МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › "Тал хээрийн төлөвлөгөө"-ний хэрэгжилтий...

"Тал хээрийн төлөвлөгөө"-ний хэрэгжилтийг эрчимжүүлж, ногоон хөрөнгө оруулалтыг бодит үр дүнд хүргэнэ

Риогийн конвенцуудын уялдаа холбоог бэхжүүлэх, “Тал хээрийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг дэмжих олон талт зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо.

Үнэн
Админ

Риогийн конвенцуудын уялдаа холбоог бэхжүүлэх, “Тал хээрийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг дэмжих олон талт зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гадаад харилцааны яам болон Азийн хөгжлийн банк хамтран зохион байгуулсан тус уулзалтаар олон улсын түншлэл, санхүүжилтийг уялдуулах, байгаль орчны салбарын тэргүүлэх санаачилгуудыг бодит ажил болгох асуудлыг хэлэлцлээ.


Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлаас гарсан шийдвэр, дэвшүүлсэн санаачилга, бүрдсэн түншлэлийг бодит хэрэгжилтэд шилжүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн нийт нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн нь мал аж ахуй, хүнсний аюулгүй байдал, орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгааг тодотголоо.
Монгол Улс нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулсан бөгөөд 2028 он хүртэл даргалагч орны үүрэг гүйцэтгэнэ.

COP17 хурлаар нийт 34 шийдвэр баталж, цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаарх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр чухал үр дүнд хүрсэн. 


Тус хурлын үеэр дэлхийн хэмжээнд 18 тэрбум ам.долларын боломжит санхүүжилтийг хэлэлцэж, бэлчээр, экосистемийн 45 төсөлд зориулсан 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санаачилга эхэлсэн. Түүнчлэн Монгол Улс гэрээ, хэлэлцээр, санамж бичиг, амлалтуудын хүрээнд ойролцоогоор 1.46 тэрбум ам.долларын ногоон хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлсэн юм.


Эдгээр боломжийг бодит санхүүжилт болгохын тулд төсөл боловсруулах, техник, эдийн засгийн үндэслэл бэлтгэх, хэрэгжүүлэгч байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллах шаардлагатайг уулзалтад оролцогч талууд онцоллоо.

Монгол Улсын дэвшүүлсэн “Тал хээрийн төлөвлөгөө” нь Риогийн гурван конвенц болон Тогтвортой хөгжлийн 2030 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг уялдуулах зорилготой. 

Төлөвлөгөөний хүрээнд бэлчээрийн тогтвортой менежмент, ус-газрын нэгдсэн менежмент, байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилгуудыг хөгжлийн түншүүдийн төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалттай уялдуулах юм.Уулзалтаар хамтран хэрэгжүүлэх тэргүүлэх арга хэмжээ, түншүүдийн оролцоо, санхүүжилт, техникийн дэмжлэгийн боломжийг тодорхойлж, цаашдын ажлыг хариуцах байгууллага, хугацаа, хүрэх үр дүнг тохиролцоход анхаарч ажиллахаар боллоо. 

Эх сурвалж: БОУАӨЯ

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.