Д.Батгэрэл: “Карате Комбат”-ын үеэр малгай унасны дараа би гэдэг ертөнцөөс “Бид” гэдэг сэтгэхүй рүү шилжсэн
Дэлхийн шилдэг тулаанчдыг эгнээндээ нэгтгэж, олон улсын түвшинд зэрэглэл өндөр тэмцээнүүдийг зохион байгуулдаг UFC-д данслагдсан анхны монгол тамирчин Данаагийн Батгэрэл энэ дугаарын маань ярилцлагын зочин. Би төвт үзлээс алсарч олон улсын дэвжээнд монгол тамирчдаа бэлдэхэд өдгөө анхаарч байгаа түүний мэргэжлийн тулааны ертөнцөд үлдээсэн мөр нь Storm буюу Талын шуурга юм.
Дэлхийн шилдэг тулаанчдыг эгнээндээ нэгтгэж, олон улсын түвшинд зэрэглэл өндөр тэмцээнүүдийг зохион байгуулдаг UFC-д данслагдсан анхны монгол тамирчин Данаагийн Батгэрэл энэ дугаарын маань ярилцлагын зочин. Би төвт үзлээс алсарч олон улсын дэвжээнд монгол тамирчдаа бэлдэхэд өдгөө анхаарч байгаа түүний мэргэжлийн тулааны ертөнцөд үлдээсэн мөр нь Storm буюу Талын шуурга юм.
-Тал нутгийн хүү дэлхийн дэвжээнд хүрэх эхний мөрөө хэрхэн гаргаж байсан бэ?
-Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынх. Дэрсхэн гурван хүүтэй айлын отгон нь. Бидний багад хөдөө бэлтгэл хийх заалтай ч дасгалжуулж сургаад өгөх багш тун ховор. Бөхийн болон сагсан бөмбөгийн л секцтэй. Спортоор хичээллэх хүсэлтэй хүүхдүүд тэдгээрийн нэгийг сонгон хичээллэдэг байсан. Анх бөхийн секцийг сонирхож очоод тэндхийн бараг бүх хүүхэдтэй барилдаад дийлсэн болохоор үргэлжлүүлэн хичээллэх бодол төрөөгүй. Өвөө маань намайг багад мэх зааж ах нартай барилдуулдаг байсан нь тухайн үед сайн барилдахад нэмэр болсон юм болов уу гэж боддог.
Аймагтаа сурч байгаад хожим Улаанбаатар хотод шилжин ирснийхээ дараа тулааны спортыг сонирхсон. Хөдөөнөөс ирсэн хүүхдэд нийслэлд сонирхох зүйл олон. Энд ирээд Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургуульд элсэн орж байв. Хүүхэд багадаа “Тийм хүн болно” гэсэн бодолтой байдаг даа. Одоо бодоход би анхнаасаа л тамирчин болно гэж зорьж байсан юм билээ. Хамаатан садан дунд боксоор хичээллэдэг хүн байсан нь магадгүй миний урт бодлын эхлэлийг тавьсан байх. Тухайн үед бэлтгэл сургуулилалт яаж хийдэг талаар мэдэхгүй мөртлөө толгойдоо өөрийгөө зааланд байгаагаар төсөөлдөг. Тэмцээнд амжилттай оролцож амжилт гаргаж байгаагаар ирээдүйгээ төлөвлөн хардаг байсан юм.

-Баргийн хүүхдүүдийг барилдаад давна гэхээр хөдөлгөөний эвсэл, хурд хүчний хувьд бусдаас дутахааргүй боломжийн байсан байж таарах нь ээ?
-Манай аав ээж хоёр цэргийн хүмүүс. Аав маань анх жолоо барьж байгаад хожим офицер болсон. Ээжийн хувьд хилийн цэргийн заставт няравын ажилтай. Манайх анх Сүхбаатар аймгийн хилийн цэргийн хоёрдугаар заставт байж байгаад дараа нь төв рүү шилжсэнээр ах дүү бидний бага нас 0146 дугаар ангид өнгөрсөн юм. Цэргийн ангид өссөн болохоор их гүйж харайна. Гар дээрээ гайгүй суниана. Турник татаад, ер нь цэргүүдийн чаддаг дасгалыг дагаад хийчихдэг хүүхэд байсан.
-Хүүхэд байхдаа их хөдөлгөөнтэй байжээ. Харин эрдэм номдоо хэр шамддаг байв?
-Аав маань намайг долоон настайд бурхан болсон. Одоо бодоход тэр хүртэл би их сахилгагүй байжээ. Аавыгаа өнгөрсний дараа сургуульд ороод дөлгөөн, тайван талдаа болсон. Харин багадаа бол хэнээс ч дутахааргүй сахилгагүй. Талцаж байгаад хүүхдүүдтэй чулуугаар байлдана. Үеэлтэйгээ чингэлэг дээр гарч хойгуур урдуур явж байгаа хүмүүс рүү сэмээрхэн чулуу нүүлгээд зэмлүүлдэг хүүхэд байсан даа.
-Хотод ирээд “чих халууцуулаад” байхаар чинь спортоор хичээллэсэн үү. Спортын олон төрлөөс яагаад тулааныг сонгосон юм бэ?
-Хотод шилжиж ирээд өглөө хичээлдээ яваад үдээс хойш онцын хийх зүйлгүй. Тэгээд яавал цагаа зүй зохистой өнгөрөөж чадах вэ гэж бодсон. Сургуультайгаа ойрхон Спортын төв ордон орж чөлөөт бөх, жүдогийн заалаар орсон. Тэгж явахдаа боксын заал руу шагайтал тэнд хоёр хүн бэлтгэл хийж байхтай таарсан юм. Тэр үед л надад хайж байсан зүйлээ олсон мэт санагдаж билээ. Өмнө хэлсэн бэлтгэл хийж байсан хоёр хүний нэг нь Ж.Нарантунгалаг багш, нөгөө нь боксын В.Батбаяр дасгалжуулагч. Тэдний бэлтгэлээ хийж байгааг нүд салгалгүй харж байснаа одоо ч санаж байна.

“Монгол” хэмээн дуудуулж, төрийн далбаагаа бариад аавынхаа нэрийг гаргахад цээж дүүрэх шиг л санагдсан
-Юмны наад цаадахыг ойлгодог насанд хүрсэн хүүхэд тулалдаад цохиулж, зодуулна гэдгийг мэдэхтэйгээ ч та айж эмээгээгүй юм байна?
-Хүмүүс зааланд очихдоо “Тамирчин болно, олимпын аварга болно” гэж зорьдог байх. Миний хувьд “Цагаа зөв зохистой өнгөрүүлье. Спортоор хичээллээд үзье” гэдэг бодлоор л анх Спортын төв ордны зааланд очиж байсан. Хичээллэх тусам тулааны спорт сонирхолтой санагдаж, илүү их хичээх болсон. Түүнээс хойш дотоодын олон тэмцээн уралдаанд оролцож түрүүлсэн. Гадаадад хийсэн анхны тулаан Ж.Нарантунгалаг багштай холбоотой. Тухайн үед “Legend FC” холбооны гол тулааныг багш, би нээлтийн тулааныг хийж байсан.
Тэр үеэс л миний толгойд “Тамирчин болно” гэсэн гүн бодол суусан. Зорилготой болж, “Монгол” хэмээн дуудуулан, төрийн далбаагаа бариад аавынхаа нэрийг гаргахад цээж дүүрэх шиг л санагдсан.
Энэ үйл явдлаас өмнө надад амьдралаа спортод зориулна гэсэн бодол байгаагүй юм.
-Монголын тулааны спортын тухай яриа өрнүүлэхэд Ж.Нарантунгалаг багшийг дурдахгүй өнгөрөх хүн ховор юм. Үг дуу цөөтэй энэ хүн шавь нартаа хэр өгөөжтэй дасгалжуулагч багш вэ?
-Намайг анх спортоор хичээллэж байхад багш маань тамирчин байсан. Тэмцээнүүдэд хамтдаа оролцохдоо багшаасаа сурч мэдсэн нь дэндүү олон. Бие бялдрын тал дээр ч, сэтгэл зүйн хувьд ч ихийг сурсан. Миний эх орондоо оролцсон мэргэжлийн том тэмцээн бол “MGL-1”. Тухайн үед хэд хэдэн тэмцээнд оролцоод хоёр, гурван ч удаа түрүүлчихсэн, нас 20 шүргэж яваа залуу. Тэмцээний шилдэг найман тамирчин авахад багтаж чадаагүй. Азаар гэх үү нэг тамирчны оронд тулалдах боломж гарч би сэлгээнд багтсан.
Жиндээ хүрэхтэй үгүйтэй намайг хүмүүс хараад “Хүүхэд шахуу бие бялдартай ийм хүн тулалдаж чадах уу” гэж асууж байсан. Гэхдээ л би чадсан, тэмцээнд оролцоод кикбоксын аварга болсон юм.
-Туршлага харьцангуй бага, биеийн хувьд бүрэн хөгжөөгүй байсан атлаа та юугаар тэжээгдэж, тэгтлээ урамшаад байсан юм бэ?
-Мэдээж надад нөлөөлсөн хүн гэвэл багш. Харин дотроос зангидаж байсан юм нь цаанаасаа л надад байсан юм болов уу. Бэлтгэл сургуулилалт хийхэд хүн нэг цохивол зөрүүлээд хоёр, гурав цохьё гэдэг бодолтой. Хүн харахад аядуу тайван. Гэтэл цаана нь нэг зүйл мөнхийн байж л байдаг. Гүйхэд ч, янз бүрийн бэлтгэл сургуулилалт хийхэд ч хэвээрээ. Бэлтгэлийн бус цагаар, гэртээ юм үзээд суухдаа сунгалтын дасгал хийж, гар дээрээ суниана. Эсвэл өглөө босоод толгойдоо ахин дахин давтах реплекс надаас хэзээ ч салаагүй.
Олон жил тулааны спортоор хичээллэсэн үр дүнгээ үзээгүй болохоор дотор нэг юм тороод болдоггүй
-Тогтож дадсан тэдгээр зүйлийг та хэзээнээс өөрчилж, өөрөөр харж эхэлсэн бэ?
-Гэмтсэнээсээ хойш юм уу. Гадаадад тулалдаж, Монголд зохион байгуулсан тэмцээнүүдэд түрүүлээд үзчихсэн явж байтал нэг л өдөр бүх зүйл орвонгоороо эргэсэн. Гэмтсэний дараа зодог тайлах талаар яригдаж эхлэв. Ойр орчимд байсан хүмүүс бүгд тулааны спортоо орхихыг зөвлөсөн үе. Нэг өдөр эмч гэр бүлийнхнийг маань дуудаад “Хүнд гэмтэл учраас спортоос нь татгалзуулах хэрэгтэй” гэж ятгасан. Дараа нь надаас өөр юунд сонирхолтойг асууж түүндээ анхаарал хандуулахыг хэлж байсан юм.
Үндсэндээ бүгд миний тамирчны карьер энд хүрээд өндөрлөж байна гэж ойлгуулсан. Тэр үед би өөрийгөө “Хар дараад байна уу” гээд чимхэж хүртэл үзсэн дээ. Яг л цаг хугацаа зогсчихсон юм шиг. “Их хугацаа өнгөрлөө дөө” гэж бодохоор ердөө тав, аравхан минут өнгөрсөн байдаг. Тийм үед миний толгойд мэргэжлээрээ ажиллая гэдэг бодол орж ирсэн. Би “Шихихутуг” хууль зүйн их сургуулийн бизнесийн эрхзүй, хуулийн ангийг төгссөн. Гэтэл олон жил тулааны спортоор хичээллэсэн үр дүнгээ үзээгүй болохоор дотор нэг юм тороод болдоггүй. Тэр үед тохиолдсон нэг зүйлийг би одоо ч сайн ойлгодоггүй.
-Бодит бус зүйл, эсвэл зүүд юм уу?
-Юу гэдгийг хэлж мэдэхгүй ч миний хувьд тэр дохио байсан. Шонхор шувуу өндрөө аваад нисэж байснаа гэнэт газарт буугаад гүйгээд эхэлсэн. Харахад шонхор ч угтаа тахианаас өөрцгүй санагдсан. Яг л тэр мэдрэмжийг өөр дээрээ тусгаж авсан. Хэсэг хугацааны дараа нөгөө газарт буусан шонхор ч гүйж байгаад буцаад ниссэн. Энэ зүүд үү, эсвэл өөр юм байсан уу гэдгийг би одоо ч хэлж мэдэхгүй. Надад өгсөн мэдрэмж бол “Тулааны спортоороо буцаад хичээллэх хэрэгтэй. Болохоос нь болохгүй хүртэл явах ёстой. Энэ гэмтэл миний хувьд нэг л том сорил” гэж бодсон. Буцаад бэлтгэлээ хийх ёстой. Харин бэлтгэлээ хийхдээ яаж хийх вэ гээд шууд өөрөөр сэтгэж эхэлсэн юм. Тэр үе бол миний UFC –д орж дэлхийн шилдгүүдтэй тулалдахыг мөрөөдөж, зорьж эхэлж байсан үе. Монголд өдөр тутамд хийдгээ хийгээд том зүйлийн төлөө зоривол бүтэхгүй. Тиймээс тэнд байгаа хүмүүс, тэнд байгаа аваргууд бэлтгэлээ хэрхэн хийдгийг судалж эхэлсэн.
Мэргэжлийн үүднээс олон цаг ядартлаа бэлтгэл хийх, эсвэл бэлтгэлээ хөнгөн хийгээд тархиндаа үргэлжлүүлэн бясалгах асар зөрүүтэй ойлголт. Хүн харахад хөлс гаргаад, нүдээд байдаг. Гэтэл нөгөө талаар бэлтгэл хийхгүй байгаа юм шиг хэрнээ зөвөөр, бэлтгэлээ чанартай хийх боломжийг олж харсан. Тэгээд зөв системтэй, шинжлэх ухаанч, дээр нь тархиндаа суулгаж биеэрээ давтах, хамгийн гол нь юмыг ойлгож хийх юм байна гэдгийг бодоод бэлтгэлээ тэр зарчмаар хийж эхэлсэн юм.
-Энэ нь таны UFC –д орохоос өмнөх үе үү?
-Дөрвөөс таван жилийн өмнөх үйл явдал гэсэн үг.
-Бэлтгэлээ үргэлжлүүлэн хийхэд амар байгаагүй байх. Бүгдийг өөрийнхөө халааснаас, эсвэл найз нөхөд, гэр бүлийнхнийхээ дэмжлэгийг авч шинэ түвшинд гарахын төлөө зүтгэсэн болов уу?
-Тэр үед UFC –гийн хөгжлийн хөтөлбөр гэж зарласан. Багш нартайгаа ярилцаж байгаад тэр боломжийг зүгээр өнгөрүүлэхийг хүсээгүй. Түүнд нэг ч атугай монгол хүн хамрагдах ёстой гэж бодсон учраас талийгаач Б.Дамланпүрэв ах болон Р.Отгонтулга бид гурав хамт явж байсан юм. Түүнээс хойш зургаан сарын дараа бид UFC –тэй гэрээ байгуулсан. Харамсалтай нь, тухайн үед UFC зарагдаад өмнөх бүх гэрээ цуцлагдаж бид гэртээ харихаар болж байв.
Америкт очсоноор миний харах нүд нээгдсэн
-Тулаан хийхийн тулд бясалгаж, төвлөрч сурах тийм амар ажил биш. Тэр түвшинд хүрэхийн тулд та өөртэйгөө хэрхэн ажиллав, хэнээс тусламж авсан бэ?
-Америкт очсоноор миний харах нүд нээгдсэн. Монголд хичээж эхлүүлсэн зүйлс тэнд биеллээ олчихсон явж байсан юм л даа. Энд зөвхөн бичлэгийг нь үздэг байсан аваргуудтай нэг зааланд бэлтгэл хийж эхэлсэн.
Тухайн үе би хэл ус ч байхгүй, бүх зүйл шинэ байсан ч эхний гурван сар асар хурдан өнгөрснийг санаж байна.
Тэр үед би тэмдэглэл идэвхтэй хөтөлдөг байсан. Энэ хүнээс ийм зүйлийг нь сурч болох юм байна гээд тэмдэглэнэ. Өөрийн хүндэлдэг Карлос Кондит, Жонатон Жонс, Холли Холм зэрэг тамирчинтай нэг зааланд бэлтгэл хийх ямар гэж санана. Тэр заалны багш дасгалжуулагч нь дэлхийн шилдгүүдийн нэг Грег Жексон гээд бод доо. Тэр алдартай хүн Чингис хааны хөргийг өрөөндөө залчихсан байдаг. Бас “Холимог тулаан монголчуудаас үүсэлтэй” гэж хэлдэг. “Холимог тулааны үеийн мэхийг монголчуудын тулалдааны тактикаас авдаг” гэж өөрөө хэлж байсан удаатай. Тэр хүндлэл нь надад гоё мэдрэмж төрүүлсэн.
Бас би гадаад хэл мэдэхгүй ч франц найзтай. Тэр найз маань намайг хэл мэдэхгүй гэж тоомжиргүй хандахгүй “Бэлтгэлдээ хамт явъя” гэж хэлдэг. Дөнгөж хичээллэж байгаа биднийг баргийн тамирчин тоохгүй. Харин найз маань “UFC –д орж тулалдаарай” гээд надад цүнхээ өгч байсан юм.
Хэсэг хугацааны дараа би заалныхаа хэдтэй ойлголцдог болсноор туршлагатай тулаанчдаас зөвлөгөө авдаг болсон. Магадгүй нэг зүйлийг тултал нь давтаж сургуулилалт хийдэг болохоор би нүдэнд нь өртсөн байж магадгүй. Хэрвээ техникээ буруу хийвэл өөрсдөө биечлэн заадаг байсан юм. Ингэж би энэ багт нэгдэж төсөөлснөөс ихийг тэндээс сурсан.
-Ази хүн мөч богино, биеэр жижиг учраас түүнийгээ нөхөхийн тулд давуу талаа харуулах, хөгжүүлэх шаардлагатай. Бас гэрээ байгуулахын төлөө ердийнхөөсөө илүү байж хүмүүсийн хараанд өртөнө?
-Би бусдад өөрийгөө харуулъя гэхээс илүү бүх зүйл шинэ учраас суръя л гэж бодсон. Яавал өөрийгөө сайжруулах вэ гэдэг талаас нь илүү хийдэг. Аль болох бэлтгэлээ таслахгүй байхыг хичээдэг байлаа.
-Гэхдээ ачаалал их авч болохгүй байсан биз?
-Уг нь бэлтгэл хийх хуваариа биедээ тохируулах ёстой. Харин би хэтрүүлээд байдаг байсан. Тэр үед одоогийнх шиг гар утас ашигладаггүй, бичлэг хийдэггүй. Түүний оронд тэмдэглэл хөтөлдөг, их боддог, дараа нь давтдаг байсан.
-“UFC –д орсон анхны монгол тулаанч” гэж дуудуулаад баяр бахдал дүүрэн байсан байх. Бяр амтагдсан уу, эсвэл хариуцлага гэж хүлээж авсан уу?
-Хүсэн хүлээж, мөрөөдөж байсан зүйл биелсэн. Бас л гоё шүү. Монголын сагсан бөмбөгийн спортоос NBA-д ороогүй байгаа шүү дээ. Харин би дэлхийн тулааны ертөнцийн шилдгүүд байдаг, хамгийн том холбоонд дэлхийн аваргуудтай өрсөлдөхөөр гэрээ байгуулсандаа тухайн үед итгэж ядаж байсан. Дэлхийн шилдгүүдтэй тулалдаж өөрийнхөө хаахна явааг мэдье л гэж бодсон байх.

-Таны хийсэн тулаан бүрийг яривал сонины хуудас хүрэлцэхгүй. Харин тэдгээрээс амьдралыг тань өөрчилсөн тулааны талаар ярилцъя?
-UFC –гийн гэрээний хамгийн сүүлийнх их сонин тулаан болсон. Тэр тулаан санаанд багтаад, болчихоор мэдрэмж төрүүлээд байсан ч бэртэл гэмтэл салаагүй. Уг нь цуцалчихвал цуцалчихаар байсан. Гэхдээ би тэр талаар ерөөсөө бодож байгаагүй юм. Гурван үеийн тулааны дараа шүүгч салгахад би цаг дуусчихлаа гэж бодсон. Гэтэл тийм байгаагүй. UFC –д анх удаа тулаан дэнсэлсэн шүүгчийн буруугаас тамирчин хохирсон үйл явдал гэж би тэр тулааныг хэлнэ. Энэ тулаан миний амьдралын өөр нэгэн үеийн эхлэлийг тавьсан юм.
-Ер нь амьдрал санаанд оромгүй зүйлээр гэнэтийн бэлэг барьдаг. Түүнийг нь зарим хүн боломж гэж нэрлэдэг?
-Миний UFC –д байхдаа хийсэн тулаанууд сонин зүйл олонтой. Эхний тулаанаа Өвөрмонголд тулаан олж өгдөг байсан найзтайгаа хийсэн. Түүгээрээ би анхны “Шилдэг тулаан”-аа авч байсан. Дараагийн гурван тулаанд богино хугацаанд ялалт байгуулснаараа UFC-ийн бүх цаг үеийн рекордын гуравдугаарт бичигдсэн. Түүнийгээ баталгаажуулах удаах тулаандаа ялах магадлал өндөр байсан ч дийлдсэн. Хүн нэг алдахаараа алдаагаа нөхөхийн тулд яарч эхэлдэг юм билээ. Тухайн үед надад зөвлөх хүнгүй, өөрийнхөөрөө алдаа оноогоо туулаад явсан гэж боддог. Тэр үед миний сэтгэхүйд болино, цуцална гэдэг бодол ерөөс байгаагүй. Тиймээс энэ алдааг битгий давтаасай гэдэг үүднээс одоо би Монголынхоо тамирчдад зөвлөөд, шавьдаа өөрийн чадахаа заагаад явж байна. Ер нь UFC-гээс бэлтгэл, жин хасах тал дээр би асар олон зүйл сурсан. Тэр бүхнээ ирээдүй хойч болсон дүү нартаа тултал нь заая гэж бодож байна.
-Танд UFC-д дахин тулалдах боломж байсан уу?
-Бүрэн дүүрэн байсан. Гэхдээ би хүсээгүй. Өмнө нь хийж байснаа эхнээс нь хийх мэдрэмжийн хувьд онцгүй.
Америкт байхдаа тэндхийн системийг Монголдоо нэвтрүүлчих юмсан гэж бодсон
-Тийм учраас та өөр зам сонгосон байх нь?
-Тийм. “Карате Комбат”-ын үеэр малгай унасны дараа бодол өөрчлөгдсөн. Би гэдэг ертөнцөөс “Бид” гэдэг сэтгэхүй рүү шилжсэн юм. Тэр үед дахин тулалдсан бол дутуу зүйл олон байсан. Өөрийн гэсэн баггүй. Америк руу ирж очно, бүх зүйлээ өөрөө хариуцаад явна гэхэд хүнд санагдаж байсан. Миний хувьд бүх юмаа ойлгочихсон байсан үе л дээ.
Америкт байхад их ганцаарддаг байсан. Би Н.Төгсцогт, Э.Цэндбаатарыг сайн мэднэ. Зорилгынхоо төлөө ганцаараа зүтгэх асар хэцүү. Тэнд байхдаа нэг зүйл бодсон нь, энд байгаа системийг Монголдоо нэвтрүүлчих юмсан даа гэж. Бидэн шиг тулаанд бүх зүйлээ зориулаад явах хүн маш ховор. Спорт өөрөө золиос шүү дээ. Хэлэхгүй ч цаана нь асар их зүйл бий.
-Спортод бүх зүйлээ зориулсандаа харамсдаг уу?
-Ерөөсөө харамсаж байгаагүй. Дуртай зүйлийнхээ төлөө өөрт байгаа бүхнээ шавхаад явсан. Алдаанаасаа суралцаад явсан. Тиймээс дүү нарыгаа над шиг хугацаа алдалгүйгээр “цахилгаан шатаар” гарч дэлхийн шилдгүүдтэй тулалдаасай гэж боддог.
Хүн толгойдоо бодож, нүдэндээ харсан зүйлээ хийхэд ойрхон байдаг
-Тэгвэл одоо та юу хүсэж мөрөөдөж байна вэ?
-Ганц тулаан гэлтгүй спортоор хичээллэж байгаа хүүхдүүдэд ямар том зорилго, мөрөөдөл тээж болохыг ойлгуулмаар байна. Хүн толгойдоо бодож, нүдэндээ харсан зүйлээ хийхэд ойрхон байдаг. Төсөөлөлд буугаагүй зүйлийг хийхэд хэцүү. Тиймээс би өнгөрсөн хугацаанд “Life Cykel” компанитай хамтран Аштон Холл, Хорхе Масвидал хоёрыг Монголд авчирсан. Холимог тулаанчдын хувьд Масвидал бурхантай зүйрлэхээр хүн шүү дээ. Тулааны урлагаар дөнгөж хичээллэж эхэлж байгаа хүүхдүүд түүнийг хараад юу гэж бодох вэ. Аварга нь Монголд ирж байхад бид яагаад тэнд очиж болохгүй гэж бодно биз дээ. Аштоны амьдралын зөв хэмнэл үлгэр дуурайл болдог.
Бид хүний хөгжил, тэр дундаа хүүхдүүдэд их анхаарах хэрэгтэй. Одоо байгаагаасаа бид давж сэтгэх хэрэгтэй. Зорилго, мөрөөдөл маань дэлхий рүү чиглэдэг байгаасай гэдэг үүднээс энэ хоёр хүнийг сонгож эхний уулзалтаа зохион байгуулсан. Энэ ажлынхаа ард гарахын тулд машинаа зарсан. Ер нь асар их зардал гардаг л даа.
-Та одоо байгаадаа та сэтгэл хангалуун байна уу?
-Чадах зүйлээ тултал нь хийгээд явж байгаадаа сэтгэл хангалуун байна.
-Спортод бүхнээ зориулахаар шийдсэн хүүхдүүдэд сүүлийн асуултаа үлдээе. Хийж байгаа зүйлдээ хүн дурлахын тулд яах ёстой юм бэ?
-Хүүхдийг тулааны спортоор багаас нь хичээллүүлж байгаа бол зөв багш сонгох хамгийн чухал. Ирээдүйд зорьсондоо хүрэх хүүхэдтэй буруу харилцаж, ажилласнаас шантарчихвий.
Бас бүх зүйлээ зориулж чадахгүй бол “Дараагийн замаа хөө” гэж би тэдэнд зөвлөнө. Эсвэл дотроос чинь “Чадна” гээд зулгаагаад байвал мэргэжлийн спортод эртхэн анхаарч эхлэх хэрэгтэй.
Хамгийн гол нь өөртэйгөө сайн яриад шийдвэрээ гарга. Харин шийдвэр гаргасан л бол түүндээ хүрэхийн төлөө тултал нь зүтгэ гэж хэлье.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Монголын үнэн сонин