МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Нийгэм › Эзэн хичээвэл л заяа нь хичээдэг

Эзэн хичээвэл л заяа нь хичээдэг

Том газар нутагтай, цөөхөн хүн амтай, хөрс, ус, агаарын бохирдол бага байх боломжтой, дотооддоо бэлтгэдэг хүнсний зүйл эрүүл, дээр нь байгалийн элдэв гамшгаас хол (далайн шуурга, цунами, хөрсний гулгалт, галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт гэх мэт), сөрөг нөлөө бүхий хорхой шавж, шумуул мэт нь бага гэгддэг улс орон бол Монгол юм.

Үнэн
Админ

Том газар нутагтай, цөөхөн хүн амтай, хөрс, ус, агаарын бохирдол бага байх боломжтой, дотооддоо бэлтгэдэг хүнсний зүйл эрүүл, дээр нь байгалийн элдэв гамшгаас хол (далайн шуурга, цунами, хөрсний гулгалт, галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт гэх мэт), сөрөг нөлөө бүхий хорхой шавж, шумуул мэт нь бага гэгддэг улс орон бол Монгол юм. Гэтэл монгол хүний дундаж нас бага, хүмүүсийн, тэр дундаас хүүхдүүдийн эндэгдэл харьцангуй үзүүлэлтээр өндөр байна. Ахуйн гэмтэл, бэртэлт, авто аваар осол, гал усны аюул, угаарталт, олон төрлийн хорт хавдар, зүрх судасны өвчлөлт, архи, тамхины хор нөлөө жилдээ олон мянган хүний амь насыг хохироох болов. Эрүүл мэндийн үйлчилгээ, эмч нарын чадавх, эмнэлгийн багаж хэрэгслийн хоцрогдол, эмийн чанараар Монгол маань муу дүнтэй байна. Эрүүлийг хамгаалах үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалт ч дээрдэж өгөхгүй удлаа. Эмч, сувилагч нарын дутагдал хот, хөдөөгүй нүүрлэлээ. Цалин, хангамжаа голоод эмч, сувилагч нар мөнгө хөөж гадагшаа “урсах” болов. Дунд сургуулийн багш нарын хувьд ч байдал мөн л тиймэрхүү. Монголд маань ийм нөхцөл бүрдсэний улмаас хүүхдүүдийн эрүүл мэнд, хичээл, хүмүүжилд үзүүлдэг эмч, багш нарын нөлөө ихэд хомсдлоо.


Нарийн мэргэжлийн эмчийн тусламж цаг алдалгүй авах боломж зөвхөн төлбөрийн чадвартай иргэдэд л байгаа нь үнэн юм.


Хүн амын эмнэлэг, гэгээрлийн мэдлэг, зөв мэдээлэл шаардагдах түвшнээсээ нэн доогуур байна. Энэ бүхний шууд үр дагавар нь монгол хүний дундаж насны (шар арьстнууд дундаа) бага түвшин юм. Япон, Солонгос, Хятад улсынхаас Монголынх бага, доогуур байна.
Бэртэхгүй, гэмтэхгүй байх, өвчин халдвар авахгүй байх, шаардлагатай вакцинд бүрэн хамрагдах, улирлын нөхцөлд тохируулан зөв хувцаслах, гал усны аюулаас, авто зам дээрх ослоос сэрэмжлэх мэдлэг, болгоомж иргэн бүрд сул, бага байна.
Монголын маань хөрс шороо, таван хошуу малын мах, сүү биднийг хүнсээр, эрүүл аж төрөхөд хэрэгтэй бүхнээр хангах боломжтой билээ. Гэтэл бид гаднаас хүнсний зүйл авах нь ихэслээ. Ядаж л бүх нэрийн ногоо, жимсээр (дотооддоо тариалсан), үр тариагаар өөрийгөө бүрэн хангах хэрэгтэй байна. Ингэхэд шаардлагатай хөрс шороо, ус, нар бэлхнээ л байж байгаа шүү дээ. Гагцхүү төр засаг зөв бодлого хэрэгжүүлж, ард түмэн хөдөлмөрч л байх хэрэгтэй. Газар тариалангийн ажил бол (үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ) хүнд хүчир ч биш, их мэдлэг, чадвар шаарддаг ч биш, ашиг орлого нь ч бага биш хөдөлмөр, үйлдвэрлэл билээ. Ийм хөдөлмөр эрхлээд хүн элбэг хангалуун аж төрж, баяжиж хөрөнгөжиж ч болно.
Элдэв шалтгаанаар зуурдаар нас барах эрсдэлүүдээс сэргийлэх боломжуудын талаар тогтож, товч ярилцъя.
Аялах, жуулчлах, олон нутаг орон үзэх, таатай, таагүй олон нөхцөл, байдалд орж үзэх нь хэн хүнд урд мэдрэгдээгүйгээ мэдрэх, элдвээс болгоомжлох чадавхыг олгож, гэнэтийн үхлээс сэргийлэх боломжийг нь 17 хувиар өсгөдөг.
Цусан дахь сахарын хэмжээг хэвийн түвшинд барих, метформин эмийг зохистой хэрэглэх нь хүний насыг зургаан жилээр, цусан дахь холестериныг бууруулдаг статин эм хүний насыг 2.5 жилээр, цусны даралтыг хэвийн түвшинд барихад тусалдаг эмүүд хүний насыг гурван жилээр уртасгаж чаддаг байна. 2014 онд Англид хийсэн судалгаагаар хүн хоногт 400 грамм хүнсний ногоо (төмснөөс бусад) хэрэглэх нь үхлийн шалтгааныг 32 хувиар багасгадгийг ч тогтоожээ.

Байнга л шинэ зүйлд суралцах нь зөнөглөх үйл явцыг удаашруулдаг, дээр нь нэмээд  идэвхтэй хөдөлж амьдрах нь тун чухал гэнэ. Хүний уураг тархины хэвийн, урт амьдрах насыг тамхи татах нь 10 жилээр, өдөр бүр нэг хундага вино уух нь хоёр жилээр, цусан дахь сахар 6.1-ээс их байх нь зургаан жилээр, цусны даралт хэвийн хэмжээнээс зургаан өдрийн туршид 10-аар их байх нь бүтэн нэг жилээр тус тус багасгадаг юм байна.
Сахар бол наркотикийн нэг төрөл юм. Чихэрт донтох нь богино хугацаанд буй болдог. Хоол, цай, кофед сахар хийхгүйгээр ес хоноход л цусны даралт буурч, цусан дахь сахар багасдаг, биеийн жин нэг кг-аар багасаж, идэж, ууж буй бүхэн чихэрлэг амттай болж мэдрэгддэг гэнэ.
Сахар хэрэглэхгүй зургаан сар болоход жин долоон кг-аар хорогддог, бүсэлхийн хэмжээ зургаан см-ээр багасдаг, ой тогтоолт мэдэгдэхүйц сайжирдаг, цусны даралт 10-аар буурдаг, зүрх судасны өвчлөх эрсдэл ч багасдаг нь нотлогджээ. Эдгээр нь 2025-2026 онд Европод хийсэн судалгааны үр дүн юм.
Дээр дурдсан эм бэлдмэлүүд нь тухайн өвчин эмгэгийн шинж тэмдэг, зовууриудыг арилгахын зэрэгцээ хүний урт наслах боломжийг хангаж, дэмждэг.

Метформин, статин, мөн прилы, сартаны гэх төгсгөлтэй даралтын эмүүдийн нэр, үйлчилгээг хүн бүр мэддэг байх хэрэгтэй. Өвчтөн бүр ууж буй эмийнхээ заавар, тайлбарыг заавал авч уншиж байх ёстой. Тэдгээрээс хэрэгтэй мэдлэг, мэдээлэл авах нь тун чухал.

Монгол хүн урт наслах боломжтой. Удамшил, генийн хувьд тийм, бүс нутгийн нөхцөлийн хувьд ч тийм, биеийн дархлаа хар, цагаан арьстан хүмүүсийнхээс илүү сайн болох нь ч нотлогдсон зүйл. Өвөг дээдэс маань ч урт насалсаар байжээ. Хэн бүхний мэдэх жишээ гэхэд л Чингис хаан маань бүр XIII зуунд 65 насалж байв. Бэрх хэцүү амьдрал, их ч  бэрхшээл туулсан хүн шүү дээ! Гэтэл бид XXI зууны асар их боломжийн дээр дөрөөлөөд ч зарим маань 65 хүрч чадахгүй л байна. 800 жилийн хөгжил, дэвшил, 120 жил насалж чадаж байгаа Япон, Хятадын иргэдийн жишээ, туршлага, анагаахын шинжлэх ухааны ололтууд, цар тахлыг ч гэсэн эсэргүүцэж чадаж байгаа вакцинууд, хүчтэй эм тариа гээд л бидэнд туслах зүйл тун ч элбэг болсон цаг үе шүү дээ!
“Эзэн хичээвэл л заяа нь хичээдэг” гэх өвгөдийн маань сургаал, шашин суртлын үүднээс ч, шинжлэх ухааны үүднээс ч, амьдрал практикийн жишээ, баримтаар ч яг таг нотлогддог үнэн юм. Бид өөрсдөө л хичээхгүй бол бурхад ч, эмч оточ нар ч хүнийг 100-120 наслуулах ид шидтэй, мэдлэг, чадалтай биш билээ. Аль аль нь л наад зах нь 4000 жил байж, ажиллаж ирсэн гэж хэлж болно доо. “Бурхадад хүний өөрийн нь гараас өөр гар байхгүй. Чамд туслахын тулд л урд мөчийг чинь гар болгож, уураг тархийг чинь хөгжүүлж өгсөн юм шүү дээ! Одоо та нар миний өгсөн тархи толгой, гараа ажиллуулж сайхан амьдрах хэрэгтэй” гэх үг, санаа олон оронд яригддаг юм. Энэ нь ч үнэн үг, хэлдэг л үг. Үнэндээ “Эзэн хичээвэл л заяа нь хичээдэг” гэхийг сахиж, мөрдөж аж төрдөг нь амьтан болгоны л хувьд чухал зарчим юм. Төрөхөөсөө үхэх хүртлээ л амьд амьтан нэг бүр чадлаараа л хичээж амиа тээж явдаг. Оюун ухаантай амьтад бүр ч илүү хичээх боломжтой, бүр олон талын, элдэв янзын боломжтой билээ.

Д.Чулуунжав
/Судлаач, профессор/

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.