Япончууд “Монгол банхар”-тай танилцаж, монгол банхар Фүжи уулын бэлд хүрлээ
“Дэлхийн зураачдын өдөр”-өөс урьтаж нэгэн зураачийг зурсан бүтээлтэй нь алдаршуулахаар зорьсон нь өнөөдөр биеллээ олж байна.
“Дэлхийн зураачдын өдөр”-өөс урьтаж нэгэн зураачийг зурсан бүтээлтэй нь алдаршуулахаар зорьсон нь өнөөдөр биеллээ олж байна. Эртээс бодол санаандаа төлөвлөсөн ажлаа цаасан дээр буулгасан нь өнгөрсөн өдрүүдэд олон нийтэд хүрч, зурсан зургууд нь Арлын оронд түмэн олны анхаарлыг татлаа. Куратор, зураач Б.Болортуяа оюутан ахуйг нь тооцвол 2000 оны эхээс бүтээлээ туурвиж эхэлсэн. Хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцож “Монгол арт” галерейн менежерээр ажилладаг тэрбээр энэ удаад “Монгол банхар” сэдэвчилсэн үзэсгэлэнгээ Япон улсын Токио хотод амжилттай гаргалаа.
Токио хотын “Space Zero” танхимд дэлгэсэн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан урмын үгээр мялааж, төрийн шагнал уламжлахаар хүрэлцэн ирж үйл явдалд баяр нэмжээ. Урлаг судлаач Б.Болортуяа өмнө нь олон нийтэд толилуулж байгаагүй тосон будаг болон шохойн пастелиар бүтээсэн шинэ бүтээлүүдээ энэ удаад үзэгчдэдээ толилуулснаараа онцлогтой байв. Тэрбээр одоогоос дөрвөн жилийн өмнө 2022 онд “Андгай” нэртэй монгол банхрын хамтарсан үзэсгэлэнг "Монгол банхар судлал"-ын залуустай хамтран амжилттай зохион байгуулсан зураач. Тухайн үед “Арслан заан” үржлийн газрын Басар дуудлагатай банхартай хамт зураг авахуулж байжээ. Б.Болортуяа “Банхар гэхээр л дөрвөн нүдтэй, халтар хар нохой гэж төсөөлдөг байсан би банхрыг сонирхож, хайрлаж эхэлснээс хойш тэдний олон сайхан төрхийг анзаарч, судалж, зурж эхэлсэн. Энэ удаагийн "Монгол банхар" үзэсгэлэнд өмнө нь олон нийтэд огт дэлгэж байгаагүй шинэхэн уран бүтээлүүдээ толилууллаа” гэсэн юм.

“Андгай”-гаас хойш дөрвөн жилийн дараа дэлгэж байгаа үзэсгэлэнд монгол банхрын сүр хүч, үнэнч байдал, өвөрмөц төрхийг харуулсан 30 гаруй уран зургийг сонирхуулахаар дэлгэжээ. Түүнчлэн "Монгол банхар судлал"-ын холбооныхон үзэсгэлэнтэй хамтатган монгол банхрын өдөр тутмын амьдрал, ахуйг нь илтгэсэн 20 гаруй гэрэл зургийг олон нийтэд танилцуулахаар дэлгэсэн нь зорилгоо биелүүлсэн байна. Хамгийн гол нь тус холбооныхон “Монгол банхар” үзэсгэлэнд үнэнч анд нөхөр банхрын хамт оролцсон нь анхны тохиолдол. Мянган найзЗасаг дуудлагатай 10 сартай монгол банхар анх удаа Японд очиж сүрлэг Фүжи хайрхны 2305 метрийн өндөрт хүрсэн гэрэл зураг түүх болон үлдэж байна. Мянган найз Засаг дуудлагатай монгол банхар 2026 оны Монгол Улсын үүлдрийн шилдэг гөлөг, Италийн залуу аварга, Дэлхийн залуу аварга төдийгүй групп 11-ийн шагналтай. Түүний эцэг нь групп 11-ийн Дэлхийн хоёр удаагийн аварга аж.
Монгол банхар бол байгалийн шалгарлаар үүссэн, нүүдэлчин ахуйн уугуул нохойн үүлдэр, хүний сайн анд нөхөр юм. Том биетэй, ясархаг, хүчирхэг булчинтай, чийрэг. Эр банхрын сэрвээний өндөр 60–80 см, эм банхар 50–65 см орчим байдаг. Гол төлөв халтар зүстэй. Маш зузаан үстэй, давхар ноостой учраас Монгол орны эрс тэс уур амьсгал, хүйтэн өвлийг ажралгүй давдаг. Нүдний дээр тод цайвар эсвэл шар толбо байдгийг монголчууд "Дөрвөн нүд"-тэй хэмээн шинждэг. Дөлгөөн тайван, өөртөө итгэлтэй, эзнийхээ үгэнд дуулгавартай ордог монгол банхрууд эзэмшил газар, таван хошуу мал сүрэг болон эзнээ араатан амьтнаас сэрэмжлэн хамгаалдаг.
Ингэж газар нутаг, байгаль цаг ууртаа дасан зохицсон монгол банхартай холбогдох домог түүх манай улсад олон бий. Тийм ч учраас Японд гарсан үзэсгэлэнг зорин үзэж сонирхох хүн олон байсан биз. Тэдгээрийн нэг "Олон улсын нохой судлалын холбоо" (FCI)-ны шүүгч Харри Камисато үзэсгэлэнгээр зочиллоо. Тэрбээр "Монгол банхар судлал"-ын холбооныхонтой уулзаж сонирхолтой яриа өрнүүлсэн байна.
Б.Болортуяагийн “Монгол банхар” үзэсгэлэн нээлтээ хийсэн цагаасаа хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Үзэсгэлэнгийн танхим дахь үзэгч дундраагүй бөгөөд монгол банхрыг харах, хамт зураг авахуулахаар хүмүүс олноор ирж байв. Засаг дуудлагатай монгол банхрыг гадуур хөтлөн явахад сонирхох хүн олон байсан юм.
“Дэлхийн зураачдын өдөр” бол дүрслэх урлагийн ач холбогдол, уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэлэх, эрхийг нь хамгаалах, нийгэмд соёл, урлагийн ач холбогдлыг таниулах баярын өдөр юм. Олон улсын уран бүтээлчдийн баярын өмнө монгол зураач алс холын Японд монгол соёл урлаг тэр дундаа дүрслэх урлагийн бүтээлүүдийг танилцууллаа. Монгол, Японы дүрслэг урлаг, урлагийн гүүр болон ажиллаж, амьдарч байгаа түүний энгэрт одооноос төрийн одон гялалзаж эхэллээ.
БАТААГИЙН БОЛОРТУЯА
1988 онд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн.
Зураач, урлаг судлаач, куратор
Монголын урчуудын эвлэлийн гишүүн
“Mongol Art” галерейн Япон дахь төлөөлөгч
“Уран зурагт дурлагсад” цахим хуудас
Мэргэжлийн танилцуулга
Б.Болортуяа нь уран зураг, дүрслэх урлагийн боловсрол, урлаг судлалын чиглэлээр мэргэшсэн, 2010 оноос салбартаа ажиллаж буй уран бүтээлч юм.
Монгол, Японы уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, судалбар зургийн аялал, хүүхдийн урлагийн хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж, хоёр орны уран бүтээлчид, галерей болон үзэгчдийн харилцаа холбоог хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Тосон зураг, шохойн пастелиар өнгө, байгаль, дотоод мэдрэмжийг илэрхийлж, “Composition” болон Монгол банхарын сэдэвт бүтээл туурвидаг. Монгол, Япон, БНСУ-д үзэсгэлэнд оролцож, 2026 онд Токиод “Монгол банхар” анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасан.
2018 оноос “Уран зурагт дурлагсад” цахим хуудас, 2022 оноос “Сүлд” телевизийн "Уран зурагт дурлагсад” нэвтрүүлгээр уран бүтээлчид, бүтээл, үзэсгэлэнг олон нийтэд танилцуулж байна.
Боловсрол
2022–2024 | Соёл урлагийн их сургууль
Урлаг судлалын магистр.
2010–2013 | Монгол Улсын боловсролын их сургууль
Дүрслэх урлагийн багш, бакалавр.
2005–2010 | Дүрслэх урлагийн дээд сургууль
Зураач, бакалавр.
Ажлын туршлага
2023 оноос | Mongol Art Gallery — Япон дахь төлөөлөгч, куратор
2021–2023 | Mongol Art Gallery — Үзэсгэлэнгийн менежер, урлаг судлаач
2019–2021 | Mongol Art Gallery — Уран зургийн багш
2018–2019 | Наран бүрэн дунд сургууль — Дүрслэх урлагийн багш
2016–2018 | Улсын тэргүүний 84 дүгээр сургууль — Дүрслэх урлагийн багш
2013–2016 | Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургууль — Дүрслэх урлагийн багш
2010–2013 | Баян Тосон Өндөр ХХК — Зураач
Шагнал
2026.10.10 | Соёлын тэргүүний ажилтан
“MONGOL BANKHAR” үзэсгэлэнгийн нээлтээр Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд Б.Баярсайханаас цол, тэмдгээ гардан авсан.
2026.01.31 | International Honors Award — Олон улсын хүндэт шагнал “Art Beyond Boundaries 2026” үзэсгэлэнд толилуулсан Монгол банхарын сэдэвт бүтээлээрээ шалгарч, хувь нэмрийг үнэлэн International Association of SUMI-аас олгосон.
Б.Сийлэн
"Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл
0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.