Донж: Өв соёлыг хэрэглээ болгож, хэрэглээг урлаг болгох нь...
Бидний өвөг дээдэс амьдрал ахуйдаа баадангийн соёлыг нягт уялдуулсан байдаг. Эд өлгийг боож баглах, хадгалж хамгаалах, авч явах зориулалттай баадан, ном судраа хадгалж хамгаалахад зориулсан баринтаг хэрэглэдэг байлаа.
Бидний өвөг дээдэс амьдрал ахуйдаа баадангийн соёлыг нягт уялдуулсан байдаг. Эд өлгийг боож баглах, хадгалж хамгаалах, авч явах зориулалттай баадан, ном судраа хадгалж хамгаалахад зориулсан баринтаг хэрэглэдэг байлаа. Тэгвэл өнөөдөр бидний уламжлалт хэрэглээ орчин үеийн загвар, гоо зүй, байгальд ээлтэй амьдралын хэв маягтай нэгдэж, “Донж” хэмээх брэндийн цоо шинэ дүр төрхийг бүтээж байна.

Бэлгийг дотор нь байгаа зүйлээрээ хэмждэггүй. Түүнийг хэрхэн сонгож, яаж боож, ямар сэтгэлээр хүнд гардуулснаас бэлгийн үнэ цэн эхэлдэг. Хааяа нэг сайхан бэлгийн цаас, өнгө алагласан тууз, чамин хайрцаг хүртэл тухайн мөчийг мартагдашгүй болгоно. Бид шинэ жилийн бэлгийн гоёмсог тууз, өнгө алагласан баглаа боодолгүйгээр төсөөлж чадах билүү. Харамсалтай нь баяр ёслол өнгөрөхөд тэдгээр гоёмсог зүйлийн ихэнх нь хог болон үлддэг. Харин дахин хэрэглэж болохуйц, өөрөө бэлгийн нэг хэсэг болж үлдэх савлагаа байвал ямар вэ. Энэ асуултын хариултыг Монголын уламжлалт баадангийн соёлыг орчин үеийн хэрэглээтэй холбон бүтээж буй "Донж" брэндээс олж болно. Баадан гэдэг монголчуудын хувьд танил ойлголт. Нүүдэлчин ахуйд эд зүйлсийг боож баглах, хадгалах, хамгаалах, нүүдэл суудлын үед авч явахад даавуун болон торгон баадан чухал үүрэгтэй байв. Эд зүйлсээ эмхэлж цэгцлэх, нандигнан хадгалах соёл нь нүүдэлчдийн амьдралын салшгүй хэсэг байсан хэрэг.
Харин "Донж" энэ уламжлалыг өнөө цагт зөвхөн дурсамж, соёлын өвийн хэмжээнд үлдээхийг хүссэнгүй. Өдөр тутмын хэрэглээ болгохыг зорьжээ.Тус брэндийн бааданг торгон болон даавуун гэсэн хоёр үндсэн төрлөөр урладаг.
Хэмжээ, ширхэг, зориулалтаас нь хамааруулан захиалгат хайрцагт савлаж, хэрэглээний утга учир, хэрхэн ашиглах тухай мэдээллийг нь хамт хэвлэн хүргэдэг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч зүгээр нэг даавуун уут худалдаж аваад зогсохгүй, түүний цаана орших уламжлал, хэрэглээний соёлтой танилцана.

Судрын баринтаг хийлгэх хүсэлтэй хүмүүс ч яг ийм загвараар захиалга өгдөг. Торгон дугтуйнууд нь тэмдэглэлт баяр, ёслолын зориулалттайгаас эхлээд өдөр тутмын хэрэглээний энгийн загвар хүртэл олон өнгө, хээ, хийцтэй. Торгон дугтуй нь… Цаасан дугтуйнаас ялгарах гол онцлог нь загварлаг, чамин харагдахаас гадна олон дахин ашиглах боломжтойд оршино. Нэг удаа хэрэглээд хаях бус, өөр зориулалтаар үргэлжлүүлэн ашиглаж болно. Тиймээс энэ нь гоо зүйн сонголт төдийгүй байгальд ээлтэй хэрэглээний нэг хэлбэр юм.
Олон төрлийн торго, даавуу, тор ашиглан бэлгийн хайрцагнаас эхлээд хэрэглэгчийн хүссэн бараа, эд зүйлсийг баадангаар боож өгнө. Хэмжээндээ тааруулан баадангаа захиалж хийлгэх боломжтойгоос гадна боолгох зүйлээ авчирч, бэлэн материалаар нь өөрийн хүссэн өнгө, загвараар боолгоод явах боломжтой.
Барууны загварын ертөнцөд уламжлалт хэрэглээг орчин үеийн бүтээгдэхүүн болгон шинэчлэх хандлага сүүлийн жилүүдэд эрчимжсэн. Тухайлбал, Британийн LUSH брэнд Японы фурошики буюу даавуугаар бэлэг боох уламжлалаас санаа авч, Knot Wrap нэртэй дахин ашиглах боломжтой савлагааг бүтээгдэхүүнийхээ нэг хэсэг болгосон байдаг. Фурошики нь энгийн нэг боодол биш, бэлгийг хэрхэн боохоос эхлээд өдөр тутмын эд зүйлсийг хэрхэн авч явах хүртэл олон зориулалттай даавуун хэрэглээ.

“Донж”-ийн санаа ч үүнтэй утга агуулгын хувьд ойр. Гэхдээ түүний эх сурвалж нь Японы уламжлал бус, монголчуудын өөрсдийн баадангийн соёл. Энэ бол бусдын загварыг хуулбарлах тухай биш, өөрийн өв соёлоос орчин үеийн хэрэглээний шинэ боломж нээх тухай юм. Брэндийг бүтээгч бүсгүйн хувьд монгол ахуй, соёлын эдгээр сайхан өвийг ярьж суух бус, дэлгэрүүлж, хэрэглээнд оруулахыг “Донж”-ийн гол зорилго болгожээ. Өнөөдөр монголчууд бид өдөр тутамдаа дээл, монгол цамц өмсөхийг хэвийн хэрэглээ болгох чиглэлд алхаж байгаа шиг жижиг хэрэглэлийн соёлоо ч эргүүлэн сэргээх цаг иржээ. Өв соёл гэдэг бидний амьдралд байнга оролцож, хэрэглэгдэх тусам үнэ цэн нь нэмэгддэг зүйл юм.
ХУНДАГАНЫ БӨГЖ: ЖИЖИГХЭН ДОНЖ, ТОМООХОН СОЁЛ
"Донж" брэндийн бас нэгэн сонирхолтой бүтээгдэхүүн бол Wine charm буюу хундаганы бөгж. Нэрнээсээ эхлээд л сонирхол татах энэ жижигхэн гоёл чимэглэл нь баярын ширээний өнгө үзэмж нэмэхээс гадна тун практик хэрэглээтэй. Олуулаа цугласан баяр, тэмдэглэлт арга хэмжээ, хүлээн авалтын үеэр хундагаа андуурах тохиолдол цөөнгүй. Аль аяга нь минийх билээ, сая хэрэглэж байсан хундага маань аль нь вэ, энэ чинийх үү, минийх үү гэх мэт яриа ширээ тойрон өрнөнө. Заримдаа хүн өөрийн хундагыг олж чадахгүйгээс өөр аяга авч хэрэглэх нь ч бий. Харин хундаганы бөгж иймэрхүү асуудлыг энгийнээр шийднэ. Хүн бүрийн хундаганд өөр өөрийн өнгө, хийц, чимэглэл бүхий бөгж зүүж өгснөөр хундагаа андуурах шаардлагагүй болно. Ингэснээр санамсаргүйгээр бусдын хэрэглэж байсан аяга, хундагыг хэрэглэх, улмаар шүлсээр дамжих зарим халдвар, нянгийн бохирдлын эрсдэлийг бууруулахад ч тусална. Мэдээж энэ жижиг хэрэглэл өөрөө ариутгалын хэрэгсэл биш, харин хувийн хэрэглээг ялгаж, андуурахаас сэргийлэх ухаалаг шийдэл юм.

Анх өөрийнхөө болон эргэн тойрныхоо хүмүүсийн өдөр тутмын ийм асуудлыг анзаарч, шийдэл хайснаар энэ бүтээгдэхүүн бий болжээ. Өдгөө “Донж”-ийн улирлын эрэлттэй бүтээгдэхүүний нэг болсон нь ч учиртай. Гэхдээ “Донж”-ийн хувьд хэрэглээ гэдэг зөвхөн асуудал шийдэх тухай биш. Хэрэгтэй зүйл яагаад бас үзэсгэлэнтэй байж болохгүй гэж. Тиймээс хундаганы бөгжийг хүн бүрийн өөрийн гэсэн хэв маяг, онцлогт тохируулан урладаг.
“Донж”-ийг бүтээгч бүсгүй өөрөө чамин, гоёмсог зүйлд дуртай. Ээж нь оройн хоолондоо ширээгээ сайхан засаж, гэр бүлээрээ тойрон сууж хооллохыг эрхэмлэдэг хүн байжээ. Тэрхүү хүмүүжил, гэр бүлийн ширээний соёл нь өнөөдрийн бүтээгдэхүүнийх нь үзэл санаанд шингэсэн байна. Түүний хувьд ширээ засна гэдэг хооллохын өмнөх бэлтгэл биш, харин хамтдаа өнгөрүүлэх цаг хугацаандаа хүндэтгэл үзүүлж буй нэг хэлбэр аж. Тиймээс хундаганы бөгж, ширээний жижиг чимэглэл зэрэг зүйлсийг гоёл гэж үзэхээс гадна баяр ёслол, уулзалт, хамтдаа өнгөрүүлэх мөч бүрд өөрийн гэсэн донж нэмэх зүйлс гэж хардаг.
Анх бүтээгдэхүүнээ хийхдээ төмөр утсаа өөрөө тасалж, шүрээ нэг нэгээр нь хэлхэн, цаасан дээрээ уран бичлэг хийж, хайчилж тогтоодог байжээ. Өнөөдөр ч урландаа ширхэг бүрд тэд сэтгэлээ шингээж урладаг заншлаа орхиогүй. Магадгүй үйлчлүүлэгчдийнх нь дахин дахин зорин ирж, шинэ санаа, захиалга авчирдаг шалтгаан ч үүнд оршдог биз.

ГАРААР ЭХЭЛСЭН ҮЙЛДВЭРЛЭЛ, СЭТГЭЛЭЭР БҮТЭЭСЭН БРЭНД
Гар урлалын бизнесийг гаднаас нь харахад гоёмсог бүтээгдэхүүн, өнгө өнгийн материал, чамин хийц л нүдэнд тусна. Харин тэдгээрийн цаана хэр их хөдөлмөр, цаг хугацаа, туршилт, алдаа байдгийг тэр бүр анзаардаггүй. “Донж”-ийн түүх ч яг л ийм хөдөлмөрөөс эхэлжээ. Тэрбээр 2022 онд анх бизнесээ эхлүүлэхэд оёдлын машин ч байгаагүй. Оёдлоо хүртэл гараар хийж, аль болох бат бөх, удаан эдэлгээтэй бүтээгдэхүүн хийхийг хичээн суудаг байв. Жилээс жилд боломжоо нэмэгдүүлж, эмээ нарын үеийнх шиг эргүүлдэг оёдлын машинтай болов. Түүгээрээ нэлээд удаан ажилласны эцэст үйлдвэрийн оёдлын машинтай болсон гэдэг. Урлангийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлж эсгүүрчин, оёдолчидтой болж тоног төхөөрөмжөө үе шаттайгаар сайжруулан өнөөдөр ч цар хүрээгээ тэлсээр байна. Энэ тоног төхөөрөмж, бүтцийн шинэчлэлийн талаарх тайлан биш л дээ. Харин хүсэл мөрөөдлөө бодит ажил болгохын төлөө бага багаар урагшилсан жижиг үйлдвэрлэгчээс брэнд болсон тухай өгүүлэхийг зорьж буй учраас цухас дурдав.
Тэд бүтээгдэхүүн бүрийнхээ материал, хийцэд онцгой анхаардаг. Даавуу, утас сонгохоос эхлээд хатгамал, оёдол, эцсийн боловсруулалт хүртэл нь жижиг нарийн чимэглэл бүрээ өөрсдийн гараар хийдэг. Тухайлбал, торгон дугтуй хийхэд шаардлагатай сампинг ч тэд бэлэн бүтээгдэхүүнээр худалдаж авахын оронд өөрсдөө урладаг. Энэ бүхэн бүтээгдэхүүн бүрийг ижилхэн олноор үйлдвэрлэсэн эд зүйл биш, өөрийн гэсэн онцлогтой болгох боломжтой болгож байгаа юм.
“Донж”-ийг зөвхөн баадан, дугтуйгаар төсөөлөн ойлгож болохгүй. Тэд өлгий алчуур, номын даавуун хавтас, эсгий хавчуурга, кофены аяганы бүрээс буюу Coffee Cup Holder, даавуун цүнх, зөөврийн компьютерын хамгаалалтын гэр буюу Laptop Case зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн урладаг. Багц бүтээгдэхүүний захиалга ч олон тоогоор авна.
Өөрөөр хэлбэл, даавуу, торго, утас, хатгамал ашиглан өдөр тутмын амьдралд хэрэгтэй зүйлсийг өөрийн гэсэн өнгө төрх, донжтой бүтээдэг урлан юм.
Донжийн хувьд хэрэглэгч гэдэг нэг удаа бүтээгдэхүүн худалдаж аваад явдаг хүн биш. Зарим нь анх нэг зүйл захиалж ирээд дараа нь өөр санаа, шинэ хүсэлтэйгээр дахин зорин ирдэг. Өөрийн санаагаа хуваалцаж, хамтдаа бүтээгдэхүүнээ ургуулан боддог үйлчлүүлэгч ч олон. Энэ нь “Донж” брэндийн хувьд хамгийн үнэ цэнтэй итгэлцэл юм.
Дэлхийн гар урлал, дизайн, амьдралын хэв маягийн брэндүүдийн түүхийг ажиглавал тэдний олонх нь асар том хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хүчин чадлаас бус, нэг хүний ажиглаж анзаарсан жижиг асуудал, хувийн сонирхол, амьдралын хэв маягаас эхэлсэн байдаг. Зарим нь байгальд ээлтэй хэрэглээг түгээхийг хүссэн бол зарим нь уламжлалт гар урлалыг мартагдахаас хамгаалахыг зорьжээ. Эхэндээ цөөн тооны бүтээгдэхүүн гараар хийж байсан жижиг урлангууд цаг хугацааны явцад өөрийн гэсэн танигдахуйц хэв маяг, хэрэглэгчдийн хүрээлэл, брэндийн үнэ цэнийг бүтээсэн жишээ олон.

“Донж”-ийн түүхэнд ч ийм эхлэл бий. Гэхдээ тэдний хамгийн сонирхолтой тал нь гар урлалдаа биш. Монголчуудын өдөр тутмын амьдралаас алдагдаж буй хэрэглээний соёлыг шинэ өнгө төрхөөр сэргээхийг зорьж байгаад оршино.
Бид өв соёлоо хамгаалах тухай их ярьдаг. Гэхдээ хамгаална гэдэг заавал томоохон төсөл, өндөр өртөгтэй төсөв, сүр дуулиантай арга хэмжээ байх албагүй. Эмээгийн хэрэглэж байсан эдлэлийг өнөөдрийн хэрэгцээнд нийцүүлэн урлах, монгол бааданг бэлгийн савлагаа болгох, судрын баринтгийг орчин үеийн хийцтэй бүтээх, ширээний жижиг чимэглэлээр дамжуулан монгол хүний гоо зүйн мэдрэмжийг түгээх ч бас өв соёлоо хамгаалж буй хэлбэр юм.
Энэ утгаараа “Донж” зөвхөн оёдол, гар урлалын брэнд биш. Уламжлалыг хэрэглээ болгохыг зорьж буй жижигхэн соёлын төсөл ч гэж хэлж болно. Тэдний урлал тус тусдаа сонголт мэт боловч нийлээд амьдралын хэв маяг, гоо зүй, байгальд хандах хандлага, үндэсний соёлын талаарх ойлголтыг өөрчилж бас сэргээн дэлгэрүүлж чадна.
“Донж”-ийн нэр хүртэл энэ санааг илэрхийлж байгаа мэт. Хэмжээ, өнгө, хийц, зохицол. Хэрэгтэй зүйлээ чамин болгож энгийн хэрэглээнд утга учир нэмэх нь энэ брэндийн гол онцлог ажээ.
Эцсийн дүндээ өв соёлыг амьд байлгахын тулд өдөр тутмын амьдралдаа дахин хэрэглэж эхлэх хэрэгтэй. Харин “Донж” тэрхүү хэрэглээг гоо зүйтэй, сэтгэл шингэсэн, өөрийн гэсэн донжтой байлгахыг зорьж байна.











ТРАМП ТӨМӨРӨӨ
"МОНГОЛЫН ҮНЭН" СОНИН