МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › Б.Булганчимэг: Одоо хийж байгаа ажлаа зө...

Б.Булганчимэг: Одоо хийж байгаа ажлаа зөв, үр дүнтэй гэх итгэл үнэмшил бэхжиж байна

Хөгжлийг түрүүлж мэдэрсэн эрхмийг энэ дугаарынхаа “Залуу лидер”-ээр урьж ярилцлаа. Импортын эрчим хүч, шатахуун түлшээр дотоодынхоо хэрэгцээг бүрдүүлж байгаа үед сэргээгдэх эрчим хүч, ногоон өртөө, цахилгаан автомашин ярьж богино хугацаанд ажил хэрэг болгож яваа энэ хүн бол Монгол Улсын Ерөнхий сайдын Ногоон шилжилт, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх Б.Булганчимэг юм.

Үнэн
Админ

Хөгжлийг түрүүлж мэдэрсэн эрхмийг энэ дугаарынхаа “Залуу лидер”-ээр урьж ярилцлаа. Импортын эрчим хүч, шатахуун түлшээр дотоодынхоо хэрэгцээг бүрдүүлж байгаа үед сэргээгдэх эрчим хүч, ногоон өртөө, цахилгаан  автомашин ярьж богино хугацаанд ажил хэрэг болгож яваа энэ хүн бол Монгол Улсын Ерөнхий сайдын Ногоон шилжилт, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх Б.Булганчимэг юм.    

-Гаднын улс орнуудад сурч боловсрох боломж тэр бүр олддоггүй байсан нийгмийн шилжилтийн үед та мэдлэгээ хаана баяжуулж, хорвоо ертөнцийг өөртөө шинээр нээсэн бэ?     

-Өвөө эмээ маань арын сайхан хангайн угшилтай ч илгээлтийн эздээр Эрдэнэт хотод суурьшсанаас хойш тэнд бидний ажил, амьдрал өрнөсөн. Таван насны зөрүүтэй ахтайгаа адилхан улсын сургуульд элсэн орсон гээд бага насны дурсамжууд Эрдэнэттэй холбоотой. Харин сурах боломжийн тухайд ах бид хоёр ялгаатай. Ахын хувьд нэгдүгээр ангиасаа монгол бичиг сурсан үеийн төлөөлөл бол би түүнээс ондоо. Интернэт орчин, гадаад хэл сонгон сурах боломж нөхцөлөөр би хавь илүү үеийнх. Нийгмийн шилжилтийн таван жилийн ялгаа нэг айлын хоёр хүүхдэд өөр туссан нь сонирхолтой санагддаг. 
Намайг бага сургуульд байхад Эрдэнэтэд турк сургууль байгуулагдаж хүүхэд элсүүлэх болсон. Уг нь ахлах ангийнхныг тэр сургуульдаа элсүүлдэг байсан бол миний үед өөрчлөгдөж, туршилтаар бага ангийнхныг сургахаар болсон. Энэ нь надад боломж юм шиг санагдсан байх. Аав ээжээсээ асуулгүйгээр турк сургуульд элсэх шалгалт өгсөн юм. Ингэж турк сургуульд шилжин суралцсан нь миний амьдралд гарсан томоохон өөрчлөлтүүдийн эхнийх нь байв. Турк сургуульд англи, турк хэл сурч эхэллээ. Олимпиад, тэмцээн уралдаанд их оролцдог сурагч байв. Нэг удаа бүр турк хэлний олон улсын олимпиад гэдэгт улсынхаа анхны төлөөлөл  болж оролцож үзэв. Бага багаар гадаад улс гэдгийг өөртөө нээж аливаа зүйлийг арай өөр өнцгөөс харж, мэдэрч эхэлснээр мэргэжил сонголтын талаарх миний анхны бодол өөрчлөгдөж байв.

-Эрх чөлөөний оронд суралцах боломж олдсон уу?

-Би Америкт сургууль сонгон суралцах хэмжээний боломжтой байгаагүй. Элсэлтийн ерөнхий шалгалтынхаа хэд хэдэн хичээлд 800 оноотой МУИС-д суралцах урилгаа аваад байтал комиссын нэг хүн надад хандаж “Ганди шиг сайн улстөрч болоорой” гэж хэлсэн нь их гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Тухайн үед хуучин социалист орнуудад дэлхийн боловсролыг авчрах уриатай Соросын сангаас нэг хүүхдийг нэг улсаас шалгаруулж тэтгэлэгт бүрэн хамруулдаг байсан, түүнд тэнцэж анх Болгар дахь Америкийн их сургуульд явав. Хоёр жилийн дараа тэндээсээ Америк руу шилжин суралцаж бас болоогүй Вашингтон ДС-д “Эмнести интернэшнл”-ийн төв байранд дадлага хийж нэг жил амьдарсан. 

-Өөрийгөө дайчилж, боломжийг олж хараагүй бол өнөөдрийг бүтээж чадахгүй байсан. Юу таныг хурцалж, зорилгоо оновчтой тодорхойлоход хөтөлдөг байв?

-“Хэрвээ би сайн сурах юм бол аав ээжийнхээ ч хүсэл мөрөөдлийг биелүүлэх юм байна” гэсэн бодол л их түлхэц болсон. Хүмүүс биелүүлж чадаагүй хүслээ хүүхдэдээ дайгаад л яваад байдаг даа. Үүнийг би НҮБ-д анх ажилд ороод мэдэрсэн. Тэр үед өвөө маань “Архангайгаас Эрдэнэтэд ирсний ач тус одоо л гарч байна” гэж хэлж билээ. Ингэж хэлсний учир нь, түүнийг илгээлт авч буурал аав ээжийгээ нутагтаа орхиод гарахад нь хүмүүс “Юуны төлөө газар орон сольж явж байгаа юм бол доо” гэж хэлж байж. Тэгэхээр тухайн үед өвөөгийн гаргасан зориг одоо л ач зээгийнх нь амьдралд бодитоор илэрсэн хэрэг. Үүнээс би нийгэм, үе хоорондын шилжилтийн үр дүн ингэж алсдаа гардаг юм байна хэмээн бодож байсан юм. 

Болгарт байхдаа дэлхийн дэг журам, шилжилтийн дараах нийгмийг улс орнууд хэрхэн бүтээж байгаа талаар олон зүйлийг мэдсэн

-Америкт, таны нүдээр харсан гадаад ертөнц ямархуу байсан бол?

-Миний хувьд Болгар, Америк хоёул шинэ, содон байсан. Хүмүүс Америкийг илүү хөгжсөн орон учраас гоё сайхнаар төсөөлөх нь түгээмэл. Гэхдээ надад Болгар илүү сэтгэгдэл төрүүлсэн. Яагаад гэвэл, тэнд би голдуу хуучин социалист орон тухайлбал, Албани, Македони, Орос зэрэг сурах боломжгүй учраас тэтгэлэгт хамрагдаад мэдлэгээрээ өрсөлдөөд ирсэн хүүхдүүдтэй хамт байсан. Тэдгээр хүүхдийн өрсөлдөөн, биеэ дайчлах чадвар, тэсвэр хатуужилтай байдал зэрэг нь миний хувьд гайхамшиг байсан юм. Тэндээс л би дэлхийн дэг журам, шилжилтийн дараах нийгмийг улс орнууд хэрхэн бүтээж байгаа талаар маш их зүйлийг олж мэдсэн. 
Балканы хойгт өрнөсөн улс төрийн тэмцэл гэж юу болох, улс орнууд ямар замаар хэрхэн хөгжсөн, социализм дэлхийн түүхт яаж нөлөөлсөн зэрэг асуултын хариултыг тэнд л ухаж ойлгосон. Дайны нөхцөлд өссөн хүүхдийн сэтгэл зүй, биеэ даасан тэмцэл, дараагийн боломжийг өөртөө гарган ирж байгаа байдал нь бусдаас тэс ондоо. Тэд дэлхийн сонгодгуудыг уншина. Оюун ухааны хувьд  барууныхнаас ялгаатай. Би тэнд л байхдаа “Улс төр ингэж өрнөдөг. Геополитикийн тухай ийм өнцгөөс харах хэрэгтэй. Ийм номуудыг заавал унших ёстой. Ийм дуунууд сонсвол бусдын адилаар мэдлэгээ тэлэх юм байна” гэсэн бодолтойгоор ялгаатай олон соёлын онцлогоос нэг дор авсан. 
Америкийн хувьд би 17 настайдаа анх зуны амралтаар тэнд очсон. Бас л нэг шинэ ертөнц. Хэрэндээ шинэ ертөнц нээж байгаа учраас өөрөөс гаргаж байсан тэр үеийн зориг дахиж хэзээ ч надаас гарахгүй байх. Тухайн үед гаднын орны талаарх ойлголт дутуу дулимаг байсан учраас л зоригтой явсан гэж боддог. 

-Хүчтэй нь хүчгүйгээ ялах бизнесийн суурь ойлголтыг та Америкаас авсан байх. Тийм ертөнцийн соёлоос суралцаад ажиллаж амьдрах явцдаа хувь хүний хувьд эзэмшсэн онцлох чадварууд юу байсан бэ?

-Хамгийн түрүүнд онцлох нь “Тэр нийгэмд хүүхдүүд сурах, ажиллахын дунд тэнцвэрээ олох хэцүү юм даа” гэж бодож байв. Олон жилийн өмнө болохоор одоо амьдрал хэр өөр болсон бол гэж бодож байна. Мэдээж том хотуудаа дагаж амьдрал буцална. Хүүхдүүдийг өртөг өндөртэй нийгэмд оруулахад хичээлдээ төвлөрөх үү, ажлаа хийх үү гэсэн сонголттой тулгардаг байсныг санаж байна. Тэгээд ажил олдоод байхаар санхүүдээ илүү татагдаад сургуульдаа зургаа, долоон жилээр сурч төгсдөг. Зарим нь тэндээ үлдчихдэг тал бий. Тэгэхээр үндсэн зорилгоосоо хазайгаад надад дэмий юм шиг санагддаг. Түүний оронд бакалаврын түвшинд өртөг багатай улсад сурах нь оновчтой гэж тэр үедээ бодож байснаа санадаг. 
Миний хувьд Америкт очоод эхлээд суурьшсан газар нь Индиана муж. Амар тайван байсан. Гэхдээ би том хотын уур амьсгалыг мэдрэхийг хүссэн учраас сургуулиасаа ямар боломж байгаа талаар асууж тодруулсан. Улмаар Вашингтон ДС-д сурангаа дадлага хийж кредит тооцдог хөтөлбөрт хамрагдах боломжтойг мэдээд шийдвэрээ гаргасан. Гэхдээ түүнээс өмнө ярилцлагад тэнцэх шаардлагатай. Надад олдсон эхний боломж Цагаан ордны аль нэг туслах функцэд дадлага хийх байв. Үүнд би маш хариуцлагагүй, бэлтгэлгүй ороод ярилцлагадаа тэнцээгүй. Хоёр дахь сонголт нь “Эмнести интернэшнл” хүний эрхийн олон улсын байгууллага байв. америкт амбицтай  болж, томоор мөрөөдөх зориг бүрэлдсэн

-Ярилцлагын эхэнд та тэнд байсан талаараа дурдсан болохоор энэ энэ удаад тэнцсэн байх?

-Тийм ээ. Хэдийгээр тэтгэлэгтэй байсан ч Вашингтон ДС өртөг өндөртэй хот байсан болохоор дадлагынхаа хажуугаар ажил хийсэн. Дараа нь Бостон, Нью-Йоркод ч сурч орчин нөхцөлтэй нь танилцах боломж олдож байв. Ер нь Америкаас сүртэй, хүчтэй, баялаг түүхийг олж мэдэрсэн гэвэл үнэн болно. Ардчилал гэдэг тунхаглаад зогсохгүй байнга үүрэгжүүлж, иргэн болгондоо мэдрүүлж байдаг.
Би том хотод байгаадаа олзуурхаад мэдлэгээ тэлье гэж бодсон. Хичээл сонгохдоо эртний түүх, улс төр, урлагийн хичээлийг түлхүү судалсан. Америкт бүх музей нь үнэгүй байдаг. Амралтын өдрүүдэд ангийнхантайгаа аялал хийгээд бүх музейг үзсэн. Тэндээс би дунд сургуульдаа бүтэн олж чадаагүй гоо зүйн мэдлэг, ёсзүй, түүх, хэл зүйн ойлголттой болсон. Мөн уран яруу орчуулга хийх ур чадварыг олж авсан нь хожим миний карьерт ач тусаа өгсөн юм. Ингэж би ямар ч хиймэл оюун ухаанд гүйцэгдэхгүй тэр мэдрэмжийг  Вашингтонд байхдаа олж авсандаа одоо хүртэл талархдаг. Хатуу ур чадвараас гадна ийм зөөлөн суурь мэдлэг хэрэгтэйг ойлгосон. 
Өөр нэг зүйл нь би Америкт хэрэндээ амбицтай болж, томоор мөрөөдөх зориг бүрэлдсэн болов уу. Өдөр бүр Цагаан ордны хажуугаар өнгөрч, тэнд болж байгаа янз бүрийн арга хэмжээ, сонсгол хийхэд нь оролцдог байлаа. Дэлхийн банкны гадаа зургаа авахуулаад “Би хэзээ нэгэн цагт ийм олон улсын байгууллагад ажиллана” гэж дотроо ургуулан боддог байжээ. 


-Энэ үед та ухамсраараа дараагийн сонголтоо хийчихсэн, магадгүй Монголд эргэж очоод улс төрийн оролцоотой байх тухай бодсон учраас Женевт хөгжлийн бодлогоор мэргэшсэн байх?

-Би багаасаа дипломат болж, ГХЯ-нд ажиллах чин хүсэлтэй байсан. Үнэхээр чадахгүй бол дараагийн боломжийг олон улсын байгууллагад, тэр дундаа НҮБ-ын ажилтан болно гэж зорилгоо  тодорхойлсон. Энэ бодлоороо НҮБ-ын ажилтнуудыг бэлтгэдгээрээ алдартай Женевийн сургуульд суралцахдаа хөгжлийн бодлого судлаач болохоор шийдэж байв. Одоо бодох нь ээ, хамрагдсан тэтгэлгүүд, НҮБ-д ажилласан шалтгаан маань дандаа шударга үнэн шалгуурууд нь байжээ. Насаараа би шударга шалгуурын үр шимийг хүртэж амьдарсан байна. Залуусын өнөөгийн нийгэмдээ бухимдаад байгаа шалтгааны нэг нь шударга шалгуур, сайн засаглал гэж боддог. Бүх залууст үнэн боломж хэрэгтэй.  Харин ажиллах тухайд, сургуулиа төгсөөд С.Оюун гуайн туслах болно гэсэн бодолтой. Энэ талаараа өрөөнийхөө хүүхдэд хэлж байсныг хожим найзтайгаа уулзаад мэдсэн. Тэгэхээр бодол их хүчтэй байгаа биз. Магистраа  хамгаалаад Монголд ирээд найзаараа дамжуулан С.Оюун даргатай ажиллах хүсэлтэйгээ уламжлахад “CV хэвлээд хүрээд ир” гэсэн. 

-Монголын олон улстөрчөөс яагаад заавал С.Оюун гэж?

-Шинэ үзэгдэл байсан улстөрч шүү дээ. Ярьж, хэлж байгаа нь асар мэдлэгтэй, даруухан. Хүнд үргэлж шинэ мэдлэг өгч явдаг, өндөр зохион байгуулалттай лидер. Хэдийгээр туслахын цалин тухайн үедээ хариугүй бага ч би их зүйлийг сурсан. Туслахын ажлынхаа хажуугаар орчуулга их хийнэ. Заримдаа өдөржингөө шахуу дурандаа улс төрийн орчуулга хийнэ. Хурал цуглааны орчуулгад сайн дураараа ажиллана. Ер нь орчуулгын ажилд их сонирхолтой байсан. Орчуулга хийхэд нэгж хугацаанд тархинд асар их ачаалал өгдөг сорил шиг санагддаг. Аавын маань өвөө олон хэлтэй эрдэмтэн хүн байсан. Тэр өгөгдлөөс нь надад жаахан байдаг уу, бичгийн орчуулгад одоо ч шимтэн дурладаг. Г.Аким гуай зэрэг мэргэн орчуулагчдын бүтээлийг уншина. Миний баримталдаг дүрэм бол нэг үгийг нэг үгээр нь дүйцүүлэн орчуулах. Өнгөрсөн хугацаанд англи хэлнээс нэлээд хэдэн ном орчуулсан байна. Гэхдээ орчуулга миний хувьд хоббиноос төдийлөн хэтрээгүй ээ.

Яг үнэндээ ашиг  хонжоо хөөсөн гэхээсээ нас 30 гараад прагматик болж байна

-Иргэний зориг ногоон намын ажилд оролцож байсан таныг улс төрийн дараагийн сонголтоо хийхэд хүмүүс асуулттай угтсан байх. Би ч гэсэн тэдэн шиг асууя, яагаад МАН-ыг сонгосон юм бэ?

-Хариултаа тайлбараар эхлүүлэх нь. С.Оюун даргатай ажилласнаар тус намын гадаад харилцаанд ажиллаж, Залуучуудын холбооны дарга болсон. Энэ намаараа дамжуулан олон улсын ардчилсан намуудын нэгдэлд сонгогдон Ази, Номхон далайн бүсийн тэргүүнээр нь ажиллаад олон зүйл сурсан. Хонконгийн Шүхэрийн хувьсгалын залуучуудтай арга хэмжээ хийгээд явж байлаа. Улс төрийн үзэл, чиг баримтлал гэхээсээ илүү улс төрийн суурь, анхан шатны нэгжид юу болдгийг ойлгох гэж хичээсэн. Тэр нь ч надад гайхалтай туршлага болсон юм. Дараа нь би НҮБ-д ажилласан учраас улс төрийн ямар нэг чиг баримжаагүй арваад жил явсан. Улмаар намайг НҮБ-д ажиллаад овоо хэдэн жил болж байх үед тухайн үеийн Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Үндэсний хөгжлийн газарт хариуцсан чиг үүрэг ойрхон гэдэг утгаар Хөрөнгө оруулалт хариуцсан дэд даргаар томилсон. Ингэж би Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж байгаад хоёр, гурван жилийн дараа ээж болох гээд НҮБ-д, гэхдээ энэ удаа олон улсын гэрээ аваад Малайз улсад томилогдон ажилласан. Олон улсын томилолтод тэнцэх хэцүү байдаг учраас олон шаттай шалгалтууд давсны дараа таван сартай хүүхдээ тэврээд явж байлаа. Ази, Номхон далайн бүсийн төвд 20-оод оронд ногоон хөрөнгө оруулалтыг эрчим хүчний, тээврийн төслүүдэд татахад дөрвөн жил төвлөрөн ажилласан.
Хоёр дахь хүүхдээ төрүүлэх гээд Монголд ирээд байх үед Н.Учрал дарга надад хамтран ажиллах санал тавьсан юм. “Би ийм тийм болохоор МАН-ыг сонгосон” гэж би уран үгээр хэлэхгүй. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх нам өөрийн гэсэн асуудалтай байна. Ер нь аль ч нам иргэдийн хүсэл зоригийг мэдэрч ажиллаж байна гэхээс илүү дотоод хүчний хуваагдалдаа захирагдаад хямарчихаад байна. Тэгэхээр би яг үнэндээ МАН-ын институц гэхээсээ илүү Н.Учралын багийг сонгосон. Хүмүүс намайг “Ашиг хонжоо хайлаа”, өмнө нь төр засгийг шүүмжилдэг байсан хүн амаа таглууллаа гэсэн нь ч бий. Гэтэл яг үнэндээ ашиг хонжоо хөөсөн гэхээсээ нас 30 гараад прагматик болж байна. Тодорхой хугацаанд, тодорхой ажил хийж болно, үр дүн гарна гэж үзээд орж ирсэн. Монгол Улсын Засгийн газар бүр хоёр жилийн л настай байна шүү дээ. Тэр ажлуудаа амжуулж байна, тэгэхээр зөв шийдвэр гаргажээ л гэж боддог. 

-Улс төрд найз гэж байдаггүй, бас дайсан ч байдаггүй. Ийм орчинд, уур амьсгалыг нь мэдрэх ямар байна вэ?

-Би улс төрийн намтар дурсамжуудыг сонирхлоороо нэлээд орчуулж байсан.Үүнээс юу ойлгосон бэ гэхээр улс төрийг туулж явж байхдаа хүн ойлгодоггүй. Тийм болохоор намтар дурсамжуудаа эргэж нэхэж байж том зургаа, бас туулсан ачааллаа ойлгодог юм байна даа гэж боддог. Миний хувьд Монголын улс төрд ямар үзэгдэл болж байна вэ гэдэг хөндлөнгийн өнцгөөс харахыг хичээдэг. Мэдээж байнга тэгж чадахгүй, хийж байгаа ажлынхаа нөлөөнд автана. Одоо туулж байгаа цаг үе улс төрийн хүнд цаг үе, гэхдээ бүтэн зургаа бид хожим нь л бүрэн дүгнэх биз ээ. Улс төрд хүчний хуваагдал хэзээ ч алга болдоггүй. Намын дарга болно гэхээр бүх зүйлийг хяналтдаа авч байгаа мэтээр ойлгодог.  Гэтэл удирдагч хүний том зовлон консенсус бүрдүүлэх байдаг биш үү. “Танхимаа тэгж бүрдүүлсэнгүй, тийм шийдвэрүүд гаргасангүй” гэдэг. Гэтэл лидерийн эрч хүчийн ихэнх нь зөвшилцөлд хүрэх үйл явцад зарцуулагддаг. 

Ажлаа амжуулчихаад цэцэрлэгээс хүүхдээ авахаар яарч байгаа залуу ээжүүдийн жишгээр амьдарч байна

-Яг одоо танай баг гал дундуур явж байна. Таны хэлснийг Ерөнхий сайдын үг гэж хүлээж авдаг нь хүндрэлтэй байдаг уу?

-Иргэний нийгмийн байгууллагад хамт ажиллаж байсан найзууд “Булгаа чи вакумжсан байна” гэдэг л юм.  Гэтэл надад өөрчлөгдсөн зүйл байхгүйг хоёр зүйлээр харагдаж, баримжаалахыг хичээдэг. Нэгдүгээрт, би ахуйгаасаа тасраагүй л байна. Нийгмийн сэтгэлзүй ямар байна, хүмүүсийн аж амьдрал ямар байна, би тэр нийгмийн дундаж төлөөлөл мөн үү гэдэг шалгуур. Өглөөд хуучин орцноосоо хоёр хүүхдээ чирээд цэцэрлэгт нь өгдөг ажилтай. Ажил руугаа яарна, заримдаа автобусаар явна. Ажлаа амжуулчихаад цэцэрлэгээс хүүхдээ авахаар яарч байгаа залуу ээжүүдийн жишгээр амьдарч байна. Хүүхэд өвдвөл улсын эмнэлэгтээ дугаарлана. Зөвлөхөөр ажиллахаас өмнө ийм л байсан, одоо ч ялгаагүй ийм нөхцөлд би, миний амьдрал вакумжина гэж байхгүй. 
Хоёрдугаарт, би сонсох сувгаа хаасан байна уу, асуудлыг обьектив байр сууринаас харж чадахгүй болоод зөвхөн даргаа хамгаалдаг болсон эсэх шалгуур. 
Энэ дуран баримжаагаа алдсан эсэхээ би байнга шалгаж явахыг хичээдэг. Нөгөө талаасаа өмнөх шигээ үг үйлдлээ чөлөөтэй илэрхийлж болохгүй байгаа нь багаа бодох тал байна.  “Н.Учрал тэгж үзэж байна, Н.Учралын баг тэгж үзэж байна, Н.Учралын зөвлөх ингэж байна” гээд хоёр гурван удаа постер болоод гарчихаар ар талд нь хичээж ажиллаж байгаа багийнхаа ажлыг би бодохоос өөр аргагүй. Тун, тэнцвэрийг нь тааруулаад өөрийгөө алдчихгүй явж л байна даа.


-Ерөнхий сайдын багт орохдоо хийхээр зорьсон ажлаа эхлүүлж чадсан уу?

-Бид ямар ч ажлыг богино, дунд, урт хугацаанд ангилан хийх ёстой. Цэнхэр нам ялсан ч, улаан нь ялсан ч биднийг тун хэцүү байдалд оруулж байгаа, үргэлж хүний хараат байлгаж байгаа хэдэн асуудал бий. Тэгэхээр засаг унах буух нь хамаагүй, асуудлууд үлдэнэ.
Өнөөдөр бид асуудлыг системээр харж, тууштай, залгамж чанартай хэрэгжүүлж чаддаггүйн төлөөсөө л үүрч байна. Н.Учрал сайдад эдгээр асуудлыг шийдэх ёстой гэж би анхны уулзалтын үеэр хэлсэн, яг тэр чиглэлдээ л ажиллаж байна. 
Энэ Засгийн газар болоод үүнээс хойших Засгийн газрууд суурь боомилсон асуудлуудаа л нэг, нэгээр нь шийдэж үндэстнээрээ хожих зарчимтай болоосой гэж боддог. Дээр нь бага насны хүүхдүүдтэй ээж хүний хувьд би хүүхдэд хамгаалал, хүүхдэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг надад хамаарах сэдэв биш ч зайлшгүй анхаарах ёстой гэж боддог л юм. 
Шатахууны сав барина,энэ тэндээс бензин олоод ирлээ гэдэг зүтгэл мөн. Гэхдээ энэ бидний алсын зорилгыг шийдэхгүй, хараат хэвээрээ л байна. Газрын тосны үйлдвэр ашиглалтад орно гэж байна. Эцсийн дүндээ түүхий эдээ хаанаас олж олборлоод хэрэглэгчдэд хүрэх үнийн дүн ямар байхыг бид мэдэхгүй.

 Импортолсноос магад илүү өндөр үнэтэй байхыг үгүйсгэхгүй. Тиймээс л аль нь богино, дунд, урт хугацааны бодлого вэ гэдгээ ялгаж хүчээ хуваарилах хэрэгтэй.

-Ногоон шилжилтийн  хүрээнд эхлүүлсэн ажлыг эрх ашгийн зөрчилтэй гэж харах, шүүмжлэх хүн цөөнгүй гарсан?

-Эрчим хүчний хараат бус байдал, цахилгаан автомашинд шилжүүлэх ёстой гэхээр олон нийт хятад автомашин оруулж ирэх лобби гэдэг ч юм уу асуудлыг өнгөцөөр харж байна. Хэрвээ жам ёсоороо хүлээвэл монголчууд энэ сэдвийг 10 жилийн дараа ярьж эхлэх байх. Миний хувьд энэ ажлыг НҮБ-д хийж байсан учраас энэ сэдвийн талаар ярих хугацааг наашлуулчихсан байж магадгүй, гэхдээ ямар хурдацтай өрнөж байгааг харах сайхан байгаа. 
Эрчим хүчин дээр эх үүсвэрийг нэмэх гэдэг эхний шатны ажил дээр төвлөрч байгаа шүү дээ. Долоон жил гацсан сэргээгдэхийн төслүүд аукционоор урагшилсан. Дараа нь эрчим хүчний үр ашиг, ухаалаг тогтолцоо, ТӨК-уудын засаглал үйл ажиллагааны шинэчлэл, үрэлгэн байдлыг бууруулах гээд хоёр, гуравдугаар шатны ажил нь хүлээж байна. Түүний дараа өрсөлдөөнт үнийн асуудал хөндөгдөнө. Эх үүсвэр нэмэгдүүлэх эхний ажлын хүрээнд сэргээгдэхийн төслүүд хурдацтай нэмэгдэж байна. Гэхдээ бид бүх зүйлийг “сэргээгдэх” ёстой гэж туйлшраагүй. Эрчим хүчний зохист харьцаа гэдгээрээ л явж байгаа. 
Бид нөгөө талаар валютаа урсгаж байгаа суваг нь шатахуун. Гурван сарын дотор 40-өөд цэнэглэх ногоон өртөө дан хувийн хэвшлийн хөрөнгөөр бариуллаа. Одоо ахиад ийм 90 өртөө энэ намар баригдаж байна. Гол шинэчлэл нь ачаа тээврийн болон уурхайн хүнд даацын автомашины хэрэглээ дизелиэс цахилгаан руу шилжихэд өрнөнө. Ер нь цаашид дэлхийн хуваагдал улам гүнзгийрэх талаар эрдэмтэн судлаачид бичиж байна. Коронавирус шиг цар тахлын давтамж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө гээд нэг гинжин хэлхээнд орсон улс орнуудад энэ цохилтууд даалуу шиг ханаран унаж мэдэгдэнэ. Ийм цаг үед бид хүссэн ч, эс хүссэн ч эрчим хүч, шатахууны шинэ эх үүсвэр, хувилбар бодохгүй байж яаж болох билээ?
Хэрэглэгчийн түвшинд хэмнэлт ч яригдана. Зөвхөн Монголд бид муу учраас тохиолдоод байгаа биш дэлхий өөрөө л туулж яваа өөрчлөлт шүү дээ. 
Ийм цаг үед манай улс нөөц боломжоо зөв үнэлээд өөрийнхөө чадах зүйлээр хараат бус байдал, дархлаагаа бэхжүүлэхэд төвлөрч ажиллах ёстой гэж бодож байна. Тэгэхээр одоо хийж байгаа ажлаа зөв, үр дүнтэй гэх итгэл үнэмшил улам бэхжиж байна.

-Зөвлөхийн хувьд зориглоод оруулж байгаа ямар ажил байна вэ?

-Ерөнхий сайдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад би зөвлөхөөр нь ажилд орж, удалгүй эрчим хүч, түлш шатахууны хараат байдлыг бууруулах тухай УИХ-ын тогтоолыг боловсруулж, өргөн барих ажилд оролцсон. Энэ тогтоол зөвхөн томоохон цахилгаан станц барих бус, сэргээгдэх эрчим хүчийг хязгаарлаж байсан хууль эрх зүйн саадыг арилгах, өрх, аж ахуйн нэгжүүд өөрсдөө эрчим хүч үйлдвэрлэх, цахилгаан автомашин, ногоон дугаар, цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг цогцоор нь тусгасан. Төд удалгүй тухайн үеийн УИХ-ын дарга, түүний Эдийн засгийн зөвлөх болон УИХ-ын гишүүн Ч.Анарын хамт Дорноговь аймагт ажилласан. Тэнд долоон жил зөвшөөрлөө хүлээсэн хувийн хэвшлийн сэргээгдэх эрчим хүчний жишиг төсөлтэй танилцсан. Буцаж ирээд сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд саад болж байсан шат дамжлагыг бууруулах ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, өрхийн хэмжээнд эрчим хүч үйлдвэрлэхэд шаардлагатай 15 шат дамжлагыг гурав болгож, зургаан сарын хүлээлтийг 11 хоног болгон богиносгосон.
Цахилгаан автомашины хувьд эхлээд цэнэглэх дэд бүтцийг нь бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Улаанбаатарт газар олох амаргүй учраас томоохон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран, татварын нэг хувийн буцаан олголтын боломжийг ашиглаж ногоон өртөөнүүдээ байгуулсан. Одоо энэ ажлыг орон нутагт өргөжүүлэхээр ажиллаж байна.
Мөн сэргээгдэх эрчим хүчний томоохон таван төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Энэ ажлыг эхлүүлэхдээ би дөрвөн зарчмыг онцолж байсан. Үндэсний компаниудын оролцоог хангах, хамгийн хямд үнийг бус чанар стандартыг чухалчлах, санхүүжилт босгох чадавх болон ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлагыг үнэлэх ёстой гэж үзсэн.

-Ажил хийхэд юу саад болдог юм байна вэ?

Ямар ч түвшинд ажил хийхэд хоёр, гурван зүйл асуудал болдог болсон байна.  Нэгдүгээрт, дунд шатны хүнд суртал, шийдвэр гаргалтын удаашрал, ойлголтын зөрүү их байна. Ажлын ачаалал их байгааг ойлгож байгаа ч энэ хэсэгт шийдэх ёстой олон ажил байгаа харагддаг. 
Хоёрдугаарт, боловсрол, мэдлэг, ур чадварын зөрүүгээс үүдэлтэй харилцан ойлголцлын дутагдал манай улсад их үүсчээ.
Гуравдугаарт, бодит ажил, үр дүнгээс илүү пиар, олон нийтийн сүлжээний шуугианд автсан орчин. Ажил хийхээсээ илүү ажлаа тайлбарлах, хамгаалахад цаг зарцуулдаг болсон нь олон зүйлийг өөрчилж мөн чанараас илүү пиарт анхаарах ёстой болж.
Дөрөвдүгээрт, тогтвортой бус орчин.
Зөвлөхөөр ажиллах хугацаанд хийх ажлууд маань тодорхой байсан учраас би Ерөнхий сайдын багт нэгдсэн

-Тэгвэл цаасан дээр байгаагаас үүнийг нь эхлүүлчих юмсан гэж бодож байгаа нь ямар ажил байна вэ?

-Зөвлөхөөр ажиллах хугацаанд хийх ажлууд маань тодорхой байсан учраас би Ерөнхий сайдын багт нэгдсэн. НҮБ-д хийж байсан эрчим хүчний шилжилт, түлшний хараат бус байдлыг бууруулах ажлыг Монголд хийнэ, ногоон хөгжлийг урагшлуулна гэж ирсэн. Эрчим хүчний дөрвөн шатлалт ажил урагшилж байна, автотээврийн салбарын цахилгаанжих суурь дэд бүтцүүд хангалттай олширч эхэлж байна. Хэрвээ эхний энэ өөрчлөлтийг хийж чадвал цаашаа органикаараа явчихна. Эдгээр ажил маань бүгд гараанаасаа гарсан. Одоо би яаж тоог нь нэмэх вэ, цар хүрээг нь хэрхэн өргөтгөх вэ гэсэн асуудалд төвлөрч байна. 
Үндэсний ногоон сургууль гэдэг шинэ санаачилгыг мөн хэрэгжүүлэх гэж байна.  Үр хүүхдээ зохист тоогоор нь эрүүл орчинд сургах том ажил эхэлж байгаад баярлаж байгаа. Төрийн хүнд суртлаар ороод худлаа ногоон будаг нялсан ажил болчихвий гэж анхаарч, хичээж байгаа.

-Таны давуу бас дутагдалтай тал гэж хэлж болох зүйл нь бүх зүйлд биечлэн оролцдог юм байна шүү дээ?

-Бид баггүй л байхгүй юу. Зөвлөхүүд шийдвэр гаргах ямар ч эрхгүй. Улс төрийн  албан тушаал учир даргадаа л зөвлөнө. Зөвлөхүүдийг зүйрлэвэл шүдгүй арслантай адилхан шүү дээ.  
Гэхдээ Н.Учрал даргын нэг онцлог байдаг. Аливаа зүйлд эрх чөлөөг нь олгодог. Ямар нэг ажил санаачлахад “Тэгж болохгүй” гэж хэлээд зогсоох тохиолдол тун ховор доо. Чадаж л байвал уулз, танилц, нийгэмд асуудлаа ярь, өөрийнхөө капиталыг бэлд гэдэг. Энэ бол удирдагчийн хувьд ховор чанар. Тийм эрх чөлөөгүй байсан бол би ажиллаж тэсэхгүй байсан байх. 
Гэхдээ би зөвлөхийн чиг үүрэгт  тааруулж ажиллана гэвэл өмнө нь дурдсан ажлуудын аль нь ч явахгүй. Тоочиж хэлсэн ажилдаа эзэн нь болохын  төлөө хичээхээр яалт ч гүй өөрөө гардаж орохоос өөр арга алга.

-Хөрөнгө оруулалтыг солонгоруулах боломжийг та хэрхэн хардаг вэ?

-Хөрөнгө оруулалт дотроо олон чиглэлтэй. Миний хувьд олон улсын байгууллага талаас хөрөнгө оруулалтын  орчин, эрхзүй, хөрөнгө оруулалтын төслүүдийн бэлэн байдлыг яаж хангах вэ гээд орчин, бодлогын асуудалд илүү төвлөрч ажилласан болохоос хөрөнгийн зах зээлчээр мэргэшээгүй гэдгээ онцолж хэлэх нь зөв. Хөрөнгө оруулалтын орчин, бодлогын хувьд манай улс хичээхгүй байгаа санагддаг. 
-Хичээхгүй байна гэдэг нь эрэл хайгуул хийхгүй байна гэсэн үг юм уу?
-Системтэй харж ажиллахгүй байна. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын тулд миний харж байгаагаар дөрвөн суурь асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.
Нэгдүгээрт, хөрөнгө оруулагчдын гомдол, маргааныг шуурхай, үр дүнтэй шийдвэрлэдэг тогтолцоотой болох хэрэгтэй. Хөрөнгө оруулагч нэгэнт Монголд хөрөнгөө оруулаад үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол түүнд тулгарч байгаа асуудлыг төр анхаарч, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх механизмыг бүрдүүлэх ёстой. Хөрөнгө оруулалт татах нэг хэрэг, харин орж ирсэн хөрөнгө оруулалтаа хамгаалж, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нь бүрдүүлэх нь түүнээс дутахгүй чухал.
Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын төслүүдээ ач холбогдол, цар хүрээ, хэрэгжилтийн үе шатаар нь ангилж, хариуцах эзэнтэй болгох шаардлагатай. Бид ихэвчлэн томоохон, стратегийн төслүүддээ анхаарлаа хандуулдаг. Гэтэл дунд хэмжээний хөрөнгө оруулалтын төсөл дээр барилгын зөвшөөрөл, газар, дэд бүтэцтэй холбоотой маргаан үүсэхэд шийдвэрлэх эзэнгүй орхигдох тохиолдол бий. Ингээд тухайн асуудал шүүх, захиргааны шат дамжлагаар олон жил үргэлжилдэг.
Тиймээс төслүүдээ тодорхой ангилж, аль байгууллага, ямар албан тушаалтан, ямар түвшинд хариуцаж ажиллахыг тодорхой болгох ёстой. Том, жижиг гэлтгүй хөрөнгө оруулалтын төсөл бүрд асуудлаа шийдвэрлүүлэх тодорхой механизм хэрэгтэй.
Гуравдугаарт, хөрөнгө оруулалтын төслүүдийн нэгдсэн мэдээллийн сан, тэдгээрийг хөрөнгө оруулагчдад танилцуулах бэлэн байдлыг хангадаг нэгжтэй болох шаардлагатай. Бид олон улсын хөрөнгө оруулалтын форумд оролцохдоо төр, хувийн хэвшилд хэрэгжүүлэхэд бэлэн ямар төслүүд байгаа, аль нь техник, эдийн засгийн үндэслэлтэй, аль нь санхүүжилт хайж байгаа, аль нь хэрэгжилтийн шатанд явж байгааг нэг дороос харуулах боломж хязгаарлагдмал байна.
Дөрөвдүгээрт, хөрөнгө оруулалтын талаарх нийгмийн ойлголцлыг бий болгох хэрэгтэй. Хөрөнгө оруулалт гэдэг ойлголтыг нийгэмд ерөнхий байдлаар танилцуулаад орхивол үл ойлголцол, сөрөг хандлага үүсэх эрсдэлтэй. Харин тухайн хөрөнгө оруулалт улс орон, орон нутаг, иргэдэд ямар үр өгөөж авчрах, ямар ажлын байр бий болгох, ямар дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчин болон орон нутгийн эрх ашгийг хэрхэн хамгаалахыг тодорхой тайлбарлах шаардлагатай.

-Сэргээгдэх эрчим хүчний тал дээр бидэнд ямар боломж байна гэж та харж байна вэ?

-Сэргээгдэх эрчим хүчээр бүх асуудлыг шийдвэрлэх боломжгүйг Засгийн газар ойлгож байгаа. Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг нийт эрчим хүчний эх үүсвэрийн 30 хувь байлгая гэдэг зорилттой. Одоо бол бодит  байдал дээр 10-аас доош хувьтай байна. Уг нь 50 хувь болтол явахад ч гэмгүй л дээ. Үүний цаана нүүрсний цахилгаан станц орхигдохгүй. Өөр шинэ, дэвшилттэй шийдэл болгон явдгаараа явна. Эрсдэлийг бууруулах арга бол олон эх үүсвэрийн хувилбартай л байх. Ухаалаг шийдэл нь хэзээ, хаана гэдэгт л байгаа юм. Жишээ нь, 10 жилийн өмнө сэргээгдэх эрчим хүчийг 17 центээр оруулж ирэх хэрэггүй байсан. Өнөөдөр үнэ нь дөрөв дахин буураад, техникийн чанар сайжраад давуу тал их үүслээ. Өөрөөр хэлбэл, нүүрсний цахилгаан станцаасаа хямдхан болж байна. Гэхдээ шугамын ачаалал, үнэ, санхүүжилт, техникийн бусад нөхцөл, газарзүй гээд олон хүчин зүйлээс шалтгаалж сэргээгдэх зөв шийдэл эсэх нь шийдэгддэг.

-Таныг шаардлагагүй бол Ерөнхий сайдын багтай наалдаад байхгүй хүн юм байна гэж ярилцлагын үеэр дүгнэлээ?

-Миний хоёр жил гэж хэлсэн нь одоо байгаа улс төрийн циклийн хувьд л хэлсэн үг. Ноцтой алдаа гаргахгүй л бол суурь асуудлыг шийдэх гэж байгаа Засгийн газар тууштай ажиллах ёстой гэж бодож байна. Бидний жишээ авч ярьдаг Төв Азийн орнуудын амжилтын хагас нь тогтвортой засаглал нь шүү дээ.
Багийн хувьд зарчимтай, чадвартай сайн залуус бүрэлдсэн. Энэ залуус үр дүнтэй сайн ажиллаж, амласан асуудлуудаа шийдэж чадна гэж бодож байна.

Б.Сэлэнгэ

"Монголын ҮНЭН" сонин

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.