МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › Залуу лидер: Батжаргалын Батцэцэг

Залуу лидер: Батжаргалын Батцэцэг

Эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжил, туулсан замналаараа нийгэмд түүчээлж яваа залуу манлайлагчдыг урьж оролцуулдаг “Залуу лидер” булангийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргаа, санхүүгийн газрын дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын залуу багш нарын холбооны Ерөнхийлөгч Батжаргалын Батцэцэгтэй ярилцлаа.

Үнэн
Админ
  Баялаг бүтээх салбарт эрчүүд, хуваарилахад эмэгтэйчүүд олноороо ажилладаг болоосой
 
Эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжил, туулсан замналаараа нийгэмд түүчээлж яваа  залуу манлайлагчдыг урьж оролцуулдаг “Залуу лидер” булангийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргаа, санхүүгийн газрын дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын залуу багш нарын холбооны Ерөнхийлөгч Батжаргалын Батцэцэгтэй ярилцлаа. Түүний хувьд философич, улс төр судлаач, хүний нөөц, эрх зүйч, англи хэлний орчуулагч зэрэг олон мэргэжил эзэмшсэн, Удирдлагын академийн магистр, МУИС-ийн Төрийн удирдлагын докторын зэрэгтэй. Хүний нөөц, удирдахуйн ухаанаар мэргэшсэн, чадварлаг, өндөр боловсролтой эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон түүний ажил, амьдралын түүхээс уншигч тантай хуваалцаж байна. 
 
-Таны мэргэжил сонголтоос ярилцлагаа эхэлье. Эмэгтэй хүнд философич мэргэжилтэй болох сэдэл хэрхэн төрсөн нь сонин байна. Энэ нь таны сонголт байв уу эсвэл өөр хэн нэгний зөвлөгөө байсан уу?
 
-Олон жилийн өмнөх дурсамжаа ярьж таарах нь. Миний хувьд дунд сургуульд байхдаа УИХ-ын чуулган их үздэг хүүхэд байлаа. Тэр цаг үеэс л “Энэ хүмүүс шиг улс эх орондоо өөрийн гэсэн хувь нэмрээ оруулна” гэж бодох болсон юм. Гэхдээ энэ бол хэнтэй ч хуваалцаж байгаагүй миний хувийн бодол байсан л даа. 
Эрэгтэй дүү нартай айлын ганц охин учраас ээж аав хоёр маань бусдын жишгээр “Ганц охиноо л өндөр боловсролтой хүн болгоно” гэж хамаг байдгаа л зориулдаг байв. Ингээд сургууль төгсөхөөс өмнө ээж аавын зүгээс “Орос, англи хэлээр үндсэн, нэмэлтээр математикаар шалгалт өгнө шүү” гэж ярилцаад надад цагийн багш авч өгснөөр хичээлийн хажуугаар нэмэлт давтлагад явж, конкурсдээ /ЭЕШ/ бэлдэж эхэлсэн юм. 
 
Хэдийгээр аав ээж хоёр маань ийм бодолтойгоор бэлдүүлж байсан ч миний өөрийн шийдвэр өнөөх л “УИХ-ын гишүүн болно” гэдэг дээрээ байсан учраас  нийгмийн ухааны хичээлээр конкурс өгөхөөр нууцаар, бие даан бэлдэж эхэлсэн. Ингээд шалгалт өгөхөд бэлдэж байсан гурван хичээлээр өндөр оноо авч, гурвуулангаар нь улсын сургуульд суралцах эрхтэй болж байлаа. Мэргэжил сонголтоо хийх болоход гарцаагүй маргаан дэгдэж таарсан. Нийгмийн ухааны чиглэлээр сургуульдаа дөрөвдүгээрт жагссан юм. Тухайн үед хүүхэд байсан болохоор улс төрийн чиглэлээр мэргэжил эзэмшиж байж УИХ-ын гишүүн болдог гэж гүн бат итгэсэн байсан болохоор “Улс төрийн анги сонгоно” гээд зүтгэчихсэн. Аав ээж хоёр маань намайг ятгаж дийлээгүй учраас ах, эгч нар ирээд “Ийм мэргэжил сонгочихвол чамд сургуулиа төгсөөд ажил олдохгүй, эдийн засаг, санхүү сонговол төгсөөд шууд ажилтай болно” гэх зэргээр нэлээд ухуулсан л даа.
 
 
Мэргэжлээ сонгохоор ороход МУИС-ийн Улс төр судлалын ангийг эхний гурван хүүхэд гурвуулаа сонгочихсон байсан юм. Ингээд дөрөвт жагссан надад МУИС-ийн Философи, шашны анги болон МУБИС-ийн Философи, улс төрийн ангийн сонголт үлдсэн байсан л даа. Анхнаасаа улс төр сонгох бат итгэл үнэмшилтэй байсан учраас үүнийгээ дагаад МУБИС-ийг сонгож байсан түүхтэй. Гаднын өндөр хөгжилтэй орнуудад философич, гүн ухааны мэргэжилтэй хүмүүсийг маш өндрөөр хүлээн авч, бахархалтай ханддаг юм билээ. Хожим Дани улсад суралцахаар очиход намайг маш хүндэтгэлтэйгээр хүлээн авсан тэр үед л өөрийн эзэмшсэн мэргэжлийнхээ үнэ цэнийг илүү тодоор мэдэрч, бахархах сэтгэл төрж байснаа дурсахад таатай байна. 
 
 
-Таны намтрыг харахаар тасралтгүй суралцжээ. Ер нь боловсролоо дээшлүүлэхэд хэр их цаг хугацааг зарцуулсан бэ?
 
-Одоогоор зургаан сургууль дүүргэсэн байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд суралцахыг хоббигоо болгож ирсэн гэх үү дээ. Гэхдээ мэдээж сурахын тулд  сураагүй. Философи, улс төрийн чиглэлээр суралцах явцад ээж аавын маань хэлж байсанчлан “Үнэхээр төгсөөд ажил олдохгүй юм байна” гэдэг мэдрэмж аваад байсан л даа. Учир нь бид Улс төрийн ангийнхан учраас шат шатны сонгуульд нэлээд ажилладаг, улс төрийг онолын талаас нь эрт ойлгочихсон оюутнууд байсан юм. Тийм ч учраас гуравдугаар дамжаанаас эхлээд улс төрийн чиг хандлагаа тодорхойлоод, сонголтоо хийчихэж байлаа. Ингэснээр шууд л манай ангийнхан АН, МАН-аараа ялгараад өөрсдийн сонголтын дагуу тухайн намынхаа сонгуульд явдаг байв. Миний хувьд МАН-ын үзэл баримтлалыг дэмждэг байсан учраас МАН-ын аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн байдаг.
 
МАН-ын залуучуудын байгууллага буюу тухайн үеийн МАСЗХ-ны үйл ажиллагаанд Улс төрийн багшдаа туслан оролцох зэргээр намын байраар байнга л орж гардаг оюутан байлаа. Оюутан байхдаа УИХ-ын төдийгүй Ерөнхийлөгчийн сонгуульд ч ажиллаж байв. Тухайн үед МАСЗХ-ноос ажлын санал хүлээн авсан ч цалин нь бага байсан л даа. “Энэ янзаараа  өндөр цалин авч чадахгүй юм байна. Тиймээс үргэлжлүүлэн суралцах ёстой юм байна” гэдэг сэдлийг тэр үед авсан л даа. Яг энэ үед манай нэг эгч  Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Англи хэлний орчуулагчийн ангид тэнцсэн ч жирэмсэн болсон учраас намайг өөрийнхөө оронд сурах саналыг тавьсан юм. Англи хэлний орчуулагчаар суралцах боломж ингэж бүрдэж байлаа. Ингэж сурсан маань надад асар олон  шинэ, сайхны үүд хаалгыг нээж өгсөн гэж боддог. Хүмүүнлэгийн ухааны их сургууль төгссөний дараа Дани улсын Кембрижийн институтэд явж суралцах боломж олдсон. Философийн ангид сурч байхдаа сэтгэл судлалын хичээл их үздэг байсан юм. Тухайн үеэс л хүнтэй харилцдаг ажил хийх ур чадвар надад байна гэдгээ мэдэрч эхэлсэн л дээ. Энэ чиглэлийн хичээлүүддээ илүү дуртай, сайн ч байсан учраас Дани улс руу Хүний нөөцийн чиглэлээр суралцах шийдвэр гаргаж байлаа. Тэнд сурч ирээд Монголын томоохон групп компани болох “Моннис групп”-т Хүний нөөцийн менежерээр ажилд орж байлаа. Тухайн үед боловсон хүчин гэж байгаад хүний нөөц гэдэг ойлголт руу ид шилжиж байх үе л дээ. Хүний нөөцөөр гадаадад сурч ирээд, Монголдоо ч Хүний нөөцөөр ажиллаж эхлэгсдийн түрүүч буюу анхдагчдын нэг гэсэн үг. Ингэж ажлын гараагаа эхлүүлсэн “Моннис групп”-тээ 12 жил гаруйн хугацаанд ажилласан даа.  
 
-Анхны ажлын байрандаа тогтвортой, тууштайгаар олон жил ажиллажээ. Энэ хугацаанд ч та суралцсаар байсан юм билээ. Ямар хэрэгцээ, шаардлагын үүднээс Хуулийн чиглэлээр суралцах шийдвэрт хүрч байв?
 
-“Моннис групп”-ийн Хүний нөөц хариуцсан Захирал хүртэл дэвшиж 2000 гаруй ажилтан удирдаж ажиллах явцад хүний нөөцийнхөн байгууллагын дүрэм журам боловсруулна, хүн ажилд авна, ажлаас чөлөөлнө, хална гэх мэт маш олон ажлыг хийж, мэдлэг туршлагатай олон хүнтэй харилцдаг байсан. Энэ бүх процесст хуулийн мэдлэг шаардлагатай болж байгаа юм л даа. Иймээс ажлын шаардлагаар хууль эрх зүйн чиглэлээр суралцахаар шийдэж “Их засаг” олон улсын их сургуулийн Эрх зүйн ангийг сонгон суралцсан юм. Энэ мэргэжил маань миний ажиллах явцад асар өндөр хувь нэмэр оруулсан. Миний хувьд хүний нөөцийн салбартаа мэргэшсэн, удаан ажилласан, багагүй цаг хугацаагаа зарцуулсан л даа. “Моннис”-д ажиллаж байх хугацаандаа Монголын Хүний нөөцийн академид Бизнесийн удирдлагын магистрын түргэвчилсэн курс, Хүний нөөцийн менежментийн хөтөлбөрөөс гадна Тайландын Нариусаны их сургуульд Удирдахуйн ухаан, Хүний нөөцийн менежментийн  чиглэлээр хоёр жил дараалан мэргэжил дээшлүүлсэн. Олон улсын хүний нөөцийн чиг хандлага, гүйцэтгэлийн үнэлгээ, КPI зэрэг салбарт шинэ тутам бий болж байсан бүх ойлголт, чиг хандлагыг ажлын байран дээрээ хэрэгжүүлэх зорилгоор давхар сурч явсан юм. 
 
-Маш амжилттай ажиллаж, Хүний нөөц хариуцсан захирал, салбар компанийн захирлын түвшинд хүрсэн атлаа ажлаа сольчихсон нь ямар шалтгаантай байсан юм бэ?
 
-Хүний амьдралын 12 жилийн циклийн талаар нэлээд их сонсож байсан л даа. 12 жилийн дараа хүний амьдрал шинээр эхэлдэг. Дараагийн 12 жилдээ амьдралаа шинээр эхлүүлснээр цаашдын цаг хугацааг нь тодорхойлдог гэдэг ойлголт байдаг шүү дээ. Үүний адилаар яг 12 жил ажилласан хойноо бодсон л доо. “Залуучуудын холбоондоо болон нэлээд хэдэн салбарт, олон нийтийн чиглэлээр ч олон төрлийн ажил хийлээ, одоо төрд ажиллаад үзвэл яасан юм бэ” гэдэг бодол орж ирсэн. Тухайн үед төрийн албанд Газрын даргаас дээших албан тушаалд ажиллая гэвэл Удирдлагын академийн Төрийн захиргааны менежерийн магистрын ангид суралцах ёстой гэдэг бичигдээгүй хууль байсан юм, одоо ч байдаг шүү дээ. Үүний дагуу Удирдлагын академид магистраар суралцаж төгссөнөөр төрийн албаны шалгалтад орж байлаа. Ингэж төрийн албанд ном журмаар нь, шалгуурыг нь хангаж ажилд орж байв. Тухайн үед найзууд маань “Дипломоороо үзэсгэлэн гаргах гээ юү” гэх мэтээр хошигнодог л байлаа. Тасралтгүй суралцсаар энэ хүрсэн болохоор арга ч үгүй байх. Амралтын өдөр бүр сургуульд сураад,  байнга ном уншаад, шалгалт өгсөөр л өдий хүрчихсэн хүн л дээ, би. 
 
Таны хобби гэж асуувал гарцаагүй л “Суралцах” гэдэг хариулт өгнө. Сургалтын төлбөрөө төлчихдөг, түүнийхээ араас маш хариуцлагатай суралцсан. Төгссөн бүх сургуулиа А үнэлгээтэй буюу 3.4-өөс дээш голчтой төгсөж байлаа. Бүгдийг нь өөрөө хүсэж, бодит хэрэгцээндээ тулгуурлан сонгон суралцаж байсан учраас үнэхээр хариуцлагатай суралцсан. Энэ үед надад ментор гэж байсангүй, өөрөө өөртөө л менторлож ирсэн учраас “Илүү л чадварлаг болох ёстой юм байна, ингэж их боловсрол эзэмшчихээд хэргийг нь гарахгүй буюу онолын мэдлэгээ практиктай хослуулахгүй байж болохгүй” гэдэг итгэл үнэмшлээр  ажил, амьдралдаа хандаж ирсэн. Ажлаасаа бусад бүх цаг хугацаагаа суралцахад, сайн үйлсийн аянд зориулж иржээ. 2021 онд төрд орчихоод “Одоо ёстой сурахгүй” гэж бодож байсан ч аль эртнээс МУИС-д суралцах хүсэл маань байсаар л байсан, тэгээд ч сургууль маань ажилтай маш ойрхон болчихсон учраас Төрийн удирдлагын чиглэлээрээ докторт суралцахаар бүртгүүлчихсэн. Энэ шийдвэрийг  ямар ч эргэлзээгүйгээр, маш хурдан гаргачихаж байв. 2025 онд “Монгол Улсын ойн салбар дахь хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх боломж” сэдвээр МУИС-ийн Төрийн удирдлагын докторын зэргээ хамгаалсан. 
Миний хувьд Ерөнхийлөгчийн тамгын газарт “Тэрбум” үндэсний хөдөлгөөний ажлын хэсэгт орж ажиллаж байхдаа ойн салбарын ажиллах хүч, хүний нөөцийн асуудал асар хүнд түвшинд хүрчихжээ гэдгийг харж, мэдэрсэн учраас төрийн бодлого, шийдвэрт нөлөөлөхүйц энэ асуудлаар судалгаа хийе гэдэг зорилго тавьснаар гурван жилийн хугацаанд суралцаж, судалснаар МУИС-ийн доктор болсон юм. Удахгүй судалгааны нэг сэдэвт бүтээлээрээ өөрийн номоо гаргахаар бэлтгэж байна.
 
Олон нийтийн болон сайн дурын ажил бол миний амьдралын салшгүй нэг хэсэг
 
-Тэгэхээр та өөрийн эрхэлж буй ажилтайгаа холбоотойгоор, практик хэрэгцээний үүднээс мэргэжлээ баяжуулж, гүнзгийрүүлэн судалж ирсэн хүн байх нь. Ажиллаж, суралцахыг эн тэнцүү авч явсан шиг таны амьдралын салшгүй нэг хэсэг нь олон нийтэд чиглэсэн, сайн санааны ажил юм билээ. Хэзээнээс энэ чиглэлийн ажилд оролцож, бусдад туслах, өгөх сэтгэл өвөртлөх болов?
 
-Оюутан байхаас нийгмийн амьдралд маш идэвхтэй хүүхэд байсан учраас аливаа шатны сонгуульд оролцохын зэрэгцээ МАН-ын залуучуудын үйл ажиллагаанд ч идэвхтэй оролцдог байлаа. Тухайн үеийн МАСЗХ-ноос олон нийтэд зориулан хэрэгжүүлдэг бүх л төрлийн ажилд гар бие оролцдог байсан. Хожмоо энэ нь эргээд надад гадагшаа явж сурахад маш том дэм болж байсан нь намайг сэдэлжүүлсэн юм болов уу. Олон нийтэд чиглэсэн, хүнтэй харилцдаг ажилд дуртай суурьтай хүн учраас гадагшаа явж сурч ирээд “Моннис групп”-т ажиллаж байхдаа 2016 онд “Гэгээлэг маргаашийн төлөө“ ТББ-ыг үүсгэн байгуулах санаачилгыг найз нөхөд, удирдлагуудтайгаа хамтран гаргаж байсан маань миний сайн санааны ажлын эхлэл байсан гэж хэлж болох юм. Тэнд Хүний нөөцөөр ажиллаж байхад ажилчдын хоцролтын мөнгө гэж хуримтлагддаг байв. “Энэ төсвийг сайн санааны үйлсэд зориулъя” гэдэг санаачилгыг анх гаргаад захиралтайгаа ярилцаж тохиролцоод ажил хэрэг болгож байлаа. Олон л ажил зохион байгуулснаас Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанийнхаа 20 жилийн ойгоор сайн үйлсийн 20 ажлыг зохион байгуулж байсан юм. Түүнээс өмнө ч олон нийтэд чиглэсэн сайн үйлсийн аян олныг хийдэг байв. Түүнчлэн манай “Моннис групп” оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөртэй, миний хувьд энэ ажлыг гардаж хийдэг байсан юм. Уул уурхайд, ажлын байранд сургаж, бэлдэж ажилд авдаг байлаа. 21 аймаг, есөн дүүргээс буюу улсын хэмжээнд оюутнуудыг шалгаруулж, тэтгэлэг олгосноор гуравдугаар дамжаанаас нь ажлын байранд дадлагажуулж ажиллуулдаг “Ирээдүйн манлайлагч”  хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байсан. Би өөрөө хувьдаа ч гэр хорооллоор явж, хүүхдүүдэд туслахаас авахуулаад асрамжийн газруудад ч хүрч ажилладаг байлаа. Хүмүүс хөндлөнгөөс “Энэ хүн өөрөө асрамжийн газрын хүүхэд юм уу” гэж ойлготол л ажиллаж байж дээ. Ганцхан жишээ дурдахад, Эрдэнэтийн “Энэрэл” асрамжийн газраас гурван хүүхдийг би өөрөө сонгож аваад Улаанбаатар хотод авчирч, уурхайд дадлагажуулснаар албан ёсны сертификаттай буюу мэргэжилтэй болгон, ажилд оруулж байсан юм. Энэ залуучууд маань өнгөрсөн жил намайг дам дамаа хүнээс асууж сурагласан байна билээ. “Энэ эгчийгээ олж уулзмаар байна. Бид орон гэртэй, гэр бүлтэй, уул уурхайн салбартаа амжилттай ажиллаж яваа” гэж хүнд ярьсныг сонсоход таатай байсан. 
 
Нөгөөтэйгүүр улс төрийн чиглэлээр олон нийтийн ажил хийдэг байснаа түр орхисон байж байгаад 2015 оноос найз нартайгаа дахин хамтраад “Насны хязгаар 35” гэдэг хувьсгал маягийн зүйл хийж байлаа шүү дээ. Тухайн үед “НАМЗХ-ны 40-тэй ах нар биднийг төлөөлөхгүй, насны хязгаар 35 байх ёстой” гэдэг шаардлага тавиад намынхаа хаалгыг хагалж ороод, хурлаас хөөгдөж гарч явлаа. Энэ хөдөлгөөнийг одоогийн Ерөнхий сайд Н.Учрал бид манлайлаад олон залуучууд  нэгдэж нийлснээр томоохон хэмжээний хөдөлгөөн өрнүүлж байв. Тухайн үед бид амжилтад хүрээгүй ч энэ нэгдэл, хамтралаараа “Yes Mongolia”-г байгуулсан юм. Энэ нь “Young Educatоr’s Society” буюу Залуу багш нарын холбоо байсан.
 
2008 онд энэ холбоо маань Баянзүрх дүүрэгт клуб байдлаар үйл ажиллагаа явуулж байсан бол 2015 онд Н.Учрал Ерөнхий сайд маань өөрөө манлайлаад Залуу багш нарын холбоо болгон өргөжүүлээд, бид хамтдаа ажлыг нь эхлүүлж явсан түүхтэй.
 
21 аймаг, есөн дүүрэгт салбартай маш том холбоо болж өргөжсөнөөр бид 1000 багшийн чуулганыг хүртэл зохион байгуулж байлаа. Энэ явцад бид ярилцаад Багш нарын холбоогоо багш нарт нь үлдээгээд МАН-ын залуучуудын холбооноос эхлээд өөрийн гэсэн үзэл баримтлалтай яваа залуучуудаа тусад нь гаргаад “Yes Mongolia” залуу үе клуб гэж байгуулах нь зүйтэй гэдэг шийдэлд хүрч байв. Энэ холбооны анхны тэргүүнээр миний бие сонгогдон, хоёр жилийн хугацаанд үйл ажиллагааг нь удирдан чиглүүлж ажилласан юм. Ингэж явсаар бид НАМЗХ буюу залуучуудын холбоондоо албан ёсоор нэгдсэн байдаг. 2019 онд одоогийн Ерөнхий сайд Н.Учрал маань НАМЗХ-ны ерөнхийлөгч болж, би дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. НАМЗХ-ны гишүүнчлэл хариуцсан дэд ерөнхийлөгчийн албыг таван жилийн хугацаанд хашсан. Улсын хэмжээнд бүх гишүүдийнхээ тоог гаргах, гишүүдээ үнэлэх, шинэ гишүүн элсүүлэх, танилцуулах гээд гишүүнчлэлтэй холбоотой бүх ажлыг хариуцдаг байлаа. 
 
...Миний энэ олон жил сурч, хөдөлмөрлөсөн байдал бол сурган хүмүүжүүлж, мэргэжилтэн бэлтгэж буй боловсролын салбар, ажлын байран дээр ажиллаж байгаа хүний нөөцийн салбар хоёр бол салшгүй холбоотой юм гэдгийг батлан харуулж байгаа...
 
-Өөрийн анхлан санаачлан үүсгэн байгуулалцаж явсан Монголын залуу багш нарын холбооныхоо ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Холбооны үйл ажиллагаа өнөөдөр хэрхэн үргэлжилж байна вэ?
 
-Миний хувьд 2026 оны наймдугаар сард Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хүлээж аваад ажиллаж байна. Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал маань олон ажил зэрэг хийж байгаа учраас, дээрээс нь би энэ жилээс МУИС-ийнхаа Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд Төрийн удирдлагын багшаар ажиллаж эхэлсэн. Ингэж багшаар ажиллах мөн Докторын зэргээ хамгаалж судлаач болсон учраас Н.Учрал ерөнхийлөгчтэй Залуу багш нарын холбооныхон маань надад ерөнхийлөгчөөр ажиллах үүрэг даалгаврыг өгсөн. 2015 онд яг холбооны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байхдаа 21 аймаг, есөн дүүргийг хамруулаад, 1000 багшийн чуулган зохион байгуулаад, 20 гаруй мянган багшийг эгнээндээ нэгтгэж байлаа. Залуу багш нарын холбоо маань маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд жил бүр багш нарынхаа дунд спортын тэмцээн, уралдаан, ур чадварын хэлэлцүүлэг болон “Оюуны од” шагнал гардуулах ёслол зэрэг аливаа бүтээлч арга хэмжээг зохион байгуулж ирсэн.  Одоогийн байдлаар бүтэц, зохион байгуулалтаа шинэчлээд, улсын хэмжээнд чуулган зохион байгуулж, орон нутгийнхаа салбар зөвлөлийн тэргүүн, тэргүүлэгчдийг сонгох ажил 60 хувьтай үргэлжилж  байна.  Залуу багш нарын холбоонд 45 хүртэлх насны, ЕБС болон их, дээд сургууль, МСҮТ-д ажиллаж байгаа багш нарыг хамруулдаг. Ингэснээр багш нарынхаа нийгмийн хөгжил, манлайллыг дэмжих, багш нараа хөгжүүлэх, улмаар тэдний дуу хоолойг Боловсролын яам, үйлдвэрчний эвлэл, Засгийн газрын шийдвэрт хүргэх, цаашлаад залуу багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт хувь нэмрээ оруулах чиглэлээр ажилладаг. Хамгийн чухал нь багш нараа байнгын идэвхтэйгээр үйл ажиллагаандаа хамруулахаар зорьдог. Улсын хэмжээн дэх 97 мянган багшийн 60 гаруй мянга нь залуу багш нар байдаг.
 
Үндэсний хэмжээний энэ том холбоог тэргүүлж, бүтэц зохион байгуулалтыг нь авч явах үүрэг даалгавартайгаар ажиллаж байна. Одоогоор бид есөн дүүргээсээ тус бүр таван багш сонгон авч сургагч болгож бэлтгэхээс эхлээд орон нутгийн багш нартаа сургалт орох, бүсийн чуулган орон нутагт зохион байгуулах, зарим багш нараа гадаадад сургалт хөтөлбөрт хамруулах, нийслэлийн залуу багш нарынхаа чуулга уулзалтыг зохион байгуулж, хэлэлцүүлэг уриалга гаргах зэргээр олон ажлыг санаачлан зохион байгуулж эхлээд байна. Энэ жилээс багш нарын цалин нэмэгдсэнээс үүдэлтэйгээр залуу багш нар маань эргэж ажилдаа орох хандлага нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Сүүлийн хэдэн жил багшийн дутагдалд орж байсан бол нийгмийн байдал дээрдэж буйтай холбоотойгоор эргэж ажилдаа орох хандлага нэмэгдэж байгаа нь таатай. Залуу багш нарын хувьд цалин, орон сууц зэрэг нийгмийн асуудлаас болоод эхний 1-3 жилдээ ажлаасаа гарах тохиолдол их байдаг. Тийм ч учраас бид энэ болгоныг илрүүлж, анхаарч, төр засгийн чихэнд хүргэхийн тулд хэлэлцүүлэг байдлаар бүсийн болон нийслэлийн чуулганыг шат дараатайгаар зохион байгуулж, нэгтгэсэн урилга гаргаснаар холбогдох газруудад хүргэх зорилготой арга хэмжээнүүдийг төлөвлөж байна. Ер нь ажиглахаар 1-5 жил тогтвортой ажиллачихаар багш мэргэжлийнхээ үнэ цэнийг илүү мэдрэхийн зэрэгцээ урам зориг нь сэргэж, цааш илүү тогтвор суурьшилтай ажиллах хандлагатай болдог л доо. Ямартаа ч энэ том, үндэсний хэмжээний байгууллагыг авч явах нэр төртэй үүрэг даалгаврыг хүлээж аваад ажиллаж байна. 
 
 
Эмэгтэйчүүд бид маш их тэвчээртэй тууштай, шавхагдашгүй авьяастай, байгаа газар бүрдээ дахин давтагдашгүй хүний нөөц
  
-Таны хувьд ажилласан салбар бүрдээ эмэгтэйчүүдийн манлайллыг бодит утгаар нь харуулж, үзүүлж, үлгэрлэж ирсэн хүн байна. Ер нь нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал өндөр байхын ач холбогдлыг та хэрхэн дүгнэх вэ?
 
-Гоё асуулт байна. Энэ бол миний ганц бодож явдаг зүйл л дээ. Миний хувьд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, карьерын талаар ярьж, хөндсөөр өдий хүрсэн хүн. Ерөөсөө шийдвэр гаргах түвшинд өнөөдөр ч эмэгтэйчүүдийн оролцоо асар бага хэвээр байна. Хувийн хэвшилд гэхэд 10-аад захирал суугаад хуралдахад 2-3 нь л эмэгтэй хүн байх жишээний. Хувийн хэвшлээс эхлээд Хүний нөөцийн чиглэлээр удаан хугацаанд ажиллаад явахад эмэгтэйчүүдийн цалингийн ялгаварлал, ажлын байран дээрх жендэрийн тэгш бус байдал асар олон зүйл дээр ажиглагддаг. Шийдвэр гаргах буюу удирдах түвшинд захирал, гүйцэтгэх захирал, дэд захирлын хэмжээнд эмэгтэй хүн ажиллахгүй болохоор тэр хэмжээний цалин хөлс авдаггүй. Гэсэн атлаа яг гүйцэтгэх түвшинд эмэгтэйчүүд л олноороо ажилладаг. Улсын хэмжээнд гэхэд дээд боловсролтой хүмүүсийн 71 хувь нь эмэгтэйчүүд байна. Гэсэн атлаа гүйцэтгэх түвшинд ажиллаж буй хүмүүсийн 61 хувь нь эмэгтэйчүүд байх жишээний. Ингээд харахаар ширээний ард шийдвэрийг эрчүүд л гаргаж байна шүү дээ.  2024 онд би ICAPP-ын олон улсын хурал дээр “Эмэгтэйчүүдэд чангаар хэлмээр байна” сэдэвт илтгэл тавьж байсан юм. Тухайн илтгэлийн санаа бүхэлдээ “Эмэгтэйчүүд бид маш их тэвчээртэй тууштай, шавхагдашгүй авьяастай, байгаа газар бүрдээ дахин давтагдашгүй хүний нөөцүүд юм” гэдгийг хэлэхийг хүссэн. Тэр үед УИХ дахь эмэгтэйчүүдийн оролцоо 17.1 хувьтай байсан бол өнөөдөр 25.4 болж өссөн үзүүлэлттэй байна. Гэхдээ л эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоо орхигдсон хэвээр байгаа нь бодит үнэн. Тийм ч учраас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэхийн тулд асар том хэмжээний ажил хийх ёстой юм билээ. Том дүр зургаар нь ингэж хардаг. Жишээлбэл, миний сурч байсан Дани, Швед, Финланд зэрэг улсад эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх явцдаа жирэмсэн болоод хүүхэд төрүүлэхэд эрх зүйн орчин нь нэн тодорхой байдаг. Гэтэл Монголд хүүхэд төрүүлчихээд эргээд ирэхэд удирдлага дор нь ажиллаж байсан залуу дарга нь болчихсон, цалин хөлс нь багасчихсан буюу карьерын хувьд ухарчихдаг урвуу хамааралтай. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудад эмэгтэйчүүдээ дэмжих бодлого асар өөр түвшинд хүрчихсэн, энэ ч утгаараа эмэгтэй сайд олонтой байх жишээний. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олноороо байгаа улс орон аз жаргалын индексээр дээгүүрт жагсдаг. Улмаар авлигын индекс нь ч буурчихсан, нийгмийн хамгаалал буюу боловсрол, эрүүл мэндийн салбарын ажил, үйлчилгээ нь төгөлдөржчихсөн нь олон судалгаанаас харагддаг. Тиймээс Монгол Улс эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд Хөдөлмөрийн тухай болон Төрийн албаны тухай зэрэг хууль эрх зүйн орчныг зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэж би хувьдаа хардаг.
 
Ганцхан жишээ татахад, олон улсын жишээнээс харахаар ээж аав хоёр хүүхэд харах чөлөөг ижил хугацаатайгаар авдаг. Хүүхдээ харж байгаа ээж, аав алин боловч ижил хугацаанд хүүхдээ хардаг, эргээд ижил хугацаанд цалин хөлсний нөхцөлийг нь олгодог. Улмаар хүүхэд харах үйлчилгээний хүртээмжийг ч нэмэгдүүлж өгдөг. Япон улсад гэхэд хүүхдийг хоёр сартайгаас нь  хүүхэд харах үйлчилгээнд хамруулаад ээж шууд ажилдаа ордог байх жишээний. Хүүхдээ ажлаасаа хамгийн ойр цэцэрлэгт өгнө, цайны цагаар уулзаж хөхүүлэх байр, өрөөгөөр бүрэн хангадаг. Цаашлаад төрийн болон хувийн хэвшлийн компаниудын ТУЗ-д  эмэгтэйчүүдийг оруулж ажиллуулж, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойг нь сонсдог. Нөгөө талаас хөдөлмөр, бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдээ тусгай бизнесийн зээлүүдэд хамруулдаг. Старт ап бизнесээ хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ танилцуулах чиглэлийн бүх боломж бололцоо нээлттэй байдаг. Тэгэхээр манай улс энэ асуудлыг цогцоор нь шийдэж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх, эмэгтэйчүүдээ чадавхжуулах ажлыг идэвхжүүлэх шаардлагатай гэж хардаг.
 
Менторшип арга хэмжээ ч гэсэн энэ чиглэлд асар өндөр хувь нөлөөтэй. Өөрөө манлайлж яваа эмэгтэйчүүд бусдадаа мэдлэг, боловсролоо түгээх, бусдыгаа араасаа дагуулах ажлыг улсын хэмжээнд бодлогоор зайлшгүй хийх шаардлагатай.
 
Нөгөө талаас хүний нөөцийн асуудал бол асар чухал сэдэв. Ер нь хүнээ боддог компани өнгөтэй өөдтэй явдаг шүү дээ. Үүний адил төрийн албан хаагчдаа дэмжиж урамшуулах, цалин хөлс,  ажиллах орчныг нь сайжруулах, гүйцэтгэлийн системийг нь тодорхой болгосноор улс орон өнгөтэй өөдтэй явна гэж би хувьдаа хардаг. Ерөөсөө ямар ч ажлын ард хүн байгаа шүү дээ.  Нэг цаас өөрөө төсөл хөтөлбөр болчихгүй. Түүний ард заавал хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа, оюун санаа байдаг учраас төрийн түвшиндээ ч хүнийхээ асуудлыг цогц байдлаар авч үзэх шаардлагатай. Улс ч гэсэн тэргүүлэх чиглэлийн ажиллах хүчнээ тодорхой болгож батлах ёстой. Үүний үндсэн дээр сургалтын байгууллагууд маань хамтран ажиллах ёстой. Ингэж төр анхнаас нь боловсон хүчний бодлогоо дэмжихгүй болохоор учир  дутагдал гарч байгаа нь нууц биш. Жишээлбэл, их дээд сургуулиуд тухайн цаг үедээ эрэлттэй мэргэжлээ зарлачихаар тухайн чиглэлээр элсэгчид нэмэгдчихдэг. Гэтэл эргээд яг амьдрал дээр гарахаар ажиллах хүчний хомсдол үүсчихсэн байх жишээний.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлаад, хэрэгжүүлээд байдаг, гэтэл нөгөө талдаа ойн салбарын мэргэжилтнүүдийн дутагдалд орчихсон. Учир нь энэ салбарын мэргэжилтнүүдийг  сургуулиуд бэлтгэхгүй байна. Тэгэхээр хүн хүчний дутагдлыг арилгахын тулд төрөөс хэрэгжүүлж буй үндэсний хэмжээний төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүд дээрээ төр, хувийн хэвшил, сургалтын байгууллагуудын түншлэлийг зайлшгүй сайжруулах шаардлагатай. Миний хувьд их сургуульд багшлаад, Залуу багш нарын холбоог тэргүүлээд явж байгаа нь бодож санаж, сэтгэл зовниж явдаг асуудалд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах гэснийх. Мэргэжил сонголтоос эхлээд мэргэжилтэн бэлтгэж буй сургалтын байгууллагууд маань бодлоготойгоор, цогц хэмжээнд хамтран ажиллаж явах нь хожмын үр дүнгийн эхлэл суурь нь болох юм. Хүнийхээ асуудлыг шийдэж, хүнээ сургаж чадавхжуулж, цалин хөлсийг нь гүйцэтгэлтэй нь уялдуулж, ажлын туршлага, мэдлэг ур чадварт нь тулгуурлаж, аль ажлын байранд ямар хүн тохиромжтой вэ гэдгээ тодорхой, ойлгомжтой болгох учиртай. Түүнээс нэг хүнээс болоод төрийн алба нийтээрээ муу нэр зүүдэг баймааргүй байна шүү дээ. Миний хувьд энэ талаар ментор, менти хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүдтэй уулзахдаа байнга л ярьдаг. Энэ тухайд бие даасан судалгааг ч хийгээд явж байна. Удирдлагын академийн Төрийн захиргааны ангид сурч байхдаа “Төрийн албан хаагчдын мотивац, урамшууллын хамаарал” сэдвийг сонгож, ковидын үед нэгдүгээр эмнэлгийн эмч нарын дунд судалгаа явуулж байсан юм. Дараагийнхаа сэдвээр ойн салбарын хүний нөөцийн асуудлыг сонгож авсан.  Ер нь явж явж хүний олон жилийн турш ажиллаж, хөдөлмөрлөсөн, туршлага, мэдлэг нэгдэж байж хувь хүний зүгээс улс эх орондоо оруулах бодит хувь нэмэр болно шүү дээ. Салбар бүрд үсчиж явахаас илүү өөрийн дотоод дахь потенциалд тулгуурлаж судлаачийнхаа, багшийнхаа, Багш нарын холбооныхоо ажлыг авч явна гэж үздэг. Миний энэ олон жил сурч, хөдөлмөрлөсөн байдал бол мэргэжилтэн бэлтгэж буй боловсролын салбар, ажлын байран дээр ажиллаж байгаа хүний нөөцийн салбар хоёр бол салшгүй холбоотой юм гэдгийг батлан харуулж байгаа төдийгүй ерөөсөө амьдралынхаа туршид сурсан, мэдсэн бүхэн маань өөр хоорондоо харилцан холбоотой л гэдэг итгэл үнэмшилтэй явдаг.
 
 
Миний хувьд эрхэлсэн ажилдаа цаг зав, сэтгэл зүрхээ бүрэн зориулдаг
 
-Таны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцэд хариуцлагатай албан тушаал хашиж байна. Эмэгтэйчүүдээ дэмжих, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухайд Ерөнхийлөгчийн үзүүлж буй манлайллын тухайд та юу хэлэх вэ?
 
-Ерөнхийлөгчийн Тамгын газар нийтдээ 80 орчим ажилтантай. Тэдгээрийн 45-аас дээш хувь нь эмэгтэйчүүд байдаг. Манайх бол жендэрийн хувьд харьцангуй тэнцвэртэй байгууллага гэж би хэлнэ. Ер нь арга билиг гэдэг шиг хүйсийн харьцаа тэнцвэртэй учраас ажил энэ хэрээр жигд урагшилдаг. Залуу ажиллах хүчин олонтой, салбар бүрд мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай мундаг хүмүүс ажилладаг гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Хувийн хэвшилд ажиллаж байхдаа “Энэ төрийн албан хаагчид юу хийдэг юм бэ, бидний татварын мөнгөөр цалинжиж байгаа, хувийн хэвшлийнхэн бид л улс орныг авч явж байна” гэж боддог байлаа. Гэтэл дотор нь ороод ажиллахаар үгүй юм байна. Хамгийн бага цалингаар, хамгийн их ажлыг хийдэг хүмүүс төрд л байдаг юм байна. Миний хувьд гэхэд Засгийн газрын ордонд таван жил гаруйн хугацаанд ажиллахдаа 5-6-хан удаа л цайны цагаараа гарч хооллосон байдаг. Бусад үед үргэлжийн л завгүй. Төрийн албаныхан ийм завгүй ажиллаж байгаа нь удирдагчийн манлайллаас их шалтгаалдаг юм байна гэдгийг ухаарч байна. Манай Ерөнхийлөгчийн хувьд асар завгүй хэмнэлээр ажилладаг хүн учраас энэ том бүтцийн нэгээхэн хэсгийг үүрч яваа учраас өөрөө өөрийгөө шахаж ажилладаг. Би ер нь ямар ч ажил эрхэлсэн бай цаг зав, сэтгэл зүрхээ бүтэн зориулж ажилладаг хүн л дээ.
 
Төрийн тэргүүний хувьд залуу хамт олонтой, маш эрч хүчтэй ажилладаг. Ерөнхийлөгч өөрөө зогсолтгүй ажилладаг учраас Тамгын газрынхан ч ингэж ажилладаг. Тийм ч учраас бүтээмж өндөртэй ажилладаг гэж би ам бардам хэлнэ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг монгол хүний эрүүл мэнд, эдийн засаг, үндэсний дархлаа, аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой бүхий л ажилд бид гар бие оролцож ажилладаг. Дээрээс нь эх оронч иргэн бэлтгэх тухайд Монгол Улсын Төрийн тэргүүний зүгээс олон талт үйл ажиллагааг явуулдаг. Энэ бүгдийг дэргэдээс нь харж, биечлэн оролцож яваагийн хувьд Төрийн тэргүүний бүтцэд эрт орж, зөв газраа иржээ гэж итгэл үнэмшилтэй явдаг. Эх оронч үзэл, зөв төлөвшлөөс эхлээд олон зүйлд суралцаж, туршлага сууж яваадаа талархдаг. Анх хувийн хэвшлээс төрд орчихоод эхний нэг жил хүнд санагдаж байсан ч НАМЗХ-нд олон залуустай хамтран ажилласан маань надад асар олон эерэг зүйлийг өгснийг ойлгож ухаарсан. Оролцоогоороо орон зайгаа бий болгодог НАМЗХ дахь ажил маань, бусдын төлөө өөрийнхөө цагийг зарцуулдаг байсан маань, хөдөлмөрлөж олсон өөрийнхөө мөнгийг бусадтай хуваалцдаг, бусдын төлөө гэж явдаг байсан цаг хугацаанаас би маш олон зүйлийг өөрт суулгаж, авч үлдэж чаджээ. Улмаар төрд ажиллах суурь, хүч нь болж байжээ гэж Залуучуудын холбоондоо маш их талархаж явдаг. 
 
-Та улс төрийн сонголтыг харьцангуй эрт хийсэн хүн байна. Одоо бол таны МАН дахь улс төрийн байр суурь, оролцоо өндөр гэж ойлгож байгаа?
 
-Оюутан байхдаа л МАН-д элсэж байлаа. Улс төрийн намын ажил, үйл ажиллагаа яаж явдаг юм, аль нам нь ямар үзэл баримтлалтай юм гэх зэргээр онолын ойлголтыг эрт авсан учраас гуравдугаар дамжааны оюутан байхдаа л МАН-ын гишүүн болж байсан юм. Одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч МАСЗХ-ны генсек байх тэр үед батлахаа гардан авч байлаа. Миний хувьд хүн өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх ёстой гэж боддог. Энэ ч утгаараа нэг боломж гарч ирэнгүүт аль ч нам руу хамаагүй явчихдаг, эсвэл хэн нэгний ятгалгад орчихдог байж болохгүй гэдэг хатуу итгэл үнэмшилтэй. Тиймээс  үзэл бодлоо худалдана, урваж шарвана гэдэг ойлголт надад байхгүй учраас 20-оод жил энэ намд хэлбэрэлтгүй ажиллаж байна. “Насны хязгаар 35” гэдэг хөдөлгөөнийг өрнүүлснээс эхлээд л НАМЗХ-ны дэд ерөнхийлөгчөөр сонгогдох үеэс тууштай бөгөөд идэвхтэйгээр ажиллаж байна. Төрд ажиллахаасаа өмнө олон ажлыг зэрэг амжуулахад суралцсан байсан гэх үү дээ. Товчхондоо, төрд ажиллахын тулд өөрөөс хамаарах бүх зүйлийг бэлдсэн байсан учраас олон ажлыг зэрэг амжуулахдаа нэг их түүртээд байдаггүй. Өөрийгөө хөгжүүлж, тасралтгүй суралцахдаа үргэлж дуртай бөгөөд маш хичээнгүй ханддаг.  Миний хувьд одоогоор МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Бага хурлын гишүүнээр ажиллаж байна. Ерөнхийлөгчийн тамгын газарт арын албанд ажилладаг учраас бусад зөвлөхүүд шигээ олон нийтийн өмнө төдийлөн ил гараад байдаггүй л дээ. Гэхдээ МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүүн болсон маань олон жил энэ намын залуучуудын холбоонд идэвх зүтгэлтэйгээр, зүрх сэтгэлээрээ ажиллаж, бүх зүйлээ зориулсан, НАМЭХ-нд Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан миний цаг хугацаа, хөдөлмөр зүтгэлийн үнэлэмж, мөн шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдээ оруулах том бодлого гэж ойлгодог. 
 
 
Би “Хүнтэй харилцдаг хүн хөгждөг” гэж хэлэх дуртай
 
-Таны хувьд мэргэжил төдийгүй улс төрийн сонголтоо ч маш итгэл үнэмшилтэйгээр хийж, ахиж дэвшихийн тулд тууштай зүтгэснээр өөрийгөө олон талаар хөгжүүлж, боловсруулжээ. Таны ажил, амьдралдаа баримталдаг үндсэн зарчим юу вэ?
 
-Би “Хүнтэй харилцдаг хүн хөгждөг” гэж хэлэх дуртай. Хүн болгон өөрийн гэсэн үзэл бодолтой,  өөрийн гэсэн байр суурь, чиг шугамтай шүү дээ. Тэр бүрийг сонсож, мэдэрч, харилцаа хандлагад нь тааруулж ярилцаж ойлголцоно, асуудлыг нь сонсож туслах нь хүртэл хүнийг эргээд байнгын хөгжүүлж байдаг. Хүний нөөцийн салбараас ажлын гараагаа эхэлж, багагүй хугацаанд ажилласан маань өнөөдрийн намайг бүтээсэн гэж боддог. Улс төрийн хүрээлэлд ороод, олон эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж яваа маань ч надад олон талаар туршлага болсон гэж боддог. Өөрөө айлын ганц охин ч гэлээ олон эрчүүд дунд “Би ч гэсэн мэднэ, чадна” гэж явсаар энэ хүрсэн байна. Эрчүүдийн хувьд “Үүнийг яаж хийдэг билээ” гэдэг төрлийн эмэгтэйчүүд таалагддаг бол улс төрийн хүрээнд энэ байдал эсрэгээр үйлчилдэг гэх үү дээ. Санхүүгийн төдийгүй боловсрол мэдлэгийн хувьд ч эрчүүдийн дундах орон зайг өөрийн ажлаараа, оролцоогоороо харуулж ирсэн.
 
Миний хувьд ажил, амьдралдаа баримталдаг үндсэн зарчим бол тууштай байдал. Аливаад үнэнч, хэлбэрэлтгүй харизмтай хүн л дээ. Олон жил сурч боловсорч, олон нийтийн ажил хийж, завгүй ажиллаж хөдөлмөрлөж яваад миний хувьд жаахан оройтож гэр бүлтэй болсон. Тиймээс өнгөрсөн хугацаанд ажиллахын зэрэгцээ суралцаж, сайн санааны үйлсэд оролцож, эрчүүдтэйгээ мөр зэрэгцээд олон ажилд гар бие оролцож явсан маань өөрийгөө хөгжүүлэх боломж байжээ гэж одоо боддог. Энэ ч утгаараа эмэгтэй хүн ухаантай, зоригтой, шийдэмгий байх ёстой гэж бодож, өөрийгөө хурцалсаар энэ хүрсэн. МАН бол том институт учраас хүнийг их сургуульд сургасны дайнд бэлддэг гэдгийг НАМЗХ-нд ажилласан таван жилийн хугацаанд гүн бат ойлгож авсан. Хүнээр өөрөөр нь ажил хийлгэдэг, бие даалгадаг, мэдлэг чадварыг нь шавхдаг, бусдын өмнө өөрийгөө илэрхийлэх боломжийг нь нээж, тайзыг нь бэлдэж өгдөг газар шүү дээ. Нөгөө талаас мэдлэг боловсролтой, өөрийгөө хөгжүүлж байгаа залуу үеэ дэмждэг, залгамж халаагаа үргэлж бэлтгэсээр ирсэн нам. Миний хувьд ийм бэлтгэгдсэн залуучууд, эмэгтэйчүүд улам олуулаа болоосой гэж хүсдэг. Үүний тулд  бид өөрсдөө өөрсдийгөө илүү их хөгжүүлж, хичээх ёстой. Нөгөө талдаа төр засгаас тэднийгээ дэмжиж байж систем хөгжинө.  Энэ ч утгаараа миний хувьд бүх цаг үед өөрийгөө хөгжүүлж, бэлдэж ирсэн. Цаашид гүйцэтгэх биш шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоог нэмэхийн төлөө хичээн зүтгэхэд бэлэн байна.\
 
Цаашид олон эмэгтэйчүүдийг араасаа дагуулах, менторлох ажлыг хийхдээ маш дуртай бөгөөд итгэл үнэмшилтэйгээр цаг хугацаагаа зориулах болно. 
 
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олон болоод ирвэл баялаг бүтээх салбарт эрчүүд, баялаг хуваарилах чиглэлд эмэгтэйчүүд олноороо ажилладаг болоосой гэж хүсдэг. Ингэж байж төсөв мөнгөний хуваарилалт, хүртээмж нэмэгдэж, аз жаргалтай амьдрах эхлэл тавигдана гэж хардаг. Энэ зорилгынхоо төлөө тууштай явна. Энэ ярилцлагаар дамжуулан хэлэхэд, цаашдаа багшлахынхаа хажуугаар өөрийнхөө мэддэг чаддагийг олон олон эмэгтэйчүүдтэй хуваалцахдаа, хамтарч ажиллахдаа үргэлж таатай бөгөөд нээлттэй хандах болон гэдгээ илэрхийлье. 
 
 
 
 
 
М.Өнөржаргал
"Монголын үнэн" сонин 
 
 
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.