Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр хуралдаж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, арга замыг эрэлхийлэх, бодлогод нөлөөлөх асуудлуудыг хэлэлцлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр хуралдаж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, арга замыг эрэлхийлэх, бодлогод нөлөөлөх асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдааныг нийслэлийн Засаг даргын орлогч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн дэд дарга Г.Жаргалсайхан даргалж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газруудын дарга, удирдлага оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажлуудын талаар танилцуулав.
“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”, “Монгол Улсын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо”, “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” “Түгээмэл хөгжил төв”, “Итгэлийн оч гал дөл” ТББ-ын зарим төлөөлөл санал, хүсэлтээ илэрхийллээ. Явган зам, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны бодлого, нийслэлээс хэрэгжүүлж байгаа мега төслүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй болгох асуудлаар санал солилцов.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн дэд дарга Г.Жаргалсайхан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч байгаа асуудлыг судалж, шат шатны байгууллагуудад хүргэх, бодлого, шийдвэрт тусгах, тусгасан ажлуудыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн хуралдааныг улирал бүр зохион байгуулна. Жилийн төлөвлөлтөд өмнөх жил нь санал авч нэгтгэж, төсөвт суулгах нь зүйтэй. Аливаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжилтийн явцад алдагддаг жишээ бий. Тухайлбал, хүүхдийн тоглоомын талбай, налуу зам харахад байгаа мэт боловч стандарт мөрдөгдөхгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй байна. Тиймээс төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд бүх шатандаа хяналтыг сайжруулъя” гэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн дэд дарга Г.Жаргалсайхан дараах үүрэг даалгаврыг холбогдох газруудад өглөө.
Хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын сургалтыг үе шаттай зохион байгуулах,
Хөгжлийн бэрхшээлийн талаар эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх,
Төрийн байгууллагууд гадна болон дотоод орчны дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах,
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэх, соёл, урлагийн авьяас, чадварыг нь хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх,
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС