Залуу лидер: Баттөмөрийн Төмөр-Очир
Социал демократ залуучуудын академийн залуус өглөгийн дээд өглөг эрдэм мэдлэгийг бусдад түгээж эхэлснээс хойш таван жил өнгөрчээ. Бусдыг урьж биш, өөрсдөө хүрч үе тэнгийн сургагч багш нараар хичээл удирдан явуулдаг энэ академийн гүйцэтгэх захирлаар өдгөө таван одтой Үндэсний сургагч багш Баттөмөрийн ТӨМӨР-ОЧИР ажиллаж байгаа бөгөөд түүнийг сониныхоо “Залуу лидер” буланд урьж ярилцлаа.
Социал демократ залуучуудын академийн залуус өглөгийн дээд өглөг эрдэм мэдлэгийг бусдад түгээж эхэлснээс хойш таван жил өнгөрчээ. Бусдыг урьж биш, өөрсдөө хүрч үе тэнгийн сургагч багш нараар хичээл удирдан явуулдаг энэ академийн гүйцэтгэх захирлаар өдгөө таван одтой Үндэсний сургагч багш Баттөмөрийн ТӨМӨР-ОЧИР ажиллаж байгаа бөгөөд түүнийг сониныхоо “Залуу лидер” буланд урьж ярилцлаа.
-Та болон танай хамт олонд Социал демократ залуучуудын академи байгуулагдсаны таван жилийн ойн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа.
-Ажиглахад багаасаа нийтэч, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байсан хүмүүс хожим багш, харилцаа хандлагын чиглэлээр мэргэшсэн харагддаг. Та ер нь багадаа ямархуу зан араншинтай хүүхэд байв. Нийгэм, нийтэд тустай ажилд гар бие оролцдог байв уу?
-Юм юманд эвсэлтэй, ангийнхаа хөдөлгөөнтэй хүүхдүүдийн нэг нь. Бүжиглэнэ, дуулна, хөгжим тоглоно. Сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөгийн тэмцээн болоход бүгдэд нь оролцоотой, идэвхтэй сурагч байсан. Би Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулийг төгссөн. Сургуульдаа “Хобби” бүлгийн ахлагчаар сонирхол нэгтэй хүүхдүүдийг нэгтгэсэн бүлгэмийн үйл ажиллагааг удирдан явуулж байв. Оюутан болсныхоо дараа ч урлаг, уран сайхны ажлаас хөндийрөөгүй. Монгол Улсын 29 удаагийн аварга ХААИС-ийн “Хатан туул” хамтлагт бүжиглэж байлаа.
-Тэгвэл мэргэжил сонгохдоо ч мөн харилцаа, олон нийтийн салбарыг сонгосон уу?
-Би ХААИС-д 2010 онд биотехнологич мэргэжлээр бакалавр, үргэлжлүүлээд бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Одоо эчнээгээр эрх зүйч мэргэжлээр сурч байна.
-Энэ хорвоо дээрх хамгийн том өглөг бол мэдлэгийн өглөг хэмээн ярьдаг. Ийм үнэ цэнтэй өглөгийг хэн танд анх өгч байсан бэ?
-Цэцэрлэгт байсан үеэс эхлэн тооцвол намайг сурч боловсорч, төлөвшихөд эрдэм мэдлэгээ харамгүй хайрласан багш, сурган хүмүүжүүлэгч олон бий. Тэднээс онцлон, таны асуултын агуулгад нийцүүлэн хариулбал би “Эртэч Монгол” хөтөлбөрийн санаачлагч Н.Энхбаатар багшийгаа хэлнэ. Багштайгаа анх 2018 онд танилцаж сургалтуудад нь хамрагдсан. “Хүн хоёр төрдөг” гэж ярьдаг. Миний хувьд багштайгаа танилцсанаар өөрийгөө хүний хөгжлийн багш, соён гэгээрүүлэгч, оюун санааны манлайлагч болох ёстой гэдгээ ойлгож байв. Н.Энхбаатар багш шигээ бусдад мэдлэг түгээх хүн болохоо ойлгож ухаарснаар миний илтгэл тавих, сургалт орох ажил эхэлсэн.
Бусдад өгье гэсэн чин сэтгэлийг үүсгэж чадвал сайн сургагч багш болдог
-Бодол өөрчлөгдөж орчин шинэчлэгдэхээр хандах зүг ч тодордог. Тухайн үед таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-2021 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учралын санаачилгаар Социал демократ залуучуудын академийн суурь тавигдаж байв. Тухайн үед Нийгмийн ардчилал залуучуудын академи нэрээр үйл ажиллагаагаа эхлүүлэхэд залуучуудын идэвх оролцоо ч их байлаа. Тэр үед би Нийслэлийн НАМЗХ-ны Ажлын албаны дарга байсан бөгөөд холбооны дэргэдэх академийг үүсгэн байгуулах ажилд идэвхтэй оролцсон. Залуучууд хамтдаа өсөн дэвших боломжийг бүрдүүлэх зорилготой академийг СДМЗХ, Фридрих Эбертийн сан, Стратеги академи хамтран байгуулснаас хойш таван жил болсон байна. Нийгмийн ардчилал залуучуудын академиас зохион байгуулсан ажил үр дүнтэй, сургалтууд нь үлдэцтэй байсан учраас би тухайн үед залуучуудын нэгэн адил сургалтад хамрагдах шийдвэр гаргасан. Сургалтын дүн гарахад онц дүнтэй төгссөн хоёр оролцогчийн нэг нь болоод зорилго маань илүү тодорсон доо. Тухайн үед 21 аймгийг тойрч сургалт хийхээр сонгогдож залуучуудын холбооныхоо бага хурлын гишүүдэд “Бүсийн манлайллын академи” сургалт орж байв.
Мөн энэ үед Удирдлагын академийн захирал байсан удирдахуйн ухааны доктор Д.Сүрэнчимэг багшийнхаа сургалтад хамрагдсан. Тухайн үед багшийн хэлсэн үг надад маш гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлснийг одоо ч санаж байна. Түүнээс л би сургагч багш гэдэг мөн чанараа олж авсан. Бусдад өгье гэсэн чин сэтгэлийг үүсгэж чадвал сайн сургагч багш болдог юм байна гэж бодох болсон. Өмнө нь илтгэгч, лектор гэдэг нэртэй байсан бол энэ үеэс би Социал демократ залуучуудын академидаа “Сургагч багш” хэмээн дуудуулж эхэлсэн юм.
Карьерын хувьд 2022 онд СДМОХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээс 2023-2024 онд дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. 2024 оноос Социал демократ залуучуудын академийн гүйцэтгэх захирал болсноос хойш хоёр жил болж байна.

-“Сургагч багш аа” гэж дуудуулснаас хойш хэчнээн хүнд сургалт орж, хэдэн цагийн хичээл заагаад байна вэ?
-2021 оноос хойш 21 аймгийг таван удаа бүтэн тойрсон байна. Энэ хугацаанд нийт 2500 цагийн хичээл орсон. 180 мянган хүнд сургалт орж, 230 орчим суманд хүрч ажилласан байна.
Хүн харах, сонсох гэсэн хоёр мэдрэхүйгээрээ хөгждөг. Тиймээс хүнийг хөгжүүлье гэвэл хардаг зүйлийг нь өөрчлөх хэрэгтэй. Бас сонсдог зүйлийг нь өөрчлөх шаардлагатай.
Товчхондоо, хүн сайн сайхан зүйл сонсоод байвал хөгждөг гэсэн санаа.
-Хүний хандлагыг өөрчилнө гэдэг урт хугацааны ажил. Бусдад өгдөг дадал зуршлыг та өнгөрсөн хугацаанд өөртөө суулгаж чадсан уу. Эсвэл одоо гэсэн ч суралцсаар явна уу?
-Тэр хандлага анхнаасаа надад байсан юм байна гэж бодсон. Би буурал эмээтэйгээ өссөн. Манайх хонь төхөөрөхөөрөө саахалт айлууддаа хувь болгож хүргэдэг. Нэгийн бидонд шинэ хонины мах, гэдэс дотор, шөл хуваан хийж надаар хүргүүлдэг байсан. Эмээ хуушуур хайрахаараа саахалт айлынхаа хүнийг заавал дуудаж цай уулгадаг. Багахан олзыг ч бусадтай заавал хуваах ёстойг эмээ маань үйлдлээрээ надад зааж, сургаж байжээ.
Багаасаа харсан энэ бүхэн миний амьдралын нэг дадал болж одоо бусдад мэдсэн сурснаа уламжлаад явж байна. Ер нь монголчууд өглөгийн сэтгэлтэй ард түмэн. Бас дандаа ерөөдөг уламжлалтай ард түмэн шүү дээ. Тэгэхээр тэр өгөгдөл нь ч надад байгаа юм байна гэж бодсон.
Харин таны асуусан хандлагын өөрчлөлт харах өнцгөөс эхэлдэг. Мэддэггүйгээ мэддэггүй хүн гэж байгаа. Мэддэггүйгээ мэддэг хүн гэж байдаг. Мэддэгээ мэддэггүй хүн гэж байна. Бас мэддэгээ мэддэг хүн гэж бий. Миний хувьд 2021 онд “Надад бусдад өгөх дадал байдаг юм байна” гэдгээ олж өөртөө утга оноож тунхагласан. Сургагч багш болъё гэж шийдсэн. Ийм амьдралаар амьдарч, үлдсэн амьдралдаа Бавуугийн Лхагвасүрэн гуай шиг хэдэн үг хэлээд орчлонгоос явъя гэж боддог.
-Социал демократ залуучуудын академи одны системээр сургагч багш нараа үнэлгээжүүлдэг. Академийн гүйцэтгэх захирал та хэдэн одтой сургагч багш билээ?
-Би таван одтой сургагч багш. Манай академийн багш нэг одтой болоход 50 цаг сургалт орсон байх ёстой. Сайн сургагч багш болох 10 мянган цагийн онол байдаг. Түүгээр бол нэг үйлдлээ 10 мянган удаа давтаад байвал тухайн зүйлдээ эксперт, мэргэжлийн түвшний болдог. Энэ ойлголтоор бол миний суралцах хугацаа үргэлжилж байна гэсэн үг. Одоогоор 2500 цагийн сургалт орчихоод байна.
-Академи өнгөрсөн таван жилийн хугацаанд хэчнээн сургагч багш бэлдээд байна вэ?
-Манай академи одоо 400 гаруй багштай. Тав дахь удаагийн сургагч багш бэлдэх хөтөлбөрөө бид эхлүүлчихээд явж байна. Сургагч багш 50 цаг сургалт ороод нэг од авна. Хоёр, гурван одтойг нь бүсийн сургагч багш, дөрвөөс долоон одтойг нь үндэсний сургагч багш гэж үздэг. Монгол Улс бүсчилсэн хөгжлийн стратегиар хөгжлөө тодорхойлж байна. Манай академийн сургагч багш нар улсынхаа аль ч бүсэд ажиллаж, сургалт орж болохоор байгаа нь бидний онцлог, давуу тал болох байх. Хүн насан туршдаа суралцдаг гэж ярьдаг. Тэгэхээр бидэнд хүрэх газар, хийх ажил их байна аа.
-Социал демократ залуучуудын академиас бэлдсэн сургагч багш нар хүмүүст юу заагаад байна вэ гэж сонирхох хүн олон. Та энэ асуултад хариулаач?
-Манай академи улс төр, хүний хөгжлийн чиглэлээр сургалт ордог. Социал демократ үзэл баримтлалтай МАН-ын гишүүн, түүний дэргэдэх улс төрийн байгууллагын залуу лидерүүдэд улс төрийн чиглэлийн сургалт ордог. Социал демократ үзэл баримтлал гэж юуг хэлэх вэ. Либерал гэдэг нь юугаараа ялгаатай вэ. Консерватив гэхээр ямар онцлогтой байдаг талаар үзэл баримтлалын чиг баримжаа олгох, үнэт зүйлсийнх нь хүрээнд сурган таниулна. Дэлхийн эдийн засгийн форумаас ирээдүйд хэрэгцээтэй 10 ур чадварыг гаргадаг. Тухайлбал, цахим орчинд ажиллах, идэвхтэй суралцах, шүүн тунгаах, өөртөө эргэлзэх ур чадвар, мөн харилцаа, манлайллын зэрэг ирээдүйд ажлын байранд шаардах ур чадварууд байна.
Эдгээрийг бид олж мэдээд амьдралдаа хэрэгжүүлэн түүнийгээ бусдадаа түгээдэг. Товчхондоо, хүний хөгжлийн сургалт энэ байдлаар сэдвээ тодорхой болгож манай улсын нийгмийн байдал, орчин нөхцөлд тохируулан сургалтынхаа агуулгад багтаан залуучууддаа мэдлэг болгон хүргэж байна.
Ерөнхийдөө мэдлэгийг дөрөв ангилдаг. Нэгдүгээрт, тухайн мэдлэг. Энэ нь илүү онолын байдлаар илэрнэ. Хоёрдугаарт, процесс мэдлэг. Аливаа зүйлийг хийж үзээд болдог эсвэл болдоггүй юм байна гэдгийг ойлгоно. Гурав дахь нь ноу-хау. Яг тэр хүн хийхээр хүнд илүү хүрдэг. Орчин, нөхцөл, өгөгдөл гээд бүх зүйл нь адилхан ч нэг л хүн хийхээр мэдрэмж төрүүлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний эзэмшсэн ноу хау гэж байдаг. Дөрөвдүгээрт, бүтээл буюу нүдэнд харагдаж, гарт баригддаг зүйл. Тэгэхээр бид энэ байдлаар мэдлэг түгээхийн төлөө зорьдог. Сэдлийг нь өгөөд сонголтыг нь хувь хүнд нь үлдээдэг гэсэн үг.

-Зарим ажлын үр дүн барилга, зам, эвсэл бүтээгдэхүүн болж хүнд хүрдэг. Харин та бүхний олон цагийн сургалтын үр дүн хувь хүний хөгжил, бүтээмж, өөрчлөлтөөр илэрч байдаг учраас дүгнэж, хэмжихэд хялбар биш. Та сүүлийн хэдэн сарын хугацаанд орон нутгаар яваад ирлээ. Социал демократ залуучуудын академиас хийсэн ажлуудын үр дүн харагдаж байх юм уу?
-Хүний хөгжил, хандлагын өөрчлөлтийг шууд харах боломжгүй. Нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй. Бид таван жилийн ойгоороо “Мэдлэгийн өглөг” аяныг эхлүүлж нас насны 5000 хүнийг хамрууллаа. Таван мянган хүний оюун санаанд гэрэл асаалаа гэж ойлгож байна. Манай академийн сургалтад хамрагдсан хүн гоё мэдрэмж авахаас гадна нэгийг бодож хоёрыг тунгаагаад гарна. Тиймээс би хувьдаа өнгөрсөн хугацааны ажлын үр дүнг академид байгаа залуучуудаар хэмжигдэнэ гэж ойлгож байна. Түүнээс биш хэн, хэзээ болсон сургалтад суугаад яаж өөрчлөгдсөнийг тухайлан хэлэх боломжгүй юм.
Академид байгаа залуучууд маань харилцаа, хандлагын тал дээр, анхны сэтгэгдэл сургалтын дараа өөрийгөө илэрхийлэх байдал, шинэ сэдэлтэй болсон байдаг. Мөн аливаа зүйлийг таамгаар бус судалгаа, тоо баримттай харьцуулж сурдаг. Тэдгээр хүмүүсийн ажил амьдрал өсөөд явж байгааг харахаар “Академиас зохион байгуулсан ажлууд үр дүнгээ сайн өгч байгаа юм байна” гэсэн бодол надад төрдөг юм.

-Танай академи давтагдсан тоогоор таван жилийн хугацаанд хэчнээн хүнд сургалт орсон байна?
-Ойролцоогоор 50 мянган хүнд хүрсэн. Залуучууд гэдэг боловч манай сургалтад бүх насны хүн хамрагддаг.
-Яагаад энэ асуултыг тавьсан бэ гэхээр сургалтад хамрагдсан хүн заавал багш болох шаардлагагүй ч танай академиас зохион байгуулсан сургалтад сууснаараа амьдрал, хувь хүний тал дээр өөрчлөлтийн эхлэл, шинэ сэдлийг төрүүлж чадсан байх гэж бодлоо. Мэдээж сайн зүйлийн тухай сонсож байгаа хүнд муу бодол төрөхгүй?
-Тиймээс манай академиас менторшип хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Үндэсний багш нарын ноу-хаугаас нь шинэ сургагч багш нар суралцдаг. Нэг жишээ дурдъя. Менторшип хөтөлбөрт хамрагдаж менти болсон нэг залуу багшаасаа үлгэр дуурайл авч өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэхээр болж. Тэр хамгийн түрүүнд 24 цаг болохоос өмнө гэртээ заавал харьж дадахаар зорьсон байна. Сургагч багш болох хүн өөрчлөлтийг өөрөөсөө эхэлдэг. Бусдад зааж сургахаас гадна бусдаар удирдуулж сурах чадвар их чухал байдаг юм. Ментор нь “Гэр бүлдээ цаг гаргаарай” гэсэн байх. Ер нь гэр бүлдээ цаг гаргаж чаддаггүй хүн бусдад цаг зарцуулна гэвэл учир дутагдалтай. Тэгээд менти болсон залуу эхэн үедээ цагтай уралдаж гэртээ харьдаг болж. Үр дүнд нь гэр бүлдээ зарцуулах цаг нь нэмэгдсэн. Эхнэртээ бөгж бэлэглэж бэлэг барьсан гээд өөрөөсөө эхлүүлсэн өөрчлөлт нь хэсэг хугацааны дараа амьдралын өөр өнгө төрхийг бүрдүүлж чадсан тухай ярьсан юм.
Цаашлаад хорт зуршлаасаа татгалзаж сурснаар сургалтын ач холбогдлыг ойлгосон бодит жишээ байдаг. Гэхдээ энэ бол нэг л жишээ. Ийм өөрчлөлт олон байгаа гэдэгт бид итгэдэг юм. Манай сургалтад хамрагдаад өөрчлөлт гарч байгааг сонсохоор “Бид зөв юм хийж байгаа юм байна” гэсэн урмын бодол төрдөг. Сургагч багш нар 5000 эсвэл 500 мянган хүнд хүрч ажиллах нь нэг асуудал. Их тоо. Гэхдээ бодитоор таван ч атугай залуугийн амьдралыг өөрчлөх юмсан гэж боддог. Нэг хүний цаана гэр бүлийнхнийг нь оруулаад 20 хүн байна гэж тооцоход төдий хэмжээний өөрчлөлтийг хийж чадаж байна аа гэсэн үг.
-Академийн багш нар одоо ямар чиглэлийн сургалтыг түлхүү орж байна вэ. Намын дэргэдэх академи гэдэг утгаараа ихэвчлэн социал демократ үзэл баримтлалынхаа талаар ярих уу?
-Түгээмэл ордог хичээл гэж ойлгож болох юм байна. Ер нь харилцааны хичээлүүдийг түгээмэл ордог. Хүний карьерыг өсгөх хамгийн том зэвсэг бол харилцаа байдаг. Тэгэхээр харилцаа хандлагын хичээлийг түгээмэл зааж байна. Айдсыг эрэмбэлэхэд хамгийн эхэнд нь “Хүмүүсийн өмнө гарч юм ярих” гэж гарсан. Хоёр дахь нь өндрөөс унах гэж судалгаанд дурдсан байдаг. Тэгэхээр өндрөөс унахаас илүү айдас бол хүний өмнө гарч юм ярих. Тиймээс илтгэх ур чадвар, мэтгэлцээний талаарх сургалтыг манай академийн сургагч багш нар түлхүү орж байна.
Бид ард иргэдээ мэдлэг мэдээллээр хангах үүрэгтэй. Хэрвээ ямар нэгэн үзэл баримтлалын сургалтад суугаагүй, мэдлэггүйгээр хараар дагаж байна гэдэг бол муйхраар харанхуйд алхаж байгаатай адил гэсэн үг.
1992 онд батлагдсан дөрөв дэх Үндсэн хуулиар парламентын засаглалтай байна гэж заасан байдаг учраас хэн ч байсан хуулиа мөрдөх ёстой. Улс төрийн нам бодлогоо боловсруулж ард түмний итгэлийг олж аваад өөрсдийн бодлогоо хэрэгжүүлээд явдаг тогтолцооны үед амьдарч байгаа болохоор намын дотоод ардчилал, намд ажиллаж байгаа хүмүүсийн идэвх чадавх, мэдлэг манлайлал маш их хэрэгтэй. Үүнийг олгох ганц гүүр бол сургалт юм. Сургалт шинжлэх ухаанч, хүний хөгжил төвтэй байвал институтийн үйл ажиллагаа идэвхэжнэ. Хүнээ хөгжүүлж чадвал улс орон ч хөгжинө.
-Та академийнхаа хоёр дахь гүйцэтгэх захирал нь. Удирдлагын амбицын хувьд хоёр жилийн өмнө тавьсан зорилгынхоо хаахна явж байна вэ?
-Бид “SDY academy 2.0” стратеги гаргаж, хэрэгжүүлээд явж байна. СДМЗХ-ны “Дэвшилтэт хөгжлийн стратеги”-ийн дөрвөн зорилго, 16 зорилтоо хэрэгжүүлээд явж байна. Түүний хамгийн эхний зорилт бол хүний хөгжил. Залуучуудаа хөгжүүлэхэд бодит ажлыг хэрэгжүүлэх, хийх газар нь Социал демократ залуучуудын академи байна. Товчхондоо,“SDY academy 2.0” стратеги бол өмнөх амжилтаасаа хоёр дахин илүүг хийж, бүтээе гэсэн агуулга юм. Өнөөдөр бид энэ зорилтдоо хэдийнэ хүрсэн. Би хоёр жилийн өмнө 108 багштай академи хүлээн авч байсан. Одоо манай сургагч багш нарын тоо 415 болсон. Үндсэн таван хөтөлбөртэй байсан бол одоо 13 хөтөлбөртэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Өмнө нь 10 мянга орчим хүнд хүрсэн байсан бол энэ тоо 50 мянга болсон. Энэ бол сургалтад хамрагдсан хүмүүсийн бодит үзүүлэлт. СДМЗХ 21 аймаг, есөн дүүрэгт салбартай. Салбарын даргаар академийн таван хүн ажиллаж байна. УИХ-ын сонгуульд академиас хоёр хүн нэр дэвшсэн. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хоёр хүн сонгогдоод байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөгчийн хуралд 30 гаруй хүн сонгогдон ажиллаж байна.
-Академи таван жилийн ойн баяраа тэмдэглэх гэж байна. Энэ өдрийн гол үйл явдал нь юу байх вэ?
-Социал демократ залуучуудын академийн таван жилийн ой бол өнгөрсөндөө дүгнэлт хийгээд дараагийн тав, 50 жилээ эхлүүлэх үе. Би энэ академийн захирлын хувьд улаан шугам татчихъя гэсэн бодолтойгоор ажиллаж байна. Ажил ингэж явдаг, ажлыг ингэж л гүйцэтгэдэг.
Долоон одны систем, долоон бүс болгоод академийн үндсэн долоон сэдэв гэдэг агуулгатайгаар контентууд гаргасан. Түүнийгээ гарын авлага болгон үлдээнэ. Ер нь намайг захирлаар ажиллах хугацаанд академид юу үлдэх вэ гэдгийг бодоод ажиллаж байгаа. Манай академийн багш нар бол хамгийн үнэт капитал юм.
Академийн ойн баярыг хуваалцахаар бидэнд хичээл заасан эрдэмтэн багш нар, холбооны удирдлагууд, Фридрих Эбертийн сангийн хамт олон, МАН-ын удирдлагын баг, СДМЗХ-ны 21 аймаг, есөн дүүргийн салбар холбооны удирдлагууд хүрэлцэн ирнэ. Бид өнгөрсөн таван жил бүхнийг хамтдаа бүтээсэн. Тиймээс энэ баяр бол энэ ажилд оролцсон хүн бүрийн баяр өдөр байна.
Бид ойн хүрээнд сэтгүүл гаргаж, подкаст бэлдэн хүргэж байна. Ер нь өв үлдээе, ирээдүйдээ үлдээх юмтай байя гэдэгт анхаарч байгаа. Энэ өдөр бид шилдгүүдээ алдаршуулна. Шилдэг бүс, шилдэг багш, шилдэг ментор зэрэг таван номинацаар шилдгүүдээ тодруулна. Мөн өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан номуудаа таван номын санд өгнө. Хувь хүний хөгжлийн сэдэв давамгайлсан номууд бий.
-Ярилцлагын төгсгөлд алсын хараагаа хэрхэн тодорхойлж байгааг асууя.
-Ирэх жилүүдэд тооноос чанарт гэсэн стратегийг баримтлан ажиллана. Ахисан түвшний сургагч багш нартай болно. Өөрөөр хэлбэл, одоо ажиллаж байгаа сургагч багш нараа мэргэшихэд анхаарал хандуулж, олон улсын сургагч багш нартай болохоор ирэх жилүүдээ төлөвлөөд байна. Бас бусдад өгье гэсэн чин сэтгэлтэй хүн илүү олон болоосой гэж хүсэж байна.
Ярилцлагын төгсгөлд залуучуудын байгууллагын дэргэд ийм академи байх ёстой юм байна гэж санаачилсан Н.Учрал даргадаа баярлалаа. Сайн жишиг болсон учраас үр дүнд нь МАН-ын дэргэд Улс төрийн манлайллын академийг байгуулсан. Манай академийн захирал байсан хүн одоо тухайн академийн захирлаар сонгогдон ажиллаж байна.
Мөн Социал демократ залуучуудын академийн анхны гүйцэтгэх захирал Б.Золбадрал багшид баярласан, талархсанаа илэрхийлье. Тэр хүн зөв стратегиар олон залуугийн амьдралд гэрэл асааж, хамгийн гол нь итгэл өгч зоригжуулан сургасан юм. Түүнчлэн МАН, Фридрих Эбертийн сан, СДМЗХ-ны долоо дахь ерөнхийлөгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва танд итгэл хүлээлгэн академийн гүйцэтгэх захирлаар сонгон ажиллуулсанд баярлалаа.
СДМЗХ-ныхоо дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, холбооныхоо нийт гишүүддээ талархаж байна. Манай академийг сонгон суралцсан бүх хүнд баярлалаа. Энэ бүх ажлын ард гарахад Төмөрөө ганцаараа хүрэлцэхгүйгээ эрт ойлгосон. Тиймээс хамтын манлайлал чухал. Хүн надад итгэж байхад би ч гэсэн бусдад итгэдэг байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Миний хувьд академийнхаа гүйцэтгэх захирлаар ажилласан хоёр жил талархал дүүрэн өнгөрч байна.
Хамтдаа байх ямар үнэ цэнтэй байдаг юм бэ. Хамт хөдөлмөрлөх, хамт үр дүн үзэх ямар гоё юм бэ. Хамт олонтой хүн гэж ямар хүчтэй байдаг юм бэ гэдгийг мэдэрсэн цаг хугацаанд бидэнтэй хамт байсан бүх хүнд Социал демократ залуучуудын академийн таван жилийн ойн баярын мэнд хүргэе.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
"Монголын үнэн" сонин