МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › Түүхийнхээ түүхийрлийг арилгана гэдэг хя...

Түүхийнхээ түүхийрлийг арилгана гэдэг хялбархан ажил огт биш

Эх түүхээ түүхэн үнэнд нь яг таг ойртуулж, шинэчилж, элдэв гажуудлаас нь чөлөөлж дуусгахын төлөө эх оронч, түүхийн шинжлэх ухаанд үнэнчээр зүтгэгч судлаач бүхэн л санаа тавьж байдаг.

Үнэн
Админ

Эх түүхээ түүхэн үнэнд нь яг таг ойртуулж, шинэчилж, элдэв гажуудлаас нь чөлөөлж дуусгахын төлөө эх оронч, түүхийн шинжлэх ухаанд үнэнчээр зүтгэгч судлаач бүхэн л санаа тавьж байдаг. Ийм ажил, зүтгэл 200 гаруй улс орон нэг бүрд л хийгдсээр, хэрэгжсээр иржээ. Жинхнээсээ тусгаар тогтносон, бусдаас хараат биш улс оронд энэ ажил, ийм оролдлого төр засгийн нь ивээл, дэмжлэгэд тулгуурлан явагддаг. Ор нэр төдий тусгаар тогтносон, бусдаас хараат орнуудад энэ талын ажил, эзэн орны зүгээс нь хориглогдсон байдаг. Үндэсний нь ухамсар, уламжлал сэргэх, ард иргэдийн нь эх оронч сэтгэл, түүхийн ухамсар сэргэх, хүчтэй болохоос өнөөдөр ч гэсэн неоколоничлогчид айж, цэрвэж буй нь ажиглагдсаар байгаа юм.
Хүн төрөлхтний түүхэн дэх нэн эртний угсаатнуудын нэг нь монголчууд. Тэд өөрсдийгөө ч элдвээр нэрлэж байж, мөн хөршүүд нь ч элдэв нэр, хаяг, хоч хэрэглэж иржээ. Тэр олон нэр, хоч мэтэд төөрөлдөх хэрэггүй юм. Унаган газар нутаг, өвгөдийн булш, бунхан, уламжлалт өвөрмөц соёл, эх хэл, эрхэлж ирсэн аж ахуй гэх мэт нь олон мянган жилийн туршид танигдахаар, гэрчлэхээр бэлээхэн байж л байгаа шүү дээ. Гэхдээ нүүдэлчид болохынхоо хувьд, он тооллын бичиг мэтийг байнга хөтөлж ирээгүйн учир, эрт цагийн бичгийн дурсгал үрэгдэж устсаар байсны улмаас гэх мэтийн тун олон шалтгаанаар эх түүхийн маань эртний хэсэг нь урт урт харанхуй үетэй, цагаан толботой хэвээрээ байгаа билээ.
Эртний эд, юмсын гарваль, нас, элдэв холбогдлыг нь судалж тогтоох чадвартай шинжлэх ухааны олон салбар үүсэж хөгжсөн нь аль ч улс орны түүхийг тодруулахад тусалж байна. Монголчууд эндээ л мөнхөд байсан болохоор баримт болох эд юмс хангалттай олон бий. Энд археологичид л чухал үүрэгтэй. Тэднийг дэмжих, шаардлагатай бүхнийг нь гаргаж өгөх, бусад орны судлаачидтай хамтрах, олсон нээсэн бүхнийг нь шинжлэх ажлыг цаг алдалгүй хийх явдал л чухал байна. "Айлаас эрэхээр авдраа уудал" гэх үг энд яг л таарна. Хятад сурвалжид хүртэл үнэнээс худал нь их, санаатай хийгдсэн гуйвуулга, гүтгэлэг ч цөөнгүй. Хятад ханз, хэлээр тэмдэглэгдсэн олон нэрний монгол дуудлагыг таних, тогтоох ч боломжгүй. Үүнийг хэлзүйчид, түүхчид одоо ойлгоод олон нэрний араас хөөцөлдөхөө больсон нь зөв юм. Үг, нэр, элдэв дуудлага, хэллэг биш археологийн биет олдворууд л одоо үгээ хэлэх ёстой.
Таван мянга шахам жилийн өмнө эртний Египетэд барьж байгуулсан пирамидтай адил шахам хэмжээний оршуулгын байгууламж Хүннүгийн үеийнх гэх нэр, хаягтайгаар Монголд олдсоор байна. Таван давхар барилгын өндөртэй  пирамидтай тэнцэх хэмжээний гүнд, орон зайнд элдэв үнэт чимэглэлтэй модон авсанд, маш олон тооны эдлэл дагалдуулан оршуулсан булшийг газрын гүн рүү шатлан ухсаар олж, нээж үзээд байна. Тэнд байсан бүхнийг судалж, шинжилж дуусахаар тун олон янзын мэдлэг, мэдээлэл буй болно. Ухаж гарсан шороо, ашигласан чулууны хэмжээ, эзлэхүүн нь нэг доор овоолох аваас том пирамидын дайтай болохоор байна. Ийм оршуулгыг төв төр бүхий хүчирхэг улс гүрэн л хийдэг билээ.

Монголын түүхийг 30 ботиор бичих ажил эхлээд бүр дуусаж буй бололтой. 100 гаруй судлаач нийт уртаар нь хувааж авсан гэгдэх юм. Үүнийг дам сонсоод л олон эргэлзээ намайг эзэмдлээ. Энэ зууны энэ онуудад тийм олон, бэлэн, чадварлаг, судалдгаа судлаад, нягталдгаа нягтлаад хэдийнээ амжчихсан хүмүүс, түүхчид байгаа гэж үү. Энэ арай бүх насныхан оролцдог  субботник биш байгаа?
Нарийн судалгаа, эргэцүүлэл, хэлэлцүүлэг, санал шүүмж шаардах, олон дахин эргэж нягтлах, экспертүүдийн үнэлгээ шаардах, судлаачдын гал тогоонд хэдэн сар, жилээр олон талын идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэхийг шаардах онц чухал ажлыг субботник зарлаад хийчихэж болох уу? Судлаачид бичээд л, редакторууд хянаад л онцын их ээдрээтэй, адармаатай, алдаа, гуйвуулга ихтэй, нүүдэлчдийн гэх олон өвөрмөц онцлогтой, халиа цалигаа ихтэй эх түүхийг маань түүхэн үнэнд нь нэн ихээр ойртуулаад бичихэд хэрэгтэй “Зайлшгүй хийгээд хүрэлцээтэй нөхцөл, хүн хүч” өнөөдөр байгаа гэж үү? Урд өмнөхөө үндсэндээ давтсан нэгэн хувилбар, олон ботийг бичсэн нэр, чанар муутай өмнөх туршлага сургамж үлдээсэн л баймаар, учир шалтгаан нь ч ухаарагдсан баймаар даа!


Улс, үндэстнийхээ эх түүхийг, бүрэн бүтэн түүхийг, бүр 30 ботиор бид анх удаа л бичих гэж байгаа шүү дээ! Монгол хүн, монгол угсаатан, монгол төр улсын гэсэн гурван шугамын дагуух урт түүх, түүхэн үнэн, урд өмнөх элдэв алдаа, гуйвуулгаас чөлөөлөгдсөн түүх, шинэчлэгдэж чанаржсан түүх, урд хожид ер байгаагүй олон боть түүх, XXI зууны өндөрлөгөөс үзэх, үнэлэх аваас зөв, зүйтэйд тооцогдох түүх бичигдсэн байх шаардлагатай билээ.


Оюун ухаант хүн анх үүсэж гарсан өлгий нутаг ч байж мэдэх Төв Азийн өндөрлөгт нэн эрт үед бүрэлдэж төлөвшсөн угсаатан болох нүүдэлчдийн урт түүхийг бүрэн бүтнээр бичих гэсэн анхны энэ шийдвэр, оролдлогыг магтахгүй, дэмжихгүй байж болохгүй л дээ. Гэхдээ энд гол асуудал нь чанар, түүхэн үнэнд ойртож чадсан хэмжээ, бодитой баримт, материал, зөв зүйтэй дүгнэлт, гаргалгаа, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц өндөр түвшин, үнэлгээ юм.
Өмнө дурдсан чанар, үнэлгээг бүтээхэд заавал шаардагдах технологи энд мөрдөгдсөн, сахигдсан байх учиртай. Онол-аргазүйн семинар, эрдэм шинжилгээний хурал, Монголын түүхийн үндсэн бүрдэл хэсгүүдээрх илтгэл, тэдгээрийн хэлэлцүүлэг, экспертүүдийн санал, шүүмж, үнэлгээ, монголч эрдэмтдийн оролцоо нэн чухал билээ. Эрдэм шинжилгээний хурал тус бүрээс зөвлөмж боловсруулж, нийтэлж олны хүртээл болгох нь чухалд тооцогддог. Энэчлэн олон талын ажлыг судлах, шинжлэх технологийн дагуу гүйцэтгэх учиртай.
Хийсвэр жишээ татъя. Монголын түүх 3600 орчим жилийн уртаар өгүүлэгдэнэ гэвээс 100 гаруй судлаачийн нэг бүрд нь 36 жилийн л үйл явдал оногдоно. Он тооллын бичиг 3600 жилийн туршид хөтлөгдсөөр ирсэн бол судлаач бүр 60 орчим жилийн хүрээнд сэтгэх, бясалгах аргаар мөнхүү 36 жилийн түүхийг биччихэж чадна. Гэтэл он тооллын тасралтгүй хөтлөгдсөн бичиг байхгүй болохоор уг 36 жилийн хэрэг, явдлыг өмнөх ба хойдохтой нь холбон, уядуулан бичих нь нэн хэцүү.

Түүхийн сэдэвтэй уран зохиол бичиж буй бол огт өөр хэрэг л дээ. Юуг ч ямраар ч чөлөөтэй өгүүлж, дүрүүдийг бүтээж, тэднийгээ 40-өөд жилд "амьдруулчихаж" болно л доо. Харин түүх бол баримтад, түүхэн үйл явдалд, мөнхүү цаг үеийн нөхцөл, тохироо, онцлогтой л уягдаж бичигдэх учиртай. Монголч эрдэмтдийн сүүлийн үеийн бүтээлүүдтэй танилцах, Өвөр Монголын түүхчидтэй санал солилцох, Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан улс орнуудын түүхчдийн бүтээлийг судлах, тооцох нь мөн чухал юм. Олон улсын харилцаа, дипломат албыг түүх талаас нь судалдаг хүмүүс, түүхийн философичид, эрхзүйчидтэй санал солилцох нь бас л нэг хийх ёстой ажил мөн болно.


Орос-Зөвлөлтийн түүхчид Монголын түүхийн нэгэн ботийг анх бичихдээ төлөвлөснөөсөө урт хугацаа аргагүйн эрхээр зарцуулсан билээ. Тэр үеийн жишиг,  туршлагыг ч анхаарах нь зөв байх.


Түүхээ шинэчлэх, түүхэн үнэнд нь аль болохоор ойртуулж бичих гэсэн хоёр дахь оролдлого (XXI зуунд) энэ болж байна. Эхний оролдлогын үр дүн, өгөөж, амжилт нь хэнд ч гологдохор болсон нь үнэн билээ. Энэ удаагийнх хэр зэрэг байх бол оо. Дөрвөн боть түүхээс 30 боть түүх хэр их ялгаатай байх бол оо. 
Түүх бичлэгт маань салхи оруулах гэсэн нэгэн оролдлогыг 1992 онд бидний хэдэн нөхөд хийж, төсөл боловсруулж, гүйцэтгэх ажлыг зохион байгуулж, үр дүнд нь хоёр боть ном бүтээж тус бүрийг нь 1000 хувь хэвлүүлсэн юм. Тэр бол анхны, нөхцөл нь бүрдээгүй үеийн, үр дүн муутай оролдлого байв. Гэхдээ тэдгээр ботийг хүмүүс ихэд сонирхож уншдаг, 1995 оноос хойшхи үеийн аспирантууд “Монголын төрийн байгуулал, улс төрийн сэтгэлгээний хөгжил (МЭӨ III - МЭ XX зуун)" гэсэн хоёр боть номыг ашигласан гэж диссертаци болгондоо л дурдсан байдаг байж билээ. Хамтын бүтээлд оролцогсдын олонх нь нэлээд болгоомжилсон, хаяагаа манасан, өмнөхөө л баримжаалсан, давтсан байр суурьтай байв. I ботийг бичихэд долоон хүн, II ботийг бичихэд есөн хүн оролцсон ба бүрэлдэхүүнд нь манай ахмад түүхчид (Л.Бат-Очир, Ч.Далай, Г.Сүхбаатар, Л.Жамсран, Ч.Дашдаваа), ахмад философичид, эрхзүйчид байсан юм. Төслийн ажил хоёр жил үргэлжилж, 1994 онд хоёр боть ном хэвлэлд шилжсэнээр дуусгавар болж байв. Түүхээ шинэчлэхэд шаардагдах шинэ онол-аргазүй, мөн урьд өмнөх алдаа, гажуудлыг залруулах чадавхтай судлаачдаа эхэлж бэлдэхийн чухлыг тэр үеийн практик тод харуулсан юм. Мөнхүү хоёр боть номыг бэлдэх явцад тодорсон нэг зүйл бол манай түүхчдэд эх түүхээ “Нэн эртнээс XX зууныг дуустал” түүхэн үнэнд нь ойртуулан бичих баримт, материал, мэдлэг, мэдээлэл тун их дутагдалтай юм байна гэсэн дүгнэлт байлаа. Зохих түвшний боловсрол, чадавхтай түүхчдийг бэлдэх, олон хэлээр баримт, материалыг цуглуулах, боловсруулах, археологичдын олсон бүхнийг шинээр, сайтар шинжилж өгөх мэдээллийг нь маргаангүйгээр тодруулах ажлыг ултай, суурьтай хийхгүйгээр чанарын өөрчлөлт, дэвшил гарахгүй юм байна гэдгийг бид олж харсан юм. 
Энэ удаагийн оролцогчид тус тус оногдсон сэдвээрээ урьд өмнө нь судалгаа хийж, ном, өгүүллүүд бичиж, хэвлүүлж, хэлэлцүүлж, экспертүүдийн үнэлгээг сонсож байсан байж болно. Гэхдээ эх түүхээ түүхэн үнэнд ойртуулж, өмнөх алдаа, дутагдлыг залруулж, шинэчилж бичнэ гэдэг бол заавал ч үгүй урьдчилсан бэлтгэл, шинэ шинэ баримт, шинэ шинэ өнцөг, шинэ шинэ хандлага, шинэ шинэ аргачлал, ургуулан сэтгэх өндөр чадавх, түүхийн философийн оновчтой, зөв байр суурь шаарддаг ажил юм шүү.

Д.Чулуунжав 
/Судлаач профессор/

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.