МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Соёл Урлаг › Өөрийнхөөрөө байж од болсон ХВАСА

Өөрийнхөөрөө байж од болсон ХВАСА

Тайзан дээр түүний дуу хоолойг бусдаас ялгахад хэдхэн хором хангалттай. Бага зэрэг сөөнгө, өтгөн өнгөтэй тэр хоолойд эрхлэх, гомдох, өдөх, үл тоомсорлох өнгө аяс ээлжилнэ.

Үнэн
Админ

Тайзан дээр түүний дуу хоолойг бусдаас ялгахад хэдхэн хором хангалттай. Бага зэрэг сөөнгө, өтгөн өнгөтэй тэр хоолойд эрхлэх, гомдох, өдөх, үл тоомсорлох өнгө аяс ээлжилнэ. Харин дуулж буй эмэгтэй нь үзэгчдийн таалалд нийцэх гэж хичээж байгаа шинжгүй. Харцаа тогтоож, хөдөлгөөнөө удаашруулан, өөртөө итгэлтэй инээмсэглэнэ. Энэ бол Өмнөд Солонгосын MAMAMOO хамтлагийн гишүүн, дуучин Хваса. Монголын үзэгчид түүнтэй арваннэгдүгээр сарын 7-нд "Буянт-Ухаа" спорт ордонд болох “HOT STAGE Ч K-POP MASTERZ” тоглолтоор дахин уулзахаар хүлээж байна. 
Хваса тайз эзэгнэх чадвартай. Түүний дэргэд том тайз ч дотно санагдаж, үзэгчидтэй тогтоосон харилцаа нь дууныхаа нэг хэсэг болчихдог. Өнөөдрийн түүнийг хараад Хвасаг анхнаасаа л өөртөө итгэлтэй хүн байсан гэж бодож болох юм. Гэвч дуучин болохоор шалгаруулалтад орж явсан охинд сайн дуулдаг ч гадаад төрхөөрөө тохирохгүй гэсэн үг сонсох үе хүртэл байжээ. Хвасагийн амьдралын сонирхолтой түүх тэр үгийг сонссоноос нь бус сонсоод мөрөөдлөө орхиогүйгээс эхэлдэг.
Түүний жинхэнэ нэрийг Ан Хе Жин гэдэг. 1995 оны долдугаар сарын 23-нд Өмнөд Солонгосын Жонжү хотод төрсөн тэрбээр өдгөө 31 настай. Хваса бол түүний тайзны нэр. Дуучны замыг сонгосон бусдын адил тэр эхлээд дуулах дуртай, тайзанд гарах хүсэлтэй охин байлаа. Алдар нэр, олон улсын тоглолт, сая сая сонсогч гэдэг тэр үеийн амьдралаас нь асар хол зүйл байсан биз ээ. Харин дуучин болох хүсэл нь түүнд өдөр бүрийн давтлага, шалгаруулалт, бүтэлгүйтлийн дараа дахин оролдох шалтгаан болж байв. Энэ замд нь түшиг болох хүн байсан нь Хви Ин юм. Хожим нэг хамтлагийн гишүүд болсон хоёр бүсгүй дунд сургуульд хамт суралцаж, агентлагуудын шалгаруулалтад хамт оролцдог байжээ. Тэд 2011 онд Сөүлд ирж, Садан хорооллын дээврийн сууцанд амьдарч эхэлсэн тухайгаа телевизийн нэвтрүүлэгт дурссан байдаг. Тэдний нөхөрлөл тайзны амжилтаас өмнө эхэлсэн учраас нэгнийхээ алдартай дүрийн цаадах жинхэнэ хүнийг мэднэ. Хвасагийн намтарт энэ нөхөрлөл уран бүтээлийнх нь амжилтаас дутахгүй чухал байр суурь эзэлдэг. 


К-попын ертөнцөд хүсэл мөрөөдөлтэй байх нь эхний л алхам. Бэлтгэгдэж буй залуус дуулах, бүжиглэхээс гадна камерын өмнө биеэ авч явах, үзэгчидтэй харилцах, олны анхаарлыг татахад суралцана. Шалгаруулалтаар орсон хаалга бүр тайзанд хүргэдэггүй. Энэ орчинд гадаад төрхийн тухай хэлсэн үг мэргэжлийн үнэлгээний нэг хэсэг шиг сонсогдож, залуу хүний өөрийгөө харах өнцгийг өөрчилж мэднэ. Хваса ч ийм үнэлгээтэй тулгарсан. Харин тэр өөрийгөө бүхэлд нь өөрчлөх бус өөрийн давуу чанарыг тайзан дээр гаргах замаар урагшилжээ.
2014 онд Сола, Мүнбёль, Хви Ин, Хваса гэсэн дөрвөн гишүүнтэй MAMAMOO хамтлаг мэргэжлийн гараагаа эхлүүлэв. Тэд “Hello” мини цомгоороо албан ёсны дебют хийж, дараа дараагийн уран бүтээлээрээ байр сууриа бэхжүүлсэн юм. “Um Oh Ah Yeh”, “Dйcalcomanie”, “Yes I Am” зэрэг дуу нь хамтлагийн нэртэй салшгүй холбогддог. Дөрвөн гишүүний өөр өөр өнгийн хоолой, хоорондын зохицол, тайзан дээрх чөлөөтэй байдал нь MAMAMOO-гийн онцлог болжээ. 
Хваса энэ хамтлагт хамгийн залуу нь. Гэвч тайзан дээрх төрхөөрөө нас бага гишүүний даруухан орон зайд үлдсэнгүй. Түүний хоолой дууны уур амьсгалыг өөрчилдөг. Хүчтэй хэсгийг заавал чангаар дуулах шаардлагагүй мэт зарим мөрийг намсгаж, үгийн төгсгөлийг ялимгүй сунгаж, хэмнэлийн завсар амьсгаа үлдээнэ. Дуулалт нь заримдаа сонсогчтойгоо шууд ярилцаж байгаа мэт болдог. Түүний дур булаам байдал ч энэ өгүүлэмжтэй нь холбоотой. Зөвхөн өмссөн хувцас, бүжгийн хөдөлгөөнөөр тайлбарлахад дутуу.


Хамтлаг олонд танигдах тусам Хвасагийн тухай яриа ч олширлоо. Түүний гадаад төрх, хувцаслалт, тайзны хөдөлгөөн байнга хэлэлцүүлгийн сэдэв болдог байв. Бусдын анхаарлыг татаж байгаа чанар нь нэг хэсэгт нь таалагдаж, нөгөө хэсэгт нь шүүмжлэх шалтгаан болжээ.

Хваса өөрийг нь хэрхэн хүлээж авч байгааг мэдэрдэг байсан. Гэхдээ тэр мэдрэмжээ уран бүтээлдээ оруулж сурсан нь  соло карьераас нь тод харагддаг.


2019 оны хоёрдугаар сарын 13-нд гаргасан “Twit” түүний албан ёсны гоцлол дебют болов. Өмнөд Солонгосын дижитал дууны жагсаалтыг тэргүүлсэн энэ бүтээлийн үг, аяыг зохиоход Хваса өөрөө оролцжээ. Хамтлагийн нэр түүнийг олонд таниулсан бол “Twit” ганцаараа ч сонсогчдыг татах чадвартайг нь харуулсан юм. Дууны хэмнэл, дахилт, дүрслэлд Хвасагийн танигдах өнгө бүрнээ шингэсэн байлаа. 
“Twit”-ийг сонсоход өөртөө итгэлтэй хүний өнгө эхэлж мэдрэгдэнэ. Харин цааш нь анзаарвал хайр дурлалын харилцаан доторх хувиа хичээсэн зан, гэмшил, ойлголцохгүй байхын зөрчил гарч ирдэг. Хваса дуундаа өөрийгөө үргэлж зөвтгөдөггүй. Хайрлуулж байгаа хүн ч нөгөөгөө зовоож болно. Хайртай хүнийхээ бүх анхаарлыг хүссэн атлаа түүнийг нь хүнд ачаа мэт мэдэрч болно. Энэ зөрчил түүний уран бүтээлийг маш бодит болгодог.
Гэвч Хвасагийн нэрийг олон улсын сонсогчдод улам ойртуулсан бүтээл нь “Marнa” байлаа. Түүний анхны мини цомог болон ижил нэртэй дуу 2020 оны зургадугаар сарын 29-нд гарсан юм. Мариа бол дуучны католик шашны баптисмын нэр. Өөрийн нэрээр нэрлэсэн энэ бүтээлд тэр олны хараанд амьдрахын дарамт, бусдын шүүлт, өөрийгөө алдах вий гэсэн айдсаа шингээжээ. Хваса уг дууны үг, аяыг Пак Ү Сантай хамтран бүтээсэн байна. 
“Marнa”-гийн хэмнэл цовоо ч дотор нь гуниг бий. Клипийн хурц харандаанууд, ганцаардсан дүрслэлүүд бусдын үг ямар өвдөлт үлдээж болохыг мэдрүүлнэ. Харин төгсгөлд нь хамтлагийн гурван гишүүн инээмсэглэн гарч ирдэг. Удаан үргэлжилсэн түгшүүрийн дараа хаалга нээгдэж, таньдаг хүмүүс чинь орж ирэх шиг тэр агшин клипийг дулаанаар төгсгөнө. Өөрийгөө хамгаалах гэж хичээж байгаа хүний амьдралд түшиг болох хүмүүс байдгийг үзүүлсэн энгийн хэрнээ оновчтой шийдэл юм. 


Энэ дуу Хвасагийн тухай олон нийтийн ойлголтыг ч гүнзгийрүүлэв. Тайзан дээрх бардам төрх нь түүний бүтэн амьдрал биш гэдгийг сонсогчид мэдэрсэн. Тэр ч өөрөө итгэлтэй харагдахын цаана маш их хичээл зүтгэл байдгийг нээлттэй ярьдаг. “Dazed” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа гунигтай үе туулдгаа, өөрийгөө хайрлахад хэцүү санагдах өдөр байдгийг хэлжээ. Олны өмнө харагддаг тэр төрхийг бий болгохын тулд ажиллаж, бэлтгэлээ хийж, өөртэйгөө тэмцэлддэг байна. Хвасаг сонсогчдод ойртуулдаг зүйл нь ийм илэн далангүй байдал. Өөртөө итгэх тухай дуулсан хүн өөртөө эргэлзэж болно. Бусдын хурц үгийг анзаараагүй өнгөрөөсөн мэт харагдавч дараагийн хатуу үгэнд дахин гомдож болно. Тэр мэдрэмжээ нууж, үргэлж ялагдашгүй хүн болж харагдахыг хичээвэл дуунуудынх нь утга ч холдох байсан биз ээ. Харин сул талаа хүлээн зөвшөөрөх тусам түүний тайзан дээрх зориг илүү ойлгомжтой болдог.
2023 онд Хваса олон жил хамтран ажилласан RBW агентлагтай байгуулсан гэрээгээ дуусгаж, PSY-гийн үүсгэн байгуулсан P NATION-д нэгдсэн юм. Бие даасан уран бүтээлд нь шинэ орчин, шинэ хамтрагчид хэрэгтэй болсон үе байлаа. Гэхдээ агентлагаа сольсон нь MAMAMOO хамтлагаас гарсан гэсэн үг биш. Тэр хамтлагийнхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ өөрийн уран бүтээлийн замыг хөгжүүлж байв. 
Тэр жилийн “I Love My Body” дуу өөртөө хандсан яриаг нь илүү шууд болголоо. Хваса энэ бүтээлийг сонгох болсон шалтгаанаа тайлбарлахдаа сэтгэл санаа хүнд байсан үед хөгжилтэй, хөнгөн дуугаар эргэн ирэхийг хүссэнээ ярьсан байдаг. Түүнд уг дууг дуулахдаа баярлах, тайзнаас таашаал авах нь илүү чухал байжээ. Өөрийн биеийг хайрлах тухай санаа нь бусдын үнэлгээнээс хэсэгхэн ч болов холдож, өөртөө тайван хандах хүсэлтэй нь нийлсэн байна. 
Гэхдээ түүний хувьд өөрийнхөөрөө байх гэдэг нэг л төрхөөрөө үлдэхийг хэлдэггүй бололтой. 2024 оны есдүгээр сарын 19-нд гаргасан хоёр дахь мини цомгоо тэр “O” гэж нэрлэжээ. Долоон дуутай энэ бүтээлийн хэд хэдэн дууны үг, аяыг зохиоход өөрөө оролцсон байна. Цомгийн танилцуулгад тойргийг өөрийн уян хатан чанар, эерэг хүчний илэрхийлэл гэж тайлбарласан нь сонирхолтой. Өмнө нь бусдын тогтоосон хүрээнд багтахын төлөө тэмцэж байсан бүсгүй өөрийн багтах орон зайг ийнхүү тойргоор дүрсэлсэн мэт. 


Түүний шинэ бүтээлүүд ч нэг өнгө аясаар үргэлжилсэнгүй. 2025 оны аравдугаар сард “Good Goodbye”, 2026 оны дөрөвдүгээр сард “So Cute” синглээ гаргав. “So Cute”-д илүү зөөлөн, өөрийгөө эргэцүүлсэн өнгө орсон бөгөөд Хваса өмнөх дуунд нь үзүүлсэн сонсогчдын дэмжлэгт хариу барих хүсэлтэй байснаа ярьжээ. Уран бүтээлчийн хувьд өөрийг нь амжилтад хүргэсэн дүрээ давтахад амархан. Харин Хвасагийн замналд тэр дүрээсээ өөр талыг үзүүлэх эрэл үргэлжилж байна. 
Хвасагийн түүхийг гоо үзэсгэлэнгийн тухай маргаанаар хязгаарлавал түүний хийсэн ажлын томоохон хэсгийг орхисон мэт болно.Тэр олон жил хамтлагтайгаа дуулж, бие даасан бүтээлүүд гаргаж, дууны үг, ая зохиож, тайзны өөрийн дүр төрхөө бий болгосон уран бүтээлч. Өөрийнхөөрөө байх тухай үгийг нь үнэмшилтэй болгосон зүйл нь түүний хөдөлмөр юм. Нэг удаагийн зоримог мэдэгдэл хүнийг удаан илэрхийлж чадахгүй. Харин дараагийн дуу, дараагийн тайз, дараагийн шийдвэрээрээ тэр үгээ батлах шаардлагатай болдог.
Удахгүй Монголын үзэгчид түүнийг тайзан дээр дахин харна. Танил дууны эхний хэмнэл эгшиглэж, Хваса микрофоноо өргөхөд үзэгчид түүний хоолойг шууд таних биз ээ. Харин тэр олны сайн мэдэх хоолойн цаана олон жилийн өмнө шалгаруулалтад орж зогссон охины түүх бий. Түүнийг дуучин болж чадахгүй гэж хэлж байсан. Харин өнөөдөр олон мянган хүн түүнийг сонсохоор цугладаг болсон. Хваса энэ хооронд өөрийн үнэ цэнийг тайлбарлаж суусангүй. Харин дуулж, бүтээж, хичээж, хөдөлмөрлөснөөр өөрийнхөө байр суурийг олжээ.

Н.Сонор

"Монголын үнэн" сонин

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.