МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › Л.Дашдэмбэрэл: Анхан шатандаа хүрч ажилл...

Л.Дашдэмбэрэл: Анхан шатандаа хүрч ажиллах нь манай намын үндсэн стратеги

МАН-ын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэлтэй ярилцлаа.

Үнэн
Админ

МАН-ын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэлтэй ярилцлаа. 

-Манай улс 2024 оны сонгуулийг томсгосон тойрогт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан. Үүний үр дүнд анхны 126 гишүүнтэй парламент бүрдэж, бүрэн эрхийн хугацаа талдаа орсон энэ үед эрх баригч нам бүсийн чуулганыг зохион байгуулж эхэллээ. Ер нь бүсийн чуулганы гол зорилгыг бид хэрхэн харж, ойлгох ёстой вэ. Ямар хэрэгцээ шаардлагын үүднээс бүсийн чуулганыг зохион байгуулж байна вэ?

-2024 оны парламентын сонгуулийн тойргийг томсгож, бүсчилсэн. Энэ нь бүсчилсэн хөгжлийн бодлогыг улс төрийн төлөөлөлтэй уялдуулах зорилготой байсан. Аймаг бүрийн хэрэгцээ, нөөц боломжийг бүсийн хэмжээнд хамтад нь харж, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг бууруулах, хөгжлийн томоохон төвүүдийг бий болгох шаардлага үүний үндсэн дээр бий болсон юм. Өөрөөр хэлбэл, зам, эрчим хүч, үйлдвэрлэл, ажлын байр зэрэг асуудлыг шийдвэрлэхдээ аймгуудын харилцан уялдаа, бүсийн нийтлэг эрх ашгийг харгалзах учиртай. Өнөөдөр энэ бодлого бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байна, ямар хүндрэл тулгарч байна, цаашид юунд анхаарах вэ гэдгийг эргэн дүгнэх шаардлагатай. Энэ үүднээс МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бүсчилсэн хөгжлийн стратегийн явц, хэрэгжилтийг хэлэлцэхээр 21 аймаг, нийслэл, есөн дүүргийн намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөний бас нэг зорилго нь намын дунд, анхан шатны байгууллагын сонгуульт албан тушаалтнуудыг нэгдсэн мэдээллээр хангаж, тэдний санал, хүсэлтийг сонсох юм.

Орон нутагт ажиллаж байгаа хүмүүс бодлогын хэрэгжилтийг өдөр тутам харж, иргэдийн хэрэгцээ, хүлээлт, тулгамдсан асуудлыг хамгийн ойроос мэдэрдэг. Тиймээс тэдний оролцоо, бодлогын хэрэгжилтийг бодитоор дүгнэж, цаашдын ажлаа тодорхойлоход чухал юм.

Тэгэхээр чуулганы зорилгыг гурван үгээр илэрхийлбэл, тайлагнах, сонсох, залруулах юм. Тайлагнах гэдэг нь бүрэн эрхийн хугацааны талд орсон энэ үед МАН мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг ард түмний өмнө, орон нутагт очиж тайлагнах явдал. Эрх баригч нам тайлангаа сонгуулийн өмнө биш, сонгуулийн хооронд тавьдаг байх ёстой гэж бид үздэг. Сонсох гэдэг нь аймаг тус бүрийн асуудлыг тус тусад нь бус бүсийн хэмжээнд нэгтгэж сонсох. Эрчим хүч, зам, усны нөөц, бэлчээр, боловсруулах үйлдвэр гэдэг асуудал аймгийн хил хязгаараар шийдэгддэггүй. Мөн энд гишүүдийнхээ дуу хоолойг сонсох гэдэг утга давхар бий. Гишүүн төвтэй нам гэдэг нь гишүүний санал нь намын шийдвэр болохыг хэлнэ. Тэр механизм чуулганаас эхэлнэ. Залруулах гэдэг нь чуулганаас гарсан санал, зөвлөмжийг үлдсэн хоёр жилийн төлөвлөгөө, төсөв, бодлогын шийдвэрт тусгах явдал. Өнгөрсөн хугацааны дүгнэлт хийхгүйгээр хоёр дахь хагасыг зөв явуулах боломжгүй шүү дээ.

-Бүсийн зөвлөгөөнөөр ямар асуудлуудыг голлон хэлэлцэж, хэний оролцоо, санал бодлыг тусгахыг зорьж байна вэ. Зөвлөгөөнөөс гарсан санал, зөвлөмжийг төр, засгийн бодлого, шийдвэрт хэрхэн тусгах вэ?

-Нийтлэг агуулгын хувьд Засгийн газрын төсөл, хөтөлбөрүүд, намын шинэчлэл, гишүүдэд чиглэсэн өөрчлөлт болон цаашдын төлөвлөгөөг танилцуулж, орон нутгийн саналтай холбон хэлэлцэнэ.  Чуулган бүр гурван хэсэгтэй явагдах юм. Эхний хэсэг нь тайлан. Намын мөрийн хөтөлбөр, хийсэн томоохон ажлуудын тайлан, аймгийн намын хорооны үйл ажиллагааны тайлан, цаашид хийх ажлын товч мэдээлэл, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн тухайн бүсэд хамаарах асуудлуудыг ил тод танилцуулна. Сайн нь ч, муу нь ч тоогоор харагдана гэсэн үг. Хоёр дахь хэсэг нь салбарын хэлэлцүүлэг. Бүс тус бүрийн онцлогт тохируулан эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр, төрийн үйлчилгээ, орон нутгийн төсөв, санхүүжилт гэх мэт чиглэлээр салбар хуралдаан явагдана. Энд тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, намын Бага хурлын гишүүд, намын аппаратын удирдлагууд, аймаг, сумын удирдлага, мэргэжилтнүүд нэг ширээнд сууж асуудлуудаа хамтдаа хэлэлцэх юм. Гурав дахь хэсэг нь шийдвэр. Салбар хуралдаануудын саналыг нэгтгэж, хариуцах эзэн, хугацаа бүхий зөвлөмж боловсруулж, чуулганы тогтоол хэлбэрээр гаргана. Оролцогчдын хувьд аймаг, сум, багийн намын байгууллагын удирдлага, орон нутгийн төлөөлөл, дэргэдэх байгууллагууд оролцож байна. Хэлэлцүүлгийг оролцогчид саналаа хэлэх боломжтой бүлгийн хэлбэрээр зохион байгуулж, бүлэг бүрээс санал, шийдэл авах зарчмаар зохион байгуулж байна. Бүх бүсийн зөвлөгөөн дууссаны дараа гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн дүгнэж, намын мөрийн хөтөлбөр болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилттэй уялдуулан намын Удирдах зөвлөлд, тэндээс УИХ дахь МАН-ын бүлэгт болон Засгийн газарт албан ёсоор хүргэгдэнэ. Хамгийн гол нь иргэдэд буцаж мэдээлэх, эргэх холбоотой байна. “Та бүхний санал ийм шийдвэр болсон, энэ санал ийм шалтгаанаар шийдэгдээгүй” гэдгийг хариу хэлж эргэх холбоотой ажиллах юм. 

-Эхний бүсийн чуулганаас харахад намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутаг, анхан шатанд гишүүд, дэмжигчид хэрхэн дүгнэж байна вэ?

-Гишүүд, дэмжигчид мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ажлын байр, багш, эмчийн хүрэлцээ, тэтгэврийн бодлого, малын түүхий эдийн боловсруулалт, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг орон нутгийн бодит хэрэгцээтэй холбон дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, иргэд бодлогын үр дүнг ахуй амьдралд нь гарч буй бодит өөрчлөлтөөр хэмжиж байгаа юм. Ажлын байр нэмэгдсэн үү, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжтэй болсон уу, малчдын хөдөлмөрийн өгөөж өссөн үү гэдэг нь тэдний хувьд гол шалгуур болж байна. Тиймээс мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг “сайн” эсвэл “муу” гэж ерөнхийлөн дүгнэхээс илүү аль заалт хэрэгжсэн, ямар ажил удааширсан, түүнд юу нөлөөлсөн, үр дүн нь хэнд хүрсэн бэ гэдгийг тодорхой авч үзэх шаардлагатай. Энэ хүрээнд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг тогтмол хянаж, үнэлэх зорилгоор Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газар байгуулж, түүний доор 12 Бодлогын хороо байгуулсан. Тус газар мөрийн хөтөлбөрийн заалт бүрийн хэрэгжилтийг хэмжих, хэрэгжилт удааширсан болон хэрэгжээгүй заалтуудын шалтгааныг тодруулах ажлыг шат дараатай хийж байна.

 Энд нэг зүйлийг онцлоход, орон нутгаас ирж буй шүүмжлэлийн нэлээд хэсэг нь "хийгээгүй" гэснээс илүү "мэдэхгүй" гэсэн шүүмжлэл байдаг. Хийгдсэн ажлын мэдээлэл сумын түвшинд хүрэхгүй, хүрсэн ч ойлгомжгүй хэлбэртэй байна. Энэ бол намын зохион байгуулалт, мэдээллийн ажлын дутагдал. Бүсийн чуулганы нэг үүрэг нь хэрэгжилтийн мэдээллийг гишүүддээ ойлгомжтой, баталгаатай хэлбэрээр хүргэх суурийг тавих явдал юм.

-Орон нутгийн намын байгууллагуудад нийтлэг ямар асуудал тулгамдаж байна вэ. Гишүүдийн идэвх оролцоо, эв нэгдлийн талаар та ямар дүгнэлт хийх вэ?

-МАН-ын дарга Н.Учрал анх “Ардын нам ард түмэндээ эргэж ирнэ” гэж намын Их хурал дээр хэлж, “Гишүүн төвтэй E4 стратеги”-ээ танилцуулж, намын даргаар сонгогдсон.  Энэ хүрээнд “Гишүүн төвтэй E4 стратеги” бодлогыг намын Бага хурлаар хэлэлцэн, баталж, өнөөдөр хэрэгжээд явж байна. Уг стратегийн гол агуулга нь гишүүдээ сонсдог, оролцуулдаг, тэдэнд хүрч ажилладаг, хариуцлага тооцдог, эргэх холбоотой, эрүүл эко системтэй, орчин үеийн нам байх тухай юм. Товчхондоо, “Ардын нам гишүүддээ ч эргэж ирнэ” гэсэн агуулга юм. Энэ хүрээнд өнгөрсөн зургадугаар сард эхэлсэн “Ардын нам ард түмэндээ E-NAM 3.0” аяныг улс даяар, аймаг, сум бүрээр зохион байгуулж, гишүүд, дэмжигчидтэйгээ уулзсан. Уулзалтаар нам, Засгийн газрын бодлого, хөтөлбөрийг танилцуулж, гишүүд, дэмжигчдийн санал, санаачилга, шаардлага, дэмжлэгийг сонсон, анхан шатанд тулгамдаж буй асуудал, санал, хүсэлтийг нэгтгэсэн өргөн хүрээг хамарсан, үр дүнтэй уулзалтууд болсон. Нарийн бичгийн даргын хувьд орон нутгийн намын байгууллагуудад тулгамддаг нийтлэг хэд хэдэн асуудал байна гэж харж байна. Нэгдүгээрт, сонгууль хоорондын идэвх. Нам сонгуулийн үеэр маш хүчтэй ажиллаад сонгуулийн дараа төрийн ажилд уусчихдаг зуршил бий. Намын байгууллага төрийн байгууллагын хавсарга биш иргэд, гишүүд, дэмжигчидтэйгээ өдөр тутам ажиллаж байх ёстой бие даасан бүтэц гэдгийг санах хэрэгтэй. Хоёрдугаарт, залуу боловсон хүчин, тэдгээрийг бэлтгэх явдал. Анхан шатны байгууллагын удирдлагын дундаж нас өндөр, залуучууд намын үйл ажиллагаанд оролцох сонирхол багатай байна. Энэ бол ганц МАН-ын асуудал биш улс төрийн бүх намын төдийгүй төрийн байгууллагын ч асуудал болсон. Манай намын хувьд энэ чиглэлд илүү манлайлан ажилласаар ч ирсэн, цаашид улам далайцтайгаар ажиллана.  Гуравдугаарт, мэдээллийн урсгал. Төвөөс орон нутаг руу нэг чигийн урсгал давамгайлж, орон нутгаас төв рүү ирэх урсгал сул байна. Гишүүний санал дээш хүрэхгүй бол гишүүн идэвхгүй болдог. “Гишүүн төвтэй E4 стратеги” бол үүнийг сайжруулах арга зам юм. Дөрөвдүгээрт, томсгосон тойргийн шинэ нөхцөл. Хэд хэдэн аймгийг нэг тойрог болгосноор зарим аймагт "Манай гишүүн" гэх эзэнгүйдлийн мэдрэмж үүссэн. Үүнийг УИХ-ын гишүүдийн бүсийн ажлын хуваарь, намын байгууллагын зохион байгуулалтаар нөхөх ёстой. Тавдугаарт, материаллаг, санхүүгийн нөхцөл. Үүнийг хэлэхгүй өнгөрч болохгүй, зарим сумын намын байгууллагад тулгамдсан шийдвэрлэх ёстой асуудлууд байна. Эв нэгдлийн тухайд гишүүд дотоод талцтал, хуваагдалгүй байх, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагыг тодорхой тавьж байна. Үүнийг бид анхаарч сонсох ёстой. Намын эв нэгдэл нь гишүүдийн санал бодлыг хүндэтгэх, асуудлаа нээлттэй хэлэлцэх, шийдвэрээ шударга гаргах, хариуцлагыг ижил шаардлагаар тооцох замаар бэхэжнэ. Анхан шатны байгууллагуудтайгаа тогтмол холбоотой ажиллаж, гишүүдийн санал бодит ажил, шийдвэрт тусдаг болох тусам оролцоо, итгэлцэл нэмэгдэнэ. Удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн нь энэ ажлын нэг хэлбэр юм. 

-Хойд болон Төвийн бүсийн зөвлөгөөнийг хамтатган зохион байгуулна. Энэ удаагийн зөвлөгөөний онцлог юу байх вэ. Мөн цаашид бусад бүсийн уулзалтууд хэзээ, хэрхэн зохион байгуулагдах вэ?

-Энэ удаагийн бүсийн зөвлөгөөнийг Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв гэсэн зургаан аймгийг хамтатган зохион байгуулж байна. Хоёр бүсийг хамтатгасан шалтгаан нь зохион байгуулалтын хялбарчлал бус эдийн засгийн бодит байдал, бүсийн онцлогуудыг харгалзан үзсэн хэрэг. Хоёр бүсийг хамтатгаж байгаа учраас аймаг бүрийн хэрэгцээг сонсохын зэрэгцээ бүсүүдийн хамтын ажиллагаа, нийтлэг асуудлыг хэлэлцэх боломжтой.  Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн гурван том төв, тэдгээрийг холбосон зам, төмөр зам, эрчим хүчний шугам, Алтанбулагийн боомт хүртэлх коридор бол улсын эдийн засгийн гол судас. Онцлог нь гэвэл, бусад бүсийн чуулганууд "Хөгжилд хэрхэн хүрэх вэ" гэсэн асуултад хариулах бол Төв, Хойд бүсийн чуулган "Төвлөрлийг хэрхэн зөв удирдах вэ" гэсэн асуултад хариулна. Улаанбаатарын утаа, түгжрэл, гэр хорооллын асуудал бол зөвхөн нийслэлийн асуудал бус орон нутгаас нийслэл рүү чиглэсэн урсгалын асуудал. Тийм учраас Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн газар тариалангийн бүс, Төв аймгийн дагуул хотуудыг нийслэлийн ачааллыг хуваалцах төв болгон хөгжүүлэх нь үндсэн сэдэв байх юм. Мөн энэ бүсэд аж үйлдвэржилтийн асуудал хамгийн бодитой. Эрдэнэтийн зэс, Дарханы төмөрлөгийн үйлдвэрүүд тэдгээрийн эргэн тойронд нэмүү өртөг шингээх үйлдвэр, технологийн парк, Хойд коридорын хил, худалдаа, тээвэр, логистикийн чадавх гэсэн сэдвүүд салбар хуралдаануудын гол агуулга байна. Намын бодлого, шинэчлэл, Засгийн газрын хэрэгжүүлж буй ажлын мэдээллийг орон нутгийн нөхцөлтэй холбон ярилцах нь нийтлэг зорилго хэвээр байна. Харин зургаан аймаг бүрийн тулгамдсан асуудал, боломж ялгаатай учраас оролцогчдын саналыг тодорхой авч, аль асуудлыг орон нутагт, алийг нь бүсүүд хамтран, алийг нь төрийн бодлогын түвшинд шийдэх шаардлагатайг ялгаж мөн авч үзнэ. Аравдугаар сардаа Баруун бүсийн зөвлөгөөн болж, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймаг хамрагдана. Мөн нийслэлийн есөн дүүргийн зөвлөгөөн, Зүүн ба Говийн бүсийн хамтарсан зөвлөгөөн болно.

Бүх зөвлөгөөнд намын бодлого, шинэчлэл, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, гишүүдийн оролцоог хэлэлцэх нийтлэг агуулга байна. Харин салбар хэлэлцүүлгийн асуудлыг тухайн бүс, орон нутгийн хэрэгцээтэй уялдуулах нь чухал.

 Нийслэлийн асуудлыг орон нутгийнхтай нэг загвараар авч үзэх боломжгүй. Мөн бүсүүдийн эдийн засгийн бүтэц, үйлчилгээний хүртээмж, хөгжлийн боломж ялгаатай. Тиймээс оролцогчдын саналд тулгуурлан шийдлээ тодорхойлж, зөвлөгөөнүүдээс гарсан саналыг улсын хэмжээнд нэгтгэн, хэрэгжүүлэх ажлыг хийнэ.

-Намын  удирдлагуудын зүгээс ингэж анхан шатандаа хүрч ажиллахын ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ?

-Намын анхан шат бол иргэдийн амьдрал, хэрэгцээ, хүлээлттэй өдөр тутам холбогддог  хамгийн чухал бүтэц. Анхан шатны гишүүд л орон нутагт ямар асуудал тулгамдаж, бодлого, шийдвэр амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг хамгийн ойроос мэддэг хүмүүс. Тиймээс анхан шатандаа хүрч ажиллах гэдэг нь хэрэгжиж буй бодлогоо танилцуулахын зэрэгцээ бодит нөхцөл байдлыг ойлгож, шийдвэрээ иргэдийн хэрэгцээнд нийцүүлэхэд маш ач холбогдолтой. Гишүүн саналаа хэлж, бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжтой байх ёстой. Үүний тулд гишүүдээ тогтмол мэдээллээр хангаж, анхан, дунд шатны байгууллагуудад сургалт, арга зүйн дэмжлэг үзүүлэн, шинэ гишүүд, залуучуудад ажиллах боломж олгох нь намын эрүүл эко системийг ажиллуулна. Эцэст нь хэлэхэд, МАН 105 жилийн түүхтэй. Намын дарга Н.Учрал хэлдэг,  “Ардын нам ард түмнээс холдох бүрд алдаж, ойртох бүрд ялсан”. Ийм учраас анхан шатандаа хүрч ажиллана гэдэг манай намын хамгийн чухам ажил юм. "Ардын нам ард түмэндээ" гэдэг нэр үүнийг өөрөө хэлж байна.

М.Өнөржаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.