МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › Үзэл баримтлал ба түүний зарим шинжийг г...

Үзэл баримтлал ба түүний зарим шинжийг гүн ухааны төсөөллөөр авч үзэх нь

Шинжлэх ухаан, техник технологи үсрэнгүй хөгжиж, ухаалаг техник хөгжиж, үзэл баримтлалын хэд хэдэн чиглэл ба түүний зарим гажилт урсгал бие биедээ нэвтрэн орж, олон янзын орцын хувь хэмжээгээр бий болсон үзэл баримтлалууд хоорондоо эвсэх, буулт хийх, зөрчилдөх, зарим нь хүч түрэх зэрэг элдэв хандлага гаргадаг болжээ.

Үнэн
Админ

(Иргэн хүний санал )

Шинжлэх ухаан, техник технологи үсрэнгүй хөгжиж, ухаалаг техник хөгжиж, үзэл баримтлалын хэд хэдэн чиглэл ба түүний зарим гажилт урсгал бие биедээ нэвтрэн орж, олон янзын орцын хувь хэмжээгээр бий болсон  үзэл баримтлалууд хоорондоо эвсэх, буулт хийх, зөрчилдөх, зарим нь хүч түрэх  зэрэг элдэв хандлага гаргадаг болжээ. Энэ нь ухаалаг техниктэй эерэг чиглэлээр холбогдвол сайн, сөрөг хандлагаар холбогдвол илүү аюултай байдал нийгэмд гарч мэдэхээр байна. Шинжлэх ухаан болон техник технологийн ололтыг эзэмшсэн зарим хүмүүс хөрөнгө ба олсон эрх мэдэлдээ илүү чиглүүлэн ашиглах гэсэн эерэг, сөрөг хандлага ч гарч мэдэхээр харагдах болжээ. Ийм эгзэгтэй цаг үед үзэл баримтлалын гол чиглэл, түүний бусад урсгалын талаар сайн тунгаан болож  илүү эерэг чиглэлийг баримтлах нь чухал бололтой.  Гүн ухааны тулгуур онолоор улс төр, үзэл баримтлалын гол суурь нь эдийн засаг; байгаль, нийгэм, ахуйн хуулиуд хоорондоо цаг хугацаа, орон зайн хууль, нөхцөлд харьцангуй шинж байдлаар  холбогдож, харилцан шүтэлцэлтэй хөгжин дэвшиж байдаг хэмээн сургасан билээ. Энэ чиглэлийг баримтлан сэдвийг авч үзэхийг хичээлээ.
Түүхэн хөгжлийн үе шатны баримтуудаас үзэхэд хүй нэгдлийн хөгжлийн сүүлийн үе шатны үеэс хуримтлагдаж эхэлсэн эд хөрөнгө, түүнд холбогдсон эрх мэдэлд холбоотой  үзэл баримтлалын чиглэлүүд үүсэж, цаг үеийн нөхцөл байдалд холбоотой олон янзын өнгө төрхтэй  үйлчилж ирсэн ч үндсэн гурван чиглэлтэй болжээ. Байгалийн эрхшээлд бүрэн  захирагдаж, амиа зогоох төдий байсан анхны үед хүмүүс чадлаараа зүтгэж, олзоо тэгш хуваан  эрх тэгш амьдарч эхэлсэн бол зарим хүнд эд хөрөнгө хуримтлагдаж, түүнд холбоотой эрх мэдэл эдэлж эхлэх ялгавар үүсэж эхэлсэн үеэс хөрөнгө эрх мэдлийн ялгаатай үзэл баримтлалын хандлага үүсжээ. Үзэл баримтлалын олон чиг урсгал ч байгаль нийгмийн ямар ч асуудал гүн ухааны харьцангуй онолоор, тоо хэмжээний  тодорхой хязгаар хүрээ дотор  авч үзэхийг шаарддаг билээ.

Тэгвэл одоо үед тогтсон үзэл баримтлалын гол гурван чиглэл ба тэдгээрийн гажилтын илүү тодорсон хоёр чиглэлээр  нийлж таван чиглэл нь тодорсоор ирсэн байжээ.  Тодруулан авч үзвэл: нэгдүгээрт, зүүний үзэл баримтлал нь нийт ард түмний үзэл баримтлал бөгөөд  эрх тэгш байх, эрүүл мэндээ хамгаалах, хөдөлмөрийнхөө хөлсийг шударгаар авах, мэдлэг, мэргэжил,  ажлын арга туршлага эзэмших, үр хүүхдээ сургаж хүмүүжүүлэх, гэр бүлийнхээ эрх ашгийг хамгаалах, үндэстнийхээ  соёлыг хөгжүүлэх зэрэг илүү эерэг чиглэлтэй юм.
Хоёрдугаарт, барууны үзэл баримтлал нь үүссэн эдийн засгийн суурь шинжээсээ эхлэн хөрөнгө болон  эрх мэдлийн төлөө гэсэн үндсэн чиглэлтэй явсаар иржээ. Харин түүхэн хөгжлийн үйл явцын бий болгосон шаардлагаар Хятадын гүн ухаантан Күнзийн сургаснаар  дээрх хоёр үзэл баримтлалын “алтан дунджийг баримтал” гэдэг нь төв үзэл баримтлал юм. Үүнийг бид  гуравдугаарт, ардчилсан буюу  төв үзэл баримтлал хэмээн үзээд сонгож байгаа билээ. Гэтэл эдгээр үзэл баримтлалын зарим хэтрүүлэг гажилтаар дараах хоёр үзэл баримтлал түүхэн  үйл явцад үүсэж үйлчилж иржээ.  

Тухайлбал, материалист зүүний үзэл баримтлалыг хэтрүүлэн гажуудуулснаар дөрөв дэх хэт зүүний үзэл баримтлал социализмын  үед үүсэж, хувийн өмчийг дарлал мөлжлөгийн эдийн засгийн гол суурь үндэс нь гэж үзээд үүнтэй тэмцэх нэрийн дор амины өмчийг ч хязгаарлаж, хүмүүст алгын чинээ газар ч, саалийн үнээ ч үлдээхгүй нийгэмчилж, хүмүүсийн эдийн засгийн сонирхлыг хэт хааж боогдуулсан хандлага гаргаж байсан байна. Мөн түүхэн үйл явцад хөрөнгө мөнгө, эрх мэдэлд хэт шунаж, эрх мэдлээ хэтрүүлэн, бусдын ажиллах хүчийг хямд ашиглаж, баялаг  эд хөрөнгийг, эрх мэдлийг хүчээр булаан эзлэх, зөрчил үүсэх нөхцөл бий болгож, дайн дэгдээх явдлыг ч  үүсгэсээр ирсэн тав дахь хэт барууны үзэл баримтлал гэж бий болсон байна. Дайн гарах олон шалтгаан өмнөх түүхэн үед холбоотой олон ч удаа гарсаар иржээ. Ард олон дарлал мөлжлөгийн эсрэг тэмцэл хийх үед  хүч хэрэглэн дарах дайн, газар нутаг булаацалдах дайн, баялаг эд хөрөнгө, эрх мэдлийн төлөөх дайн,  эрх чөлөөний төлөө дайн, гадаад дотоодын зөрчилтэй холбоотой гэх мэт олон янзаар дайн гарч  байжээ. Дээр дурдсан үзэл баримтлалууд хоорондоо зөрчилдөх, эвлэлдэн нэгдэх, бие биедээ харилцан адилгүй нөлөөлөн нэвтрэх үйл явцаар маш олон шинж агуулсан эерэг ба сөрөг, шударга ба шударга бус байдлаар дүр төрхөө хувиргаж, олон янзын нэртэй болон хувирсаар  иржээ.  Маш энгийн ахуйн жишээнд холбон тайлбарлахад, бид хоолыг нэрлэхдээ орсон зүйлийн төрөл, орцын хувь хэмжээгээр нь шөлтэй хоол, хуурга гэж, хуургыг ногоотой, төмстэй, буудаатай, гурилтай хуурга гэж ангилан нэрлэхтэй нэгэн адил дээрх олон үзэл баримтлал бие биедээ  нөлөөлөн орсон  шинжээр олон янзын нэр, дүр төрхийг үүсгэх болжээ. Цөөн хэдийг нь нэрлэвэл материалист, идеалист, диалектик, метофизик, консерватив, социал демократ, либерал, коммунист, антогенист, үндэсний, үндсэрхэг гэх мэт үзэл баримтлалыг нэрлэх болжээ. Эдгээр олон үзэл баримтлал  эерэг болон сөрөг  шинж төрхөөрөө хөрөнгө, эрх мэдлийн хуваарилалтад олон янзаар хандахад хүргэх, үзэл баримтлалыг сайн зааглан ойлгохгүй хольж  хутгахад хүргэж хүмүүст эерэг болон сөргөөр нөлөөлдөг болсон байна.  Эдгээр үзэл баримтлалыг сонгож хэрэгжүүлэх олон шинжтэй нам эвслүүд ч бий болжээ. Энэ олон үзэл баримтлалын эерэг ба сөрөг нөлөөллийг нь зөв сайн тунгаан бодоход нэгдүгээрт, гүн гүнзгий мэдлэг, хоёрдугаарт, ажлын шаталсан сайн арга туршлага, гуравдугаарт, эрх мэдэл, хөрөнгийн шуналд автагдаагүй тогтвортой төлөв байдлын  даруу сайхан зан чанар хэрэгтэй бололтой. Дээрээ ч дороо ч  үзэл баримтлалын холимог олон урсгалд хэлбэлзэн төөрөлдөж учраа олохгүй их маргаанд  авталгүй Сүхбаатар жанжны хэлсэнчлэн  “Нэгэн зүгт зориглон нэгдэж хөдөлбөл чадахгүй, бүтэхгүй зүйлгүй” гэхийн  нэгэн адил төв үзэл баримтлал буюу ардчилсан үзэл баримтлалын илүү эерэг жигүүрийг тууштай баримтлан нэгэн зүгт  нэгдэж зүтгэвэл  хөгжил мань эрчтэй, ард олон эвтэй жаргалтай байх болов уу гэж бид боддог. 

Дээрх сэдэвт холбон нийгэмд эерэг ба сөрөг хандлагаар ихээхэн хөндөгдөж буй төр ба төр, ард түмний, хувийн  өмч хөрөнгөтэй холбоотой зарим зүйлийг харьцангуй онолын шинжээр авч үзье. Маш энгийн жишээгээр авч үзвэл, Монгол гэдэг улсыг нэгэн айл өрх гэж үзвэл тэр айл өрхийн тэргүүн нь төр  билээ.  Өрхийн тэрүүн нь гэр бүлийнхээ гол асуудлыг хариуцдаг. Олигтой орлогогүй, эрхэлсэн ажил нь үр ашиг багатай өрхийн тэргүүн нь үр хүүхэд гэр бүлээ “Ингэж, тэгж жаргаана, тэгж гийгүүлнэ” гэж яривал хоосон үлгэр болох биз ээ. Үүнтэй нэгэн адил үр ашигтай өмч хариуцахгүй, гуйх шахаж, хэрүүлийн бай ч болоод  авсан багахан татварын хөрөнгөөр ард түмнийг жаргаана, хамгаална, хөгжүүлнэ, эрүүл мэндийг чинь хамгаална, шударга журам тогтоож хайрлаж хамгаална гэж ярьвал хийсвэр яриа хэрэгжихгүй, ихээхэн мөхөсдөх болно гэж боддог.

Сайн улс төрийн баталгаатай суурь  нь чадварлаг  эдийн засаг гэж бид ойлгодог.  Төр ард  олны эрүүл мэнд,тэгш эрхийг шударгаар хамгаалах, сурган хүмүүжүүлэх, хөгжүүлэх үйл хэрэгээ амжилттай хэрэгжүүлэх эдийн засгийн сайн суурьтай байх ёстой.

Энэ үүргээ амжилттай гүйцэтгэхэд төр хүчээ хэт тарамдуулж, орон тоог хэтрүүлэхгүйн тулд хөгжил үйлсэд чухал суурь эзэлдэг илүү стратегийн чанартай хөрөнгө бүхий үйлдвэр, салбаруудыг сайн хяналт бүхий удирдлагаар хангаж өндөр үр ашигтай ажлуулах нь чухал билээ. Төр ард олны өмчид эзэн ёсоор хандаж, хувийн өмчийг дэмжин хөгжлийг эрчимжүүлэх эдийн засгийн суурийг сайн бэхжүүлэх нь боломжтой. Дан ганц хувийн өмчийн  бага татвараар ард олны үр хүүхдийг сургаж, эрүүл мэндийг хамгаалан хөгжүүлэх боломж, цалин хангамжийг бий болгох хэрэгтэй гэсэн барууны буюу хэт барууны үзэл бодол явуургүй, цөөн хүн хэт баяжих, олонх нь хоосорч хохирох, хувийн аж ахуй  зардлаа хийсвэрээр ихэсгэж, ашгаа багаар бодож, багахан  татвар төлж, нууцаар ашгаа ихэсгэн хөлжих ба нийгмийн хөгжил удааширч, ард олон илүү хохирох  зэрэг сөрөг явдал бий болж мэдэх хандлага ч харагддаг болжээ. Энгийн иргэд хувийн салбарт ажиллаад эрүүл мэнд, боловсрол, мэргэжил эзэмшихэд зарцуулахаар боломжийн өндөр цалинг сайн дураар авч чадахгүй явдал газар авч мэдэх ба энэ хандлага өмнөх түүхэн үед бүрэн нотлогдож ирсэн зүйл билээ. Төр боломжийн илүү стратегийн чанартай үйлдвэр аж ахуйн газрыг сайн хяналт, сайн удирдлагаар хангаж, үр ашигтай ажиллуулж, мөн багахан татварыг нэмэр болгох аргаар хэрүүл маргаангүй хөгжил эрчтэй явагдах учиртай.  Энэ бүхнээс үзэхэд харьцангуй онолын бодит зарчим баримталж  төр ард түний болон хувийн өмчийн аль нэгийг хэт үгүйсгэхгүй, аль нэгнийхээ хөгжих хүчийг сулруулахгүй, бие биедээ хүч түрэн шахах боломж гаргалгүй, зохистой хандлага харилцаагаар эрчтэй хөгжих нь зөв бололтой. Зарим хөгжилтэй капиталист оронд ч боловсролыг үнэ төлбөргүй болгож, төр хариуцдаг тогтолцоо ч бий болжээ. Зөвхөн татварыг гол болгосон зарим хөгжилтэй орны төр боловсрол болон эрүүл мэндэд холбоотой арга хэмжээг сайн авч чадахгүй байгаагаас ард олны эсэргүүцэл гарсаар байгаа билээ. Уншигч олонд үзэл баримтлалыг тунгаан бодож, тогтоон ярьж, эерэг хандлагаар сонголт хийж, эв нэгдэлтэй, эрчтэй, зүтгэлтэй хөгжиж байгаасай гэж хүсье.             

 Х.ХАВАЛХААХ 

"Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.