435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 21-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ. Ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шал…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 21-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ. Ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлээр орон сууцанд оруулна. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталснаар 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхлэхээр болсон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтийг тогтоох тухайЗасгийн газрын тогтоол батлагдлаа.
Суурь тэтгэврийн үндсэн дүнг 100,000 төгрөг, суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах тогтмол дүнг 40,000 төгрөг, шимтгэл төлсөн жил тутамд тооцох дүнг 5,000 төгрөг, суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөгөөр тус тус тогтоолоо.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, суурь тэтгэврийн хэмжээг тооцох томъёо болон тогтоолд заасан үзүүлэлтүүдийг баримтлан суурь тэтгэврийн хэмжээг тооцож, хуульд заасан хугацаанаас эхлэн олгохыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргалд даалгав.
Тухайлбал, нийт 240 сар буюу 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, авч байгаа тэтгэврийн хэмжээ нь 769,000 төгрөг бол тэтгэвэр авагчийн суурь тэтгэврийн хэмжээ 201,550 төгрөг. Нийт 360 сар буюу 30 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, авч байгаа тэтгэврийн хэмжээ нь 1,000,000 төгрөг бол тэтгэвэр авагчийн суурь тэтгэврийн хэмжээ 240,000 төгрөг байна.
Суурь тэтгэврийг одоо авч буй тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгоно.

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түймрийн голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тогтоож, үнэлгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, түймрийн шалтгаан, нөхцөлийг шалгаж, гэм буруутай этгээдийг тогтоох, хуульд заасан хариуцлага хүлээлгэх, байгаль орчинд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд судалж, шийдвэрлэх арга хэмжээ авна.
Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт энэ сарын 8-нд гарсан ой, хээрийн түймэр нийт 528,765.5 га талбайг хамарснаас Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 79.8 хувь нь өртжээ.

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа
"Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн нөхцөл байдал, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2025 оны тавдугаар сард баталсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглож, Эрүүгийн хуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “Төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулах” “Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх” үйлдлийг гэмт хэрэгт тооцсон. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос иргэдийг урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг Монгол Улсад “Аппликейшн”, “Сайт”, “Цахим орчинд шууд дамжуулалт” гэсэн төрлөөр гарч байна.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж 448 иргэний мэдээллийг шалгуулахаар хүргүүлж, арилжааны банкны 1422 дансан дахь нэг тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, зургаан бүлгийн 34 этгээдийг баривчилж, дөрвөн тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөн Татварын ерөнхий газартай хамтран 1xbet бооцооны сайтын агент хийж байж болзошгүй 89 иргэний мэдээллийг хяналт шалгалт хийлгэж, 24 иргэнд 374 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Харилцаа холбооны зохицуулах хороонд 1015 линк (домэйн) хаягийг илрүүлэн хүргүүлж Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах боломжгүй болгожээ.
2026 оны есдүгээр сарын байдлаар цахим орчинд мониторинг хийж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжтэй нийт 2,526 линк, домэйн хаягийг устгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн. Үүнээс 1221 буюу 48.3 хувь нь устгагдаж, 1305 буюу 51,7 хувь нь хүлээлгийн горимд байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
Нийтийн зориулалттай орон сууцын барилгад сууц, талбай захиалагчийн өмчлөх эрхээ ирээдүйд шилжүүлэн авах шаардах эрхийг бүртгэлийн шатанд хамгаалах зорилгоор Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөл батлагдсанаар барьж дуусаагүй барилгад сууц, талбай захиалахдаа тухайн барилга зөвшөөрөлтэй эсэх, давхар захиалгатай эсэх зэрэг суурь мэдээлэлтэй иргэд, олон нийт нээлттэй танилцах, нотариатч хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг захиалгын гэрээг гэрчлэхдээ нягтлах, гэрээг хуульд нийцүүлэх, улмаар нотариатаар гэрчлэгдсэн гэрээний үндсэн дээр урьдчилсан тэмдэглэл хийх, барилга бүхэлдээ барьцааны зүйл болохтой холбоотойгоор захиалагчийн сууц, талбай өмчлөх эрх хязгаарлагдахгүй байх, захиалгын гэрээтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил, маргаан буурч захиалагчийн эрхийг бүртгэлийн шатанд бодитоор хамгаална.
Түүнчлэн захиалгын гэрээ байгуулж, захиалга авч байгаа барилгын компани захиалагч урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй, барьцааны эрх сууц, талбайн хувьд дуусгавар болох нөхцөлийг сууц, талбай барьцаалагч сууц, талбай бүртгүүлээгүй бол гэрээний төлбөр авч эхлэхгүй байх, захиалагчийн зөвшөөрөлгүйгээр аливаа эрхийг нь дордуулсан өөрчлөлт хийхгүй байх, захиалагчийн төлсөн мөнгийг тухайн захиалгаар барьж байгаа барилгын угсралтын ажил, дэд бүтэц зэрэг тухайн барилгын ажилд шууд хамааралтай зардалаас бусад зориулалтаар зарцуулахгүй болох зэргээр барилгын компанийн сахилга хариуцлага дээшлэх нөхцөл бүрдэнэ гэж үзлээ.




