Ч.Мөнх-Эрдэнэ: Хөгжмийн эгшигтэй орчинд хүн дандаа гэгээлэг бүхнийг боддог
Эртний нүүдэлчдийн язгуур хөг эгшгээс орчин цагийн Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн чансааг өрнөдийн тайзнаа өрдөж, алтан ургийн уламжлалт дуу хуур хөгжмийг Австрийн алтан тайзнаа тоглоод ирсэн “Authentic Mongolia” багийн төлөөлөл, нэрт ятгач, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэтэй уншигч таныг уулзуулах ховор завшаан олдож, холын сониныг ойртуулан ярилцлаа.
Эртний нүүдэлчдийн язгуур хөг эгшгээс орчин цагийн Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн чансааг өрнөдийн тайзнаа өрдөж, алтан ургийн уламжлалт дуу хуур хөгжмийг Австрийн алтан тайзнаа тоглоод ирсэн “Authentic Mongolia” багийн төлөөлөл, нэрт ятгач, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэтэй уншигч таныг уулзуулах ховор завшаан олдож, холын сониныг ойртуулан ярилцлаа.
-Австри улсад тоглосон “Authentic Mongolia” тоглолтын онцлог, утга агуулгыг манай уншигчид маш их сонирхож байгаа. Тэр тусмаа Монгол Улсын манлай уран бүтээлчдийн ур чадвар, тоглолтын онцлогийг өрнөдийн үзэгчид хэрхэн хүлээж авч байгаа нь их сонирхолтой санагдаж байна. Та сонин сайхнаасаа манай уншигчдад хуваалцана уу?
-“Authentic Mongolia” тоглолтын найруулга нь өнгөрсөн, өнөөдөр, ирээдүй гэсэн уран сайхны агуулгатай. Тоглолтын найруулагчаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, маэстро Н.Буянбаатар ажилласан.
Нүүдэлчдийн язгуур хөгжмүүдийн нэг, түүхийн альманахын 4000 жилийн өмнөх түүхэн сурвалжтай хэл хуур, цуураар энэ тоглолт эхэлдэг. 1500 жилийн өмнөх археологийн дахин сэргээгдсэн Алтай ятгаар Монголын эртний хийгээд өнгөрсөн түүхийн дуурьслыг үзэгчдэд танилцуулснаар товшуур ятгын хэм, цуур хуурын хүүрнэл, монгол бий биелгээний хөдөлгөөнөөр бид түүхийн өнгөрсөн хийгээд өнөөдрийг уран бүтээлээрээ өрнөдийн үзэгчдэд тоглолтын эхний хэсгээ танилцуулсан. Монгол Улс бол НҮБ-д бүртгүүлэхээс өмнө олон мянган жилийн нүүдэлчдийн үл мартагдаж язгуурын соёлоороо дэлхийд бүрэн улс байсан юм шүү гэдгийг харуулахыг зорьсон.
Өрнөдийн үзэгчид монголчуудыг байгаль, нүүдэлчдийн соёлоор л гадарлах гээд байдаг. Үнэн хэрэгтээ бид хүн төрөлхтний хөгжлийн дээд цэгт нь урлаг уран бүтээлийнхээ хөгжлийг авч явдаг юм. Түүнийг төлөөлж төгөлдөр хуурч А.Түшигт гэх залуу уран бүтээлчийн ур чадварыг олон улсын нэр хүндтэй тайзан дээр танилцуулснаар “Authentic Mongolia” тоглолтын дараагийн хэсэг үргэлжилдэг. “Жинхэнэ Монгол” тоглолтод Монголын мэргэжлийн урлагийн байгууллагын төлөөлөл, энэ цаг үед бүтээн туурвиж байгаа гарамгай уран бүтээлчдийн залуу төлөөлөл оролцсон. Тэд хувийн чадвараа харуулахаар дэлхийн болон Монголын шилдэг зохиол, бүтээлүүдээс амлан авч, олны өмнө авьяас билгээ гайхуулсан. Гэхдээ Монголд мэргэжлийн урлаг хэрхэн хөгжиж байгаа, томоохон хэлбэрийн хөгжмийн зохиолууд хэрхэн туурвигддагийг, түүгээр дамжсан мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадварын илэрхийлэл нь өнөөдрийн Монголын хөгжлийг хэрхэн тодорхойлж буйг харуулахын тулд үндэсний бүтээлүүдээ тоглосон нь бидний хувьд чанад мэдрэмжийн чамирхал болсон. Би ч гэсэн Австрийн тайзан дээр 1400 жилийн тэртээгээс өнөөдөртэй золгон нутагшуулаад удаагүй Монгол Алтайн ятгаа бариад гарсан. Хүний биш, өвөг дээдсийнхээ тоглож байсан хөгжмийн зэмсгийг сонгодог урлагийн боловсролтой олон орны үзэгчдэд хүргэхэд бахархах сэтгэл өөрийн эрхгүй бадардаг юм билээ.
Монгол уран бүтээлчдийнхээ дунд аархах, бахархах сэтгэл төрснөөс биш айдас мэдрээгүй
-Тоглолтын уур амьсгал, үзэгчдийн хүлээн авч байгаа байдлаас “Жинхэнэ Монгол” үүргээ биелүүлж чадсан гэж бодож байна уу?
- Үзэгчид үргэлж шинэ зүйл рүү тэмүүлж байдаг. Үүнийг “Жинхэнэ Монгол” тоглолт харуулсан. Бас тэдний дунд эх орноо үгүйлэн санасан монголчууд үндэсний дээл хувцсаа өмсөөд ирснийг хараад сэтгэл өөрийн эрхгүй баяссан. Тэдний найз нөхөд болох Австри улсын үзэгчид ч биднийг хүндлээд дээл хувцас өмсөөд ирснийг харах сайхан байсан. Мэдээж тайзны гэрэл, дуугаралт, мэргэжлийн өндөр түвшний хандлага нь бидний өнөөдрийг хүртэл хүсэж байсан дээд чанар байж чадсанд бид бахархсан. Ийм эгэл бус уур амьсгал бүрдсэн тайзан дээр тоглох нь бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Ингэж монгол уран бүтээлчдийнхээ дунд ятгаа тоглоод аархах, бахархах сэтгэл төрснөөс биш санаа зовнил байсангүй. “Жинхэнэ Монгол” тоглолт эх орноо төлөөлж Австри улсын нэр хүндтэй тайзан дээр нэр төртэйгөөр үүргээ биелүүллээ.
-“Жинхэнэ Монгол” тоглолтын хөтөлбөрт та ямар бүтээлүүдээрээ оролцож тоглосон бэ?
-Жинхэнэ Монголыг харуулахын тулд язгуурын хөгжмийн түүхэн төлөөлөл болох Алтайн ятгаа тоглосон. Улмаар тоглолтын хөгжил хэсэгт Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын шилдэг бүтээлүүдийн нэг болох Ятга хөгжимд зориулсан концертын бүтээлийг тоглож үзэгчдэд хүргэсэн. Надад зориулан бичсэн энэ бүтээлийн тухай яривал багагүй цаг зарцуулна. Товчхондоо, хөгжмийн зохиолч Б.Мөнхболд миний бие даасан “Хос эрвээхэй” тоглолтыг үзсэнийхээ дараа надад зориулж ятгын том хэлбэрийн чансаа шаардсан концерт бичиж өгөхөө амласан нь хожим цаасан дээр бууж энэ гайхалтай бүтээл төрсөн түүхтэй. Энэ бүтээлээрээ “Алтан намар” хөгжмийн наадамд оролцож “Шилдэг хөгжимчин”-ий шагнал авсан нь анхны тохиолдол болсон. Үүгээрээ би Б.Мөнхболдын энэ бүтээл ятга хөгжмийн хөгжилд шинэчлэлийг авчирсан гэдгийг хэлэх гэсэн хэрэг. Хөг хөглөгөөний хурдтай шийдлийг гаргаж, урд нь боломжгүй болгоныг тоглогчийн ур чадвараар боломжтой болгож тоглосноороо энэхүү Ятгын концерт нь ур чадварын шинэчлэлийг хөгжүүлсэн онцлогтой. Хөгжимчний хувьд ч толгойгоо ажиллуулж, ур ухаанаа гаргасан бүтээл болж чадсан. Энэ бүтээл намайг хөгжүүлж, дотоод сэтгэлийг задалж өгсөн.
-Австрийн алдарт HAYDN, BRAHMS, MINORITEN, MIDDLE концертын танхимуудад тоглогдсон “Authentic Mongolia” тоглолтын цуурай есдүгээр сарын 26-ны өдөр “Хүн” театрт үргэлжлэхээр боллоо. Та энэ тоглолтод ямар бүтээлээ тоглох вэ?
-Намар цагт өрнөдөг хөл хөдөлгөөн багасаж одоо л намжих тал руугаа явж байна. Энэ үед бодол хөгжөөж урам нэмэхээр тоглолтоо хийх гэж байгаа нь энэ юм. “Жинхэнэ Монгол”-ыг мэдрээсэй гэдэг хүслээр “Хүн” театрт баг хамт олон үзэгчдээ угтан авахад бэлэн болоод байна.“Жинхэнэ Монгол” буюу “Authentic Mongolia” төслийн санаачлагч, найруулагч, продюсер, нэрт удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатарын удирдлага доор энэхүү тоглолт Австри улсад амжилттай тоглогдсон. Энэ удаагийн тоглолтын агуулга, найруулга, хөтөлбөрт өөрчлөлт орохгүй.Монголын язгуур урлаг, өв уламжлал, орчин цагийн монгол хөгжим нэгэн тайзнаа эгшиглэх тоглолтод УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Энхнаран, морин хуурч Д.Шинэцог- Гени, ҮУИТ-ын гоцлол бүжигчин Э.Номин, хэл хуурч, лимбэч Д.Даваасүрэн, УДБЭТ-ын ерөнхий концертмейстер Б.Оюунгэрэл, “Улаанбаатар” театрын гоцлол дуучин А.Отгонболд, төгөлдөр хуурч А.Түшигт, Чингис хаан одонт Морин хуур найрал хөгжмийн дэргэдэх “Чөлүгэн” морин хуурын дөрвөл оролцоно. Миний бодлоор ийм олон гайхамшигтай уран бүтээлч цугласан тоглолт нэг их олон удаа болоод байдаггүй байх. Тиймээс энэ цаг үед бид л нэгнээрээ бахархах ёстой.
Бидний тоглолтыг үзээд гарсан хүн сэтгэл дүүрэн байна гэж би бардам хэлнэ
-Бид бялуурчихсан учраас онцлох зүйлээ заримдаа үнэгүйдүүлчих гээд байдаг дутагдалтай. Цөөхүүлээ ч “авьяас нь асгарсан” дэндүү олон уран бүтээлчтэй болохоор тэдний гялалзаж байгааг харсан ч байдаг зүйл мэтээр өнгөрөөдөг талтай. Гэхдээ энэ удаагийн тоглолтыг хүмүүс өөрөөр хүлээж авах байх гэж бодож байна?
-Би энэ тоглолтдоо маш их ач холбогдол өгч байгаа. Яагаад гэвэл би ийм том хэмжээний концертыг тайзан дээрээ тоглоод л явж байх ёстой хүн байхгүй юу. Одоо аль нэг урлагийн байгууллагад харьяалагдахгүй байгаа ч ирээдүйн хөгжимчдийг бэлдэхэд хүчээ өгч байна. Мэдээж хажуугаар нь уран бүтээлээ орхигдуулахгүй явахыг хичээдэг. Гэхдээ л томоохон хэмжээний концерт тоглох боломж тэр бүр олдоод байдаггүй.
Хүн сайхан зүйл сонсож сайн юмсыг харахаараа өөрт нь урьд хожид хэзээ ч бодогдож байгаагүй санаа сэдэл төрж байдаг. Тэгэхээр урлаг хэзээ ч муу зүйлд хөтөлдөггүй. Хөгжим хэзээ ч муу бодлыг төрүүлдэггүй. Хөгжмийн эгшигтэй орчинд хүн дандаа гэгээлэг бүхнийг бодож дараагийн шинэ санаа төрөхөд сэдэлжүүлж байдаг. Бясалгаж, ухааруулж өгдөг. Үүний адил бидний тоглолтыг үзээд гарсан хүн сэтгэл дүүрэн байна гэж би бардам хэлнэ. “Жинхэнэ Монгол” тоглолтыг зорин ирсэн хүнд дахин дахин тоглолт үзэх цагаан шунал төрөх болов уу гэж бодож байна.
-Үзэл бодлын зөрүү, үнэлэлт дүгнэлтийн ялгаатай байдлаас шалтгаалан сэтгэл дундуурхан явах тохиолдол гардаг л байх?
-Би эзэмшсэн мэргэжилдээ сэтгэл хангалуун байдаг. Одоо Монгол Улсын Консерваторт багшилж байгаа. Боловсрол талдаа ч, уран бүтээлчийн хувьд ч би хүчээ өгч ажилладаг. Хоёр жигүүрээ зэрэг авч явж байгаа учраас хэзээ ч сэтгэлээр гутарч үзээгүй. Дээрээс нь Алтайн ятгаа сурталчлан түгээнэ гээд миний ажил мундахгүй шүү дээ.
-Амьдрал цаг хугацааны явцад, үзэж туулсныхаа хэрээр улам баяжигдаж, үзэл санааны хувьд өөрчлөгдөж илүү төгс рүү тэмүүлээд байдаг юм болов уу гэж боддог юм. Одоо та юунд зорьж байна вэ, өмнө нь ярилцаж байснаас өөрчлөгдсөн болов уу?
-Мэдээж эхний зорилгууд хэвээрээ. Цаг хугацааны явцад зорилго төрөлжөөд тэлдэг л юм байна. Өмнө нь “Сайн ятгачин болно” гэж зорьж байсан. Харин одоо сайн ятгачин байгаад зогсохгүй өөрийн туршлагаа оюутан сурагчидтайгаа илүү их хуваалцах чин хүсэлтэй болсон. Яагаад гэвэл ирээдүйн Монголын ятгын хөгжлийг авч явах том үүргийг надад оноочихсон учраас би маш хариуцлагатай ханддаг. Тийм ч учраас олон тэмцээн уралдаанд хүүхдүүдээ “сойж” байгаа, амжилттай ч яваа. Гэхдээ дахин дахин амжилтын төлөө шунах хэрэгтэй гэж би тэдэнд хэлдэг. Уран бүтээлд шунан дурлах хүсэл хэзээ ч зогсохгүй.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин