П.Мягмардорж: Монгол-Германы харилцааг эдийн засаг, технологи, боловсролын салбарын хамтын ажиллагаагаар гүнзгийрүүлэх айлчлал боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар тус улсад энэ сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийлээ. Төрийн тэргүүний энэ удаагийн айлчлалын талаар Олон улсын харилцааны судлаач, доктор П.МЯГМАРДОРЖТОЙ ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар тус улсад энэ сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийлээ. Төрийн тэргүүний энэ удаагийн айлчлалын талаар Олон улсын харилцааны судлаач, доктор П.МЯГМАРДОРЖТОЙ ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д хийсэн айлчлалын үр дүн, онцлогийг та хэрхэн харж, дүгнэж байна вэ?
-Миний хувьд энэхүү айлчлалыг дараах гурван агуулгын хүрээнд дүгнэмээр байна. Нэгдүгээрт, Монгол-Германы стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр талын харилцааг улс төр, дипломатын агуулгаас харилцаа, хамтын ажиллагааны бодит агуулгаар баяжуулах зорилготой айлчлал боллоо. 2024 онд ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмаэйрийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнд хоёр талын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. Харин Ерөнхийлөгчийн энэ удаагийн хариу айлчлалын гол зорилго нь уг түншлэлийг ямар ямар салбарт, хэрхэн бодит үр дүнгээр баяжуулах вэ гэдэгт оршиж байна. Төрийн тэргүүнүүдийн албан ёсны яриа хэлэлцээний хүрээнд улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл боловсрол, шинжлэх ухаан, технологи, иргэд хоорондын солилцоо, олон талт хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлыг хөндсөн. Төрийн айлчлалын үр дүнд байгуулсан "Хамтарсан тунхаглал"-аар хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хэтийн төлөвөө хамтран тодорхойлсон. Мөн хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагаа, банк санхүү, боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг энэ айлчлалын үеэр байгууллаа.
Хоёрдугаарт, айлчлалын ач холбогдлыг зөвхөн хоёр талын харилцааны хүрээнд харах нь өрөөсгөл болно. Өнөөдөр олон улсын харилцаанд их гүрнүүдийн өрсөлдөөн, геополитикийн тодорхойгүй байдал улам бүр нэмэгдэж байна. Ийм нөхцөлд Монгол Улсын хувьд гадаад харилцааны түншүүдийн хүрээг өргөжүүлэх, гадаад эдийн засгийн салбарыг төрөлжүүлэх, бие даасан, үндэсний ашиг сонирхолд нийцсэн сонголт хийх боломжоо хадгалах нь стратегийн чухал асуудал болоод байна. Герман бол Европын улс төр, эдийн засаг, технологийн томоохон төв бөгөөд Монгол Улсын "Гуравдагч хөрш"-ийн бодлогод онцгой байр суурь эзэлдэг. Тиймээс Герман улстай харилцаагаа гүнзгийрүүлэх нь Монголын гадаад бодлогын бие даасан байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Гуравдугаарт, энэ айлчлалын онцлог нь улс төр, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг нэгэн цогц байдлаар авч үзсэнд оршиж байна. Тухайлбал, бизнес форум, шинжлэх ухааны форум, эрдэм шинжилгээний хурлууд болон “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн нь нэгдсэн нэг цогц арга хэмжээ болсон. Гэхдээ судлаачийн хувьд нэг зүйлийг энд онцолмоор байна.
Айлчлал амжилттай болсон эсэхийг зохион байгуулсан арга хэмжээний тоо, гарын үсэг зурсан баримт бичгийн тоогоор дангаар хэмжих нь учир дутагдалтай. Харин цаашид хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэв үү, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжив үү, боловсролын хамтын ажиллагаа шинэ шатанд гарав уу гэдгээр нь үнэлэх ёстой. Дипломат харилцааны амжилт эцэстээ эдийн засаг, нийгмийн бодит үр өгөөжөөр хэмжигдэнэ.
-Айлчлалын хүрээнд олон салбарыг хамарсан, өргөн хүрээний яриа хэлэлцээ өрнөсөн байх нь ээ?
-Айлчлалын агуулгыг дор дурдсан зургаан үндсэн чиглэлээр тайлбарлаж болно. Нэгдүгээрт, улс төр, дипломат харилцаа. Хоёр улсын Төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлсон. Хоёрдугаарт, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт. Монгол, Германы бизнес форумыг зохион байгуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, ашигт малтмал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцсэн. Гуравдугаарт, боловсрол, шинжлэх ухаан. Хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойг тэмдэглэж, Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа. Энэ нь их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой. Дөрөвдүгээрт, соёл, түүх, монгол судлал. Берлинд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн нээгдэж, Лайпциг хотод Германы монгол судлаач Эрих Хэниш болон их зохиолч Д.Нацагдоржийн түүхэн гавьяаг алдаршуулсан дурсгалын самбар нээх, Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал зэрэг арга хэмжээг зохион байгууллаа. Тавдугаарт, байгаль орчин, ногоон хөгжил. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хөндсөн. Зургадугаарт, цахим технологи, шинэ үеийн сорилтууд. Хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглал зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцсэн. Эдгээр чиглэлээс харахад айлчлал зөвхөн улс төрийн дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээрээр хязгаарлагдсангүй. Харин төр, бизнес, их сургууль, судалгааны байгууллага, соёлын салбарын оролцоог холбосон өргөн хүрээтэй арга хэмжээ болсон. Гэхдээ энэхүү зургаан чиглэл гэдэг нь арга хэмжээний албан ёсны ангилал биш, харин айлчлалын агуулгыг тайлбарлах судлаачийн ангилал гэдгийг тодотгоё.
-Төрийн тэргүүний түвшинд 14 жилийн дараа болсон энэ айлчлалаар аль салбарт илүү ахиц дэвшил гарна гэж та харж байна вэ?
-Миний бодлоор энэ удаагийн айлчлалын гол онцлог нь өмнө нь бий болсон харилцааны улс төр, дипломатын суурийг эдийн засаг, технологи, боловсролын бодит хамтын ажиллагаатай холбох асуудлыг илүү тодорхой тавьсанд оршино. Энд хоёр чиглэлийг онцолж болно. Нэгдүгээрт, эдийн засгийн хамтын ажиллагаа. Монгол, Германы харилцаанд улс төрийн итгэлцэл, боловсрол, соёлын харилцаа харьцангуй сайн хөгжсөн. Харин энэ суурийг худалдаа, хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл зэрэг хамтын ажиллагаагаар баяжуулах шаардлага байсаар байна. Энэ хүрээнд Герман улсын Сэргээн босголтын зээлийн банк Монгол Улсын “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-тэй тогтвортой хөгжил, ашигт малтмалын нөөц, аж үйлдвэр, технологи, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилт болон хариуцлагатай хөрөнгийн удирдлагын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Түүнчлэн төрийн айлчлалын хүрээнд Берлин хотноо зохион байгуулагдсан “Монгол-Германы бизнес форум”-д хоёр талаас нийтдээ 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон нь хоёр орны бизнесийн салбарынхны хувьд нүүр тулан уулзаж боломж бололцоогоо эрэлхийлэхэд дөхөм болсон. Герман технологи, инженерчлэл, мэргэжлийн боловсролын давуу талыг Монголын ашигт малтмал, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний боломжтой холбож чадвал харилцаа илүү бодит агуулгатай болно. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн түүхий эд худалдах бус боловсруулах үйлдвэрлэл, технологи дамжуулалт, хүний нөөцийн бэлтгэлийг хамтад нь авч үзэх хэрэгтэй. Хоёрдугаарт, боловсрол, шинжлэх ухаан, иргэд хоорондын болон соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагаа. Эдгээр нь хоёр улсын харилцааны хамгийн сайн суурь тавигдсан салбарууд. 100 жилийн түүхтэй боловсролын хамтын ажиллагааг өнөөгийн технологи, инновац, судалгаа хөгжүүлэлтийн шаардлагатай холбох боломж нээгдэж байна. Тухайлбал, Монгол, Германы боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны баялаг түүхийг өнөө цагт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой “Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөг”-ийг энэхүү төрийн айлчлалын хүрээнд анх удаа хамтран зохион байгуулсан нь чухал ач холбогдолтой.
"Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээж, зургаан сарын турш герман улсын иргэд төдийгүй Европын бусад улсын иргэд, жуулчдад Монголын эзэнт гүрний түүх, монголчуудын ахуй соёл, хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг илүү өргөн хүрээнд танин мэдүүлэх чухал ач холбогдолтой зүйл болж байна.
Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хоёр улсын иргэд харилцан зорчих асуудлыг дэмжих, мөн Герман улсад ажиллаж амьдардаг монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхий консулын газрыг Герман Улсын Франкфурт ам Майн хотноо нээхээр болсныг албан ёсоор зарлалаа. Гэхдээ нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Айлчлалаар хамтын ажиллагааны боломж, улс төрийн дэмжлэг, цаашдын зорилтыг тодорхойлсон нь өөрөө чухал үр дүн. Харин аль салбарт бодит ахиц гарсныг тогтоохын тулд хэрэгжиж эхэлсэн төсөл, санхүүжилт, хөрөнгө оруулалт, экспортын өсөлт, бэлтгэгдсэн мэргэжилтний тоо зэрэг үзүүлэлтийг дараа нь шалгаж үнэлэх ёстой. Тиймээс би энэ айлчлалыг харилцааны шинэ боломжуудыг тодорхойлсон үйл явдал гэж дүгнэхийн зэрэгцээ тэдгээр боломжийг бодит үр дүнд хүргэх ажил одооноос эхэлж байна гэж үзэж байна.
-Боловсролын салбарт олон жилийн харилцаа, хамтын ажиллагаатай улсуудын хувьд цаашид ямар боломж, гарц нээгдсэн айлчлал болов?
-Боловсролын хамтын ажиллагааны тухайд Монгол, Германы харилцаа бусад олон салбартай харьцуулахад урт түүхтэй. Энэ бол зөвхөн оюутан сургаж, диплом олгодог харилцаа биш. Хоёр улсын хооронд мэдлэг, мэргэжил, хэл, соёл, шинжлэх ухааны уламжлал дамжин хөгжиж ирсэн түүх юм. Миний бодлоор цаашид дөрвөн чиглэлд анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, оюутан, багш, судлаачдын солилцоог өргөжүүлэх. Зөвхөн Германд суралцуулах бус хоёр улсын их сургуулиудын хамтарсан хөтөлбөр, судалгааны баг, доктор болон докторын дараах сургалт, багш солилцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, мэргэжлийн болон инженерийн боловсролыг үйлдвэрлэлтэй холбох. Монгол, Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль буюу GMIT, мөн хосолмол мэргэжлийн боловсролын тогтолцооны туршлагыг илүү үр дүнтэй ашиглах боломж бий. Инженер, геологи, уул уурхайн технологи, байгаль орчин, эрчим хүчний чиглэлээр бэлтгэгдсэн боловсон хүчин Монголын эдийн засгийн төрөлжилтөд чухал үүрэг гүйцэтгэж чадна. Гуравдугаарт, шинжлэх ухааны хамтын ажиллагааг төсөл, бодит үр дүнтэй холбох. Хоёр улсын эрдэмтэд хамтран судалгаа хийж, лаборатори, өгөгдөл, судалгааны арга зүйгээ хуваалцаж, олон улсын санхүүжилттэй төслүүдэд хамтран оролцох боломжтой. Энэ удаагийн айлчлалын хүрээнд зохиогдсон шинжлэх ухааны өдөрлөгийг цаашдын тогтвортой хамтын ажиллагааны эхлэл болгох нь чухал. Дөрөвдүгээрт, монгол судлал болон монгол хэлний сургалтыг дэмжих. Герман нь Монголын түүх, хэл, соёл, нүүдлийн соёл иргэншлийг судалдаг эрдэм шинжилгээний баялаг уламжлалтай улс. Үүнийг зөвхөн өнгөрсөн түүхийг судлах хүрээнд бус өнөөгийн Монголын нийгэм улс төр, хууль эрх зүйн орчин, эдийн засаг болон гадаад бодлогыг судлах чиглэлээр өргөжүүлэх боломжтой. Гэхдээ энд нэг чухал зарчим бий. Боловсролын хамтын ажиллагааны үр дүнг зөвхөн хэдэн монгол оюутан Германд суралцсанаар хэмжих ёсгүй.
Тэдний эзэмшсэн мэдлэг Монголдоо хэрхэн ашиглагдаж байна, ямар шинэ технологи нутагшуулж байна, ямар судалгааны байгууллага, үйлдвэрлэл бий болгоход хувь нэмэр оруулж байна гэдгээр нь үнэлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, боловсролын хамтын ажиллагаа нь Монгол Улсын хүний нөөц, технологийн чадавх, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгсэл байх ёстой.
-Берлинд нээсэн “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн нэлээд олны анхааралд орох шиг боллоо. Та судлаачийн хувьд энэ үзэсгэлэнгийн ач холбогдлыг хэрхэн тайлбарлах вэ?
-Энэ үзэсгэлэнг би дипломат харилцааны хүрээнээс давсан, Монголын түүх соёл, нэн ялангуяа Чингис хааны тухай олон улсын ойлголтыг баяжуулах ач холбогдолтой үйл явдал гэж үзэж байна. Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар Берлин хотын Музейн арал дахь Жеймс Симон галерейд нээсэн. Монголын сүүлийн 30 гаруй жилийн археологийн судалгаа, шинэ олдворууд, нүүдэлчдийн болон Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой дурсгалуудыг толилуулж буйгаараа онцлог. Гэхдээ германчуудын үзэсгэлэнг хэрхэн хүлээн авч байгааг ярихдаа албан ёсны нээлтийн ёслолын үнэлгээ болон олон нийтийн бодит хүлээн авалтыг ялгах хэрэгтэй. Германы Ерөнхийлөгч уг үзэсгэлэн нь Германы олон мянган иргэнд Монголын түүх, соёлыг илүү гүнзгий танин мэдэх боломж олгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ бол хоёр улсын Төрийн тэргүүний түвшинд энэхүү үзэсгэлэнд өгч буй үнэлгээ. Харин үзэгчдийн тоо, хэвлэл мэдээллийн үнэлгээ, олон нийтийн сэтгэгдлийн талаар тусгайлан шалгасан мэдээлэлгүйгээр германчууд нийтээрээ ямар байр суурьтай байгааг дүгнэх нь учир дутагдалтай. Судлаачийн хувьд би энэ үзэсгэлэнгийн ач холбогдлыг дараах гурван агуулгын хүрээнд харж байна.
Нэгдүгээрт, Монголын түүхийг монгол судлаачдын өнцгөөс дэлхийд тайлбарлах боломж. Чингис хаан болон Монголын эзэнт гүрний түүхийг олон улсад янз бүрийн өнцгөөс тайлбарлаж ирсэн. Харин археологийн бодит олдвор, шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан Монголын төр, нийгэм, эдийн засаг, худалдаа, шашин, дипломат харилцааны түүхийг цогцоор нь харуулах нь чухал. Монголын эзэнт гүрнийг зөвхөн байлдан дагуулал, цэрэг стратегийн түүхээр хязгаарлаж болохгүй. Евразийн өргөн уудам орон зай дахь худалдаа, харилцаа холбоо, төрийн зохион байгуулалт, соёлын солилцооны түүхэн үүргийг нь хамтад нь авч үзэх шаардлагатай.
Хоёрдугаарт, соёлын дипломат ажиллагаа. Улс орнуудын харилцааг зөвхөн улстөрчдийн уулзалт, эдийн засгийн гэрээ хэлэлцээрээр хэмждэггүй. Нөгөө улсынхаа түүх, соёл, үнэт зүйлийг ойлгох нь харилцан итгэлцлийн чухал үндэс болдог. Энэ утгаараа үзэсгэлэн Монголын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх боломжтой.
Гуравдугаарт, монгол судлалын шинэ боломж. Герман улс Монгол судлалын урт удаан хугацааны түүхэн уламжлалтай. Ийм үзэсгэлэн нь зөвхөн түр хугацааны соёлын арга хэмжээ байгаад өнгөрөх бус археологи, түүх, музей судлал, антропологи, их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх эхлэл болох боломжтой. Миний хувьд хамгийн чухал нь энэ үзэсгэлэнгээр Монголын түүхийг сурталчлаад зогсохгүй, Монголын өнөөгийн төр, нийгэм, хөгжил, гадаад бодлогыг танин мэдэх сонирхлыг төрүүлэх явдал юм. Түүх бол өнгөрсөн үеийн тухай өгүүлэмж төдийгүй өнөөгийн Монголыг дэлхийд зөвөөр харуулах оюуны бодит нөөц мөн.
-Ярилцлагын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д хийсэн айлчлалын ач холбогдлын талаарх таны дүгнэлтийг сонсъё?
-Миний дүгнэлт бол энэ айлчлалыг Монгол-Германы харилцааны хөгжлийн түүхэн залгамж халаа болон ирээдүйн стратегийн зорилтыг холбосон үйл явдал гэж үзэж болно. Монгол, Герман хоёр улс газарзүйн хувьд алслагдсан боловч боловсрол, шинжлэх ухаан, соёлын урт хугацааны харилцаатай. 2024 онд стратегийн түншлэлийн харилцаанд хүрсэн бол 2026 оны энэ айлчлал уг түншлэлийг бодит агуулгаар баяжуулах асуудлыг илүү тодорхой тавилаа. Гэхдээ Монгол Улсын хувьд Германтай харилцахын ач холбогдол зөвхөн хоёр талын харилцаагаар хязгаарлахгүй байх хэрэгтэй. Өнөөгийн олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөлд бид гадаад бодлогынхоо сонголтыг хадгалах, эдийн засгийн эмзэг байдлаа бууруулах, түншүүдийнхээ хүрээг өргөжүүлэх шаардлагатай. Энэхүү зорилтын хүрээнд Герман бол Монголын "Гуравдагч хөрш"-ийн бодлогын чухал түнш юм. Гэхдээ "Гуравдагч хөрш"-ийн бодлого гэдэг нь зөвхөн олон улстай дипломат харилцаагаа хадгалах, стратегийн түншлэл байгуулах тухай ойлголт биш. Харин Монгол Улс өөрийн эдийн засаг, технологи, хүний нөөц, институцийн чадавхаа бэхжүүлж, олон улсын харилцаанд бие даан сонголт хийх боломжоо нэмэгдүүлэх тухай асуудал юм. Тиймээс цаашид Монгол-Германы харилцаа, хамтын ажиллагааг гурван үндсэн үр дүнгээр хэмжих нь зүйтэй гэж бодож байна. Эдийн засгийн төрөлжилт: худалдаа, хөрөнгө оруулалт, боловсруулах үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагаа бодитоор нэмэгдэж байна уу. Хүний нөөц, мэдлэгийн хөгжил: боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа Монголын хөгжлийн хэрэгцээнд хэрхэн үйлчилж байна вэ. Стратегийн бие даасан байдал: энэхүү хамтын ажиллагаа Монгол Улсын гадаад бодлогын сонголт, эдийн засгийн тэсвэрлэх чадвар, олон улсын байр суурийг бэхжүүлэхэд хэрхэн хувь нэмэр оруулж байна вэ. Эдгээр асуултад бодит үр дүнгээр хариулж чадвал стратегийн түншлэл маань нэр төдий харилцаа биш, харин Монгол Улсын урт хугацааны хөгжилд хувь нэмэр оруулах бодит механизм болно. Эцэст нь хэлэхэд, Монгол-Германы харилцааны дараагийн шатны гол сорилт нь улс төрийн итгэлцлийг эдийн засгийн бодит үр өгөөж, мэдлэг технологийн хөгжил, Монгол Улсын стратегийн бие даасан байдал болгон хувиргахад оршино.
М.Өнөржаргал
"Монголын үнэн" сонин