Д.Наранжаргал: Музей зөвхөн өвийг хадгалаад үзүүлдэг газар биш
Театрын музейн захирал Д.Наранжаргалтай ярилцлаа.
Театрын музейн захирал Д.Наранжаргалтай ярилцлаа.

-Ярилцлагаа эхлэхийн өмнө хоёулаа танилцъя. Ямар ажил мэргэжилтэй, юу эрхэлдэг, хэн гэдэг хүн билээ?
-Намайг Дашдаваа овогтой Наранжаргал гэдэг. СУИС-ийг 2003 онд Соёл урлагийн удирдлага мэргэжлээр төгссөн. 2015 онд БНХАУ-ын Хөх хотын Өвөрмонголын Их сургуульд Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Одоо Монголын Театрын музейн захирлаар ажиллаж байна.
-Театрын музейн талаар хүмүүсийн мэдлэг мэдээлэл тийм ч их биш юм шиг санагддаг. Музей хэрхэн байгуулагдаж байсан талаарх түүхээс ярьж өгөөч?
-Монгол Улсад 2026 оны байдлаар төрийн болон хувийн өмчийн 38 музей ажиллаж байна. Театрын музейн үүсэл БНМАУ-ын 1973 оны Сайд нарын Зөвлөлийн 259 дүгээр тогтоолоос эхлэлтэй. Тус тогтоолоор Театрын музей байгуулахаар шийдвэрлэж, 1974 оноос Дүрслэх урлагийн музейн салбар болгон байгуулж, Чин ван Ханддоржийн өргөөнд нээн ажиллуулахыг заасан үеэс Театрын музейн түүх эхэлдэг. Тухайн үед Чин ван Ханддоржийн өргөөнд байгуулахаар болсон боловч хүйтэн, агааржуулалт байхгүй, гал гарах эрсдэлтэй, халаалтгүй зэрэг байдал нь үзмэр, цуглуулгын хадгалалтад сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн музей байгуулах ажлыг түр хойшлуулсан байдаг. Ийнхүү музей байгуулах тогтоол шийдвэр гарснаас хойш 15 жилийн дараа буюу 1988 оноос соёл, урлагаа гэсэн сэтгэлтэй хүмүүс Театрын музейг байгуулах асуудлыг дахин дэвшүүлэн тавьж, хэвлэл мэдээлэлд сурталчилж, биечлэн идэвхтэй хөөцөлдсөний ачаар тус музейг байгуулах ажил дахин сэргэжээ. 1989 оны есдүгээр сараас эхлэн Театрын музейг байгуулах ажил өрнөж, нэрт эрдэмтэн, театр судлаач Э.Оюун, Ардын зураач Л.Гаваа, уран барималч Д.Гүрдорж нарын удирдлагаар соёлын ахмад ажилтан Ө.Бүрнээ, зураач Т.Тунгалаг, театр судлаач Ш.Буянжаргал, сан хөмрөгч Н.Татьяна нар музейн үзмэр үзүүллэг дэглэлтийг нарийвчлан тодотгож, холбогдох үзмэр цуглуулгыг бусад ажилтай хамтруулан хийж, үзүүллэг дэглэлтийг театрын зураач Ч.Гунгаасүх удирдан явуулж эхэлжээ.
-Засаг төр талаас хэрхэн яаж оролцож байв. Мэдээж шийдвэр гаргах түвшинд хүрч байж ажил урагшилж таарна?
-Энэхүү музейг байгуулах ажилд тухайн үеийн Соёл урлагийн хөгжлийн хорооны дарга, найруулагч Б.Бадрууган, мэргэжилтэн Ц.Жаргалсайхан, найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, Д.Энхтөгс нар ихээхэн ач холбогдол өгч онцгой анхаарч шаардлагатай хөрөнгө мөнгө, холбогдох үзмэр, техник хэрэгслээр хангах арга хэмжээг аван музейг байгуулах үйлсэд их хүчин зүтгэл гаргаж Б.Бадрууган музей байгуулах ажлын явцтай биечлэн танилцаж, өдөр бүр ажлын хэсгийн санал, хүсэлт, дутагдаж байгаа зүйлсийн талаар асууж лавлан асуудлыг газар дээр нь шийдэж, чанартай хийж гүйцэтгэхийг үүрэг болгож байсан нь өнөөдрийн Театрын музейн байгуулахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулжээ. Тус музейг байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Х.Хайнзан агсан “...1991 оны гуравдугаар сарын 13-ны өдөр СУХХ-ны дарга Б.Бадрууган биечлэн ирж, музейн үзмэр дэглэлтийн байдалтай танилцаж, Ө.Бүрнээ бид хоёрын санал хүсэлтийг сонсож, дүрс бичлэгийн төхөөрөмж өгөхөөр болж үүний ачаар өнөөдөр бид түүнийг аваад маш баярлаж байна” гэсэн байдаг. Ийнхүү тус музейг байгуулах албан ёсны тогтоол шийдвэр нь гарсан боловч зориулалтын орон байргүйн улмаас хойшлогдсоор 1991 оны гуравдугаар сарын 27-нд буюу Олон улсын театрын өдрөөр Соёлын төв өргөөний гуравдугаар давхарт нээгдэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
-Бүтэц бүрэлдэхүүний хувьд хэдэн хүнтэй, ямар чиг үүрэгтэй ажилладаг юм бэ?
-Тус музей нь соёлын өвийг хадгалж хамгаалах, хойч үедээ уламжлуулах, соён гэгээрүүлэх улмаар нийгмийн хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэх зорилгоор Монгол Улсын тайз, дэлгэц, театрын урлагийн үүсэл хөгжил, жүжиг, дуурь, балет, дуу, хөгжмийн талаар судалгаа хийж, сан хөмрөгөө баяжуулан, бүртгэн баримтжуулах үүрэгтэй соёл, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллага юм. Анх байгуулагдах үедээ 1000 гаруй үзмэртэй үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан бол одоо 9656 үзмэртэй болж өргөжсөн. Захирал, нягтлан бодогч, арга зүйн албаны дарга, сан хөмрөгч, эрдэм шинжилгээний ажилтан, боловсролын ажилтан, бүртгэл мэдээллийн санч, архив-бичиг хэргийн ажилтан, жижүүр гэсэн есөн хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
-Үзмэр нь бараг түм хүрч байгаа юм байна. Утга агуулгын хувьд ямар байх вэ?
-Монголын театрын уламжлалын тухай нүүдэлчин ахуйд зохицсон үлгэр туульс, бадарчны явган шог яриа, Цамын ёслол, ший-янгуу, XIX зууны нэрт соён гэгээрүүлэгч Догшин ноён хутагт Данзанравжаагийн "Намтар дуулах дацан" сүм театр болон шинэ цагийн театрын анхны үүсэл болсон 1922-1924 оны жүжгийн бүлгэм, клуб, 1927 онд баригдсан олноо “Бөмбөгөр ногоон” хэмээн алдаршсан Цэнгэлдэх хүрээлэн, 1931 оны анхны Төв театр, Цэргийн театр, цирк, Ардын дуу бүжгийн чуулга, Хүүхэлдэйн театр, Хүүхэд залуучуудын театр, Улсын филармони, аймгийн театрын тухай гэрэл зураг, баримт бичиг, уран бүтээлчдийн хөрөг, дүрүүдийн уран зураг, баримал, зурагт хуудас, шүүмж судлал, ном товхимол, хувцас, макет, эскиз болон Монголын кино урлагийн түүхэн хөгжил, 1936 он Монгол кино үйлдвэр байгуулагдахад анхны баримтат болон уран сайхны кинонд хэрэглэж байсан аппарат хэрэгсэл, хувцас, мөн ардын уламжлалт хөгжмийн зэмсэг зэрэг сурвалж материалыг цуглуулан хадгалж, 415 м.кв талбай бүхий "Хөрөг зургийн танхим", "Тайзны танхим", "Ардын хөгжмийн танхим", "Театрын уламжлалын танхим", "Монгол кино танхим", “Гэгээн Муза алдрын танхим”, “Агуйн өргөө” зэрэг долоон танхимд дэлгэн үзүүлдэг.
-Театрын зүгээс 2026 онд хийгдсэн томоохон ажлуудаасаа дурдвал?
-Өнгөрч буй 2026 оны томоохон ажил бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Монгол Улсын Гавьяат жүжигчин Лоолийн Жамсранжавын 90 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэл ажлаа хийж байна. Монгол Улсад циркийн урлаг үүсэж хөгжсөний 85 жилийн ойн үзэсгэлэнг “Bravo circus” нэгдлийн ерөнхий продюсер, “Циркус Монголиа Хадгаа” циркийн захирал, Монголын циркчдийн холбооны тэргүүн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Хатанбаатартай хамтран 2026 оны аравдугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийлээ. Мөн музей эрдэм шинжилгээний байгууллага болохоор судалгааны ном товхимол хэвлүүлдэг. Энэ онд “Михайл Ром Кино найруулгын тухай ярианууд”, Монгол Улсад театрын урлаг үүсэж хөгжсөний 95 жилийн ойд зориулж Ч.Болдын “Урлагийн бурхад” номыг дахин хэвлүүллээ.
-Ихэнх музейн орон байрны асуудал төвөгтэй байдаг. Танайх ч мөн ялгаагүй юм. Үүнийг шийдэх ямар арга зам эрэлхийлж байна вэ?
-Чингис хааны үндэсний музейг 2022 онд шинээр байгуулсан нь музейн салбарт оруулсан томоохон хувь нэмэр болсон. 2000 оноос Байгалийн түүхийн музейг шинэчлэх ажлын хүрээнд Их тэнгэрийн аманд барьж 2027 онд ашиглалтад оруулах гэж байгаа нь сүүлийн 40-50-аад жил оруулж байгаагүй хөрөнгө оруулалт болж байна. Орон нутагт музейн зориулалтын олон барилга ашиглалтад орлоо. Үүнд, 2010 онд Хархорум музей, 2021 онд Өмнөговь аймагт Говийн байгаль, түүхийн музей, 2026 онд Дархан-Уул аймгийн шинэ музейн барилга, Төв аймгийн Зуунмод хотод Үндэсний археологи, угсаатны зүйн музей шинээр баригдаад дуусаж байна. Монголын театрын музейн хувьд 1989 онд баригдсан Соёлын төв өргөөний гуравдугаар давхарт 415 ам метр талбайд нийт үзмэрийнхээ 4.3 хувийг дэлгэн үзүүлж байна. Зориулалтын биш, музейн цуглуулгын сан хөмрөгийг хадгалах зохистой орчин бүрдээгүй, агааржуулалтын систем муу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ялангуяа тэргэнцэртэй иргэнд үйлчлэх боломжгүй, цахилгаан шатгүй, гадна талдаа машины зогсоол ховор зэрэг хүндрэлтэй байдаг. Иймд 2025 оны сүүлээс газрын асуудлыг идэвхтэй хөөцөлдөж байна. Нааштай хариунууд гарах байх хэмээн найдаж байна.
-Зориулалтын бус гэхээр Театрын музей үзмэрийн аюулгүй байдал, хадгалалт хамгаалалт нэлээд эрсдэлтэй санагдаж байна?
-Музейн үзмэр нь их эмзэг. Түүхэн тодорхой цаг үе, үйл явдлын гэрч болсон эд өлгийн зүйлийг хадгалалтын хувьд дордуулахгүй хадгалан хамгаалахад музейн мэргэжилтнээс мэдлэг, ур чадвар ихээхэн шаардахаас гадна музейн зориулалтын байр, хадгалалтын зохистой орчныг бүрдүүлэх нь чухал. Музейн үзмэрийн хадгалалтын зохистой орчныг олон улсын стандартаар гал, ус, цацраг идэвхэт бодис, агаарын хэм, харьцангуй чийг, гэрэл, дулаан, агаарын бохирдол, хортон шавжаас хамгаалах гэх мэт олон хүчин зүйлээр тогтоодог. Манай музей нь зориулалтын байргүйгээс шалтгаалж сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтын наад захын шаардлага хангадаггүй. Сан хөмрөгийн өрөө зориулалтын бус байдлаас болж зундаа халах агаарын солилцоо явагдахгүй өвөлдөө агаарын хэм хэт унах зэрэг зохимжгүй байдал үүсдэг. Олон жилийн туршид засвар хийгдээгүйгээс болж их хэмжээний бороо орсон үед дусаал дусах зэрэг аюултай үзэгдэл нэг бус удаа гарч байсан. Сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрийн талбай багатай учир нягтаршил их. Гэрэл зураг, дүрс, дуу бичлэгийн хальс, пянзны зориулалтын хадгалалтын шүүгээ байхгүй. Үзмэр үзүүллэгийн танхим хүрэлцээгүй байгаа нь манай музей нь үзмэрийнхээ маш бага хувийг нийтэд дэлгэн үзүүлдэг. Үзмэрийн танхим нь Соёлын төв өргөөний хүзүүвчний дамжин өнгөрөх коридорыг ашиглаж нийтэд үзүүллэг дэглэлтээ хийдэг. Хэт олон хүн цугласан үед агааржуулах систем муугаас бүгчим болох ингэснээр агаар дуслаар эрүүл ахуйн аюулгүй байдал алдагдах, эргээд хэт чийгшил үүсэж үзмэртээ сөргөөр нөлөөлөх зэрэг биднээс биш, шууд зориулалтын бус барилгаас шалтгаалсан хүндрэлүүд гарч байдаг. Зориулалтын бус байрнаас шалтгаалж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үйлчлэх, тэдгээрт орж гарах зам огт байхгүй. Тиймээс өөрийн гэсэн байртай болох шаардлага тулгараад байгаа юм. Гэхдээ бид өөрсдийн нөөц бололцооны хэмжээнд хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Сан хөмрөгийн өрөөний тавиуруудыг цуу ямбуу болон гялгар уутаар хучиж, агаарын харьцангуй чийгшлийг хангахын тулд саванд ус хийж тавьж байна.
-Ингээд л аргалаад яваад байх уу. Цаашдаа яах вэ?
-Цаашдаа бид цуглуулгын 50 гаруй хувийг эзэлдэг гэрэл зургуудын хадгалалт, хамгаалалтыг сайжруулахад илүү анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Гэрэл зургийг хадгалах зориулалтын дотортой дугтуй, агаарын хэм, чийгшлийн тохиргоотой шүүгээтэй болно. Музей дохиолол болон камерын систем маш сайн. Үзмэр цуглуулгын хадгалалт, хамгаалалтын бас нэг асуудал бол цахим хамгаалалтыг сайжруулах, үзмэрийн мэдээллийн халдашгүй аюулгүй байдлыг хангах асуудал юм. Энэ асуудалд ганц манай музей ч биш төрийн бүх байгууллагууд дан ганц Соёлын өвийн үндэсний төвийн нэгдсэн системээс гадна өөрийн музейн байрандаа мэдээллээ хадгалах сервертэй болох хэрэгтэй санагддаг.
-Хөрөнгө мөнгө, туршлагатай мэргэжилтэн их хэрэгтэй юм байна даа. Хүн хүчний асуудал сөхөгдөж таарна?
-Музейн цуглуулгын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт нь маш олон хүчин зүйлээс хамаардаг хэдий ч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, ажилдаа хандах хандлага маш чухал. Мөн музейн ажлын байрны орон тооны асуудал нэн тэргүүнд тулгамдаж байна. Манай музей долоо хоногийн долоон өдөр ажилладаг хэрнээ нэг жижүүртэй. Үзмэр харагч, үйлчлэгчийн орон тоо байхгүй. Тийм болохоор үзүүллэгийн танхим дахь үзмэрийн аюулгүй байдлаа хангахын тулд судалгаа, бүртгэлээ хийхийн оронд үзүүллэгийн танхимд үзмэрээ харж, үзэгчийн тухтай орчны бүрдүүлэхийн тулд цэвэрлэгээ үйлчилгээгээ хийж байх жишээтэй.
-Хоёулаа одоо дэглэн тавьсан үзэсгэлэнгийн талаарх ярианд оръё. “Монгол цирк 85 жил” үзэсгэлэнгийн гол онцлог юу вэ. Та бүхний хувьд энэ үзэсгэлэн ямар утга учиртай вэ?
-Манай музей жилд дунджаар 50 гаруй арга хэмжээ зохион байгуулдаг. Эдгээрээс тал хувь нь уран бүтээлчдийн үзэсгэлэн, уулзалт байдаг. 2021 онд циркийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойг циркийн алилагч жүжигчин Монголын циркчдийн холбооны тэргүүн Ч.Хатанбаатартай цуг үзэсгэлэн зохион байгуулж байсан нь уламжлал болж циркийн холбоодтойгоо хамтран 85 жилийн ойн үзэсгэлэнгээ дэглэж энэ сарын 23-ны өдөр нээлтээ хийлээ.
-Циркийн түүхэн өвийг хамгаалахад төр, соёлын байгууллага, уран бүтээлчид юунд анхаарах шаардлагатай юм бэ. Өнөөдөр хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал юу байна вэ?
-Тухайн хүмүүсээс гэрэл зураг, аман өв цуглуулах, циркийн ахмад жүжигчдээс тоглолтын хувцас, хэрэглэлээр сан хөмрөгөө баяжуулах талаар хэд хэдэн ажлыг төлөвлөсөн. Циркийн барилга 1971 онд Румын улсын тусламжаар 13 метрийн тойрогтой манеж, 21 метрийн өндөртэй, 2000 хүний суудалтайгаар баригдсан. Циркчид маань 2007-2008 онд циркээ менежментийн гэрээгээр өгөөд “АСА арена” болоод циркчид маань тоглох газаргүй болсонд нь харамсаж явдаг даа. Одоо циркчид 1940 оны хуучин барилгадаа бэлтгэлээ базааж багийн тоглолтоороо дэлхийн хэмжээнд үнэлэгдээд уран бүтээлээ туурвиад явж байна. Олон улсын стандартад нийцсэн, ямар ч орноос жүжигчин урихад тоглочих, ард иргэд ялангуяа хүүхдүүд циркийн урлагийн гайхамшгийг мэдэрч, биширч, байнга зочилж байх “Шинэ” цирктэй болоход дээд шатны удирдлагууд анхаарал тавина гэж найдаж байна.
-Эрдэм шинжилгээ, судалгааны талаас ийм байж. Музейн өөр үүрэг зорилт нь юу вэ?
-Музей гэдэг зөвхөн юм хадгалаад тэрийгээ үзүүлээд байж байдаг газар биш юм. Олон нийтийг соён гэгээрүүлэх чухал үүрэгтэй. Манай музей боловсролын хөтөлбөрөөрөө дамжуулж хүүхэд залууст “Царцаа намжил”, “Мэдэмхий намжил” таягт хүүхэлдэйн тоглолт, “Музейд танилцах уу”, “Бяцхан балетчин”, “Бяцхан яруу найрагч”, “Эх хэл миний бахархал” гэх мэт хөтөлбөр болон нөлөөллийн аянуудыг байнга явуулдаг. 2027 онд манай байгууллагын хувьд олон тэгш ой тохиож байна. “Бөмбөгөр ногоон” театр байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Төрийн шагналт, Ардын жүжигчин, циркийн урлагийн уран нугаралтыг үндэслэгч Т.Цэнд-Аюушийн 100, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, Улсын филармонийг үндэслэгч Ц.Намсрайжавын 100 жилийн ойг тэмдэглэхээр үзэсгэлэнгийн бэлтгэл ажилдаа ороод байна.
-Танд баярлалаа.
Трамп Төмөрөө
"Монголын үнэн" сонин