүртэл дэлгэцээр харуулж чадна.
Ийм боломжийг хараад хөтөлбөрийн оролцогчдод хэд хэдэн асуулт төрөв. Өгөгдлийг илүү өргөн хүрээнд холбож, бодит цагийн горимоор боловсруулах замаар эдийн засгийн ихэнх салбарын үйл ажиллагааг уялдуулан хянах боломж бий юу? Энэ нь урьд өмнө төсөөлж байгаагүй цар хүрээтэй эдийн засгийн төлөвлөлтийн үндэс болж чадах уу? Хамгийн чухал нь, ийнхүү өгөгдөл хэнд харьяалагдах вэ? зэрэг асуулт ар араасаа төрж байлаа. 


Бидний асуултад өгсөн тайлбараар бол өгөгдлийн эзэмшил, хяналт нь төрийн захиргааны байгууллагад төвлөрдөг ажээ. Мэдээллийг хэрэглэгчдийн зөвшөөрлөөр цуглуулж, зарим тохиолдолд хувийн компаниуд ашигладаг ч тухайн компанийн ашиг сонирхолд нийцсэн хүрээнд ашиглах боломжтой гэж тайлбарлав. Өгөгдөл боловсруулах үйл ажиллагаанд иргэд эерэг ханддаг гэж бидэнд мэдээлсэн. Учир нь, энэ технологийн үр өгөөжийг хүмүүс өдөр тутмын амьдралдаа аль хэдийнэ мэдэрч эхэлжээ. Аврах алба, гал унтраах ангиуд өгөгдөлд тулгуурлан эрсдэлийг үнэлж, шаардлага гарахаас өмнө хүний нөөц, үйл ажиллагаагаа төлөвлөх боломжтой. 
Ийм их хэмжээний өгөгдлийг хиймэл оюун ухаантай холбосноор бодит цагийн удирдлага, зохицуулалт хийх боломж улам нэмэгдэх нь ойлгомжтой. Аяллын турш бидний оролцсон олон хэлэлцүүлэгт хиймэл оюун ухааны асуудал өргөн хүрээнд яригдаж, Хятадын ярилцагчид энэ технологийн ирээдүйд өөдрөгөөр хандаж байлаа.
Мужийн засаг захиргааны төлөөлөгчийн тайлбарласнаар технологийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ түүний хэрэглээг хатуу зохицуулдаг байна. Тухайлбал, үйлдвэрлэлд хиймэл оюун ухаан нэвтрүүлэхдээ ажил эрхлэлтийн түвшнийг харгалзан үздэг ажээ. Технологийг үйлдвэрлэлийн бүтээмж, цар хүрээг нэмэгдүүлэхэд ашиглах ёстой болохоос биш ажлын байрыг цомхотгох зорилготой байж болохгүй гэсэн байр суурь илэрхийлэв.


Мужийн хамгийн амжилттай телевизийн сувгийн редакц, сувгийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр гадаадын олон сэтгүүлч ажлын байраа алдах эрсдэлд санаа зовж байгаагаа илэрхийлэв. Харин Хятадын тал хиймэл оюун ухааныг зохицуулалттайгаар ашигласнаар илүү чанартай, агуулгын хувьд баялаг бүтээл туурвих боломж нэмэгдэнэ хэмээн өөдрөгөөр харж байлаа. Үүнээс технологийн ирээдүйн талаарх маргаан зөвхөн техникийн асуудал биш, харин нийгмийн байгуулал, хөдөлмөрийн харилцаа, эдийн засгийн бодлогын тухай асуудал болох нь харагдана.
Гуйян хотоос “Урт аян”-ы төгсгөлийн цэг болох Ниншя-Хуйн өөртөө засах орны төв Иньчуань хотыг зорилоо. Бид Хятадын хойд хэсэг, Монгол Улстай хил залгаа бүс нутагт ирэв. Ниншяд ирсэн нь Хятадын хөгжлийн талаарх бидний өмнөх төсөөллийг богино хугацаанд дахин өөрчилсөн мэт сэтгэгдэл төрүүллээ. Онгоцноос харахад урьд нь үржил шим муутай, гандуу байсан газруудад ногоон зурвас татсан нь тод харагдана. Энэ бол цөлжилттэй тэмцэж, ойжуулалт хийсэн хөтөлбөрүүдийн үр дүн юм.


Бид амьдрахад тохиромжгүй бүс нутгаас шилжин суурьшиж, шинэ газар амьдрал, ажил хөдөлмөрөө эхлүүлсэн хүмүүстэй уулзлаа. 1970-аад оны үед НҮБ Ниншягийн зарим хэсгийг хүн амьдрахад хамгийн тохиромжгүй газруудын тоонд оруулж байжээ. Тухайн үед нутгийн иргэд өлсгөлөн, зуны элсэн шуурга, өвлийн хүйтнийг дулаан халаалтгүй сууцанд даван туулах шаардлагатай байв. Харин экологийн өөрчлөлт, хөдөө аж ахуйн хөгжил, аж үйлдвэрийн салбарыг нутагшуулах хөтөлбөрүүдийн үр дүнд тус муж 2020 онд туйлын ядуурлыг арилгасан гэж зарласан байна. Өнөөдөр Ниншя нь Хятадын бусад бүс нутагт алдартай дарс үйлдвэрлэхийн зэрэгцээ асар том нарны цахилгаан станцуудаар эрчим хүч үйлдвэрлэдэг болжээ.
Улаан армийн гол хүчнүүд 1936 оны аравдугаар сарын 22-нд тухайн үеийн Ганьсу мужийн Жянтайбао гэдэг газарт нэгдсэн байна. Өнөөдөр уг газар Ниншятай хил залгаа бүсэд байрладаг. Аяныг 86 мянга орчим цэрэг эхлүүлсэн бол эцсийн цэгт 11,500 орчим нь хүрсэн байдаг. 
“Урт аян” бол зөвхөн 1934–1936 оны хооронд өрнөсөн цэргийн ухралт, нүүдэл, тулалдааны түүх биш юм. Энэ нь Хятадын Коммунист намын түүхэн ой санамж, үндэсний хөгжлийн үзэл санаа, хамтын тэмцлийн бэлгэдэл болон өнөөдрийг хүртэл хадгалагдсаар байна.
Юйду голын эрэг дээрх жижигхэн худаг, Жүйжин хотын хувьсгалын дурсгалууд, Зуньи хотын түүхэн хурал, Гуйжөүгийн өндөр технологийн төвүүд, Ниншягийн ногоон зурвасууд хоорондоо цаг хугацааны хувьд алслагдсан ч нэгэн нийтлэг санаагаар холбогдож байлаа. Тэр нь хүнд нөхцөл байдлыг даван туулах, хамтын хүчин чармайлтаар хөгжлийн шинэ боломж бий болгох тухай ойлголт юм.
Ерэн жилийн өмнө Улаан армийн цэргүүдийн туулсан зам Хятадын түүхэнд ийм өргөн утга агуулгатай үлджээ. 


МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн улс төрийн ажилтан Сумъяадоржийн Номуунаа 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.