МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › Б.Болд-Эрдэнэ: Монголд аналитик сэтгүүлз...

Б.Болд-Эрдэнэ: Монголд аналитик сэтгүүлзүй үгүйлэгдэж байна

“Дугаарын зочин” буланд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор /Ph.D/, профессор Б.БОЛД-ЭРДЭНЭ уригдаж, нийгэмд өрнөж буй сэдвээр ярьсныг хүргэж байна.

Үнэн
Админ

“Дугаарын зочин” буланд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор /Ph.D/, профессор 
Б.БОЛД-ЭРДЭНЭ уригдаж, нийгэмд өрнөж буй сэдвээр ярьсныг хүргэж байна. 

-Сэтгүүлзүйн салбарыг шүүм­жил­сэн, хэвлэл мэдээллийн салбарыг тойрсон дуулиан, шуу­гианыг багш, судлаач хүний хувиар та хэрхэн харж, дүгнэж байна. Энэ түр зуурын асуудал уу, удаан хуримтлагдсан асуудлаас үүсэв үү?

-Юуны өмнө өрнөж буй асуудлыг сэтгүүлзүйн асуудал гэж харахгүй байна. Хүмүүс нийгмийн сүлжээ, цахим сайтуудтай холбоотой асуудлыг бүхэлд нь сэтгүүлзүйн хямрал гэж үзээд байна. Гэтэл тийм биш. Мэргэжлийн сэтгүүлзүй өөрийн орон зайд үүргээ гүйцэтгэж байгаа. Жишээлбэл, би спортын сэтгүүлзүйн талаар их ярьдаг. Монголд хөл бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөхөөр дагнасан сувгууд мэргэжлийн түвшинд, зарим тохиолдолд дэлхийн жишигт хүрсэн мэдээлэл, тайлбар бэлтгэж байна. Bloomberg TV, Eagle TV, Шинэ Монгол телевиз гэх мэт хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлзүйн мэргэжлийн түвшинд ажиллаж, сэтгүүл­чид ажлаа хийж яваа.
Тодорхой хэдэн сайтын төлбөртэй, гэрээт мэдээлэл, мөнгө санхүүтэй холбоотой асуудал ил гарч ирсэн. Энэ бол гэнэт бий болсон үзэгдэл биш. Олон жилийн турш хаалтын гэрээ байгуулдаг, улстөрчидтэй холбоо хамааралтай сайтууд байна гэсэн шүүмж өрнөж, үүнийг Монгол даяараа мэддэг болсон. Асуудлыг хурцатгаж буй гол хүчин зүйл нь миний бодлоор улс төрийн зөрчил. Ерөнхийлөгчийн сонгууль ойртож байна. Улс төрийн намуудын зөрчил ч байна. Үүнийг олон нийтийн санаа бодлыг өөртөө татах зорилгоор ашиглаж, улс төрийн гуравдагч, дөрөвдөгч хүчнүүд улам дэвэргэж байх шиг. Мэдээж, сэтгүүлзүйн үүднээс авч үзвэл мөнгө авч хэн нэгнийг буруутгах, хэн нэгний талд үйлчлэх, олон нийтийг төөрөгдүүлэх нь байж боломгүй зүйл. Энэ тал дээр бид шүүмжлэлтэй хандах ёстой. Гэхдээ хөндөгдөж буй асуудлыг бүхэлд нь сэтгүүлзүйн хямрал гэж дүгнэх нь учир дутагдалтай. 

-Хэвлэл мэдээлэл дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн байр суурь сүүлийн арав орчим жил эрс бүдгэрсэн. Бараг энэ талаар дурсдаг, хэвлэл мэдээлэл ийм байх ёстой гэсэн байр суурь илэрхийлэгчдийн тоо ч цөөрчих шиг боллоо?

-Сэтгүүлзүй анх яагаад үүсэн бий болсон юм. Ардчилсан нийгэмд ямар үүрэг гүйцэтгэх ёстой юм гэдгийг эргэн санах хэрэгтэй. Төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван салаанд хувааж, харилцан хяналттай байлгах зарчим бий. Харин хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглал гэж нэрлэдэг. Төрийн эрх мэдлийг хянаж, олон нийтэд мэдээлэл хүргэх замаар ардчилсан нийгмийн хяналтын чухал үүргийг гүйцэтгэдэг. Бүгд найрамдах засаглал хууль дээдлэх зарчимд тулгуурладаг. Парламентын засаглалтай улс оронд сонгуулиар эрх барих хүч солигддог. Ардчилал бол олонхын засаглал боловч цөөнхийн дуу хоолойг ч сонсож, үзэл бодлоо илэрхийлэх боломжоор хангах ёстой. Чөлөөт хэвлэлийн онолын үндсийг авч үзвэл, Английн сэтгэгч Жон Милтон 1644 онд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан “Ареопагитика” бүтээлдээ үзэл бодлыг цензурээр хязгаарлахын эсрэг байр суурь илэрхийлсэн байдаг. Харин Жон Стюарт Милл 1859 онд хэвлэгдсэн “Эрх чөлөөний тухай” бүтээлдээ үзэл бодлын чөлөөт өрсөлдөөн, үнэнийг эрэлхийлэхийн ач холбогдлыг тайлбарласан байдаг. 
Эдгээр үзэл санааны гол утга нь хүмүүс үнэнийг мэдэж байж нийгэм, хувь хүний өмнө тулгарсан асуудлыг зөвөөр ойлгож, шийдвэр гаргах боломжтой болно гэсэн санаа юм. Худал мэдээлэлд тулгуурлан сонголт хийх, үзэл бодлоо тодорхойлох нь утгагүй. Үнэн гэдэг нэгэнт тогтоогдсон зүйлд эргэлзэхгүйгээр итгээд суухын нэр биш. Харин түүнийг байнга сорьж, шинжилж, баримтаар нягталж байх ёстой. Үзэл бодлууд чөлөөтэй өрсөлдөж, харилцан шүүмжлэгдэж байх нь үнэнийг илүү тодорхой болгоно шүү дээ. 
Үнэндээ Монголын сэтгүүлзүйд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг буруу ойлгох хандлага ажиглагддаг. Зарим хүн энэ эрх чөлөөнд худал, ташаа мэдээлэл түгээх эрх ч бас багтана гэж ойлгоод байх шиг. Гэтэл хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь худал мэдээлэл тараах эрх гэсэн үг биш. Үүсээд буй асуудлыг би бүхэл бүтэн сэтгүүлзүйн салбарын асуудал гэхээсээ илүү тодорхой тооны улстөрчтэй холбоотой. Зарим сайтыг өөрийн явцуу зорилгодоо нийцүүлэн дуу хоолой болгож буй үзэгдэл гэж харж байгаа. Өнөөдөр хүмүүс энэ бүхнийг гэнэт тэнгэрээс унаад ирсэн юм шиг гайхан хүлээж авч байна. Гэтэл энэ бол олон жилийн турш үргэлжилсэн үйл явцын үр дүн. Ийм харилцаа цааш тэлсээр өнөөдөр их хэмжээний мөнгө, санхүү, ашиг сонирхлын асуудал болж хувирч байна.

-Дуулиантай зэрэгцээд төрийн байгууллагуудтай гэрээ байгуулах нь байж болохгүй зүйл гэсэн шүүмжлэл өрнөсөн. Дагалдаад сэтгүүлчдийн хараат бус байдал, мэргэжлийн ёс зүйн асуудал ч хөндөгдөж байна?

-Гэрээ байгуулж, тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг авсан хэвлэл мэдээллийн байгууллага санхүүжилт өгсөн талын эрх ашигт нийцүүлж мэдээлэл түгээх эрсдэлтэй. Санхүүжилт олгосон хүнийг хамгаалж болно, эсвэл түүний эсрэг байгаа хүнийг олон нийтэд сөргөөр ойлгуулахыг оролдож болно. Тэгэхээр хараат бус байдалд шууд нөлөөлнө гэсэн үг. Зарим хүн гэрээ байгуулах нь зөв, гэрээ байгуулахгүй бол бид яаж амьдрах юм гэсэн байр суурь илэрхийлж байна. Гэхдээ энэ бол асуудлыг зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагын оршин тогтнох өнцгөөс харсан хандлага.  
Ер нь бол төр өөрийн хийх ёстой ажлаа хийх ёстой. Хууль тогтоох уу, гүйцэтгэх засаглалын чиг үүргээ хэрэгжүүлэх үү, тэр ажлаа зохих ёсоор гүйцэтгэх хэрэгтэй. Харин хэвлэл мэдээлэл төрийн үйл ажиллагаа зөв, буруу эсэх, бодит нөхцөл байдалтай нийцэж буй эсэхийг нягталж, асуудлыг олон нийтийн өмнө гаргаж тавих үүрэгтэй. Эцсийн дүнд аль нь зөв, аль нь буруу болохыг нийгэм өөрөө дүгнэх боломж олгох учиртай. Эрүүл институттэй нийгэмд улстөрчид үзэл санаа, бодлого, шийдвэрээ танилцуулна. Хэвлэл мэдээлэл тэдгээрийг өөр өөрийн өнцгөөс онцолж, дүгнэж, шүүмжилнэ. Эцсийн үнэлгээг олон нийт өгнө. Парламентын засаглалтай улсад энэ үнэлгээ сонгуулиар илэрдэг. Сонгуулийн үр дүн гэдэг бол олон нийт улс төрийн нам, улстөрчдөд өгч байгаа дүн юм. Тэдний ажил сайн, муу байгааг сонгогчид сонголтоороо илэрхийлдэг. Ийм боломж бодитоор тогтож байж ардчилсан тогтолцоо эрүүл байна.

-Монголын улс төр бодлогын өрсөлдөөнөөс хальж, хувь хүний тэмцэл тийш хэлбийсэн харагддаг. Энд хэвлэл мэдээлэл ямар үүрэг гүйцэтгэсэн гэж хардаг вэ?

-Монголын нийгмийг хэрхэн өөрчлөх вэ, тулгамдсан асуудлуудыг яаж шийдэх вэ гэдэгт улс төрийн хүчнүүд өөр өөрийн бодлого, шийдлийг дэвшүүлэх ёстой. Энэ зарчим алдагдчихсан байна. Улс төрийн амьдралын гол утга нь үзэл санааны өрсөлдөөн байх ёстой. Үүнийг бид олон жил ярьж ирсэн, онолын хувьд ч тийм. Гэтэл өнөөдөр үзэл санааны өрсөлдөөн гэхээсээ илүү хүмүүсийн хоорондын өрсөлдөөн давамгайлчихлаа. Өөрөөр хэлбэл, үзэл бодол, бодлогын асуудал аравдугаарт тавигдаад, хэн сайд байх вэ, хэн энэ ажлыг сайн хийх вэ, эсвэл хэн байгаагаас болоод ажил муу байна уу гэдгийг л ярьдаг болж. Асуудлыг бодлого, тогтолцооны хүрээнд бус тухайн хүнтэй холбож тайлбарлах хандлага давамгайлж байна. Нийгмийн амьдрал, нийтийн эрх ашиг гэдэг нь тодорхой нэг хүнээс илүүтэй үнэт зүйл, үзэл санаатай холбоотой байдаг шүү дээ. 
Жишээлбэл, Монголын эдийн засагт тулгамдаж байгаа асуудлын нэг нь татварын бодлого гэж үзье. Татварын ачаалал өндөр байгаагаас эдийн засгийн өсөлтөд саад учирч байна гэж үзсэн улс төрийн хүчин татварыг бууруулах санал гаргаж болно. Гэхдээ зүгээр л татварыг бууруулна гэж амлах биш ямар үндэслэлээр, ямар арга замаар, ямар хэмжээнд бууруулах гэж буйгаа тайлбарлах хэрэгтэй. Тэр бодлогоо үндэслэлтэй танилцуулж, олон нийтийн дэмжлэг авах ёстой. Сонгогчид ч тухайн хүнийг хэн бэ гэдгээр биш дэвшүүлж байгаа үзэл санаа, бодлого, шийдлээр нь үнэлдэг байх хэрэгтэй. Ийм зарчим бодитоор хэрэгжиж байж улс төрийн амьдрал эрүүлжинэ.

ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ ГЭДЭГ НЬ СЭТГҮҮЛЧ ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДЛОО ТУЛГАХЫГ ХЭЛЭХГҮЙ

-Мэдээлэл түгээх нь сэтгүүл зүйн нэг үүрэг. Харин тухайн үйл явдал яагаад болсон, цаашид ямар үр дагавар авчрахыг тайлбарлах нь өөр түвшний ажил. Монголын сэтгүүлзүйд энэ дүн шинжилгээ дутагдаж байх шиг санагдах юм?

-Миний байнга ярьдаг нэг зүйл бол сэтгүүлзүй дүн шинжилгээ хийх ёстой гэсэн санаа. Монголд аналитик сэтгүүл зүй үнэхээр үгүйлэгдэж байна. Бараг байхгүй гэж хэлж болно. Гэхдээ дүн шинжилгээ хийнэ гэдэг нь сэтгүүлч өөрийн үзэл бодлоо тулгахыг хэлэхгүй. Бодит судалгаа, баримт, тоо мэдээлэлд тулгуурлаж, Монголын нөхцөл байдалтай харьцуулан судлаад, тухайн асуудлын цаана юу байгааг тайлбарлахыг хэлнэ. Уншигчдад “Яригдаж байгаа асуудлын гол шалтгаан нь энэ юм байна” гэдгийг ойлгуулах ёстой. Өмнө нь сонинд тоймчид ажилладаг байсан. 
Барууны томоохон сонинд тогтмол багана нийтлэл бичдэг тоймчид бий. Тэд нэг нийтлэлээрээ нийгэм, шийдвэр гаргагчид, бизнесийнхэнд нөлөөлж чаддаг. Яагаад гэвэл тухайн нийтлэлийг уншсан хүн өнөөдөр яригдаж байгаа асуудлын цаад шалтгаан, учир холбогдлыг ойлгож авдаг. Тийм судалгаа, дүн шинжилгээтэй, бодитой нийтлэл шийдвэр гаргагчид, эрх баригчид, томоохон бизнесийнхний үйл ажиллагаанд нөлөөлж болно. Тэдний гаргасан шийдвэр нийгэмд эерэг ч байж болно, сөрөг ч байж болно. Гол нь сэтгүүлзүй асуудлыг бодитоор шинжилж, шийдвэр гаргагчдад ч, олон нийтэд ч нөлөөлөхүйц мэдээлэл хүргэж чаддаг байх ёстой. Гэтэл өнөөдөр Монголын сэтгүүлзүйд өрнөж буй асуудал хэн нэгнийг харлуулах, эсвэл хэн нэгнийг магтах хүрээнд өрнөж байна. Асуудлын учир шалтгааныг судалж, бодлогын үр дагаврыг тайлбарлахын оронд улстөрчдийн хоорондын зөрчлийг дагаж мэдээлэл түгээх нь давамгайлж байна.
Олон нийтэд ил болсон төлбөр авсан гэх жагсаалтыг харахад нэг сайт л гэхэд маш олон төрлийн асуудлыг хамарч мэдээлэхээр харагдаж байна. Аймгийн, усны, агаарын бохирдлын, түлшний, уул уурхайн гэх мэт бүх салбарыг хамарсан мэдээлэл бэлтгэх үүрэг хүлээчихсэн байгаа юм. Гэтэл хэдхэн хүнтэй редакцад ийм олон салбарын асуудлыг гүнзгий судалж, чанартай мэдээлэл бэлтгэх боломж бий бил үү. Үүнийг бодох ёстой. Сэтгүүлзүй хөгжихийн хэрээр төрөлжиж, мэргэших ёстой байхгүй юу. Тухайлбал, эдийн засгийн чиглэлээр дагнасан хэвлэл банк, санхүүгийн асуудалд илүү төвлөрч, тухайн салбарын үйл явдлыг тойрсон нарийн нямбай мэдээлэл бэлтгэж, энэ салбарын нөхцөл байдлыг мэдэхийг хүссэн хүн болгон тэр хэвлэлийг уншдаг. Өөрийн гэсэн чиглэл, судалгааны хүрээтэй байдаг. Гэтэл жижиг сайтуудад ийм төрөлжилт, мэргэшлийн ойлголт хангалттай төлөвшөөгүй. Ойрын хугацаанд ч ийм түвшинд хүрэх нь амаргүй. Нийгэмд өгч байгаа мэдээллүүд нь ихэвчлэн улстөрчдийн хоорондын зөрчилд тулгуурлах, эсвэл хоорондоо холбоогүй асуудлыг холбож тайлбарлах хэлбэртэй харагддаг. Төрийн байгууллагууд ч өөрсдөө томоохон мэдээлэл, олон нийттэй харилцах албатай болсон. 
Нөгөө талаас, шийдвэр гаргагчид нийгмийн сүлжээнд юу яригдаж байгаад үндэслэсэн бодлого, шийдвэр гаргах тохиолдол олон ажиглагдаж байна. Миний бодлоор төр өөрийн гэсэн бие даасан байр суурьтай, урт хугацааны бодлоготой байх ёстой. Гэтэл төр нийгмийн сүлжээнд өрнөж байгаа асуудлыг дагаж, хэвлэл мэдээлэл ч түүнийг нь даган хошуурахаар олон нийтийн мэдээллийн хэрэгцээ ч тийш ханарч байна. Үүнийг далимдуулж хэн нэгэн өөрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор нэг асуудлыг дахин дахин ярих, олон нийтийн анхаарлыг татах боломжтой. Бид уг нь том зургаар харж, тухайн асуудал улс орны эрх ашигтай нийцэж байгаа эсэхийг заавал бодож байх ёстой юм.
Жишээлбэл, Оюутолгойн ногдол ашгийн мөнгийг хэрхэн зарцуулах талаар ард түмнээс асууна гэж байна. Миний бодлоор энэ бол буруу хандлага. Хэрэв төр үнэхээр ийм хэмжээний орлого авч байгаа бол улс орны урт хугацааны хөгжилд хэрэгтэй суурь асуудлуудыг шийдэхэд зарцуулах ёстой. Өнөөдөр Улаанбаатар хотын дэд бүтэц, замын түгжрэл, шатахуун гэх мэт шийдэх шаардлагатай олон асуудал бий.

Тухайлбал, татварын бодлогоор дамжуулан бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, шаардлагатай тохиолдолд бодлогын зохицуулалт хийх боломжтой. Бизнес сэргэвэл улс орны хөгжил, иргэдийн амьдрал, үнийн өсөлт зэрэг олон асуудалд эерэг нөлөөтэй.

Өнөөдөр иргэн бүрд 300 мянган төгрөг тараагаад улс орныг хөгжүүлнэ гэвэл энэ нь нэг талаас улс орныг удирдах хамгийн амархан арга байж болох юм. Нөгөө талаас энэ нь хамгийн буруу арга ч байж болно. Учир нь улс орны хөгжлийг түр зуурын мөнгөн дэмжлэгээр хэмжих боломжгүй. Орлогыг хаана, хэрхэн зарцуулбал урт хугацаанд хамгийн их үр өгөөж өгөх вэ гэдгийг бодож шийдэх нь чухал.

-Сэтгүүлзүй улс төр, бизнесийн бүлгүүдээс санхүүгийн хувьд хараат бус байхын тулд өнөөгийн нөхцөлд ямар зохицуулалт хэрэгтэй байна вэ?

-Үүнийг ганц сэтгүүлзүйн салбар шийдэхгүй. Шийдэхийн тулд бизнес эрхлэгчид нь бизнесээ хийж, хууль тогтоогчид нь хуулиа боловсруулж батлаад, гүйцэтгэх засаглал нь ажлаа хийх ёстой. Салбар бүр өөр өөрийн үүргийг гүйцэтгэх хэрэгтэй. Сократын хэлсэн нэг үг байдаг. "Цэрэг нь цэргээ, жанжин нь жанжныхаа ажлыг, тариачин нь тариачныхаа ажлыг хийх ёстой" гэж. Энэ бол агуу томьёолол. Шударга ёс гэдэг чинь үнэндээ энэ юм. Бүгд өөр өөрийнхөө ажлыг хийгээд, багш нь хичээлээ заагаад явдаг байх ёстой. Гэтэл манайд сэтгүүлзүй, улс төр, бизнес гурав хоорондоо холилдчихоод байна. Бизнес нь улс төртэй хамааралтай, улс төр нь хэвлэл мэдээлэлтэй холбоотой, эргээд хэвлэл мэдээлэл нь улс төрийн бүлэглэл, хүчинд үйлчилдэг болчихсон.
Дээрээс нь популизм Монголд хүчтэй хөгжсөн. Олон нийтэд таалагдах, хандалт авахыг урьтал болгосон сайт, улстөрчид олноороо төрсөн. Ийм замаар төрийн өндөр албан тушаалд хүрсэн хүмүүсийн жишээ ч бидний нүдэн дээр бий. Энэ бүхэн эргээд хэд хэдэн сөрөг үр дагавар авчирч байна. Нэгдүгээрт, төрийн нэр хүнд унаж байна. Хоёрдугаарт, нийгэм талцаж байна. Гуравдугаарт, сэтгүүлзүй гэдэг салбарын нэр хүнд унаж байна. Хувь хүнд ч гэсэн нөлөөлнө. Хүмүүс сэтгэлзүйн хувьд гутранги байдалд орж, өдөр бүр бараан мэдээлэл авч байна. Амьдрах зорилго, ирээдүйдээ итгэх итгэл нь бүдгэрч байна. Залуучууд маань болж л өгвөл гадагшаа явахыг хүсдэг боллоо. Тэгээд энэ улс орныг хэн авч явах юм бэ. Чадвартай, боловсролтой, боломжтой, асуудлыг олон талаас нь харж чаддаг залуус маань гадагшаа явсаар байвал улс орондоо хэн үлдэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Би үүнд санаа зовдог юм. Улс орноо бодохоор ч тэр, ирээдүйгээ бодохоор ч тэр энэ асуудлыг зүгээр орхиж болохгүй.
Ер нь би улстөрчдийг зоригтой байгаасай гэж боддог. Хэвлэл мэдээллээс татгалзчих л даа. Хэвлэл мэдээлэлд хөрөнгө оруулдаг, гэрээ хэлцэл хийдэг байдлаасаа татгалзаад, өөрийнхөө ажлыг л хий. Та нар намайг шүүмжил, ярь, бич, хамаагүй. Би ажлаа л хийнэ. Та нарт ямар нэгэн байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн зарчимтай болчихмоор байна. Тэгвэл аяндаа цэвэршинэ.

Руссогийн үзэл санаатай холбон хэлбэл, нийгэм өөрийн жамаар хөгжиж байж л асуудлынхаа шийдлийг олдог. Хөндлөнгөөс бүхнийг захирч, өөрт ашигтайгаар чиглүүлэх гэж оролдохын оронд нийгэмд өөрөө хөгжих боломжийг нь өгөх хэрэгтэй.

Сэтгүүлзүйн түүхээс ч үүнийг харж болно. Францад 1690-1776 оны хооронд зуу орчим жилийн турш ганцхан “La Gazette” сонин гарч байсан. Францчууд хааны эмч Ренодо гэж хүний эрхлэн гаргаж байсан тэр сониныг ард түмний үзэл бодлыг зуун жил удирдаж, тархи угааж байна гэж үзэж байсан. Гэтэл үгүй. 1776 онд Парист томоохон бослого хөдөлгөөн гарсан. Ихэс дээдэс татвар төлдөггүй, харин ард түмэн татвараа төлдөг байжээ. Татвар төлнө гэдэг тухайн улсын оршин тогтнолд өөрийн хувь нэмрийг оруулж байна гэсэн үг. Тэгэхээр татвар төлж байгаа хүмүүс нь улсынхаа өмнө үүрэг хүлээж байхад ван, гүнгүүд яагаад энэ үүргээс чөлөөлөгдөх ёстой юм бэ гэсэн асуудал гарч ирсэн. Ингээд гуравдугаар хүрээнийхэн буюу хотынхон, арилжаа наймаа эрхлэгчид, худалдаачдын төлөөлөл улс төрийн тавцанд гарч ирсэн. 
Би яагаад Францын хувьсгалын тухай ярьж байна вэ гэхээр энэ бол хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн үйл явдал. Хуучин тогтолцоог өөрчилж, төр, нийгмийн харилцааг шинээр авч үзэхэд хүргэсэн түүхэн эргэлт шүү дээ. Тэгэхээр үүнээс бид бас сургамж авах ёстой. Нийгмийн бухимдал, талцал хуримтлагдсаар байгаад иргэний мөргөлдөөнд хүрвэл хэн хожих юм бэ. Хэн ч хожихгүй. Монголчууд бид өөрсдөө л хохирно. Үзэн ядаж байгаа баячуудынхаа байшинг шатаагаад ч хэрэг байхгүй. Тэр байшин эцсийн дүндээ Монгол Улсын баялгийн нэг хэсэг. Одоохондоо нэг хүн эзэмшиж байгаа ч хорь, зуун жилийн дараа өөр эзэнтэй болж болно. Бизнесийн түүхээс ч харахад бизнесүүд үе дамжин өөрчлөгдөж, эзэмшигчид нь солигддог. Хувьцаат компани гэдэг ойлголт ч ийм өөрчлөлт, өмчлөлийн харилцаатай холбоотойгоор хөгжиж ирсэн. Миний хэлэх гээд байгаа гол санаа бол хэвлэл мэдээлэл яагаад чөлөөтэй байх ёстой вэ гэдэг асуудал шүү. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний үнэ цэн нь нийгэм өөрийнхөө хөгжлийн гарцыг өөрөө олох боломжид оршдог. Нийгэмд асуудлаа нээлттэй ярьж, алдаагаа шүүмжилж, өөрчлөлт хийх боломж байх ёстой. Тэр боломжийг хэвлэл мэдээлэл бүрдүүлэхэд чухал үүрэгтэй.

-Дэлхий даяар мэргэжлийн сэтгүүлзүйгээс илүү нийгмийн сүлжээнд тулгуурласан, иргэний сэтгүүлзүй хүч түрэн орж ирж байх шиг байна. Энэ үед мэргэжлийн сэтгүүлзүй нийгмийн сүлжээнээс юугаараа ялгарч байх ёстой вэ?

-Би түрүүн хэлсэн. Мэргэжлийн сэтгүүлзүй байсаар байгаа. Франц, Герман зэрэг Европын орнуудад нийгмийн сүлжээний нөлөө эрс буурсан. АНУ-ын нөлөө бүхий хүрээнд ч ФБ, твиттер хэрэглэх хандлага буурсан. Харин Монголд л хөгшин, залуугүй, нийгмийн давхарга бүрийн хүмүүс нийгмийн сүлжээнд автчихсан. Бүр эрхшээлд нь орсон харагддаг. Нийгмийн сүлжээ нөлөөтэй байгаа учраас тэнд өрнөж буй асуудлыг бид сэтгүүлзүйн асуудал гэж хараад байна. Мэргэжлийн сэтгүүлзүй бол өөрийн гэсэн замаар хөгжсөөр, үнэ цэн нь хэвээрээ л байгаа. Жишээ нь, Bloomberg TV үздэг хүн Монголд цөөхөн. Би оюутнуудад олон нийтийн харилцааны хичээл заахдаа Bloomberg-ийн АНУ-ыг өөрчилсөн, дэлхийг өөрчилсөн хүмүүсийн тухай цувралууд, эсвэл тодорхой асуудлыг хөндсөн баримтат бүтээлүүдийг үзсэн үү гэж асуудаг. Гэтэл оюутнууд маань үзээгүй байх нь олон. 
Bloomberg-ийг үзэх юм бол мэргэжлийн сэтгүүлзүй гэж юу болохыг харж болно. Мэдээ, мэдээлэл бэлтгэхээс эхлээд асуудлыг судалж, баримтад тулгуурлан тайлбарлаж, олон нийтэд хүргэх түвшин нь ч хамаагүй өндөр. Нэвтрүүлгийн бүтэц, агуулга талаас нь авч үзвэл өрнөдийн мэргэжлийн сэтгүүлзүй ямар нарийн мэргэшиж, ямар өндөр түвшинд хүрснийг харж болно. Манайд бол эсрэгээрээ. Үүний гол буруутан нь иргэд бид өөрсдөө. Бид Facebook-ээс мэдээлэл авч байна гэж итгээд, тэнд үзэл бодлоо бичихээрээ өөрийгөө том, агуу хүн болчихлоо гэж ойлгодог. Энэ чинь өөрөө “би”-гийн өвчин юм. Энэ өвчин эртний Грект ч байсан. Энэ бол нэгдүгээрт, өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хүсэл. “Би бусдаас илүү, би онцгой” гэж бодно. Хоёрдугаарт, өөрийгөө илэрхийлэх хүсэл. “Надаас өөр үнэнийг харж, хэлж байгаа хүн алга” гэж үзнэ. Гуравдугаарт, өөрийгөө дөвийлгөх, дээдлэх хандлага. “Би бүхний нэвтэрхий толь, бүхнийг мэддэг, бүхнийг чаддаг” гэж боддог. Бид бусдыг сонсох, ойлгох, хүндэтгэх чадвараа алдаж, хүн бүр өөрийнхөө зөв гэж зүтгэх болсон нь нийгмийг дотроос нь ялзруулж, эвдэхэд хүргэж байна.

ӨВӨР МОНГОЛЫН ПРОФЕССОР МАНАЙ ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН МОНГОЛ ХЭЛ ӨӨРИЙНХӨӨС НЬ ДОР БАЙГААД ҮНЭХЭЭР ГАЙХАЖ БАЙНА БИЛЭЭ

-Энэ удаагийн шүүмжлэлээс Монголын сэтгүүлзүй ямар сургамж авч үлдэх ёстой гэж та бодож байна?

-Сургамж авах хамгийн гол зүйл бол нийгмээ талцуулж болохгүй гэдэг зарчим. Яагаад гэвэл Монгол Улс цөөхөн хүн амтай, хоёр том гүрний дунд оршдог. Эдийн засаг маань хоёр хөршөөсөө хамааралтай. Нэгээс нь шатахуун, нефть, нөгөөгөөс нь худалдаа, бараа бүтээгдэхүүн авдаг. Ийм нөхцөлд нийгмээ хоёр, гурав хувааж талцуулах нь маш том аюултай. Сэтгүүлзүй өөрөө нийгмийг нэгтгэгч байх ёстой. Бид аливаа асуудлыг нэг цонхоор харж, ойлгож, учир шалтгааныг нь хамтдаа эргэцүүлдэг байх хэрэгтэй. Гэтэл энэ тал дээр бид алдаж байна. Хоёрдугаарт, бид мэдээллийг хэтэрхий амархан, хялбар аргаар авахыг хүсдэг болсон. Жишээлбэл, гудамжны хэрүүлтэй ижил контент үзэж, сонирхож, аливаа асуудлыг яг түүнтэй жишин дүгнэх хандлагатай байна. Асуудалд гүнзгий, нухацтай, няхуур хандах хандлагаас улам бүр холдсон. Ер нь бид юмны мөн чанарыг ойлгохын тулд оюун санаагаа ажиллуулах дургүй болсон юм байна.
Хүн ер нь аливааг аль болох хурдан, хялбар ойлгохыг хүсдэг амьтан. Учир нь бодож, тунгаахад тархи ихээхэн энерги зарцуулдаг. Нобелийн шагналт эдийн засагч Даниел Канеманы “Тунгаан бодох уу, түргэн шийдэх үү” гэдэг ном бий. Хүмүүс сонголт хийхдээ аль болох хурдан, хялбар шийдвэр гаргахыг эрмэлздэг. Брэнд, реклам сурталчилгаа хүчтэй нөлөөлдөг нь ч үүнтэй холбоотой. Бид тухайн бараа бүтээгдэхүүний мөн чанарыг нарийн судлахын оронд сурталчилгаагаар бий болгосон ойлголтод тулгуурлан сонголт хийдэг. Энэ хандлага манайд хэтэрчихлээ. Юмны мөн чанарыг мэдье, учрыг нь олъё гэсэн эрмэлзэл суларч байна. Энэ нь хүмүүсийн ерөнхий боловсрол, мэдлэгтэй холбоотой асуудал. Ингээд ярихаар ерөнхий боловсролын сургалтын тогтолцоо руу орчихдог юм.

-Сонирхолтой байна. Багш, судлаач хүнтэй уулзсаных, төгсгөлд нь боловсролын тогтолцооны талаар ч байр суурь сонсмоор санагдлаа?

-Манай хүүхэд, залуучуудын суурь боловсрол маш нимгэн байна. Бага, дунд боловсролын түвшинд хүүхдүүдээ математик, англи хэл хоёроор л нүдэж байна. Англи хэлтэй, математикт сайн хүн бол төгс хүн юм шиг ойлгодог. Гэтэл хүн гэдэг чинь зөвхөн тоо боддог, гадаад хэлээр ярьдаг амьтан биш. Хүний хамгийн гол зүйл бол сэтгэл, оюун ухаан. Сэтгэл илүү чухал. Өөрөө өөртөө амар амгалан байж, бусдыг хүндэлдэг, бусдад төвөг бэрхшээл учруулахгүй амьдрахыг хичээдэг хүн байх хэрэгтэй. Бусдад гай болохгүй амьдрах гэдэг япон хүмүүжлийн нэг зарчим бий шүү дээ. 
Саяхан би ажлаар Өвөр Монголын Их сургууль Монгол Улсыг судлах хүрээлэнгийн захирал доктор, профессор Н.Баярмэнд гуайтай уулзсан. Тэр хүн Монголын залуу эрдэмтэдтэй хамтран толь бичиг зохиох гэж байснаа яриад, Монголын залуу эрдэмтэд монгол хэлэндээ өөрөөс нь муу байсныг үнэхээр гайхаж, халаглан ярьж байна билээ. Тэр эрдэмтэн “Танай монгол залуус англи хэлтэй байгаад яах юм бэ. Америкт англи хэлтэй үй түмэн хүн байна. Тэднээс юугаараа ялгагдах юм. Монгол хэлээ мэдэхгүй бол яаж монгол хүн байх юм. Гадаад хэлний мэдлэгийн үнэ цэн эх хэлээ сайн мэддэгт оршдог. Эх хэлээ сайн мэддэг хүн л гадаад хэлний боломж, ач холбогдлыг бүрэн ашиглаж чадна. Эх хэлээ мэдэхгүй, муу мэддэг хүн гадаад хэл эзэмшлээ гээд ямар үр өгөөж гаргах юм бэ” гэж хэлж байгаа юм. Өвөр Монголын эрдэмтэн бидний анзаараагүй зүйлийг маш гярхай олж харсан байгаа юм.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХАМАГ МӨНГӨӨРӨӨ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНЫ ДУНДАЖ ИНЖЕНЕРИЙГ Л БЭЛТГЭЖ БАЙНА

-Залуусын монгол хэлний чадвар муудаж байгаа нь эцэг эхчүүдийн боломжтой ч, боломжгүй ч хүүхдүүддээ гадаад хэл эзэмшүүлэх гэсэн хүсэлтэй холбоотой юу. Эсвэл манай боловсролын тогтолцоо эх хэлээ “мартсан”-тай холбоотой юу?

-Аль алинд нь байна. Боловсролын сайд болгон нэг хөтөлбөр, нэг шинэчлэл дэвшүүлдэг. Ерөнхий боловсролын сургуульд гэхэд "Кембрижийн боловсрол", "Насан туршийн боловсрол", "Цөм хөтөлбөр" гэх мэт янз бүрийн зүйл хэрэгжүүлсэн. Нэг сайд ирэхээрээ байгаа юмаа улам сайжруулъя гэхээс илүүтэй заавал шинэчлэл хийх гээд бүхнийг бужигнуулдаг. Би өөрөө багш хүн учраас эмзэглэдэг. Боловсролын бодлогын өөрчлөлт өнөөдөр шууд мэдрэгдэхгүй, тодорхой хугацаа өнгөрсний дараа үр дүн, үр дагавар нь илэрдэг юм. Жишээ нь, 1990-ээд оны дунд үед монгол бичгээр А үсэг заана, кирилл бичгээ орхино гэсэн бодлого гарсан. Тухайн үед хуучин монгол бичгээр А үсэг заалгасан хүмүүс өнөөдөр дөч гарсан насныхан болсон байна. Тэр бодлогоос ямар үр дагавар үлдсэнийг одоо харж болж байна л даа. Баахан алдаатай бичдэг залуус бий болсон. Үүнийг “Сүртэй юм, үг үсгийн алдаа шүү дээ” гэж бодож болохгүй. Ард нь илүү өргөн хүрээтэй асуудал нуугдаж байгаа. Нийт монголчуудын бичгийн соёл доройтож байна. Боловсролын салбарын алдааны горыг олон жилийн дараа нийгэм бүхэлдээ ингэж үүрдэг байхгүй юу.
Өнөөдөр их, дээд сургуулийн жилийн төлбөрийг зургаан сая төгрөг орчим гэж үзвэл манайд түүнээс өндөр, жилийн 20 мянган ам.доллар буюу 70 сая төгрөгийн төлбөртэй хувийн дунд сургууль байна. Энэ чинь юу гэсэн үг вэ. За тэгээд тэнд сурсан хүүхдүүд шууд гадагшаа явж, бакалаврын зэрэг хамгаалдаг. Эх орондоо эргэж ирдэггүй. Эцэг эхчүүд хамаг мөнгөө шавхаж, өглөө оройны түгжрэлд цаг зарцуулж, олон зүйлээ золиосолж хүүхдээ сургасан мөнгөөрөө эцсийн дүндээ Америк, Герман, Франц ч юм уу, өндөр хөгжилтэй орны хөдөлмөрийн зах зээлд хэрэгтэй дундаж инженер, мэргэжилтэн бэлдээд өгчихөж байгаа юм. Өндөр хөгжилтэй орнууд бусад орны авьяаслаг, боловсролтой, чадвартай залуусыг тэтгэлгээр татаж, өөрийнхөө хөдөлмөрийн зах зээл рүү татах бодлого явуулж байгаа нь нууц биш шүү дээ. Одоо АНУ-ын шинжлэх ухаан, технологийн салбарыг хар л даа. Тэр зах зээлд Энэтхэг, Вьетнам, Монгол, Хятад зэрэг олон орны залуус ажиллаж байна. 
Тиймээс би бол боловсролын салбарт нэгдүгээр ангиас тавдугаар анги хүртэлх бүх хүүхдэд ижил стандарт үйлчлэх ёстой гэж боддог. Төлбөртэй сургууль, гадаадын хөтөлбөртэй сургуулиудыг бүгдийг нь хориглох хэрэгтэй. Хятадын дарга Ши Жиньпин саяхан бага сургуулиас ахлах сургууль хүртэл төлбөртэй сургууль, дугуйлан хичээллүүлэхийг хориглосон. Хүүхдийн боловсрол бол бизнес ашиг биш гэж үзсэн. Үүний ард ганцхан ашиг бий. Тэд хятад хүүхдүүдийг хятад хүн болгон төлөвшүүлж байна. Япон ч гэсэн энэ тал дээр өөрийн гэсэн жишигтэй. Энэ дээр манайх маш том реформ хийх ёстой. Мэдээж хэрэг, одоо сурч байгаа хүүхдүүд, нэгэнт байгуулагдсан сургуулиуд яах вэ гэсэн эсэргүүцэл өрнөнө. Гэхдээ бид ийм асуудлаас айгаад сууж болохгүй. Зоригтой шийдвэр гаргаж, боловсролын тогтолцоогоо үндсээр нь өөрчлөх хэрэгтэй.

-Том гүрнүүд үндэстнээ нэгтгэх, болж өгвөл бусад улс үндэстнийг өөрийн соёл иргэншилд уусгах томоохон бодлого явуулж байна. Манайхан энэ талаар бодож буй юм алга. Хүүхэд залуусаа хэл сургаад хааш нь л бол хааш нь илгээж байна. Энэ байдал хэзээ хэрхэн зогсох юм бол?

-“Америк мөрөөдөл”, “Хятад мөрөөдөл”, Оросын их гүрэн байх гэсэн үзэл санаа гэх мэтээр улс орнууд үндэстнээ нэгтгэх том зорилготой урагшилж байна. Манайд монголчуудаа нэгтгэх зүйл алга. Бүгд л өөр өөрийнхөөрөө ярьдаг. Зарим нь барууны загвар ярина. Зарим нь социализмыг санагалздаг. Зарим нь Сингапур шиг, Япон шиг хөгжинө гэцгээж байна.

Улс орон бүр өөрийн гэсэн түүхтэй, онцлогтой. Тэс өөр соёлтой хүмүүсийн тархи, зүрхэнд байдаг соёл, загварыг шууд хуулбарлаад Монгол Улс хөгжихгүй. Бид эхлээд өөрсдөө Монгол Улсыг хэрхэн хөгжих вэ, ямар зорилгын төлөө нэгдэх вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй.


Жишээ нь, Сингапур яагаад хөгжсөн юм бэ. Сингапур бол олон үндэстний бүрэлдэхүүнтэй улс. Хятад, Энэтхэг, Малай зэрэг гаралтай хүмүүс амьдардаг. Тэд тусгаар улс болон оршин тогтнох, хөгжих гэсэн нийтлэг зорилгын дор нэгдсэн учраас энэ онцлогт тохирсон нийгэм, хүний нөөц, хөгжлийн тогтолцоог бий болгосон. Тусгаар улс байж, англи хэлийг төрийн болон боловсролын тогтолцоондоо ашигласан. Тэдэнд толгойгоо ажиллуулж, сурах бичиг хэвлэж, сурган бэлтгэх шаардлага байгаагүй. 1960–1970-аад онд электроникийн салбар шинээр хөгжиж байх үед энэ чиглэлд анхаарч, гадаадын хөрөнгө оруулалтыг татсан. Гаднын компаниудад үйлдвэрлэл эрхлэх боломж олгохын зэрэгцээ хоёр зүйл шаардсан. Нэгдүгээрт, Сингапурын иргэдийг сургаж, мэргэжил эзэмшүүлэх. Хоёрдугаарт, элект­роник, радио, хөгжим, телевиз зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Сингапур байгалийн баялаг ихтэй улс биш. Харин хүний нөөц, боловсрол, гадаадын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн бодлогоо уялдуулж хөгжсөн. 
Монгол Улс бол Сингапураас ялгаатай. Олон мянган жилийн түүх, соёлтой, нүүдлийн соёл иргэншлийг тээгч улс. Тиймээс Монголыг яаж хөгжүүлэх вэ гэдэг асуултын хариуг бид өөрсдөө олох ёстой. Гаднын загварыг шууд дуурайж, өөр орны соёл, тогтолцоог тэр чигт нь хуулбарлаж авчраад хэрэггүй. Бусад орны туршлагаас суралцах зүйл мэдээж бий. Гэхдээ түүнийг Монголын нөхцөл, түүх, соёл, онцлогт тохируулж байж үр өгөөжтэй ашиглана. Бид өөрсдийнхөө онцлогийг ойлгож, улс орноо ямар ирээдүйд хүргэхээ тодорхойлж, тэр зорилгын төлөө нэгдэх хэрэгтэй.

Д.Отгонжаргал

"Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.