“Тамхины хяналтын тухай хууль бол өсвөр үеэ хамгаалах хариуцлагын хууль юм”
МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос 14 хоног тутамд зохион байгуулж, УИХ болоод Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй бодит ажлуудын талаарх цаг үеийн мэдээллийг өгдөг уулзалтын 35 дах нь өнөөдөр /2026.10.21/ боллоо.
МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос 14 хоног тутамд зохион байгуулж, УИХ болоод Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй бодит ажлуудын талаарх цаг үеийн мэдээллийг өгдөг уулзалтын 35 дах нь өнөөдөр /2026.10.21/ боллоо.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг Тусгаар тогтнолын ордонд цугласан ахмадуудад хоёр сэдвээр мэдээлэл өгч, тэдний асуултад хариулав.

Сүүлийн 13 жилийн турш өөрчлөгдөөгүй Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт баталсан юм.
Энэ хуулийг 78 гишүүн хамтран санаачилж, жилийн өмнө өргөн мэдүүлж байжээ.
Хуулийн өөрчлөлтөөр электрон тамхийг тамхины төрлийн бүтээгдэхүүнд анх удаа хамруулж, амт, үнэрийг хорьж, хүүхдэд борлуулахыг хориглох, онцгой албан татвар ногдуулах, тусгай зөвшөөрлийн зохицуулалт бий болгох зэрэг чухал арга хэмжээнүүд авна.
Манай улсад жил бүр 4300 орчим иргэн тамхитай холбоотой өвчний улмаас нас бардаг судалгаа байна. Иймд янжуур тамхины татварыг ч нэмэгдүүлэхээр хуульд заажээ.

Энэ хууль нь хүүхэд залуусын эрүүл мэнд, ирээдүй, өсвөр үеэ хамгаалах зорилготой хариуцлагын хууль гэдгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг тодотгож байлаа.
Ахмадуудад танилцуулсан хоёр дахь сэдэв нь Өргөдлийн байнгын хороонд байнга ирүүлдэг орон сууцны захиалгатай холбоотой асуудал юм.
Орон сууц захиалж, төлбөрөө төлсөн ч байрандаа орж чадаагүй гэх мянга гаруй өргөдөл тус байнгын хороонд ирүүлжээ.
Нэг орон сууцыг олон хүнд давхардуулан худалдах, барилгын ажил удаашрах, зогсох, дуусахгүй байгаагаас олон иргэн хохирч буй тул энэ асуудалд төрийн бодит оролцоо, дэмжлэг, зохицуулалт хэрэгтэй байгаа тул үр дүн гаргах нь чухал байгааг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хэлж байв.

Ахмадын холбооноос зохион байгуулсан энэхүү уулзалтад СӨХ-ны төлөөллүүд оролцож тулгамддаг асуудлаа ярьж, тодорхой асуултад хариулт авлаа.

Уулзалтад МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцлоо.
