ЧЖАН ИМИН: TikTok-оор дэлхийг байлдан дагуулсан нууцлаг тэрбумтан
Хэдхэн секундийн бичлэг. Хуруугаараа дээш гүйлгэнэ. Дараагийнх нь гарч ирнэ. Инээдтэй бичлэгийн араас мэдээ, хөгжмийн араас хоолны жор, аяллын дүрсний араас улс төрийн контент залгана.
Хэдхэн секундийн бичлэг. Хуруугаараа дээш гүйлгэнэ. Дараагийнх нь гарч ирнэ. Инээдтэй бичлэгийн араас мэдээ, хөгжмийн араас хоолны жор, аяллын дүрсний араас улс төрийн контент залгана. Хэрэглэгч өөрөө хайгаагүй ч үзэхийг хүсэж болох зүйлийг нь TikTok урьдчилан санал болгож байдаг. Өнөөдөр хэдийнэ дасал болсон энэ хэрэглээний хэв маягийн ард Хятадын программист Чжан Имин бий.Тэр Илон Маск шиг өдөр бүр олны анхаарлын төвд байдаггүй. Марк Зукерберг шиг дэлхийн хэвлэлүүдэд байнга ярилцлага өгдөггүй. Өөрийнх нь байгуулсан компани дэлхийн хамгийн нөлөө бүхий сошиал платформуудын нэгийг бий болгосон ч Чжан Имин өөрөө олон нийтийн өмнө төдийлөн үзэгддэггүй. Гэвч түүний хөрөнгө 2026 оны есдүгээр сарын байдлаар 105 тэрбум ам.доллароос давж, Bloomberg-ийн тооцоогоор Азийн хамгийн чинээлэг хүн болсон талаар Reuters мэдээлэв. Үүнд TikTok-оос гадна ByteDance-ийн хиймэл оюуны бизнесийн өсөлт ч голлон нөлөөлжээ.
Чжан Имин 1983 онд Хятадын Фүжянь мужид төржээ. Нанькай их сургуульд суралцаж, программ хангамжийн инженерийн чиглэлээр мэргэшсэн тэрбээр ажлын гараагаа технологийн компаниудаас эхэлсэн юм. Түүний сонирхол хүмүүс интернэтээс мэдээллийг хэрхэн хайж олдгоос илүүтэй, технологи тухайн хүнд хэрэгтэй мэдээллийг хэрхэн өөрөө олж өгч болох вэ гэдэгт төвлөрч байв. 2010-аад оны эхээр Хятадад ухаалаг гар утасны хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байлаа. Хүмүүс мэдээллийг компьютерийн дэлгэцээс бус гар утсаараа авах болж, интернэт дэх контентын хэмжээ ч огцом өсөв. Мэдээлэл улам ихсэх тусам хэрэглэгч өөрт хэрэгтэй зүйлээ олж авахад төвөгтэй болно. Чжан Имин үүнээс бизнесийн боломж олж харжээ. Хэрэглэгч өөрт сонирхолтой мэдээллээ хайхын оронд технологи түүний өмнөх үйлдэл, сонирхлыг шинжилж, дараа нь юу үзэхийг хүсэхийг таамаглаж болох байв. Энэ санаанд тулгуурлан Чжан Имин, Лян Рубо нарын баг 2012 онд Бээжин хотын дөрвөн унтлагын өрөөтэй орон сууцанд ByteDance-ийг байгуулжээ. Тус компани мөн оны наймдугаар сард Toutiao мэдээллийн платформоо зах зээлд гаргасан байна.Toutiao уламжлалт мэдээллийн сайтаас өөр зарчмаар ажиллав. Редактор нүүр хуудсанд ямар мэдээ байрлуулахаа шийдэхийн оронд хэрэглэгчийн сонирхол, үйлдэлд тулгуурласан технологи контентыг санал болгоно. Хэрэглэгч юу уншсан, юуг алгассан, ямар төрлийн мэдээлэлд илүү анхаарсныг тооцож, дараагийн контентыг түүнд тохируулан хүргэх зарчим байлаа. ByteDance-ийн дараагийн том алхам 2016 онд эхэлсэн.Тус компани есдүгээр сард Хятадын зах зээлд богино хэмжээний видео хуваалцах Douyin платформыг нэвтрүүлэв. Жилийн дараа TikTok-ийг эх газрын Хятадаас бусад зах зээлд гаргажээ. Мөн 2017 оны арваннэгдүгээр сард залуусын дунд хэдийнэ танигдсан Musical.ly платформыг худалдан авч, 2018 оны наймдугаар сард TikTok-той нэгтгэв.Ингэснээр TikTok дэлхийн зах зээл рүү гарах том суурьтай болсон юм. Facebook, Instagram зэрэг сошиал сүлжээний хэрэглээ тухайн үед гол төлөв хэрэглэгчийн өөрийн бий болгосон хүрээлэлд тулгуурлаж байв. Хүн найз нөхөд, танилууд эсвэл сонирхсон алдартнаа дагаж, тэдний нийтэлсэн контентыг үзнэ. TikTok үүнийг өөрчилсөн.Энд хэрэглэгч заавал хэн нэгнийг дагах шаардлагагүй. Аппликэйшнийг нээхэд “For You” буюу тухайн хүнд зориулсан контент шууд гарч ирнэ. Ямар бичлэгийг дуустал үзсэн, алийг нь хэдхэн секундийн дараа алгассан, юуг дахин үзсэн, юунд хариу үйлдэл үзүүлсэн зэрэг олон төрлийн мэдээлэл дараагийн санал болгох контентод нөлөөлнө. Ийнхүү сошиал медиагийн өрсөлдөөн зөвхөн “Хэн олон дагагчтай вэ” гэдгээс “Хэн хэрэглэгчийн анхаарлыг хамгийн удаан барьж чадах вэ” гэсэн чиглэл рүү улам хүчтэй шилжив.Энэ тогтолцоо контент бүтээгчдийн боломжийг ч өөрчилсөн юм. Өмнө нь олон хүнд хүрэхийн тулд олон мянган дагагч цуглуулах шаардлагатай байсан бол TikTok дээр огт танигдаагүй хүний нэг бичлэг богино хугацаанд асар олон хүнд хүрэх боломжтой болов.Нэг дуу хэдхэн хоногийн дотор олон улсад түгж, нэг бүтээгдэхүүн гэнэт эрэлттэй болж, өчигдөр хэн ч таньдаггүй байсан хүн маргааш нь сая сая үзэгчтэй болох шинэ орчин бүрдэв.
Чжан Иминий гол ололтыг TikTok хэмээх нэг аппликэйшнээр хязгаарлавал түүний бизнесийн түүхийг бүрэн тайлбарлаж чадахгүй. Тэр мэдээллийг түгээхэд алгоритмын гүйцэтгэх үүргийг бизнесийнхээ төвд маш эрт тавьсан технологийн бизнес эрхлэгчдийн нэг юм. Энэ загвар амжилтад хүрэхийн хэрээр TikTok зөвхөн технологийн бүтээгдэхүүн байхаа больж, улс орнуудын анхаарлын төвд орж эхлэв. АНУ-д хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдал, ByteDance-ийн Хятадтай холбоотой бүтэц, алгоритм мэдээллийн орчинд хэрхэн нөлөөлж болох тухай асуудал олон жилийн турш маргаан дагуулсан. АНУ-ын хууль тогтоогчид болон албаныхан үндэсний аюулгүй байдал, хувийн мэдээллийн хамгаалалттай холбоотой эрсдэлийг хөндөж ирсэн бол TikTok эдгээр болгоомжлолтой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах арга хэмжээнүүдээ тайлбарласаар ирсэн. Ийнхүү Бээжингийн нэгэн орон сууцанд байгуулагдсан технологийн стартапын бүтээгдэхүүн аажмаар АНУ, Хятадын технологийн өрсөлдөөнтэй холбогдсон томоохон асуудлын нэг болов. Энэ хооронд Чжан Имин өөрөө компанийн өдөр тутмын удирдлагаас холдсон юм. 2021 оны тавдугаар сард тэр ByteDance-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа Лян Рубод шилжүүлэхээ ажилтнууддаа мэдэгдэв. Чжан өөрийн давуу тал өдөр тутмын менежментэд бус урт хугацааны стратеги, байгууллагын соёл, шинэ боломжийг судлахад оршдог гэж тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн сая сая хүний анхаарлыг татах платформ байгуулсан хүн өөрөө олны анхаарлын төвөөс холдохыг сонгожээ. Гэвч ByteDance-ийн өсөлт TikTok-оор зогссонгүй.Компанийн дараагийн том өрсөлдөөн хиймэл оюуны салбарт өрнөж байна. Doubao хиймэл оюуны туслах, Seedance видео үүсгэгч загвар зэрэг бүтээгдэхүүнээ хөгжүүлэхийн зэрэгцээ ByteDance 2026 онд хиймэл оюунтай холбоотой хөрөнгө оруулалтаа эрчимтэй нэмэгдүүлж байна. Reuters-ийн мэдээлснээр тус компанийн 2026 оны хөрөнгө оруулалт 70 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд үүний гол хэсэг нь хиймэл оюуны дэд бүтцэд чиглэж байна. Энэ нь Чжан Иминий бизнесийн замналд шинэ зүйл биш.Тэр ухаалаг гар утасны хэрэглээ эрчимжиж байх үед мэдээллийг алгоритмаар санал болгох боломжийг олж харсан. Богино видео хүчээ авч эхлэх үед Douyin, TikTok-ийг хөгжүүлсэн. Харин одоо түүний байгуулсан компани хиймэл оюуны дараагийн өрсөлдөөнд байр сууриа бэхжүүлэхээр ажиллаж байна. TikTok-ийн амжилт өрсөлдөгчдөө ч өөрчлөлт хийхэд хүргэсэн. Instagram Reels, YouTube Shorts зэрэг богино видео үйлчилгээ өргөжиж, хэрэглэгчийн сонирхолд тулгуурлан контент санал болгох загвар сошиал медиагийн үндсэн чиг хандлагын нэг болов.
Гэхдээ ийм технологийн нөлөө нэмэгдэхийн хэрээр маргаан ч дагалддаг. Алгоритм хүний сонирхлыг улам нарийн таамаглах тусам хэрэглэгч ямар мэдээлэл үзэж байгаагаа өөрөө хэр хэмжээнд сонгож байна вэ, платформ түүний анхаарлыг хэрхэн удирдаж байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Хүүхэд, өсвөр үеийнхний хэрэглээ, хувийн мэдээллийн хамгаалалт, худал мэдээлэл, улс төрийн контентын түгээлт зэрэг асуудал TikTok-ийг тойрсон олон улсын хэлэлцүүлгийн нэг хэсэг хэвээр байна. Чжан Иминий бүтээсэн зүйл тиймээс зөвхөн богино бичлэгийн платформ биш. Хэвлэлийн эрин үед редактор ямар мэдээллийг уншигчид хүргэхээ сонгодог байв. Сошиал медиагийн эхний үед хэрэглэгч хэнийг дагахаа өөрөө сонгодог болсон. Харин TikTok-ийн үед алгоритм тухайн хүн дараагийн хэдэн секундэд юу үзэх магадлалтайг тооцоолж, контентыг өмнө нь авчирдаг болов. Чжан Имин энэ өөрчлөлтийн хамгийн нөлөө бүхий архитекторуудын нэг болжээ. Тэр олны өмнө төдийлөн гардаггүй. Өөрийн хөрөнгө, амьдралын хэв маягийг сурталчилдаггүй. ByteDance-ийн өдөр тутмын удирдлагыг ч аль хэдийнэ орхисон. Харин түүний байгуулсан компанийн технологи дэлхийн сая сая хүний гар утасны дэлгэц дээр өдөр бүр ажилласаар байна. Дэлхийн анхаарлыг татах хамгийн хүчирхэг платформуудын нэгийг байгуулсан атлаа өөрөө олны анхаарлаас хол үлдсэн нь Чжан Иминий хөргийн хамгийн содон зөрчил байж мэднэ.
Түүний нэрийг хүмүүс тэр бүр сайн мэдэхгүй байж болно.
Харин түүний бүтээсэн алгоритм бараг дэлхийн хүн бүрд ямар нэг хэмжээгээр нөлөөлж байна.
М.Сонор
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин