МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Гадаад мэдээ › Хүн төрөлхтний ирээдүйг өөрчлөхөөр зорьж...

Хүн төрөлхтний ирээдүйг өөрчлөхөөр зорьж буй Сэм Альтман

Найман настайдаа компьютерт дурласан хүү 37 насандаа дэлхий нийтийг хиймэл оюун ухаантай танилцуулсан технологийн хувьсгалын гол удирдагчдын нэг болов.

Үнэн
Админ

Найман настайдаа компьютерт дурласан хүү 37 насандаа дэлхий нийтийг хиймэл оюун ухаантай танилцуулсан технологийн хувьсгалын гол удирдагчдын нэг болов. Тэрбээр 38 насандаа өөрийн үүсгэн байгуулалцсан компаниасаа халагдаж, ердөө дөрөв хоногийн дараа эргэн ирсэн юм. Өнөөдөр Сэм Альтман зөвхөн технологийн компанийн захирал биш, хиймэл оюун ухааны хөгжил, хүн төрөлхтний ирээдүйн талаарх дэлхий нийтийн хэлэлцүүлгийн төвд байгаа хүн. Түүний амьдрал бол авьяас, алсын хараа, эрсдэл, хөрөнгө мөнгө, эрх мэдэл, амжилт, зөрчлийн сонирхолтой түүх билээ.
1985 оны дөрөвдүгээр сарын 22-нд АНУ-ын Чикаго хотод төрсөн Сэмюэл Харрис Альтман хожим дэлхийн технологийн салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болно гэдгийг тухайн үед хэн ч төсөөлөөгүй биз ээ. Тэрбээр Миссури мужийн Сент-Луис хотод өссөн бөгөөд ээж нь арьсны эмч, аав нь үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилладаг байв. Дөрвөн хүүхэдтэй айлын ууган хүү Сэм багаасаа бусдын адил тоглож наадахаас гадна аливаа зүйл хэрхэн ажилладгийг сонирхож, учрыг нь олохыг хичээдэг хүүхэд байжээ.
Түүнийг найман настай бай­хад гэрийнхэн нь Macintosh компьютер авч өгсөн нь амьд­ралынх нь чиглэлийг тодорхойлсон үйл явдал болов. Тэр үеийн компьютер өнөөгийнх шиг хурдан, ухаалаг, олон талын хэрэглээтэй байсангүй. Гэвч бяцхан Сэмийн хувьд дэлхий ертөнцийг өөр өнцгөөс харах боломжийг нээжээ. Тэрбээр компьютер дээр тоглоом тоглохоос илүүтэй программ хэрхэн ажилладаг, түүнийг яаж бүтээдэг болохыг сонирхон судалж эхэлсэн байна. Сент-Луис хотын Жон Бөрроузын сургуульд суралцаж байхдаа математик, компьютерын шинжлэх ухаанд гүнзгий татагдсан Альтман 2003 онд АНУ-ын нэр хүндтэй Стэнфордын их сургуульд элсэн оржээ. Гэвч хоёр жилийн дараа сургуулиа орхих шийдвэр гаргав.

Тэрбээр компьютерын шинжлэх ухааныг танхимд үргэлжлүүлэн судлахаас илүү өөрийн санааг бодит бүтээгдэхүүн болгож, зах зээлд туршихыг хүссэн юм.


Тухайн үед Цахиурын хөндийд шинэ технологийн компаниуд эрчимтэй төрж, залуу бизнес эрхлэгчид дэлхийн зах зээлд гарахыг мөрөөдөж байлаа. Альтман ч энэ урсгалд нэгдэв. Тэрбээр 2005 онд найзуудтайгаа хамтран “Loopt” нэртэй компани байгуулж, гар утасны байршлын мэдээлэлд тулгуурлан хүмүүс хоорондоо холбогдох үйлчилгээ хөгжүүлж эхэлжээ. Өнөөдөр ийм боломж энгийн хэрэглээ болсон ч тухайн үед ухаалаг гар утас өргөн дэлгэрээгүй, iPhone хүртэл худалдаанд гараагүй байсан юм.
“Loopt” хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, олон арван сая ам.долларын санхүүжилт босгосон боловч олон нийтийн өдөр тутмын хэрэглээ болж чадсангүй. Эцэст нь 2012 онд Green Dot корпорац тус компанийг 43.4 сая ам.доллароор худалдан авчээ. Залуу бизнесмэний хувьд энэ нь багагүй хэмжээний хэлцэл байсан ч хөрөнгө оруулагчдын хүлээсэн шиг том амжилт биш байлаа. Гэсэн хэдий ч Альтман бизнесийн ертөнцөд хамгийн хэрэгтэй туршлагуудаа олж авсан юм. Тэрбээр санаа гаргах нэг хэрэг, харин түүнийг хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн болгож, тогтвортой бизнес болгон хөгжүүлэх нь огт өөр хэрэг гэдгийг ойлгожээ.
Анхны бизнес нь дэлхийг өөрчилж чадаагүй ч Альтманыг Цахиурын хөндийн хүрээнд танигдахад нөлөөлсөн юм. Улмаар тэрбээр шинэ технологийн компаниудад хөрөнгө оруулж, тэднийг хөгжихөд нь дэмжлэг үзүүлдэг Y Combinator байгууллагатай холбогдов. 2014 онд тус байгууллагын ерөнхийлөгчөөр томилогдсон нь түүний амьдрал дахь дараагийн том эргэлт байлаа.
Y Combinator бол Airbnb, Dropbox, Reddit, Stripe зэрэг хожим дэлхийд танигдсан компаниудыг эхэн үед нь дэмжиж байсан байгууллага юм. Энд Альтман зөвхөн бизнесийн санаа сонсож, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргадаг байсангүй. Ирээдүйд ямар технологи дэлхийн эдийн засаг, нийгмийн амьдралыг өөрчлөхийг төсөөлөх шаардлагатай тулгарчээ. Тэрбээр хиймэл оюун ухаан, цөмийн эрчим хүч, биотехнологи зэрэг салбарт онцгой анхаарал хандуулах болов. Альтманы амжилтын нэг онцлог нь бүх технологийг өөрөө зохион бүтээсэнд бус, харин ирээдүйтэй санаа, авьяаслаг хүмүүс, хөрөнгө оруулалт, бизнесийн боломжийг хооронд нь холбох чадварт оршино. Тэрбээр судлаачдын нээлтийг бодит бүтээгдэхүүн, бүтээгдэхүүнийг томоохон бизнес болгоход ямар нөхцөл шаардлагатайг ойлгодог удирдагч болон төлөвшиж байлаа.
2015 онд Сэм Альтман, Илон Маск болон технологийн салбарын нэр нөлөө бүхий бизнесмэн, судлаачид хамтран OpenAI байгууллагыг үүсгэн байгуулжээ. Тэдний зорилго нь хиймэл оюун ухааныг хөгжүүлэхийн зэрэгцээ түүний үр өгөөжийг хүн төрөлхтөнд хүртээмжтэй байлгах явдал байв. Тухайн үед хиймэл оюун ухааны судалгаа эрчимтэй хөгжиж байсан ч энэ технологи хэзээ, ямар хэмжээнд хүний оюуны чадварыг гүйцэх, цаашлаад давж гарах тухай асуудал тодорхойгүй байлаа.

OpenAI анх ашгийн бус судалгааны байгууллага хэлбэрээр байгуулагдсан нь санамсаргүй хэрэг биш. Хиймэл оюун ухаан асар хүчирхэг болох тохиолдолд түүнийг зөвхөн нэг компанийн ашиг орлогын төлөө хөгжүүлэх нь эрсдэлтэй гэж үүсгэн байгуулагчид нь үзэж байв. Гэвч том зорилго тавих нэг хэрэг, түүнд хүрэхэд шаардагдах хөрөнгийг босгох нь өөр асуудал байлаа. Хиймэл оюун ухааны судалгаанд өндөр хүчин чадалтай компьютер, асар их өгөгдөл, дэлхийн шилдэг судлаачид, олон тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай болж эхэлсэн юм.
Энэ хэрэгцээ OpenAI-ийн анхны зарчим, цаашдын бизнесийн загварын хооронд зөрчил үүсгэв. 2018 онд Илон Маск тус байгууллагын удирдах зөвлөлөөс гарсан бөгөөд хожим OpenAI-ийн хөгжлийн чиглэл, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах бүтэцтэй холбоотойгоор Альтмантай ил тод маргаан өрнүүлэх болсон билээ. Харин 2019 онд OpenAI хөрөнгө оруулалт татах боломжоо нэмэгдүүлэхийн тулд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах салбар байгууллагатай болж, Альтман гүйцэтгэх захирлаар нь ажиллаж эхэлжээ. Энэ үеэс OpenAI-ийн судалгаа улам эрчимжиж, GPT цувралын хэлний загваруудыг хөгжүүлэв. Эдгээр загвар нь хүний хэлээр бичсэн асуулт, даалгаврыг боловсруулж, түүнд тохирсон хариулт үүсгэх чадвартай байлаа. Гэвч хиймэл оюун ухааныг судалгааны лабораториос гаргаж, олон нийтэд өдөр тутам ашиглахад хялбар бүтээгдэхүүн болгох шаардлага тулгарсан юм.
2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд OpenAI ChatGPT-ийг олон нийтэд танилцуулав. Энэ өдөр хиймэл оюун ухааны хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзлэх болсон билээ. Учир нь, хиймэл оюун ухаан зөвхөн эрдэмтэд, программ зохиогчид, технологийн компаниудын хүрээнд яригддаг ойлголт байхаа больж, жирийн хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд нэвтэрч эхэлсэн юм.

Хүмүүс ChatGPT-ээс асуулт асууж, захидал бичүүлж, нийтлэл найруулуулж, гадаад хэл орчуулж, компьютерын программын код боловсруулуулж, шинжлэх ухааны ойлголтуудыг тайлбарлуулж эхлэв. Өмнө нь тусгай мэдлэг, программ хангамж шаарддаг байсан олон ажлыг энгийн харилцан яриагаар гүйцэтгэх боломж нээгдсэн нь хэрэглэгчдийн сонирхлыг татжээ. ChatGPT богино хугацаанд дэлхий даяар түгж, технологийн томоохон компаниудын өрсөлдөөнийг эрчимжүүлэв. Microsoft, Google болон бусад компани хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулж эхэлсэн юм. Хиймэл оюун ухаан технологийн салбарын нэг чиглэлээс дэлхийн эдийн засгийн ирээдүйг тодорхойлох хүчин зүйлсийн нэг болон хувирлаа. Гэхдээ ChatGPT-ийг Сэм Альтман ганцаараа бүтээсэн гэж ойлгож болохгүй. Энэ бол олон жилийн турш ажилласан судлаач, инженер, программ зохиогч, бусад мэргэжилтний хамтын хөдөлмөрийн үр дүн юм. Альтманы үүрэг нь судалгааг санхүүжүүлэх, шилдэг мэргэжилтнүүдийг нэгтгэх, бүтээгдэхүүний хөгжлийн чиглэлийг тодорхойлох, технологийг олон нийтэд хүргэх стратегийг удирдахад оршиж байв. ChatGPT-ийн амжилт Альтманыг дэлхийд таниулсан ч түүний амьдрал дахь хамгийн том сорилт удалгүй ирсэн юм.
2023 оны арваннэгдүгээр сарын 17-нд OpenAI-ийн удирдах зөвлөл Сэм Альтманыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлснөө гэнэт зарлав. Тус компани хиймэл оюун ухааны салбарын анхаарлын төвд байсан учраас энэ мэдээ технологийн ертөнцийг цочирдуулсан билээ. Удирдах зөвлөл шийдвэрээ тайлбарлахдаа Альтман мэдээллээ тогтмол, ил тод өгч байгаагүй тул түүнд итгэх итгэлээ алдсан гэж мэдэгдсэн байна. Гэвч түүнийг огцруулсан шийдвэр төсөөлөөгүй үр дагавар авчирлаа. OpenAI-ийн ерөнхийлөгч, үүсгэн байгуулагчдын нэг Грег Брокман компаниас гарахаа зарлаж, олон зуун ажилтан Удирдах зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцэв. Тэд Альтманыг буцаан томилохгүй бол ажлаасаа гарахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. OpenAI-ийн гол түнш Microsoft ч Альтман болон түүний хамтрагчдыг дэмжиж байв.
Ийнхүү Альтманыг огцруулснаас дөрөв хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 21-нд түүнийг буцаан томилох урьдчилсан тохиролцоонд хүрсэн юм. Улмаар Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, Альтман гүйцэтгэх захирлын ажилдаа эргэн оржээ. Тавхан хоногийн дотор өрнөсөн энэ үйл явдал технологийн салбарын түүхэнд удирдлагын онцгой хямралын нэг болон үлдсэн билээ. Хуулийн дагуу шийдвэр гаргах эрхтэй удирдах зөвлөл байсан ч компанийн гол ажилтнууд, стратегийн түншүүдийн дэмжлэггүйгээр байгууллагыг тогтвортой удирдах боломж хязгаарлагдмал болохыг харуулсан юм. Хожим 2024 онд хуулийн зөвлөх WilmerHale фирмийн хийсэн шалгалтаар Альтманыг огцруулсан шийдвэр нь Удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирлын хоорондын итгэлцэл алдагдсантай холбоотой гэж дүгнэжээ. Харин бүтээгдэхүүний аюулгүй байдал, компанийн санхүү, хөгжлийн хурдтай холбоотой асуудал огцруулах шийдвэрийн шууд шалтгаан байгаагүй гэж үзсэн байна. Мөн түүнийг албан тушаалаас нь зайлшгүй чөлөөлөх хэмжээний нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэсэн юм.


Энэ хямрал Альтманы байр суурийг сулруулахын оронд OpenAI дахь нөлөөг нь улам бататгасан гэж ажиглагчид үздэг. Гэхдээ уг үйл явдал түүний удирдлагын арга барил, компанийн засаглал, хиймэл оюун ухааны хөгжлийг хэн хянах ёстой тухай маргааныг улам хурцатгасан билээ. OpenAI-ийн хөгжлийн явцад хамгийн их анхаарал татсан асуудлын нэг нь ашгийн бус байгууллагын анхны зорилго болон өсөн нэмэгдэж буй бизнесийн ашиг сонирхлыг хэрхэн нийцүүлэх тухай асуудал байв. Хиймэл оюун ухааны дэвшилтэт загвар хөгжүүлэхэд олон тэрбум ам.долларын хөрөнгө шаардагдана. Өгөгдлийн төвүүд байгуулах, өндөр хүчин чадалтай чип худалдан авах, цахилгаан эрчим хүчээр хангах, шилдэг судлаачдыг ажиллуулах зэрэг зардал жил ирэх тусам өсөж байна. Ийм хэмжээний хөрөнгө босгохын тулд OpenAI томоохон компаниудтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт татаж, бүтээгдэхүүнээ арилжааны хэлбэрээр хөгжүүлэх шаардлагатай болсон юм. Гэвч энэ нь хиймэл оюун ухааны үр өгөөжийг нийт хүн төрөлхтөнд хүртээмжтэй байлгах анхны зорилготой хэрхэн нийцэх вэ гэсэн асуултыг дагуулжээ.
2025 онд OpenAI байгууллагын бүтцээ шинэчлэх үйл явцыг эрчимжүүлж, ашгийн бус байгууллагын хяналтыг хадгалсан хэлбэрээр арилжааны үйл ажиллагаагаа зохион байгуулах болсон. Энэ өөрчлөлт нь хөрөнгө оруулалт татах, урт хугацааны судалгааг санхүүжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой байв. Гэвч хиймэл оюун ухааны хөгжлийг хувийн компаниуд хэр зэрэг хянах, тэдгээрийн шийдвэрт олон нийтийн эрх ашиг хэрхэн тусах тухай маргаан хэвээр үлджээ.
Альтман хиймэл оюун ухааны хөгжлийг зөвхөн программ хангамжийн бизнес гэж үздэггүй. Тэрбээр энэ технологи шинжлэх ухааны нээлтийг хурдасгаж, эрүүл мэнд, боловсрол, үйлдвэрлэл, эдийн засгийн бүтээмжид томоохон өөрчлөлт авчрах боломжтой гэж үздэг. Гэвч ийм боломжийн зэрэгцээ ажлын байрны өөрчлөлт, худал мэдээлэл, хувийн мэдээллийн нууцлал, кибер аюулгүй байдал, технологийн хяналт зэрэг эрсдэл ч нэмэгдэж байна. Түүний бизнесийн сонирхол зөвхөн OpenAI-ээр хязгаарлагддаггүй. Альтман Reddit, Stripe зэрэг технологийн компаниудад хөрөнгө оруулж, Helion Energy зэрэг эрчим хүчний төслүүдийг дэмжиж иржээ. Түүний хувийн хөрөнгө тэрбум ам.доллароор хэмжигдэх болсон ч энэ нь зөвхөн ChatGPT-ийн амжилтаас бүрдсэн гэсэн үг биш. Технологийн компаниудад олон жилийн турш хийсэн хөрөнгө оруулалтууд түүний хөрөнгийн гол эх үүсвэрүүдийн нэг юм.
Альтманы хувийн амьдрал ч олон нийтийн анхаарлыг татдаг. Тэрбээр 2024 онд Австралийн программ хангамжийн инженер Оливер Мулхеринтэй гэрлэсэн. Ажлын хувьд дэлхийн технологийн салбарын томоохон хэлэлцүүлгүүдэд тогтмол оролцдог ч хувийн амьдралынхаа тухай харьцангуй цөөн ярьдаг нэгэн юм. Сэм Альтманы замналыг эргэн харахад түүний амжилт шулуун дардан байгаагүй нь тодорхой. Анхны компани нь зах зээлд томоохон амжилт гаргаж чадаагүй. Хиймэл оюун ухааны судалгаанд хөрөнгө татахын тулд байгууллагын анхны бүтцийг өөрчлөх шаардлагатай болсон.

Хамтран ажиллаж байсан Илон Масктай санал зөрөлдөж, өөрийн үүсгэн байгуулалцсан компаниасаа хүртэл халагдсан. Гэвч тэрбээр эдгээр сорилтын дараа ч технологийн салбар дахь байр сууриа хадгалж чаджээ.


Өнөөдөр 41 настай Сэм Альтман хиймэл оюун ухааны хөгжлийн дараагийн шатанд OpenAI-ийг удирдаж байна. Түүний өмнө тулгарч буй сорилт ChatGPT-ийг улам олон хэрэглэгчтэй болгохоос хавьгүй өргөн хүрээтэй. Хиймэл оюун ухаан хүний хөдөлмөрийг хэрхэн өөрчлөх, эдийн засагт бий болох шинэ баялгийг хэн хүртэх, технологийн хөгжлийг хэрхэн аюулгүй байлгах зэрэг асуудал дэлхийн улс орнуудын бодлогын төвд орж иржээ. Хүн төрөлхтний түүхэнд уурын хөдөлгүүр, цахилгаан эрчим хүч, автомашин, компьютер, интернэт зэрэг технологи нийгмийн амьдралыг үндсээр нь өөрчилж ирсэн. Харин хиймэл оюун ухаан эдгээр өөрчлөлтийн үргэлжлэл болж, хүний оюуны хөдөлмөрийн олон хэлбэрт нөлөөлж эхэллээ. Энэ үйл явцын гол удирдагчдын нэг нь Сэм Альтман юм. Гэхдээ түүх түүнийг хэрхэн үнэлэх нь өнөөдөр тодорхойгүй. Тэрбээр хиймэл оюун ухааныг дэлхийн олон сая хүний хэрэглээнд хүргэсэн бизнесмэнээр дурсагдах уу, эсвэл хүн төрөлхтний хөгжлийн шинэ үеийг тодорхойлоход хувь нэмэр оруулсан удирдагчдын нэг болох уу гэдгийг цаг хугацаа харуулна.
Найман настайдаа анхны компьютертэйгээ танилцсан хүүгийн сониуч зан өнөөдөр хүн төрөлхтний ирээдүйн тухай асар том асуулттай огтлолцжээ. Хүн өөрийн оюун ухаанаар машин бүтээж ирсэн бол одоо машин хүний оюуны хөдөлмөрийн тодорхой хэсгийг гүйцэтгэж эхэллээ. Цаашид энэ харилцаа хэрхэн өөрчлөгдөхийг хэн ч бүрэн хэлж чадахгүй.
Харин нэг зүйл тодорхой. Хиймэл оюун ухааны эрин үеийн түүх бичигдэж байгаа бөгөөд тэр түүхийн гол дүрүүдийн нэг нь Сэм Альтман байх нь тодорхой юм.

 

М.АЛТАННАР
"МОНГОЛЫН ҮНЭН" СОНИН

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.