Тони Блэйр яагаад Иракийн дайнд оролцсон бэ
АНУ тэргүүтэй эвслийн хүчин 2003 оны гуравдугаар сарын 20-нд Иракт цэргийн ажиллагаа эхлүүлэв. АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн хамгийн том холбоотнуудын нэг нь Их Британийн Ерөнхий сайд Тони Блэйр байлаа.
АНУ тэргүүтэй эвслийн хүчин 2003 оны гуравдугаар сарын 20-нд Иракт цэргийн ажиллагаа эхлүүлэв. АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн хамгийн том холбоотнуудын нэг нь Их Британийн Ерөнхий сайд Тони Блэйр байлаа.
Тухайн үед Блэйр Европын хамгийн нөлөө бүхий улстөрчдийн нэг байсан юм. 1997 онд 43 настайдаа Ерөнхий сайд болж, Лейборист намыг үнэмлэхүй ялалтад хүргэсэн тэрбээр 2001 онд дахин сонгуульд ялсан байв. Гэвч түүний улс төрийн өвийг өнөөдөр хүртэл дагалддаг хамгийн маргаантай шийдвэр нь Иракийн дайнд Их Британийг оролцуулсан явдал болсон юм. Тухайн үед Тони Блэйр яагаад Иракийн дайнд оролцохоор шийдсэн бэ? Үүний эхлэл 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойших олон улсын нөхцөл байдалтай холбоотой. АНУ терроризмын эсрэг дайн зарлаж, эхний ээлжид Афганистанд цэргийн ажиллагаа явуулсан бол удалгүй Вашингтоны анхаарал Саддам Хусейны удирдсан Ирак руу шилжив. АНУ, Их Британийн Засгийн газар Ирак химийн болон биологийн зэвсгийн хөтөлбөрөө үргэлжлүүлж, НҮБ-ын өмнө хүлээсэн зэвсэг хураах үүргээ зөрчиж байна гэж үзэж байлаа.
Блэйрийн хувьд Саддам Хусейны дэглэмийг хязгаарлах шаардлагатай гэдэгт эргэлзээгүй. Харин үүнийг хэрхэн хийх вэ гэдэг асуудал гол маргаан болсон юм.
Энд Блэйрийн гадаад бодлогын нэг үндсэн зарчим чухал нөлөө үзүүлсэн. Тэр Их Британи АНУ-тай тогтоосон онцгой харилцаагаа хадгалж, Вашингтоны хамгийн ойрын холбоотон хэвээр байх нь улсынх нь стратегийн ашиг сонирхолд нийцнэ гэж үздэг байв. Үүний зэрэгцээ АНУ-тай ойр байснаар Вашингтоны шийдвэрт нөлөөлж, асуудлыг НҮБ болон олон улсын эвслийн хүрээнд шийдвэрлүүлэх боломжтой хэмээн тооцоолжээ.
Блэйрийн байр суурь 2002 онд улам тодорхой болов.Тухайн оны дөрөвдүгээр сард Блэйр АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буштай Техасын Кроуфорд дахь эдлэнд нь уулзсан. Харин долдугаар сарын 28-нд Бушид илгээсэн нууц захидалдаа “I will be with you, whatever” буюу утгачилбал “Юу ч болсон би тантай хамт байна” хэмээн бичсэн нь олон жилийн дараа ил болсон юм.
Гэхдээ энэ өгүүлбэрийг дангаар нь авч үзвэл Блэйрийн бодлогыг бүрэн тайлбарлаж чадахгүй. Тэр захидалдаа АНУ олон улсын эвсэл бүрдүүлэх, НҮБ-ын шугамаар ажиллах, дайны дараах Иракийн талаар тодорхой төлөвлөгөө боловсруулах шаардлагатайг мөн дурдсан байв. Өөрөөр хэлбэл, Блэйр Бушийг дэмжихээр шийдсэн боловч Америкийн бодлогод нөлөөлж чадна гэж үзэж байжээ.
Хожим 2016 онд нийтлэгдсэн Иракийн дайны талаарх Чилкотын шалгалтын тайлан энэ тооцоо амжилтгүй болсон гэж дүгнэсэн. Их Британи АНУ-ын бодлогод нөлөөлөх боломжоо бодит байдлаас хэтрүүлэн үнэлсэн гэж шалгалтын үр дүнд үзсэн юм. 2002 оны намар Блэйрийн Засгийн газар Иракийн үй олноор хөнөөх зэвсгийн талаарх тагнуулын мэдээллийг олон нийтэд танилцуулав. Тухайн үеийн мэдээллүүдэд Ирак химийн болон биологийн зэвсэгтэй, зарим төрлийн зэвсгийг богино хугацаанд ашиглах боломжтой гэж үзэж байлаа.Энэ нь дайныг зөвтгөх гол үндэслэлийн нэг болсон. Гэвч НҮБ-ын зэвсгийн байцаагчид Иракт дахин ажиллаж эхлэхэд нөхцөл байдал Вашингтон, Лондоны танилцуулж байсан шиг тодорхой байсангүй. Байцаагчид Иракийн хамтын ажиллагааг хангалтгүй гэж шүүмжилж байсан ч зарласан хэмжээний үй олноор хөнөөх зэвсгийн нөөцийг илрүүлээгүй байв. Ингэснээр олон улсын хамтын нийгэмлэг хуваагдлаа. АНУ, Их Британи Саддам Хусейнд өгсөн хугацаа дуусаж байна гэж үзсэн бол Франц, Герман, Орос зэрэг улс зэвсгийн байцаагчдад илүү хугацаа өгөх байр суурь баримталж байв. Блэйрийн хувьд асуудал зөвхөн гадаад бодлогын маргаан байсангүй. Их Британийн дотоодод ч дайны эсрэг хүчтэй хөдөлгөөн өрнөв. 2003 оны хоёрдугаар сарын 15-нд Лондонд болсон дайны эсрэг жагсаал тус улсын орчин үеийн түүхэн дэх хамгийн том жагсаалуудын нэг болсон. Лейборист нам дотор ч Блэйрийн бодлогыг эсэргүүцэгчид олширч байлаа. Гэсэн ч Блэйр байр сууриа өөрчилсөнгүй. Саддам Хусейныг НҮБ-ын шаардлагыг удаа дараа үл биелүүлсэн бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг шаардлагаа хэрэгжүүлэхгүй бол НҮБ-ын нэр хүнд өөрөө суларна гэж үзэж байв. Мөн есдүгээр сарын 11-нээс хойших дэлхийд үй олноор хөнөөх зэвсгийг дайсагнагч дэглэмийн гарт үлдээх эрсдэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлаж байлаа.
2003 оны гуравдугаар сар гэхэд дипломат ажиллагаа мухардалд орсон юм. АНУ цэргийн ажиллагааг хойшлуулах сонирхолгүй болсон бол Их Британи дайныг дэмжсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хоёр дахь тогтоол гаргуулах оролдлогоо зогсоов.Гуравдугаар сарын 18-нд Блэйр асуудлыг парламентын өмнө тавилаа.
Энэ санал хураалт түүний Ерөнхий сайдын карьерын түүхэн дэх хамгийн хүнд сорилтуудын нэг болов. Өөрийнх нь Лейборист намын 139 депутат Засгийн газрын бодлогын эсрэг санал өгсөн ч Консерватив намын дэмжлэгтэйгээр Блэйр парламентын зөвшөөрлийг авч чадсан юм. Засгийн газрын цэргийн ажиллагааг дэмжсэн үндсэн санал 412:149-өөр батлагджээ.
Хоёр хоногийн дараа Иракийн дайн эхлэв. АНУ-ын дараа Их Британи эвслийн хамгийн том цэргийн хүчний нэгийг илгээсэн бөгөөд Саддам Хусейны дэглэм хэдхэн долоо хоногийн дотор нуран унасан юм. Гэвч Блэйрийн хувьд хамгийн хүнд асуудал дайны дараа эхэлжээ.
Иракаас дайны өмнө мэдэгдэж байсан үй олноор хөнөөх зэвсгийн нөөц олдсонгүй. Харин Саддамын засаглал нуран унасны дараа Ирак тогтвортой ардчилсан улс болно гэсэн тооцоо ч биелсэнгүй. Төрийн бүтэц суларч, зэвсэгт бослого, террорист халдлага, шашин хоорондын мөргөлдөөн газар авлаа. Ингэснээр Британийн улс төрд нэг асуулт улам хүчтэй тавигдах болов. Их Британи ямар үндэслэлээр дайнд орсон бэ?
Энэ асуултын хариуг албан ёсоор тогтоохын тулд 2009 онд Иракийн дайны талаарх бие даасан шалгалтыг эхлүүлсэн бөгөөд Сэр Жон Чилкотын тэргүүлсэн комисс долоон жилийн турш Их Британийн 2001-2009 оны Иракийн бодлогыг судалсан юм. 2016 онд нийтлэгдсэн Чилкотын тайлан Блэйрийн шийдвэрт шүүмжлэлтэй үнэлэлт өгсөн. Шалгалтын гол дүгнэлтээр 2003 оны гуравдугаар сард Саддам Хусейны дэглэм Их Британид шууд тулгарсан аюул байгаагүй бөгөөд Иракийг зэвсгээс ангижруулах энхийн боломжууд бүрэн дуусаагүй байхад Их Британи дайнд оржээ. Тиймээс тухайн үед цэргийн ажиллагаа “Эцсийн арга хэмжээ” болоогүй гэж дүгнэсэн байна. Мөн Иракийн үй олноор хөнөөх зэвсгээс учрах аюулын талаарх тагнуулын үнэлгээг бодит мэдээллийн баталгаанаас илүү итгэлтэй байдлаар олон нийтэд танилцуулсан гэж үзжээ. Дайны дараах нөхцөл байдлыг төлөвлөсөн байдалд ч Чилкотын тайлан шүүмжлэлтэй хандсан. Саддам Хусейны дэглэм нуран унасны дараа Иракт үүсэж болох дотоодын мөргөлдөөн, бүс нутгийн тогтворгүй байдал, “Аль-Каида” зэрэг бүлэглэл идэвхжих эрсдэлийн талаар дайнаас өмнө анхааруулж байсан ч бэлтгэл хангалтгүй байсныг шалгалт тогтоосон. Гэхдээ нэг зүйлийг ялгаж ойлгох шаардлагатай. Чилкотын тайлан Тони Блэйр Иракийн үй олноор хөнөөх зэвсгийн талаар санаатайгаар худал мэдээлэл зохиосон гэж дүгнээгүй. Харин тагнуулын мэдээллийг хэт итгэлтэйгээр тайлбарлаж, эргэлзээ болон тодорхойгүй байдлыг хангалттай тусгаагүй гэж шүүмжилсэн юм.
Блэйр Иракт цэрэг оруулах шийдвэрээ өнөөдрийг хүртэл хамгаалдаг. Тэр Саддам Хусейныг зайлуулах нь зөв байсан гэж үздэг ч дайны төлөвлөлт болон дараах үйл явдлын зарим алдаанд хариуцлага хүлээж байгаагаа илэрхийлсэн байдаг.
Тэгвэл Тони Блэйр яагаад Иракийн дайнд оролцсон бэ. Үүнд ганц шалтгаан байгаагүй. Тэр Саддам Хусейны дэглэмийг аюул гэж үзсэн. Ирак үй олноор хөнөөх зэвсгийн хөтөлбөрөө нууж байна гэсэн тагнуулын мэдээлэлд итгэсэн. Есдүгээр сарын 11-нээс хойших аюулгүй байдлын орчинд ийм эрсдэлийг үл тоомсорлож болохгүй гэж үзсэн. Үүн дээр АНУ-тай стратегийн холбоогоо хадгалах, Вашингтонтой хамтран ажилласнаар түүний бодлогод нөлөөлж чадна гэсэн тооцоо нэмэгдсэн юм. Гэвч хожмын баримтууд эдгээр тооцооны хэд хэдэн суурь үндэслэл алдаатай байсныг харуулсан.Тони Блэйр Их Британийн орчин үеийн түүхэн дэх сонгуулийн хамгийн амжилттай Ерөнхий сайд нарын нэг хэвээр үлдсэн. Тэр Лейборист намыг гурван удаа дараалан сонгуульд ялалтад хүргэсэн бөгөөд Умард Ирландын энхийн үйл явц зэрэг томоохон ололт түүний нэртэй холбоотой. Гэсэн ч улстөрчийн өвийг заримдаа арван жилийн турш гаргасан олон шийдвэрээс илүүтэй нэг том сонголт тодорхойлдог. Тони Блэйрийн хувьд тэр сонголт нь Ирак байлаа. Энэ шийдвэр одоо ч маргаан дагуулдаг юм.
Н.Сонор
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин